05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Монголд яагаад байрны үнэ огцом өсөөд байна вэ?

Монголд cүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш огцом өсөх боллоо. 8-9 сард долоо хоногт 5 хүртэлх саяар өсч байлаа. Үл хөдлөх хөрөнгийн үнийн энэхүү өсөлт    ямар учир шалтгаан, хүчин зүйлсийн нөлөөгөөр өсөөд байна вэ, цаашид үнэ буурах болов уу, өсөх болов уу зэрэг асуултууд иргэдийн анхаарлыг ихээр  татах боллоо. Үүнийг тодоруулах үүднээс бид та бүхэнд  Голомт банкны  ЭУГ-ын зээлийн эрсдэлийн менежер Б.Баяртбилэгээс дараах асуултанд хариулт авсан юм.

house
С: Сүүлийн саруудад үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өсөх боллоo. Үнийн өсөлтийн шалтгаан юунаас болж байна вэ?
Б: Тиймээ. 2007 оны 5 сараас хойш орон сууцны үнэ 1 мкв нь 650-800 байснаа 750-1000 ам доллар болж 15-25 хувиар өсөөд байна. Гэтэл 2004 онд 1 мкв нь 350-400 ам доллар байв. Энэхүү огцом өсөлт нь дараах  хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт: Орон сууц худалдан авах эрэлт огцом өссөн. Банкуудын олгож буй орон сууцны зээлийн бүтээгдэхүүнд эрс хөгжил гарсан. Тухайлбал банкуудын орон сууцны зээлийн хугацаа 3-5 жил байсан бол 10 жил болж уртассан, хүү 2% байснаа 1.5% болж буурчээ.

Энэ нь зээлийн сард төлөгдөх төлбөрийг ачааллыг 1.5-2 дахин бууруулж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнө нь танай өрх 15 сая төгрөгийн зээл авахын тулд сарын тогтмол орлого нь 860 мянган төгрөгөөс дээш орлоготой байх ёстой байсан бол одоо 540 мянгаас дээш байхад л хангалттай болсон гэсэн үг. Тэгэхээр энэ нь дунджаас дээш орлоготой өрхийг орон сууц худалдан авах боломжтой болгосон. Мөн банкууд орон сууцны зээл олгож, эрсдлийг удирдаж сурч байна.

Хоёрдугаарт: Материалын үнийн өсөлт.  Энэ зун урд хөршид болон манай улсад барилгын материалын эрэлт өссөн, мөн төмөр замын ачаалал үүссэн зэргээс шалтгаалж манайд барилгын материалын үнэ огцом өслөө. Энэ нь шинээр баригдаж буй барилгын үнийг өсгөхөд нөлөөлсөн. Барилгын гол материалуудын үнийн өсөлтийг харвал 2007 оны 3-7 сарын хооронд арматурын үнэ 16 хувь, цементийн үнэ 64 хувь, хөнгөн бетон блокын үнэ 28хувь, бетон зуурмаг 98 хувиар тус тус өссөн байна.


С:  Цаашид үл хөдлөх хөрөнгийн үнийн хандлага? Өсөх эсвэл буурах бол шалтгааныг тайлбарлаач.
Б: Богино хугацаанд буюу ойрын 2-3 жилийн дотор үнэ буурахгүй бөгөөд тогтвортой өсөх төлөвтэй хэмээн таамаглаж байна. Учир нь нэг талаас УБ хотын өрхийн 50 хүрэхгүй хувь тохилог орон сууцанд амьдардаг. Мөн эдийн засаг өсөлттэй байх, хүн амын тоо өсөж буй, өрхийн орлого тогтвортой өсөх хандлагатай, банкуудын санхүүгийн үйлчилгээ хөгжиж, хамрах хүрээ тэлж байгаа зэргээс шалтгаалж эрэлт маш өндөр байна. Нөгөө талаас богино хугацаанд энэхүү их эрэлтийг давж гарахаар их хэмжээний барилга угсралт явагдах, мөн барилгын материалын үнийг дорвитой бууруулах хэмжээний материалын нийлүүлэлт/үйлдвэрлэл болон импортын/ бий болох төлөв харагдахгүй байна.
Харин урт хугацаанд энэ нь олон талыг хамарсан өргөн асуудал юм. Эдийн засгийн байдал, хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний зохион байгуулалт, барилгын салбарт шударга өрсөлдөөн нэмэгдэх зэргээс шалтгаалж урт хугацаанд орон сууцны үнэ буурч болно.
Үл хөдлөх хөрөнгийн үнэ 2007 оны 8  сарын байдлаар өмнөх 5 сартай харьцуулахад 15-25 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52-72 хувь  тус тус  өссөн байна.


Сонирхолтой ярилцлага өгсөн танд их баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд тань амжилт хүсье. Бидний ярилцлага  уншигч та бүхэнд  үл хөдлөх хөрөнгийн үнэ ханшийн талаарх таамаглал төсөөлөлд тань бага ч гэсэн  хувь нэмэр болно гэдэгт  итгэлтэй байна.

Эх сурвалж: www.golomtbank.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.