05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Бизнес эрхлэгч монголчууд Чикагод дахин уулзлаа (эхний хэсэг)

Бизнес эрхлэгч монголчуудын уулзалт Чикаго хотноо 2008 оны 4 дүгээр сарын 26-ны бямба гаригт 16.00 цагаас эхлэхэд 100 гаруй хүн ирж урьдчилж бэлтгэсэн сандал хүрэлцэхгүй зарим нь араар зогсож байлаа. Америк дахь Монголчуудын худалдааны танхим болон Монголын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг ГХОГХА энэ удаагийн уулзалтыг хамтран  зохион байгуулсан юм.

ГХОГХА-н орлогч дарга Г.Дугаржав Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн боломж, давуу тал зэрэг асуудлыг хөндсөн илтгэл тавилаа. Уг илтгэлд өгүүлснээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын хууль 1990 онд батлагдаж, 1993, 1998, 2002 онд шинэчлэгджээ. Түүнчлэн 1996 онд УИХ-аас Вашингтон хотноо байгуулсан “Улс болон бусад улсын иргэдийн хооронд хөрөнгө оруулалтын талаар үүссэн маргааныг шийдвэрлэх тухай Конвенц”-ийг баталж, 1997 онд манай орон Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 1999 онд хөрөнгө оруулалтын Сөүлийн Конвэнцид нэгдсэн ажээ. Одоогийн байдлаар Монгол Улс гадаадын 39 улстай хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах гэрээтэйн дотор АНУ-тай ийм гэрээг 1997 онд байгуулжээ. Түүнчлэн Монгол Улс 34 улстай давхар татварыг арилгах гэрээтэй юм байна.

ГХОГХА-н орлогч дарга Г.Дугаржав (зүүн гар талаас), Америк дахь Монголчуудын худалдааны танхимын тэргүүн Э.Жагдагдорж нар асуултад хариулж байгаа нь ( orloo.com-н Б.Тайваны авсан гэрэл зураг)

Монгол Улсын Засгийн Газар 2008 оны гуравдугаар сарын таванд тэргүүлэх салбарын жагсаалтыг шинэчлэн баталжээ. Тэргүүлэх салбарт 2007 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг ажлын гурван хоногийн хугацаанд бүртгэх ажээ.

 

Дараа нь Америк дахь Монголчуудын худалдааны танхимын тэргүүн Э.Жагдагдорж уулзалтыг зохион байгуулахад оролцсон Монголын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн дэд дарга Г.Дугаржав, ажилтан Э.Мөнхчимэг, Вашингтон дахь Монгол Улсын Элчин сайдын Яамны ажилтан Н.Түмэнбаяр, Америк дахь бизнес эрхлэгч монголчуудын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн П.Амгаабаатар, Я.Өлзийболд, Г.Ганзориг, Л.Гэрэлмаа, Чикаго хотод ажиллаж амьдардаг С.Болор, С.Ундрал, Ш.Баттуяа нарт талархал дэвшүүлснээр яриагаа эхлэв. Тэгээд тус танхим байгуулагдаж байсан үе, албан ёсны бүртгэлийн байдал, өнөөг хүртэл хийсэн, хийж буй ажлуудын талаар товч мэдээлж, танхимын удирдах зөвлөлийн гишүүд, тэдний бизнесийг танилцууллаа.

Америк дахь Монголчуудын худалдааны танхим монгол бизнесийн хөгжлийн талаар судалгаа хийж байгаагийн анхных болох Америк дахь Монгол хэвлэл мэдээллийн хэрэгслийн зар сурталчилгаанд хийсэн агуулгын анализаар  “Америк дахь Монголчуудын жижиг бизнес” сэдэвт илтгэлийг Атланта хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголыг судлаачдад тавьсан нь олны анхаарлыг ихэд татсан талаар дурдлаа. Монголчуудын эрхэлдэг бизнесийн ерөнхий дүр зургийг гаргасан уг судалгаа 2003 оноос 200 гаруй жижиг бизнес үүсэж бий болсныг харуулжээ. Судалгааны тоо баримт дээр үндэслэн одоо үйл ажиллагаагаа эрхэлж байгаа болон энд хамрагдаагүй монгол бизнесүүдийг тодруулан оруулж нэр хаягийн бүртгэлийг бий болгож байгаа ажээ. Удахгүй бизнес эрхлэгчдийн лавлах хэвлэлтэд шилжих юм байна.

Image

Уулзалтад оролцогчид Монголын эдийн засаг, бизнесийн өнөөгийн байдлын талаар асуулт өргөнөөр тавьж байлаа. ( orloo.com-н Б.Тайваны авсан гэрэл зураг)

Уулзалтын гурав дахь илтгэгч “Эйжиа Парма” компанийн захирал Ц.Тунгалаг “Монголын эрүүл мэндийн салбарын бодлого, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн зах зээл” сэдвээр тавьсан илтгэлдээ анхаарал татсан маш олон статистикийн баримт дурдлаа. Эх оронд маань халдварт өвчнөөр өвчлөгчид 2002 онд 37.7 мянга байсан нь 2003 онд 26.9 мянга болж буурсан ч өнгөрсөн жил 41.1 мянга болж өсчээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2000 – 2007 онд өссөөр 46.9 миллиардаас 155.4 миллиард төгрөгт хүрсэн байхад 2000 онд 4.6 миллиард байсан эрүүл мэндийн салбарын зардал жил тутам буурсаар 2006 онд 3.3 миллиард төгрөг болжээ. Харин өнгөрсөн жил уг зардал өсөж 4.5 миллиард төгрөгт хүрчээ.

 

Эмийн тухай хууль 1998 онд батлагдаж, 2002, 2006 онд шинэчлэгдэн өөрчлөгджээ. Өнөөгийн байдлаар Монголд эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 29 үйлдвэр, 90 бөөний худалдаалагч, 857 жижиглэнгийн худалдаа, эмийн сан байгаа ажээ. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүртгэж зөвшөөрөл олгож, дөрвөн жил тутам шинэчилдэг. 2007 оны байдлаар 1720 төрлийн эм бүртгэгдэж, 35 төрлийн түүхий эд хэрэглэж, нийт эмийн 0.3 хувь эх орны бүтээгдэхүүн, 99.7 хувь нь импортынх ажээ. Төрөл бүрийн вакцин, түргэн тусламжийн эм, тоног төхөөрөмж багаж хэрэгсэл дутагдалтай хэвээр байгаа юм байна.

Уулзалтын хөтлөгч Э.Жагдагдорж,
- Манай танхимын удирдах зөвлөлийнхөн сардаа хоёр удаа онлайн хуралддаг. Компьютер дээрээ биеэ биеэ хараад ч ярьж болдог. Одоо энэ боломжийг та бүхэнд Вашингтон хотоос хуульч Г.Ганзориг ах үзүүлнэ. Уул нь мань хүн энэ миний өмнөх компьютерийг алсаас удирдаж, та бүхнийг өөрийнхөө компьютерээс харж, бид мөн хананд өсгөгчөөр тусгасан илтгэгчийн дүрийг харах ёстой байлаа. Техник технологийн шалтгаанаар энэ байдал өөрчлөгдлөө гэж хэлээд Интернэтээр Ганзориг Консалтинг компанийн захирлын гар утсанд холбогдсоноор дараагийн илтгэл эхэллээ.
Уг илтгэл АНУ-ын Цагаачлалын хууль болон жижиг бизнес эрхлэх ажиллагаа гэсэн сэдвээр тавигдлаа. Илтгэлийн өмнө Г.Ганзориг “Хэр удаан ярих билээ?” хэмээн асуусанд танхимд суугчид “Таван минут” гэлээ. Ингээд АНУ-д аж ахуйн нэгж байгуулах болон АНУ-н ажлын визүүдийн төрөл, хэрхэн виз авах тухай ярилаа.

Эйч, Эл, Ий ангиллын визүүдийн ялгаа, хэрхэн виз хүсэж авч болох талаар ярьж байгаа нь Монголоос ирсэн төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татаж байсан бөгөөд олон хүн уулзалтын дараа хуульчийн Поувер Поинт програм дээр бэлтгэсэн файлыг авч болох талаар асууж байлаа. Г.Ганзориг уулзалтын дараа бүх асуултыг цугт нь тавина хэмээн хэлж, уг илтгэл дууслаа.

Уулзалтын төлөвлөгөөний дагуу эхний хэсэг ийнхүү өндөрлөсөн бөгөөд зохион байгуулагчид завсарлагагүйгээр үргэлжлүүлэх, мөн Монголын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг ба Америк дахь Монголчуудын худалдааны танхимын хооронд байгуулах “Хамтын ажиллагааны санамж бичигт” гарын үсэг зурах ажиллагааг уулзалтын төгсгөлд шилжүүлэн хурлыг цаашид үргэлжлүүллээ.

Америкийн Монголчуудын худалдааны танхимын ажлын хэсэг
(Үргэлжлэл бий)

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.