05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Б.Ганхуяг: Банкуудын мөнгөөр хэн тоглодгийг би мэднэ

-Монгол Улсад валют арилжааны төв байгуулагдсан даруйдаа чимээ алдарлаа. Татан буугдчихсан юм уу?
-Албан ёсоор валют арилжаагаа явуулж эхлээгүй л байна. Гэхдээ удахгүй болов уу.

-Танайхыг байгуулагдах үед МАХН-ын томчууд нийлж, компаниудын мөнгийг саах зорилгоор мөнгөний машин байгууллаа гэж ярьцгааж байсан?
-Аль олон хийсвэр яриаг хэлж барах вэ дээ. Валют арилжааны төв бий болох шаардлага амьдралаас урган гарсан. Зах зээлийн эдийн засгийн жамаар энэ төв эрт орой, хэзээ нэгэн цагт байгуулагдах л байсан. Харин ч манай орны хувьд хожуудсан байж мэдэх. Харин энэ төвийг хэн нэгэн мөнгө саах хэрэгслээ болгох гээд байна гэдэгт хариулахад, бид хүмүүсийн мөнгийг өөр дээрээ төвлөрүүлчихээд ийш тийш нь шилжүүлчих эрх, боломж ч байхгүй. Их хэмжээний валют цуглуулчихаад нэг өдөр тэр мөнгийг хууль бусаар гадагш нь аваад явчих, өөр дансанд байршуулчих ямар ч боломжгүй.

-Хэрвээ үйл ажиллагаагаа эхлүүлчихвэл их ашиг олох уу?
-Дэлхийн хамгийн муу ардчилалтай орон гэгддэг Киргизстан улсад АНУ өөрсдийн хөрөнгөөр вапют арилжааны бирж байгуулж өгсөн.

Зорилго нь ашиг олох биш, тухайн орны эдийн засаг, бизнесийн орчныг боловсронгуй болгохын тулд л хийсэн байдаг. Түүнээс АНУ тэнд өөрийн мөнгөний машинаа байгуулсан гэвэл тэнэг тайлбар болно биз дээ. Тэгээд ч биржээр арилжаа явагдахад өчүүхэн бага хувийн шимтгэл авна. Тэр нь энэ байр, боловсон хүчин, программ хангамж гээд үйл ажиллагааны зардлаа л нөхөх зорилготой. Гэхдээ бизнесийн байгууллага юм чинь мэдээж цаана нь ашиг байлгүй яахав.

 

-Манай валютын зах зээл өдгөө ямар янзтай байна даа, таны бодлоор?
-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 17 жил болж байна. Гэтэл энэ хугацаанд манайд валютын нэгдсэн ханш гэх ойлголт байсангүй. Монгол банкнаас валютын ханш гээд нэг юм зарладаг л даа. Тэр нь зөвхөн сонин дээр, цаасан дээр тавигддаг болохоос өнөөдрийн амьдрал, пүүс компаниудын хоорондын арилжаанд ашиглагддаггүй юм. Арилжааны банкуудын ханш гэж бас нэг ханш байж байгаа. Тэр нь худалдан авах, зарах хоёрын хоорондын ханшийн зөрүү нэлээд өндөр. Тиймээс бодит ханш болж чадахгүй.

-Бодит ханшийг яаж тогтоох ёстой вэ?
-Зах зээлийн эдийн засагтай оронд төв банк, арилжааны банкууд нь ханш тогтоодоггүй. Зөвхөн валют арилжааны төвд тухайн өдөр арилжаа хэрхэн явагдав, ханш хэд байв гэдгээр л валютын ханш тодорхойлогддог. Арилжааны банк, валют солих цэгүүд, аж ахуйн нэгжүүд нь тэр ханшаас баримжаа авч, түүнд уялдуулан үйл ажиллагаагаа явуулдаг жишиг дэлхий даяар тогтчихсон.

-Өнөөдөр танай төв ажиллаж эхлээгүй тул валютын ханшийг сохроор тогтоодог болох нь уу?
-Хамгийн бодитой ханш Найман шарга, Цэцэг төв гэх мэт валют сол их цэгүүд дээр тогтож байгаа. Тэнд л хүмүүс валютаа өгч авалцдаг утгаараа тэр. Гэтэл ченжүүд валютын ханш тодорхойлох ёсгүй л байхгүй юу.

-Нэгэнт дэлхий нийтэд тогтчихсон ханшийг хэн нь ч тодорхойлсон ялгаа юу байна аа?
-Бодитой ханш тогтоно гэдэг том ач холбогдолтой шүү дээ. Монголд валютын хоёр урсгал байна. Нэг нь валют их хэмжээгээр олж буй "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмент нэгдэл, алт олборлогч компаниуд. Нөгөө нь нийт валютын урсгалын тал хувийг бүрдүүлдэг гадаадад ажиллаж, амьдрагч монголчуудын ар гэртээ ирүүлж буй валют.

-Гадаадад ажиллагчдын ирүүлж буй валют тийм их байж чадах уу?
-Монгол банкнаас гаргасан статистик үзүүлэлтээр жилдээ төв банк болон арилжааны банкуудаар дамжин хувь хүмүүсийн шилжүүлгээр нэг жилд 200-аад сая ам.доллар орж ирсэн гэсэн тооцоо бий. Үүнээс гадна хувь хүмүүсийн гар дамждаг валютын шилжүүлгүүд маш их байгаа. Бүр бизнес, болтлоо хөгжсөн. Америкт ч, Солонгост ч хувиараа мөнгө гуйвуулж, тодорхой хөлс авдаг үйлчилгээ дэлгэрчихсэн. Банкууд дээр очоод, бичиг баримт, хүнд суртал гээд байх юмгүйгээр нэг хүнд хандаад л гэрийнхэндээ мөнгө дайчихдаг болохоор энэ үйлчилгээ рүү хүмүүс ч их ханддаг. Тиймд гадаадад ажилладаг монголчуудын гуйвуулдаг валют Монголын нийт валютын урсгалын 50 хувьтай тэнцэнэ гэж үзэхэд буруудахгүй.

-Монголын валютын урсгал тун олон шат дамжлагатай. Тэр хэрээрээ ханшийн зөрүүнээс ашиг унагах боломж олгодог биз?
-Худалдах, худалдан авах ханшийн зөрүү хоорондоо улам ойртуулах хэрэгтэй. Мөн валют их хэмжээгээр олдог, худалдан авдаг газруудын дундах элдэв янзын зуучлалын олон шат дамжлага валютын арилжааг дамын наймаа болгочихсон. Жишээ нь, "Эрдэнэт" үйлдвэр жилдээ 300-400 сая ам.доллар зардаг гэж байгаа. Ийнхүү байнга их хэмжээгээр валют зарах газарт нэг төгрөгийн ханшийн зөрүү гэдэг асар том. Нэг төгрөгийн илүү ханшаар өгвөл үлэмж ашиг халаасална. Худалдан авагчид нь нэг төгрөгөөр ч атугай татуу авчихвал бас л хэрэгтэй. Дагаад жирийн иргэдийн хармаанд ч нөлөө нь мэдрэгдэнэ. Гадаадад байдаг үр хүүхдээсээ дандаа шилжүүлэг хүлээж авдаг бол ханшийн хол зөрөөгүйгээр валютаа арилжчих жишээтэй. Хэдэн төгрөг ч гэсэн хаа юудаа.

-Уучлаарай, нэг л сайн ойлгож өгдөггүй. Улам тодорхой тайлбарлаж болох уу?
-За, тэгвэл жишээ авъя л даа. Хэн нэгэн ноос ноолуур, эсвэл төмөр гадаадад гаргаад, төлбөрт нь зуун мянган доллар авлаа гэж бодъё. Түүнийгээ төгрөгөөр солиулахаар арилжааны аль нэг банкинд хандахаар доллар худалдаж авах ханш нь тухайн хүний шаардлагыг хангадаггүй. Найман шарга дээрх ханшаас таван төгрөгөөр бага байдаг ч юм уу. Энэ таван төгрөгийн зөрөөг зуун мянган доллараараа тооцоход 500 мянган төгрөгний асуудал яригдаж байна. Тэгэхээр тэр хүн банк руу хандах уу, Найман шарга дээр очих уу. Мэдээж мөнгөн дээр найз байхгүй болохоор хүн арай илүү ханшаар өгөх гээд ченж дээр л очно. Харин ченж нь валютын хэрэгцээтэй байгууллагад ахиад хэдэн төгрөгийн ашиг харж арилждаг. Нөгөө байгууллагууд нь ченжүүдээс биш, банкуудаас валют авъя гэхэд банкуудын худалдах ханш нь мөн л өндөр. Ингээд өнөөх л ченжүүдээсээ худалдан авдаг. Гэх мэтчилэн валют зардаг, худалдан авдаг хоёрын хооронд хиймэл орон зай үүсчихээд байгаа. Түүнийг нь ченжүүд ашиглаж байдаг.

-Ченжүүдийн бизнесийн хүрээг хумих шаардлагатай гэж үү?
-Ченжүүд бага хэмжээний валют солилцоог хийх нь буруу биш. Гэхдээ манай улсын валютын хэрэглээ, нийлүүлэлт хоёрыг хийж байгаа тэргүүлэгч компаниудаас илүү томоор хөдөлж чадах ченж хараахан байхгүй болов уу. Тэгээд ч ченжүүд ихэвчлэн арилжааны банк, компаниудын мөнгөөр тоглож байдаг юм. Ченжүүдийн цаана аль нэгэн арилжааны банк, эсвэл том компани л бий. Нөгөө талаас гудамжинд хэлцэл хийгээд яваад байх нь валют арилжааг ашиглах том компаниудад зохимжгүй. Одоо чинь XXI зуун шүү дээ. Ченж гэдэг маань хувь хүн. Хувь хүнтэй нэг арилжаа явуулж байгаад залилуулах, эсвэл ямар нэгэн алдагдалд орох нь өмнө нь их гарч байсан, ирээдүйд ч гарна.

-Валют арилжааны эргэлт Монголд их үү?
-Компаниудын нэг хэсэг нь валют олж байхад, нөгөө хэсэг нь валютын хэрэгцээтэй. ГОК үйлдвэр сая долларыг өдөр болгон зардаг гэж байгаа. Эсрэг талд нь нефтийн НИК, Петровис компани өдөрт 300 мянган ам.доллар байнга худалдаж авдаг. Учир нь шатахуун түгээх станцууд бүгд төгрөгөөр бензинээ зарж, харин гадаадаас валютаар худалдаж авдаг тул төгрөгөө валют болгох шаардлагатай.

Д.Дамдинжав

Эх сурвалж: gogo.mn



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.