05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

ҮДБЭЧ-ынхан 65 жилийн ойдоо цуврал тоглолтоор бэлэг барина

Үндэсний урлагийн ууган байгууллага ҮДБЭЧ үүсч хөгжсөний 65 жилийн ой ирэх 12 дугаар сард тохионо.

Ардын хөгжмийн хамтлагаас Үндэсний хөгжмийн их найрал, Монголын ард түмний дуу хуураас үндэсний түүхэн дуулалт жүжиг, Ардын бүжгээс үндэсний бүжгэн жүжиг, бүжгэн туульс хүртэл хөгжүүлж ирсэн тус чуулгынхан түүхэн ойгоо угтан сүүлийн 5 жилийн хугацаанд туурвисан шилдэг бүтээлийнхээ дээжээс цуврал болгон үзэгч түмэндээ өргөн барих гэж байна.

Ойн хүрээнд ирэх сарын 19-нд Үндэсний хөгжмийн их найрлын “Монголын их нүүдэл” концертоо толилуулна. Тоглолтод дэлхийн сонгодог болон орчин цагийн монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд, морьтон түмний хүндэтгэн хайрладаг морины холбогдолтой дуунуудаас сэдэвлэсэн хөгжмийн бүтээлүүд үзэгчдийн сонорыг мялаах юм.

Мөн ирэх сарын 22-нд “Монголын их хатад” бүжгэн жүжгийг толилуулна. Энэхүү бүжгэн жүжигт Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхугтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг хатдын түүхэн амьдралыг бүжгийн хэлээр үзүүлэх юм.

Харин ирэх сарын 25-нд “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгээ толилуулна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга, үзэл суртлын дунд гуйвж бүдгэрсэн 1911 оны 12 дугаар сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх юм.

Үзэгчид зөвхөн тоглолт үзээд гарах биш тоглолт бүрийн өмнө үндэсний хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн, уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн, “Монголын их хатад” хувцас загварын үзүүлбэр зэрэг урлагийн цогц үйлчилгээ багтжээ. Эл арга хэмжээг нэг тасалбараар бүгдийг нь үзэх боломж олгож буйгаараа онцлогтой.

20151012 017

Тус чуулгын уран сайхны удирдагч, УГЗ А.Цэдэн-Иш хэлэхдээ, “Манай чуулга 65 жилийн хугацаанд тэгш, сондгой ойгоо тэмдэглэсээр ирсэн. Ойдоо зориулан бүтээж буй шинэ уран бүтээл “Наран мандах зүгийн аялгуу” концертоо ирэх 12 дугаар сарын 1-нд нээнэ. Энэ тоглолтоор Хүннүгийн үеэс өнөөг хүртэлх түүхийн он цагийг үзүүлнэ. Цаашид манай чуулгынхан ардын урлагийн сэдэвтэй тайзны  томоохон бүтээл бүтээх, ЮНЕСКО болон үндэсний жагсаалтад бүртгэгдсэн соёлын биет бус өвөөр сонирхолтой бүтээл туурвих төлөвлөгөөтэй байна” гэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.