04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Сургууль бүтээгүй ч сурах хүсэл нь үл унтрах ээж охин хоёр...

11944760 914192615339336 433999462 n

Бид Г.Цэндмаа болон түүний ээж Г.Эрдэнэчимэгийг дагаж Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв дээр очив. Энэ сургуульд Г.Цэндмаа хоёр дахь жилдээ элсэхээр хөөцөлдөж байна. Өнгөрсөн жил комьютерийн ангид элсэхийг хүссэн ч хүүхэд нь бүрдсэн гэх шалтгаанаар дараа жил ирэхийг хэлж буцаасан аж. Харин энэ жил ахин элсэхээр иртэл мөн л анги дүүрсэн гээд халгаасангүй.

Энэ жилийн хувьд Г.Цэндмаа талх нарийн боовны ангид элсэхээр хөөцөлдсөн ч бүтээгүй тул гар урлалын ангид бүртгүүлжээ. Тэгтэл гар урлалын ангийг тус сургуулийн санхүүгийн албанаас төсөв хүрэхгүй хэмээгээд хаахаар болсон байна. Ингээд Г.Цэндмаа маань сурах асар их хүсэл байвч хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцаж чадахгүйд хүрч хаалганы цаана үлдлээ.

-Хаасан ангиудыг нээх хүсэлтийг Хөдөлмөрийн яаманд гаргасан-

Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Боловсролын сэргээн засалтын газрын сургалтын менежер Ш.Мөнхзаяагийн хэлснээр "Манай сургууль элсүүлэх боломжийг судална. Төсөв хүрэхгүй байгаа учраас энэ жил байшин арчлагч, гар урлалын ангиудыг хаахаар болсон. Гэхдээ бид Хөдөлмөрийн яаманд энэ ангиудыг нээж өгөхийг хүсч санал гаргаад байна. Эндээс асуудал нааштайгаар шийдэгдээд ирвэл Г.Цэндмаа болон бүртгүүлсэн 20 гаруй хүүхдийг гар урлалын ангидаа авна" гэх учир битүүлэг хариулт өгөв.

Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн хувьд жилд ЕБС төгссөн 1700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй сурагчдаас ердөө л 10 хүрэхгүй хувийг нь сургах боломжтой гэнэ. Жилдээ 140 хүүхэд энэ сургуульд сурахаар ханддаг ч анги танхимын хүрэлцээ, хүчин чадлаасаа хамаараад 30 гаруй хүүхдэд татгалзсан хариу хэлж эрүүл мэнд, оюуны чадамж зэргийг харгалзан 110 хүүхэд л авдаг аж.

Ийнхүү хэрхэх нь цаг хугацааны асуудал болж хувирлаа. Энэ зуур Г.Цэндмаагийн ээж охиныхоо толгойг үе үе илж "уг нь охиноо энд л өгчихмөөр байх юм" хэмээн бодолд автах аж. Тэрбээр охиноо аль болох жил өнжүүлэхгүй сургах хүсэлтэй бөгөөд энэ сургууль авахгүй бол ЕБС-ийн оройн ангиудыг судалж үзэхээс хэмээн дурамжхан хэлнэ.

Уг нь охиныхоо болон гэр бүлийнхээ ирээдүйг бодвол Г.Цэндмаагаа Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн талх нарийн боовны ангид оруулаад цаашид хоёулаа хамтарч хувиараа жижиг цех нээнэ гэх. Тэрбээр арьс ширний үйлдвэрт олон жил тогооч хийж байгаа тул өөрөө талх, нарийн боовоо шарж, хайраад охиноороо технологио бэлдүүлээд л ажиллана гэдэгтээ тун ч итгэл дүүрэн байв.

Бид ч ээж, охин хоёрын уйгагүй зүтгэл, тов тодорхой зорилго зэргийг нь биширч аль болох хүсч буй сургуульдаа ороход нь туслах хүсэлтэй байлаа. Иймээс Ш.Мөнхзаяа менежерт "Та бүхэн судалж үзээд, талх тариа зэрэг ойр зуур хийж болох зүйлийг нь заагаад өгчихвөл ээжтэйгээ нийлж, амьдралаа залгуулахад нь хэрэгтэй юм даа" гэж хэлээд л өнгөрсөн юм.

Бүрхэг хариу сонссон ч бүдгэрэх нь үгүй зорилготой Г.Цэндмаагийн ээж охиныхоо өглөөхөн гардаж авсан компьютерийн сургалтын шинэхэн сертификат, бусад хэрэгсэл бүхий ойролцоогоор хоёр киллограмм жинтэй цүнхийг барьсаар сургуулийн хаалгаар гарч ирсэн юм. Г.Цэндмаа АДРА ОУБ-аас явуулсан 14 хоногийн компьютерийн сургалтад сууж гэрчилгээ гардан авсан билээ.

Тэд сургууль нь тодорхой шийдэгдээгүй ч сурах хүсэл нь улам бадарсан мэт гар гараасаа барин өрнийг чиглэн алхлаа. Ийм мундаг ээж, охин хоёр лав алзахгүй ээ.

Үргэлжлэл бий...

Өмнөх сурвалжлагыг эндээс http://www.orloo.info/readfull/life/24324

 

П.Мөнхжаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.