04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Б.Саруул: Ханийг минь мөрөөдөлтэй минь хамт үгүй хийчихсэн шүү дээ...

Хэрвээ тэр минь амьд байсан бол бид охинтой болж, мөрөөдлөө биелүүлэх байсан юм...

"Шунал, хорон сэтгэлээсээ болоод ханийг минь, хүсэл мөрөөдөлтэй хамт үгүй хийсэн шүү дээ" хэмээн харуусал дүүрэн өнгөөр хоолой зангируулан ярихад, нулимс нь аяндаа бөмбөрөх... Ямар их уй гашуу, харуусал гуниг энэ эмэгтэйн цээжинд байгааг тааж хэлэхэд бэрх аж. Ямартай ч хэрэг нь сунжирч, хэрэгтний тал ялаас мултрах бүхий л арга саамыг хайж байгаа гэх мэдээллийн дагуу хохирогчийн эхнэр Б.Саруултай уулзлаа.

Нарны зам дагуу байрлах "Ариун Алтан Тэвш" компанийн “ААТ-Бөөний дэлгүүр”-ийг түрээслэн ажиллуулдаг байсан Б.Алтанхуяг гэх залуу өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд сураггүй алга болсон бөгөөд 15 хоног хайсны эцэст түүний цогцсыг Налайхын уурхайгаас олсон юм. "Хүний гарт амиа алдаагүй байгаасай" хэмээн цөхрөшгүй эрэлд гарсан Б.Алтанхуягийн гэрбүлийнхэн цогцсыг нь олсон өдрөө л бодит байдалд итгэсэн гэдэг.

-Таны нөхрийн хэрэг нэлээд нам жим байна. Хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Хэргийн шүүх хурал болоогүй байгаа. Одоогоор шүүхээс прокурорт шилжсэн явна. Миний хувьд гэмт этгээд хийсэн хэргийнхээ хариуцлагыг дээд зэргээр үүрэх ёстой гэж бодож байгаа. Яагаад гэвэл зохион байгуулалттайгаар харилцагч, танил байсан хүнээ шунахайн сэдлээр хөнөөсөн нь тогтоогдсон. Энэ хүн ганцхан нөхрийн минь амьдралаар ч зогсохгүй бүхэл бүтэн нэг гэр бүлийг сүйтгэсэн. Хэрэгтэн этгээд олон хүний амьдрал болон өөрийнхөө амьдралыг өөрийн шунаг сэтгэлээсээ болж үгүй хийчихээд гэмшсэн сэтгэл огт байхгүй байгаа юм.

-Танай гэр бүлтэй уулзаж, уучлалт гуйгаагүй юм уу?

-Үгүй. Ар гэрээс нь хүртэл холбоо бариагүй. Нэг ч удаа яаж байна гэж асуугаад, уучлалт гуйгаагүй. Энэ хэргийг хуулийн хүрээнд яаж шийдэхийг нь одоо хүлээж байна. Өөр арга алга. Үнэн зөв шийдэх байх гэж итгэж байна. Миний сонссоноор тэр айл боломжийн амьдралтай, өөрийн гэсэн дэлгүүртэй, хашаа байшин, машинтай гэсэн. Юу дутсан гэж, юунд шунаж миний ханийг хөнөөж, миний гэр бүлийг самарсан юм бол гэж гомдох юм. Эрүүл саруул хүний ухаанаас яаж тийм бодол гардаг байна аа ч гэж гайхаж байна. Бараа, мөнгө хоёрыг хараад л гэмгүй хүнийг хөнөөнө гэдэг эрүүл хүний ухаанд багтах зүйл мөн үү.

-Хуулийн байгууллагад итгэж байна уу. Хэрэгт гаднаас нөлөөлөх явдал гарч байгаа гэж сонссон?

-Итгэхээс өөр арга алга. Бид нар олон хоног хайсан шүү дээ. Бараг хагас сар шахам хайсан. Хэрэгтэн худлаа ярьж биднийг төөрөгдүүлээд ингэж хугацаа алдсан юм. Миний хань томоотой, зөөлөн хүн байсныг хүн бүхэн мэднэ. Гэтэл одоо үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг “Аргагүй хамгаалалт хийгээд хөнөөсөн” гэж мэдүүлээд байгаа гэсэн. Эхнэр болон хамаатнууд нь хуулийн байгууллагад танилтай, их хэл амтай хүмүүс шиг байна лээ. Мэдүүлгээ хэд дахин өөрчлөөд л, аль болох хэргээс мултрах санаатай энэ тэрүүгээр гүйж байх шиг байна. Гэхдээ хуулийн дагуу ийм тодорхой болсон хэргийг үнэн зөвөөр л шийднэ гэдэгт одоохондоо итгээд хүлээж байна. Ядаж энэ хүн гэмшиж, ухаардаг болоосой. Гэтэл яаж ялаас мултрах вэ, яаж өөрийгөө өмгөөлөх вэ гээд л арга саам хайж байна. Энэ бол тов тодорхой хэрэг шүү дээ.

- Гурван хүүхдээ яаж өсгөж байна даа. Хүүхдүүд тань хэр байна вэ?

-Амьдрал үнэхээр хэцүү байна. Амьд явах итгэл, урам ч алга. Заримдаа амиа хорлох тухай хүртэл бодох юм. Гэхдээ гурван хүүхдээ бодоод тэсч байна. Урьд нь ингэж нэг ч удаа бодож байгаагүй. Үхэх тухай хүртэл бодотлоо би сөхөрч байна. Гурван хүүхэд минь аавыгаа нэхээд л уйлна. Бага нь дөнгөж одоо л хэлд орж байна. Анх "ааваа..." л гэж хэлд орж байсан. Овоо хөөрхөн ярьж эхэлж байсан юм. Одоо бүр дохио зангаагаар яриад, үг хэлэхээ болиод байна. Дундах хүүхэд маань ирэх намар нэгдүгээр ангид орно.

Баяр наадам болно. Хүүхэд л юм болохоор тоглоом, наадгай нэхэх юм. Аваад өгөх боломж ч алга. Тэгээд аавыгаа яриад, “аав минь байсан бол надад энийг авч өгөх байсан даа” гээд л зүрх зүсэх юм. Энэ бол наад захын л үзэгдэл. Миний хүүхдүүдэд аавынх нь орон зай ямар их дутагдаж байгааг үгээр хэлэх аргагүй. Гурвын гурван хүүхдээ ганцаараа өгсөнө гэдэг эмэгтэй хүнд хэцүү даваа юм. Дээр нь талийгаач нөхрийн минь авч явсан бараа болон бэлэн мөнгийг бид зээлээр авсан байсан. Одоо тэр нь бөөн өр болж байна. Ямар сайндаа том хүүгээ хичээлийнх нь хажуугаар ажил хийлгэж байх вэ дээ. Том маань одоо 10 дугаар ангид орох ёстой. Хаврын шалгалт, хичээлээ давтах ч цаг гарахгүй, ээждээ туслах гээд хар, бор ажил хийж байна. Хүү минь өсвөр насандаа яваа. Сэтгэлзүй болоод биз махбодийн өсөлтөд нь нөлөөлөх вий гэж айх юм.

-Амьдрал дээр байхгүй ханьтайгаа зүүдэндээ л би уулзаж байна шүү дээ-

olloo mn 1412127043 altanh

-Хүүхдүүдийн тань сургууль, хичээлийн цаг ойртохоор мөнгө их хэрэг болох байх даа? 

-Мэдээж ганцаараа хүнд хэцүү даваа шүү дээ. Би чинь дээд боловсролгүй. Тогтсон ажилгүй. Дээр нь зээлтэй. Түрээсийн дэлгүүрээ ажиллуулаад л явж байна. Аль болох л хүүхдүүдээ бусдаас дутаахгүй байлгамаар байх юм. Бид 2 уг нь хүүхдүүдээ хамгийн сайн сургуульд хүссэн мэргэжлээр нь сургана гэж ярьдаг байсан. Том хүү маань сэргэлэн, нийгмийн идэвх сайтай, мундаг бас сурлага сайтай хүү. Тиймээс дээд сургуульд сургах юмсан л гэж хүсэх юм. Одоо нэгдүгээр ангид орох хүүгээ төлбөртэй сургуульд өгөөд хэлний бэлтгэлд хамруулаад боловсролд нь анхаарна гэж ярьдаг байсан. Энэ хүн гэтэл миний нөхрөөр ч зогсохгүй бидний амьдралын мөрөөдөл, зорилгыг минь үгүй хийсэн. Би харамсаад ч барахгүй байна. Бидний хамтдаа ярьж байсан сайхан түүхүүд байнга л бодогдох юм. Хүүхдүүдээ нэг харж өрөвдөх, ханийгаа бодож нэг бэтгэрэх шиг зовлон энэ хорвоод байхгүй. Биеэрээ туулсан хүмүүс л ойлгоно.

Заримдаа чи намайг яадаг гэж бодож байна. Шөнө нь унтаж байхдаа нөхөртэйгээ, гэрбүлээрээ хамтдаа байна гэж зүүдэлнэ. Тэр үедээ үнэхээр жаргалтай байдаг. Гэтэл өглөө сэрэхэд нөхөр минь дэргэд байхгүй, гурван хүүхэдтэйгээ ганцаараа үлдсэнээ, бодит байдлыг мэдрэх хамгийн аймар. Яг л эзгүй хоосон орон зай, хүйтэн гэрт байгаа мэт. Амьдрал дээр байхгүй ханьтайгаа зүүдэндээ л би уулзаж байна шүү дээ. /уйлав.../

-Гурван сайхан хүүтэй юм чинь алзахгүй байх аа?

-Ханиас минь үлдсэн түшиг юм даа. Даанч одоо нас нь дэндүү балчир байна. Миний хань байхдаа бүхнийг амьдрал, үр хүүхдийнхээ төлөө хийдэг байсан. Би ханийгаа байхад жолоо ч мушгиж сураагүй байсан. Саяхан би Хүүхдийн зуу руу ажил гараад шөнийн 22 цагт том хүүгээ дагуулаад, өөртөө хань хийгээд гарсан юм. Миний хүү амьдралын ухаан суусан байна лээ. "Ээжээ такси бариад яахав, хоёулаа алхъя" гээд Чулуун-Овооноос гараад шөнийн 24 цаг өнгөртөл хөлөө цэврүүттэл алхсаар ирсэн. Замдаа хүүдээ хэлж л байлаа. Аав чинь байсан бол ингэж зовохгүй байсан. Ээж нь үнэхээр ганцаараа барахгүй юм. Гэхдээ хоёулаа амьдралыг зүтгээд, босгоно шүү гээд л...

Нөхөр бид хоёр, гурван хүүтэй юм чинь одоо хөөрхөн охинтой болно гэж ярьдаг байсан. Ганц охинтой болвол ганцаардах байх. Залуу байгаа юм чинь хоёр хөөрхөн, ханьтай охинтой болно гэж ярьдаг байсан. Хэрвээ тэр минь амьд байсан бол бид одоо бараг охинтой болж, мөрөөдлөө биелүүлэх байсан юм. Бүр цаашид хоёулаа юу хийх, яаж амьдрахаа хүртэл нарийн төлөвлөчихөөд, байрны урьдчилгаанд мөнгө хадгалаад байртай болно гэж хүртэл ярьж байсан.

-Талийгаач нөхөр тань амиа алдах үедээ их хэмжээний мөнгө бас бараатай байсан шүү дээ. Тэрийг нь нөгөө талаас нэхэмжилж төлүүлэхээр болсон уу?

-Бид хуулийн дагуу хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн. Гэхдээ шүүх хурал болоогүй байгаа болохоор бидэнд 100 төгрөг ч өгөөгүй байна. Гурван хүүхэддээ 18 нас хүртэл нь тэтгэмж авах нэхэмжлэл бас гаргасан. Гэхдээ зарим хүмүүс шүүхээр нэхэмжлээд юм олддоггүй л гэх юм. Шүүх шударгаар шийдэх байх. Арай ч тэгж хүнийг амаар нь шороо үмхүүлэхгүй байлгүй дээ. Өрөө төлөх гээд бараагаа эргэлдүүлж ч чадахгүй, дэлгүүрийн лангуу нь бараа ч байхгүй, хоосон л байна. Бараа муутай болохоор орлого ч алга. Яажшуухан давж гарахаа мэдэхгүй л байна шүү. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлж хаясан. Миний хүүхдүүдийн ирээдүй надад дэндүү хайран байна. Би тийм сайхан ханиа алдчихаад мөнгөөр үнэлэх хэцүү байна. Үнэлж баршгүй хүн байсан шүү дээ. Тийм сайхан ханиа алдчихаад чи амьдарч чадаж байна уу гэж өөрөөсөө хүртэл асууж байна. Гэхдээ хариулт миний гурван хүүхэд л байна. /хоолой зангируулан уйлсаар байв/

...2014 оны есдүгээр сарын 30-нд талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж, түүний эхнэр “Ханийг минь эрүүл саруул л явуулчих. Тэгвэл ямар ч гомдолгүй” хэмээн нулимс дуслуулан хэлж байсан. Гэтэл үүнээс 2-3 цагийн дараа түүний цогцсыг Налайхын уурхайгаас тэнд ажиллаж байсан уурхайчид олсон байдаг.

-Та талийгаачийг алга болох үеэр эмнэлэгт хэвтэж байсан гэдэг. Бие тань зүгээр үү?

-Тийм ээ. Бие байнга л өвддөг. Яг тэр үед тархины цусан хангамж муудсан байна гээд ханийгаа алга болохоос тав хоногийн өмнө эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд алга болдог өдөр нь эмнэлгээс гарснаа нөхөртөө хэлээд утсаар ярьтал “хань нь хэдхэн дэлгүүрээр орчихоод очлоо” гэж хамгийн сүүлд ярьсан. Би шөлтэй хоол хийж тавьчихаад нэлээд удаад байхаар нь байн байн залгасан юм. Гэтэл сүүлдээ утас нь холбогдохоо больж, шөнийн 22 цаг өнгөрмөгц нь жаахан гайхаж эхэлсэн л дээ. Яагаад гэвэл миний хань ийм орой болтол гадуур явж байгаагүй. Тэгээд гэрээсээ гараад гадаа хүлээж эхэлсэн. Сүүлдээ ханийнхаа дүүгийнд очоод “ах чинь ингэж оройтох хүн биш” гээд л хайж эхэлсэн юм. Хамгийн сүүлд орсон дэлгүүрийнх нь хүн тэр хөнөөсөн залууг манай нөхрийн машиных нь урд приус машинтайгаа зогсож байснаа дагаад хөдөлсөн гэж хэлсэн. Гэтэл биднийг өглөө нь тэдний дэлгүүрт ороход юу ч болоогүй юм шиг “нөхөр тань нэг хар малгайтай, нүдний шилтэй нэлээн ширүүн зантай хүнтэй хамт явж байсан” гэж хэлсэн. Ингэж хэлээд бид нарыг төөрөгдүүлсэн байгаа юм.

- Энэ хэрэгт үнэхээр их харамсаж байна. Хууль шүүх үнэн, зөвөөр нь шийдэж өгөх байх?

-Эгч нь дээд боловсрол ч эзэмшээгүй хүн. Амьдралын төлөөх тэмүүлэлтэй, залуу хүний хүсэл зоригоороо ханийнхаа хүчинд хоёулаа амьдралыг босгох гээд явж байсан л гэр бүл. Хүний амьдралын утга учир гэж байдаг даа. Тэр нь миний хань байсан. Одоо бүх юм утгагүй. Заримдаа хоолоо хийж байхдаа хүртэл хэнд яах гэж хийж байгаагаа ч мэдэхгүй гөлөрчихнө. Яагаад гэвэл миний хийсэн хоолыг нөхөр минь үнэхээр амттай гэж хөлсөө дуслуулан иддэг байсан юм. Одоо тэгтэл амтыг нь ч мэдрэх юм алга. Сэтгэлээ ч шингээж байгаа эсэхээ мэдэхгүй л байна. Хоолоо хийхдээ хүртэл дэндүү гунигтай байх юм. Хүүхдүүдээ өлсгөж болохгүй л гэж хийж байх шиг байна.

Тэрбээр талийгаачийн талаар дурсах бүртээ хоолой нь зангирч уйлсаар л байв. "Энэ их өр, тэгээд гурван хүүхдээ яаж өсгөж энэ "хар сүүдэр" доороос өндийж гарна аа. Эгч нь барах болов уу" хэмээсээр ярилцлага өндөрлөлөө.

Өчүүхэн хүний мунхаг хүсэл, увайгүй шунал бүхэл бүтэн залуу халуун насандаа ид оргиж явсан нэгэн гэр бүлийг туулж барамгүй гашуун зовлонд унагажээ....

Хэргийн талаар эргэн сануулахад...

Б.Алтанхуяг 2014 оны есдүгээр сарын 15-ны өдөр 11:00 цагийн үед “УНК 2983” дугаарын ачааны саарал микроавтобустай бараа түгээлтэндээ гарсан байдаг. Ингээд Хонхороос Хужирбулан, Гачуурт чиглэлийн дэлгүүрүүдэд бараа тарааж яваад сураггүй алга болсон юм. Тэрээр алга болох үедээ ганцаараа явсан гэх бөгөөд 6-7 сая орчим төгрөгийн бараатай, биедээ 3-4 сая орчим төгрөгийн бэлэн мөнгөтэй явж байсан гэдэг. Түүнийг сураг тасарсан даруйд ар гэрийнхэн нь түгээлт хийсэн маршрутынх нь дагуу өдөр бүр 10 автомашинтай 28 хүний бүрэлдэхүүнтэй хайсан ч сургийг нь гаргаж чадаагүй юм. Ингээд түүнийг орон даяар эрэн сурвалжилж, нийслэлийн хэмжээнд 350 цагдаа Богд уулыг самнасан. Гэтэл 2014 оны есдүгээр сарын 30-нд дөрвөн залуу Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайгаас нэгэн цогцос олсон нь талийгаач Б.Алтанхуягийнх байв.

altanhuyag

Ашиглахаа больсон нүүрсний уурхайн амыг сэргээж амьжиргаагаа залгуулдаг эдгээр залуусыг олох үед  нүүр ам нь танигдахаа больтлоо гэмтэж, уурхайн 15 метрийн гүнд булагдсан байсан гэдэг. Энэ хэргээс хоёр хоногийн дараа талийгаачийн унаж явсан ачааны машиныг цагдаа нар Төв аймгийн Эрдэнэ сумаас олсон юм. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд талийгаачийн цогцсыг Налайхын уурхайд нуусныхаа дараа тээврийн хэрэгслийг нь хөлөглөн цааш Төв аймгийн Эрдэнэ сумыг чиглэсэн гэх...

П.Мөнхжаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.