05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Онлайн үйлчилгээг нэвтрүүлснээр хөрөнгийн зах зээл хөгжинө

Монголд бирж ажиллаад хорин гурван жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд хөрөнгийн зах зээл өргөжиж хөгжсөнгүй. Үүний шалтгааныг харилцагч, хөрөнгө оруулагчдынхаа хүрээг хэрхэн тэлэх шийдлийг өнөө хүртэл олоогүйд байна хэмээн Хөрөнгийн биржийн зах зээлийн газрын мэргэжилтэн А.Орхон үзэж байгаа юм. Тэгвэл зах зээл дээр хөрөнгө оруулах Монгол залуус хаа явна вэ?

Өнгөрсөн оны 12 дугаар сард Америкт байгаа Монголын MGLStock компанийн сайтад манай залуус олноор хандаж эхэлсэн мэдээлэл Facebook сүлжээгээр тархсан.

Монголчууд тус сайтаас сургалт мэдээлэл авснаар АНУ-н хөрөнгийн зах зээлээс бусад орны компанийн хувьцааг арилжаалж эхэлснийг тухайн үед мэдээлж байлаа. Улмаар амжилттай хөрөнгө оруулсан мэдээллээ тэд Facebook хуудсаараа хуваалцах болсон юм.

МОНГОЛ ЗАЛУУСЫГ ОНЛАЙН ОРЧИНД ИЙНХҮҮ ЦУГЛУУЛЖ ЧАДСАН ШАЛТГААН ЮУ БАЙВ?

MGLStock.com сайтын үүсгэн байгуулагч Д.Баатархүү хэлэхдээ: “Нэг нь нийтийн төлөө” хэмээх уриан доор сурч мэдсэнээ Монгол ахан дүүстээ заах зорилго тэднийг нэгтгэсэн. Анх АНУ-н хөрөнгийн зах зээлээс хэрхэн мөнгө олох туршлагаасаа миний бие зааж байсан. Гэтэл одоо 13000 гаруй залуус манай хуудсыг дагаж байна. Идэвхтэй арилжаа хийдэг 400 хүн дансаа хамгийн багадаа 2000 доллараар нээдэг. Тэд 1 тэрбум 500 сая, магадгүй түүнээс ч их төгрөгийн хөрөнгө оруулалтыг гадаад зах зээлд эргэлдүүлж байна гэв.

Ийнхүү Монгол залуус дэлхийн аль ч улс орноос онлайн дансаа төвөггүйхэн нээгээд хэн нэгэн брокертой уулзах шаардлагагүйгээр хүссэн компанийнхаа хувьцааг авч, зарж байна. Харин тэд яагаад гадны брокер компаниудыг сонгож байна вэ? Дээр өгүүлсэн 1,5 гаруй тэрбум төгрөгийг Монголын хөрөнгийн зах зээлд оруулах боломж байхгүй гэж үү?

Монголоос арилжаанд оролцдог Ө.Дэлгэрбат, "Бидний хүсээд байгаа үйлчилгээ бүхий онлайн талбартай брокерийн компани манайд огт байхгүй. Би Монголын брокерийн компанид дансаа нээлгэж үзсэн. Хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийхийн тулд хурдан шуурхай асуудалгүй үйлчилгээ хэрэгтэй. Гэтэл наад зах нь бидэнд өөрсдийн бүртгэлээр ордог онлайн данс байхгүй. Яг дээр үеийн гадаадын кинон дээр гардаг шиг утсаар захиалга өгнө. Тэгээд ч Монголын брокеруудын худалдан авах, зарах арилжааны шимтгэл маш өндөр байдаг. Арилжаа хийхэд хамгийн гол зүйл бол үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байдаг. Тийм итгэлтэй үнэн зөв мэдээлэл олж авах талбар бидэнд хэрэгтэй. Ингээд л бид гадны брокерын компанийг сонгодог доо гэлээ.

ТЭГВЭЛ АМЕРИКИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ДЭЭР “ТОГЛОЖ” БУЙ ЗАЛУУСЫН ОНЛАЙН АРИЛЖААНЫ ТАЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Ганцхан жишээ хэлэхэд, зөв шийдвэр гаргахын тулд итгэлтэй үнэн зөв мэдээлэл нэг доороос авч, хэдэн ч хувьцаа худалдан авсан тогтсон нэг л хэмжээтэй шимтгэл төлнө. Дундаж брокерийн шимтгэл 10 орчим доллар байдаг. Харин Монголын брокер компаниуд худалдан авч буй нийт үнийн дүнгээс хувь тооцож авдаг. Энэ нь Америк компанийн авдаг шимтгэлээс асар их ялгаатай. Мөн АНУ-н брокер компаниуд баталгаатай эх сурвалжтай мэдээллээр үнэ төлбөргүй хангах үйлчилгээ үзүүлж байдаг.

Монголын хөрөнгийн бирж онлайн худалдааны талбарт хэзээ шилжих вэ? Хөрөнгийн биржийн зах зээлийн газрын мэргэжилтэн А.Орхоны яриагаар бол одоо үйл ажиллагаагаа явуулж буй 81 брокер дилерийн компанийн нэг нь ч энэ үйлчилгээг нэвтрүүлээгүй байна. Харин Төрийн Өмчийн Хороо, Монголын болон Лондонгийн хөрөнгийн бирж хамтран “Aжлын мастер гэрээ” байгуулсан. Гэрээний хүрээнд Лондонгийн хөрөнгийн бирж болон дэлхийн бусад томоохон бирж, арилжааны төвүүдэд ашигладаг Милленниум Ай Ти /Millennium IT/ арилжааны цогц системийг угсарч суурилуулсан байна. Ингэснээр олон улсын жишигт хүрсэн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг Монголд бий болгоод 2012 оны долоодугаар сарын хоёрноос уг системийг бүрэн нэвтрүүлжээ. Гэхдээ энэ програмыг зөвхөн дотоод болон брокер дилерүүдэд зориулсан ажээ. Өнөөдрийн байдлаар манай зарим брокерийн компани онлайн талбартай болж байгаа ч ганц ч үйлчилгээг хараахан нэвтрүүлээгүй юм байна. “Эндээс харахад Монголын хөрөнгийн бирж хэзээ онлайн худалдаанд шилжих нь тодорхойгүй гэсэн үг үү?” хэмээн асуухад ноён А.Орхон нэгдсэн бодлого дутагдаж байна гэж хариулав.

11sdfghj

12dfghj

Хөгжингүй орнуудад онлайн данс ашиглан хувьцаа авах, худалдах технологи нэвтэрснээр ямар өөрчлөлт гарч байна вэ? Юуны өмнө хөрөнгө оруулагчид хувьцааны зах зээлийн их далайд бие даан аялах боломжтой болсноор өндөр үнэтэй зуучлагчдын хэрэгцээ бараг үгүй болж байна. Ингэснээр брокер хөлслөхөд гарах зардлыг бүрэн хэмнэх болжээ. Хувьцааны онлайн арилжаа нь орлогын сайн эх үүсвэр болж байна. Тиймээс өдрөөс өдөрт илүү олон хүн энэ арилжаанд нэмж орсоор байгааг хөгжингүй улсуудын туршлагаас харж болох юм.

Монголын хөрөнгийн зах зээл 1.4 их наяд төгрөгийн үнэлгээтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар өдөртөө арван сая гаруй төгрөгний арилжаа хийдэг нь тун хангалтгүй үзүүлэлт. “Манай хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж буй ихэнх компанийн хувьцаа цөөн хэдэн хүний мэдэлд байдаг. Энэ нь үнэт цаасны эргэлтийг удаан болгож байна. Тиймээс энэхүү эргэлтийг хурдасгаж, хувьцаа эзэмшигчдийн тоог олон болгохын тулд онлайн арилжааг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй” гэсэн саналыг ноён А.Орхон дэвшүүлж байна.

Мэдлэг бол шинэ ажил эхлүүлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл байдаг. Хувьцааны арилжааны хувьд ч ялгаагүй. Иймд, хувьцааны интернет арилжааг эхлүүлэхийн өмнө иргэд болоод хөрөнгө оруулагчдын мэдлэгийг зузаатгах онлайн үйлчилгээг манай брокерийн компаниуд яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн СЭЗДС-ийн захирал, эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Батжаргал үзэж байна. Эргээд буух эзэн, хариуцах мэргэжилтэнтэй, бодит мэдээлэл бүхий түргэн шуурхай онлайн үйлчилгээг нэн даруй нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчийн оролцоо богино хугацаанд өргөжих юм. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нэг гол тулгуур гэдгийг ноён Д.Батжаргал онцолж байна.

Б.Тайван 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.