05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Америк эдийн засаг хямралд автсан шалтгаан

АНУ-ын эдийн засаг хямралд автаж, ам.долларын ханш унасаар байна. Дэлхий нийтийн анхаарлыг татсан уг асуудлаар Колумбийн их сургуулийн дэргэдэх хүрээлэнгийн захирал, эдийн засгийн ухааны профессор Жеффри Саксийн бичсэн нийтлэлийг Америкийн “Project Sindycate”-ээс манайд ирүүлснийг сонирхуулъя.

АНУ-ын Холбооны нөө­цийн систем буюу Төв банк нь хүргэсэн ам.долларын уналтыг зогсоох арга хэмжээ авч байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдү­гээрт, одоогоос хэдхэн сарын өмнө бүгд л АНУ эдийн зас­гийн хямралаас гарч чадна гэсэн бодолтой байсан. Гэтэл хямралд нэлээд гүнзгий авт­чи­хаад байна. Хоёрдугаарт, АНУ арга хэмжээ авсан хэдий ч нааштай үр дүн гарсангүй. Зээлийн хүүг багасгаж, Хол­бооны нөөцийн систем нь банкуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн боловч байдал улам муудсаар.

Эдийн засаг нь хямралд автсан нэг шалтгаан нь Хол­боо­ны нөөцийн системийн үйл ажиллагаатай холбоотой, тодруулах юм бол үүний цаана Ж.Бушийн засаг захир­гаа байгаа. Хамгийн гол бу­руу­тан нь Алан Гринспен юм. Тэрээр Холбооны нөөцийн системийн даргаар ажиллах­даа ийм байдалд хүргэсэн. Тус байгууллагын байдал нэлээд хэцүү байхад Бен Бернанке түүний халааг ав­сан. Гэхдээ Бен Бернанке ч тус байгууллагад хариуцла­га­тай алба хашиж байсан бөгөөд тэдний явуулсан бод­лого ийм байдалд оруулна гэж бодоогүй бололтой. Өнөөдөр АНУ-д нүүрлэ­чи­хээд буй хямрал нь 2001 оноос үүдэлтэй. Интернэт олон түмний хэрэглээ болж хүчээ ид авч байхад есдүгээр сарын 11-ний аймшигт халд­лага болсон. Яг энэ үед Хол­бооны нөөцийн систем эдийн засгийн уналтыг зог­соо­хын тулд мөнгийг цутгах бодлого явуулж эхэлжээ. Америкийн эдийн засгийг мөнгөнд бялуу­руулж, банкууд үндсэн зээ­лийн­хээ хүүг бууруулсан. Холбооны сангийн зээлийн хүү 3.5 хувь байснаа 2003 оны дунд үе гэхэд нэг хувь болсон.

Бэлэн мөнгө маш их бол­сон нь зээл авах боломжийг нээсэн. Ин­гэс­нээр валютын ханш буурч, инфляцид автсан билээ. Үүсэн нөхцөл байдлын нэг онцлог нь гэвэл орон сууцны зээлийг маш ихээр олгосон. Энэ нь арилжааны болон хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаа явуул­даг бан­кууд өөрийн гэсэн санхүү­гийн механизмыг бий болго­ход хүргэсэн. Тодруу­лах юм бол төлбөрийн чад­вар­гүй хү­мүүст зээл олгож эхэлжээ. Гэтэл Холбооны нөөцийн систем нь энэ бүхэнд анхаа­рал хандуулаагүй. Ямар нэ­гэн урьдчилсан төл­бөр хийл­гүй, урт хугацааны зээл авч байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Хамгийн сонирхолтой нь Гринс­пен тэргүүтэй Холбоо­ны нөөцийн систем нь энэ бүхнийг хараад санхүүгийн системд зохицуулалт сайн хийгдсэн хэмээн бодож бай­сан явдал. Америкийн бан­каар дамжин гадаадаас орж ирсэн орон сууцны сал­бар дахь хөрөнгө оруулалт нь эдийн засгийн зөв бодлого явуулсны үр дүн хэмээн Гринс­пен ярьж байсан юм.

Ингээд 2006, 2007 онд байдал улам хүндэрсэн. Тухайн үед банкуудын балан­сын тайлан эрсдэлтэй зээ­лийн барьцаагаар дүүрсэн бөгөөд энэ нь ямар их эрс­дэл­тэй болохыг тооцоолоход амаргүй байв. Ийнхүү зээл олголт аяндаа багассан би­лээ. Орон сууцны үнэ тэнгэрт хадаж байснаа зээлийн ол­голт багасахад буурсан. Орон сууцны зээл нэлээд хэм­жээ­гээр олгосноос өнгөрсөн нам­раас эхлэн банкууд маш их алдагдалд оржээ.

Ийнхүү орон сууцны зах зээл хямралд автахад Хол­бооны нөөцийн систем хүнд байдалд орсон банкуудад туслах зорилгоор 2007 оны намраас зээлийн хүүгээ буу­руул­сан. Гэвч орон сууцны салбарт дорвитой хөрөнгө оруулалт орж ирсэнгүй.

Холбооны нөөцийн систе­мээс яаралтай авсан арга хэмжээ нь эдийн засгийн хямралаас гарахад тус дөхөм болсонгүй. Газрын тос, хүнс­ний бүтээгдэхүүн, алтны үнэ урьд өмнө нь байгаагүйгээр нэмэгдэж, ам.долларын ханш унаж байна. Өнөөдрийн байд­лаар нэг евро 1.60 ам.доллар хүрчихээд байгаа. Гэтэл 2002 оны нэгдүгээр сард 0.90 ам.дол­­лар байсан. Хямра­лаас гаргахын тулд Холбооны нөөцийн систем мөнгө цут­гах бодлого явуулж байгаа бо­ловч энэ нь хямралыг улам гүнзгийрүүлсээр.

АНУ-ын эрх баригчид байдлыг түр ч болтугай нам­жаах арга хэмжээ ч авч ча­дах­гүй байна. Ингэснээр байдлыг улам хүндрүүлж байгааг дурдах нь зүйтэй. Хэрвээ цаашид ч мөнгө цут­гах бодлого явуулах юм бол байдал улам хүндрэх юм. Тиймээс инфляцийг зогсоо­хын тулд найдваргүй банкуу­дад зээл олгохгүй байхад Холбооны нөөцийн систем анхаарах ёстой. Ийм байдалд Америк тө­дий­гүй дэлхий да­яа­раа автаж магадгүй. Гэсэн хэдий ч энэ нь Америкаас халихгүй гэ­дэгт найдсаар байна. Энэ хям­ралыг дэл­хийн бусад оронд халдаахгүй байх арга бий гэдэгт итгэлтэй байгаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.