03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

"Хөгжлийн бэрхшээл хөгжлөөс хоцрох шалтгаан биш"

11920402 914192545339343 998627561 n

Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих төвд гурван настай бяцхан охин ээждээ тэврүүлсээр орж ирлээ. Түүнийг Б.Болор-Эрдэнэ гэдэг бөгөөд таван сартай байхдаа харвалт өгч хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Тэрбээр одоо сэргэлэн цовоо харагдаж байгаа ч бусдын дунд дураараа гүйн, харайж чадахгүй гэх эмнэлгийн дүгнэлт гарчээ. Охиноо эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх Д.Ариунтунгалаг бүсгүй энэ дүгнэлттэй одоо ч эвлэрч чадахгүй байна.

-Шинэ харвалт өгсөн гэдгийг тухайн үед эмч хэлж байсан-

11913017 914199915338606 185124472 n

Охины ээж Д.Ариунтунгалаг: Охин маань их сэргэлэн цовоо хүүхэд байсан. Таван сартай үеийн вакцинд хамрагдах үедээ их ханиадтай байсан юм. Гэтэл хариуцаж байсан эмч маань "эрүүл" гээд вакцинд хамруулахаар явуулсан. Бид 13-ын амбулотари дээр ирж вакцин хийлгэсэн юм. Удалгүй охин маань маш өндөр халуурч +40 хүрсэн. Тэгээд яармагийн эмнэлэгт ирж, нугасны ус авахуултал улаан өнгөтэй гарч, харвалт өгсөн. Үүнийг төрөлхийн биш, шинэ харвалтын үед улаан өнгөтэй ус гардаг гэдгийг Эх нялхсын эмч нар хэлсэн  юм. Тухайн үед вакцин хийлгэсний дараа манай охиноос гадна хоёр хүүхэд халуурч, эмнэлэгт ирж байсан. Энэ явдлаас хойш хоёр сарын дараа бид эмнэлгээс гараад гэртээ байж байтал Ариунбайгаль эмч "охиныг үзье" гэж ирсэн юм. Би "өмнө нь үзэж, эмчлээгүй байж одоо яах гэсэн юм" гээд нэлээд маргатал “Хүүхдээ эмчилгээгүй болгох гээгүй юм бол хэл ам хийгээд үзээрэй” гээд чагнуураараа ороолгоод явсан. Өнгөрсөн жил охиноо Эх нялхаст үзүүлтэл эмчилгээгүй гэх хариултыг өгсөн. Гэхдээ би Эх нялхасын эмч нарыг буруутгамааргүй байна. Миний охиныг байнга үзэж, эмчилж байгаа хэмээн тэдэнд ихэд найдаж байгаагаа илэрхийлэх аж.

-Миний зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй-

Бид тухайн үед охиныг хариуцан эмчилдэг байсан гэх ХУД-ын наймдугаар хорооны өрхийн эмч Г.Ариунбайгальтай утсаар холбогдож энэ талаар тодрууллаа.

Эмч Г.Ариунбайгаль: Тухайн үед мэргэжлийн хяналтаас шалгалт хийгдсэн. Ханиадтай үеийн вакцинаас болж харвалт өгөөгүй гэдгийг тогтоосон. Миний зүгээс ямар нэгэн дарамт шахалт  үзүүлээгүй гэх тайлбарыг өгсөн юм.

-Шинэ харвалтын үед нугаснаас авсан ус улаан өнгөтэй байдаг-

Охины ээжийн хэлсэнчлэн бид шинэ харвалтын талаар Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгийн ЯТТ-ийн Их эмч Д.Чинбатаас тодрууллаа.

"Тэрбээр тархины зөөлөн бүрхүүлд цус харвахаар улаан өнгөтэй ус гардаг. Харин мэнэнгит болон хавдрын үед шар өнгөтэй ус гардаг. Улаан өнгөтэй ус гарвал шинээр харвалт өгч байна гэж бас ойлгож болно. Харвалтын хэмжээнээс хамаарч эмчлэгдэх боломжтой" гэсэн юм.

Хэрэв энэ асуудлыг эргэн харж, эмчлэх найдвар бий болвол Б.Болор-Эрдэнэ охин бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн адил сурч боловсрох боломж бүрдэнэ.

Энэ жишээг Г.Цэндмаа охины түүх харуулж байна. Тэрбээр одоо 16 настай бөгөөд төрөлхийн саажилттай ч бусад хүүхэд шиг "сэтгэдэг" нэгэн юм. Г.Цэндмаа өөрийн идэвх, ээжийн шантрашгүй зүтгэлээр 2014 онд 63 дугаар дунд сургуулийг амжилттай төгссөн байна.

-БИД ЖИЛ АЛДАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА-

Г.Цэндмаагийн ээж Г.Эрдэнэчимэг: Охиноо сургуульд орох нас нь ойртмогц би гэрээр үсэг, тоо зааж эхэлсэн. Тэр үед охин маань үнэхээр сайн сурч байсан.  Тэгээд зургаан настайд нь сургуульд оруулах гэтэл хөгжлийн бэрхшээлтэй гээд жил өнжүүлэхийг зөвлөсөн юм. Охин маань 114 дүгээр сургуульд гуравдугаар анги хүртлээ сурсан ч бичихдээ хоцроод байсан. Тэгээд 63 дугаар сургууль руу шилжүүлсэн юм. Цэндмаа маань саажилттай ч оюуны чадамж сайтай учраас заавал сургахаар шийдэж 9-р ангиа төгсмөгц нь Сэргээн засах үндэсний төвийн нарийн боовны ангид бүртгүүлсэн. Гэтэл авах боломжгүй гээд дараа жил ир гэсэн. Бид шантралгүй компьютерийн ангид элсүүлэх гэтэл бас багтаагүй. Жил алдахыг хүсэхгүй байгаа учраас одоо ахиад оёдлын ангийг хөөцөлдөөд л байгаа хэмээн горьдлого тээсэн өнгөөр өгүүлнэ.

Охин хэдийгээр амжилттай суралцаж төгссөн ч нийгэм түүнийг нээллтэй хүлээж авч чадаагүй байна. Г.Цэндмааг есдүгээр ангиа төгсөөд өөрийн сонирхсон чиглэлээр сурахаар хөөцөлдөхөд хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар хаалганы цаана  орхижээ.
Гэвч Г.Цэндмаа бусдын адил өөрийгөө голж, гэртээ суудаггүй тун ухаалаг, дайчин охин аж. Тэрбээр, ХУД-ын Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих төвийн харьяа 63 дугаар сургуулийн “Хүүхэд хөгжил төв”-д явж, гар урлалаар бүтээл хийдэг болжээ. Тэр оёсон хатгамал, урласан бүтээлээ хэмжээнээс нь хамаарч 15-25 мянган төгрөгөөр худалдаалж, өөрийн нэр дээр данс нээж хадгаламжтай болсон байна.

-БИ ЦААШИД ЗААВАЛ СУРНА ГЭЖ БОДДОГ-

11944760 914192615339336 433999462 n

Г.Цэндмаа охин бүтээлийн хамт

Г.Цэндмаа: Би ээж, дүү хоёртойгоо хамт амьдардаг. Жилийн өмнө сургуулиа “А” үнэлгээтэй төгссөн. Гэвч энгийн хүүхдүүдтэй хамт суралцаж чадахгүй гээд сургуульд аваагүй болохоор одоо гэртээ байгаа. Одоогоор би технологийн тэмцээнд оролцохоор нэг том хатгамал оёж байгаа. Бас тэргэнцэртэй иргэдийн холбооны ажилд туслах, нийгмийн сайн дурын ажилд оролцоод их завгүй байдаг. Дан ганц хатгамалаар мөнгө олно гэдэг хэцүү. Удаан хатгамал оёод суухаар зүүн мөр маань өвдөөд байдаг юм. Тиймээс цаашид заавал сурна гэж боддог. Би Англи хэл, комьютерийн хичээлдээ их дуртайгаас гадна шүлэг зохиох дуртай. Бас удахгүй марафонд гүйхээр бэлдэж байгаа хэмээн итгэл дүүрэн, сэргэлэн цовоо ярина. Тиймээ , тэр тун сэргэлэн, хөгжилтэй яг л бусад хүүхдийн адил сурч мэдэх хүслээр дүүрэн нэгэн юм.
 11924681 914198418672089 1697721914 n

Г.Цэндмаа охины оёсон хэрээсэн хатгамал...

-ХҮҮХДҮҮД БҮТЭЭЛЭЭ ЗАРЖ МӨНГӨН ХАДГАЛАМЖТАЙ БОЛСОН-

“Хүүхэд хөгжил төв”-ийн багш Г.Балжинням: Г.Цэндмаа их идэвхтэй хүүхэд. Манай төвд сургуульд сурч байх үеэсээ л явж эхэлсэн. Энэ төвийг сургуультайгаа хамтран Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгээр байгуулсан юм. Манайд ХУД-ын хөгжлийн бэрхшээлтэй 85 хүүхэд явдаг. Тэдний 20 нь гэрээрээ хичээл авч байгаа. Хүүхдүүд маань баяр наадмаар гадаадын зочдоос захиалга авах, бусад сургууль дээр үзэсгэлэн гаргах зэргээр бүтээлээ борлуулж мөнгөн хадгаламжтай болсон гэх гайхалтай мэдээг дуулгалаа.

Хэдийгээр хөгжих боломжийг тусгай төвүүд бий болгож эхэлсэн ч тэд хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар хүсэл мөрөөдлөө “боомилуулж” байна. Г.Цэндмаа болон Б.Болор-Эрдэнэ нарын түүх ердөө бидний мэдэх хоёрхон жишээ. Гэвч энд хэн нэгнийг буруутгахаас илүүтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад хүүхдүүдийн адил сургах боломжийг олгох нь зүйтэйг онцлохыг хүслээ.

Тухайлбал, энэ үйл ажиллагааг “Нэг анги нэг хүүхэд” хөтөлбөрөөр дамжуулж хэрэгжүүлэх боломжтойг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тус хөтөлбөр нь сургууль бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гадуурхалгүй элсүүлж үе тэнгийн нөхдийнх нь дунд хөгжүүлж, нийгэмшүүлэх боломжийг олгодог аж.

П.Мөнхжаргал

ХУД-ын "Хүүхэд хөгжил төв"-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бүтээлээс...

11908019 914193535339244 774700077 n

11903597 914196868672244 120156346 n

11949518 914196915338906 1768612793 n

11944757 914198065338791 799869336 n

11948154 914199912005273 1591325700 n

11948081 914200842005180 2093111333 n


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.