07 сарын 21, Ням
°C
USD 2,661.76
USD 2,661.76
EUR 2,998.21
JPY 24.73
GBP 3,334.92
RUB 42.32
CNY 387.22
KRW 2.27

Сургууль, цэцэрлэгийн барилга царцаасан цүнхэн дэх компаниуд

Ажил хийсэн, хөрөнгө оруулсан мэтээр харагдах гэсэн УИХ-ын нэг биш нэлээд хэдэн гишүүнээс болж хүүхэд, багачууд хохирч байгааг зориуд онцолъё. Нийслэлд битгий хэл хүн ам олноор төвлөрсөн зарим аймаг, сумдад ч сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй хэцүүхэн байгаа.

Жишээ нь, нийслэлийн 20 гаруй сургуульд 188 бүлгийн 7743 хүүхэд гурван ээлжээр хичээллэж сууна. Үүний гол буруутан нь төрийн түшээд. Тэд зураг, төсөв нь батлагдаагүй барилгын мөнгийг улсын төсөвт хүчээр суулгасан учраас өдий төдий сургууль, цэцэрлэгийн барилга царцаад буй гэнэ. Угаас зураг, төсөв нь байхгүй тохиолдолд барилгын тендер зарлах боломжгүй. Тендер зарлалгүйгээр барилгын ажлыг эхлүүлж болохгүй.

Энэ бүхэн батлагдаж байж л барилгын ажил бодитоор эхлэх боломж бүрддэг. Улсын төсвөөр барих барилгын төсөв, хөрөнгө жилийн өмнө батлагдсан байх хуультай. Тийм хэдий ч УИХ-ын гишүүд байнга хууль зөрчдөг аж. Зарим гишүүн 2013 оны зураг ашиглан 2019 оны төсөвт сургууль, цэцэрлэг барих мөнгө суулгасан байх жишээтэй.

2013 оноос хойш ам.доллар, юанийн ханш хэд дахин өссөн. Мөн манай улс барилгын гол түүхий эд болох арматур төмрийн 70 хувийг импортоор авдаг. Гэтэл нь энэ түүхий эд өндөр өртөгтэй. Ер нь зургаан жилийн хугацаанд үнэ нь өсөөгүй бараа, бүтээгдэхүүн байхгүй гэдгийг хэн бүхэн мэднэ. 2013 оны ханшаар бараа материалаа тооцож авах боломжгүй тул аль нэг сургууль, цэцэрлэгийн барилга 50 эсвэл 70, бүр 20 хувьдаа хүрээд хөрөнгөгүй болж царцахыг үгүйсгэх аргагүй.

Энэ мэтээр зурагтай, зураггүй нь хамаагүй барилгын ажлыг тодорхой үнийн дүнд багтаагаад төсөвт хүчээр оруулж, батлуулдаг дампуу ажил УИХ-ын гишүүдээс гардаг гэнэ. Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг хүрэлцээ муутай байгаа учраас УИХ-ын гишүүд оноо авах гэсэндээ энэ бүхнийг хийдэг гэх. Аль ч яам, төрийн байгуулагаар орсон сургууль, цэцэрлэгийн барилга гацааж буй үндсэн шалтгааныг УИХ-ын гишүүдтэй холбон “Яг үнэндээ, энүүхэндээ гэж ярихад гишүүд өөрсдөө...” хэмээн албан хаагчид шивнэж байна.

Нөгөө талаар байгууллагуудын уялдаа муугаас ажил урагшлахгүй байгаа гэх. Сангийн яам, БХБЯ, БСШУСЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Барилгын хөгжлийн төвийн тоон мэдээлэл байнга зөрдөг гэнэ. Тодруулбал, БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр 2018 онд эхлүүлсэн ажлуудаас 90 хувийн гүйцэтгэлтэй 30 гаруй барилга байгаа гэж хэлсэн. Харин Барилгын хөгжлийн төвийн мэдээллээр бол 70 хувийн гүйцэтгэлтэй найман барилга байна гэж үгүйсгэх жишээтэй.

Мөн өнгөрсөн сард нийслэлийн “Хангарьд” ордонд хийсэн мэдээлэлд “2018 онд эхлүүлсэн 162 сургууль, цэцэрлэгийн барилгын 75 нь 30 хувийн гүйцэтгэлтэй. 30-70 хувийн гүйцэтгэлтэй 23 барилга, 70 хувиас дээш гүйцэтгэлтэй барилга 24 байна. Суурийг нь цутгачихаад гацсан цөөнгүй барилга бий” гэж гарсан. Харин БСШУСЯ-наас “2018 онд 11 сургууль, 20 цэцэрлэг ашиглалтад оруулсан. Товлосон хугацаанд ашиглалтад орж чадаагүй нь олон бий. Энд онд шилжиж ашиглалтад оруулна хэмээн төлөвлөж байна. 2019 онд нэмж шинээр 55 сургууль, 133 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүний 50 цэцэрлэгийн барилга улсын төсөвт шинээр суусан.

83 цэцэрлэг нь 2018 оноос он дамжсан барилга” гэх мэдээлэл өгч байна. Түүнчлэн 2019 онд долоон сургууль, 29 цэцэрлэг, дөрвөн спорт танхим, Насан туршийн боловсролын төв нэгийг барихаар төлөвлөсөн байна. 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр 15, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр дөрөв, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр сургууль барьж ашиглалтад оруулахаар болсон. Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд гэхэд 100 сургууль, 130 орчим цэцэрлэг барьж, өргөтгөнө гэсэн өөр нэг эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ мэтээр яам хоорондын бүү хэл, яаман доторх тоо, хэрэгжүүлэгч агентлагуудын хоорондын мэдээлэл зөрж, авцалдахгүй байгаа юм. Эдгээр мэдээллийг БСШУСЯ, нийслэлийн ЗДТГ, Барилгын хөгжлийн төвөөс авсан.

Авууштай нь салбар хоорондын мэдээлэл зөрж байгааг тэд анзаарчээ. Тиймээс дээрх байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулж, мэдээллээ нэгтгэн ойлголтын зөрүүгээ арилгахаар болсон байна. Мөн бүх гүйцэтгэгч байгууллагатай уулзаж, нэгдсэн нэг тоо гарган, хяналт шалгалтыг ч эхлүүлэх гэнэ. БСШУС-ын дэд сайд ажлын хэсгийг ахлана. Өнөөдрөөс ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн царцсан барилгын үйл ажиллагааг шалгах аж. Шалгалт “Рич голден буллс эдукэшн” компанийн гүйцэтгэж буй барилгын талбайд очихоос эхлэх юм байна.

Засгийн газар 2013 онд 72 сургууль, цэцэрлэгийн барилга барих шийдвэр гаргаж, “Рич голден буллс эдукэшн” компанийг шалгаруулсан байдаг. Улмаар концессын гэрээ байгуулсан ч дээрх компани тогтсон хугацаанд ажлаа гүйцэтгээгүй тул 2015 онд эрхийг нь “Топ интернэшнл инженеринг Монголиа” компанид шилжүүлсэн байна. Гэвч “Рич голден буллс эдукэшн”-ийхэн Улсын дээд шүүх хүртэл заргалдаж эрхээ сэргээжээ. Засгийн газар 2018 оны тавдугаар сард тухайн компанийн гэрээг сунгаж, 23 барилгыг барьж дуусгах чиглэл өгсөн аж.

Харамсалтай нь, тус компанийнхан өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгээгүй. Хариуцсан барилгуудынх нь гүйцэтгэл ердөө 5-20 хувьтай, суурийг цутгаж орхисон төдий гэдгийг нийслэлийн ЗДТГ-аас хэлж буй. Харин Үндэсний хөгжлийн газрын мэдээллээр бол дээрх компанийн хариуцсан 23 барилгын ажил 5-95 хувийн гүйцэтгэлтэй гэж мэдээлжээ.

Үнэхээр суурь цутгаснаас өөр ажил хийгээгүй бол газрыг нь хураан авч тэр байршилд тендер зарлан өөр компанийг шалгаруулна гэдгийг ажлын хэсгийнхэн мэдээлж буй. Үүний тулд Засгийн газрын хурлаар оруулах юм байна. Ганц “Рич голден буллс эдукэшн” гэлтгүй ямар ч хөрөнгөгүй мөртлөө танилаараа дамжуулан тендер хамдаг, барилга гацаадаг цүнхэн дэх компаниудыг ч энэ шалгалтад хамруулах юм байна.

Тендерт шалгарсан компаниудын удирдлага “Хөрс хөлдүү, газар чөлөөлж өгөөгүй, төсөвт өөрчлөлт орсон, барилгын зураг хянагдаж дуусаагүй” зэргээр элдэв шалтаг тоочиж байгааг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцолсон. Тухайлбал, Баянгол дүүргийн IX хорооны сургуулийн барилга, 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 30, 13 дугаар цэцэрлэг, 19 дүгээр сургуулийн барилгыг нурааж, шинээр барих ажил одоо болтол эхлээгүй байгаа юм.

Он дамжин царцаж, үнэ цэнээ алдаж байгаа тул БСШУСЯ-наас холбогдох байгууллагуудад дутуу ажлаа ирэх наймдугаар сар гэхэд дуусгах үүрэг өгчээ. 70 хувийн гүйцэтгэлтэй барилгуудыг тавдугаар сарын 1, ажлын явц 31-70 хувьтай бол долдугаар сарын 1, дөнгөж эхэлж байгаа бол наймдугаар сарын 1-нд ажлаа гүйцээхийг шаардсан.

2019 онд барих сургууль, цэцэрлэгүүдийн зураг төслийн 10 хувь нь л гарчээ. Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатараас энэ талаар тодруулахад “Манай яамнаас бүх барилгын зураг төслийг шалгана. Дараа нь гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих ёстой. Ойрын хугацаанд зургийг чанартай боловсруулж, царцсан барилгуудыг барьж дуусгахад анхаарна” гэсэн.

Сургууль, цэцэрлэг барихад хүндрэл учруулж буй бас нэг шалтгаан нь газар чөлөөлөх. Энэ жил газар чөлөөлөхөд нэг ч төгрөг улсын төсөвт суулгаагүй юм байна. Баянгол дүүргийн XVI хороо, Гандангийн орчимд гэхэд иргэд газраа тэнгэрт тултал үнэлсэн тул Азийн хөгжлийн банкнаас ч хөрөнгө оруулахад хүндрэлтэй болжээ. Барилга царцсан өөр нэг шалтгаан нь санхүүжилттэй холбоотой.

Санхүүжилт нь бага мөнгөөр тавигдсан бол мөнгөндөө тааруулж дутуу бариад орхидог тал бас бий. Барилгаа барьсан ч техникийн шийдэл дутуу хоцордог. Гаднаасаа сайхан барилга харагдах ч үнэндээ дулаан, цахилгаан, цэвэр, бохирын шугамын асуудал дээрээ царцаж, он дамжих нь цөөнгүй аж.

Арга ядахад сургуулийн ойр орчмын барилгыг түрээслэн гурван ээлжээр хичээллэдгийг болиулах гэнэ. Гэвч түрээсийн зардлыг улсын төсөвт суулгаагүй аж. Энэ янзаараа бол ирэх намар бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулж чадахгүй, сурагчид гурван ээлжээр хичээллэсэн хэвээр байх нь. Товчхондоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгавар биелэхгүй үлдэх вий.

Эх сурвалж: Мягмаржаргал. /Өнөөдөр сонин/

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
07/14/2019
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт.
“ХҮҮХЭД НАС” ыг ХҮҮХДЭД НЬ ҮЛДЭЭ
“ХҮҮХЭД НАС” ыг ХҮҮХДЭД НЬ ҮЛДЭЭ
Цав цагаахан цаасан дээр урлал бүтээх шиг “гайхамшигтай”, энэ ертѳнцийг таних гэж мунгинахдаа бидний сэтгэлийн ѳхѳѳрдѳл хайрыг бялхааж байдаг “хѳгжилтэй”, ѳѳрийгѳѳ бүтээх гэж бусдын үйл хѳдлѳл бүрийг даган дуурайж байдаг “хайрлалтай” хүүхэд нас бидний амьдралын нэгэн мѳчлѳг. Энэ мѳчлѳгийн урагшлах гэж мѳлхѳх, алхах гэж хѳлд орох, ярих гэж хэлд орох үйлдэл бүхэн ѳѳрийн хугацаатай. Түүнийг товчлох боломжгүй. “Цагийн юм цагтаа” гэдэг шиг хүүхэд насандаа гэнэн томоогүй, цайлган цагаан, ѳхѳѳрдѳм хѳѳрхѳн хүүхэд хэвээрээ байхдаа л сайхан. “Хурдхан том болох сон” гэх хүүхэд насны гэнэн мѳрѳѳдѳл,
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС” ѲВѲРЛѲЖ ИРСЭН “ЭРДЭМ”
06/24/2019
…Гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад ажиллаж амьдарч, сурч боловсорч буй шинэ үеийнхэн бол залуучууд. “Энд үлдэхгүй ээ, сурах эрдмээ сайн сураад Монголдоо буцна” гэж ѳгүүлэх залуустай уулзаж ярилцах бүрдээ тэднээр бахархдаг. Тэдэнд хэд хэдэн давуу чанар байна. (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.