04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Хан-Уул дүүргийнхэн хогоо ангилж, эдийн засгийн эргэлтэд оруулна

Улаанбаатар хотод шийдвэл зохих олон асуудал бий. Өвлийн улиралд бид утаа униар, агаарын бохирдлыг бууруулах тухай ярьдаг. Зун үер ус, хөрсний бохирдлын асуудал тулгарна. Харин жилийн дөрвөн улирлын аль ч үед байнга ярьдаг асуудал бол хог хаягдлыг бууруулах. Тиймээс энэ удаа бид хогийг газрын хөрсөнд булж устгахаас илүү хог хаягдлыг дахин боловсруулж, хөрөнгө босгох, баялагийг бүтээх тухай ярих хэрэгтэй байна. Гадаадын улс орнуудад хэрэглээ болсон энэ ажлыг нийслэлчүүд бид олон жил ярьж байгаа ч энэ удаа ярихаас илүүтэй хийж, хэрэгжүүлж эхлэх гэж байгаа нь сайшаалтай хэрэг. Хог хаягдлыг дахин боловсруулах тухай ярих нь цаанаа бас учиртай.

Энгийнээр бодоход, нийслэлчүүд бид хог хаягдлаа газарт булж устгаад байвал хөрсний бохирдол хэзээ ч арилахгүй. Мөн түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс хэзээ ч салахгүй. Хоёрдугаарт, Нарангийн энгэрт байгуулсан шинэ хогийн цэгийг 2020 он хүртэл ашиглана гэсэн тооцоо байдаг. Тиймээс цаашид бид хүссэн ч, эс хүссэн ч хог хаягдлаа ангилж, дахин боловсруулж сурахгүй бол нийслэлчүүд бид хогноосоо салах гэж хөрөнгө зардаг, хогондоо дарагдсан энэ л хэвээрээ үлдэх гээд байна. Тиймээс энэ ажлыг цэгцлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн ЗДТГ, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран нэгэн чухал ажлыг эхлүүлэх гэж байгаа ажээ. Дээрх байгууллагууд Хан-уул дүүргийн I, II, III хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дунд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгаж, хэвшүүлэх ажлыг туршилт маягаар эхлүүлэхээр болжээ. Энэ ажлын эхлэл болгож, гадна дотны судалгааг ч нэлээд хийсэн байна. Мөн Хан-уул дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ч багагүй судалгааг авчээ. Судалгааны дүнд иргэдийн 90 орчим хувь нь хогоо ангилан ялгах, дахин боловсруулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

ХОТЫН НЭГ ИРГЭН ӨДӨРТ НЭГ КГ ОРЧИМ ХОГ ХАЯДАГ

Нийслэлчүүд бидний дунд хийсэн судалгаанаас үзэхэд, гэр хороололд оршин суудаг нэг иргэн өдөрт ойролцоогоор 900 граммаас нэг кг орчим хог хаядаг. Орон сууцанд амьдардаг иргэн ойролцоогоор 200-350 грамм хог хаядаг гэсэн судалгаа байдаг. Улаанбаатар хотод одоогоор төвлөр­сөн гурван цэгт хог хаягд­лаа дарж булах маягаар устгадаг. Нийс­лэлчүүдийн дийлэнх нь Нарангийн энгэр, Цагаан даваанд хогоо хаядаг. Хан-Уул дүүрэг, нисэх орчмынхон “Морингийн даваа”-нд хогоо хаядаг. Энэ гурван цэг дээр өдөрт 900-1200 тонн хог хаягдал буюу 250-350 машин хог төвлөрдөг. Үүнээс үзэхэд Улаанбаатар хотод жилдээ сая тонн хог хаягдал гардаг аж. Тиймээс хог хаягдлаа ангилах асуудлыг Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд тусгаад байгааг албаныхан бас хэлж байв. Мөн энэ чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг чамгүй олон ажил хийхээр төлөвлөөд байна.

ГЕРМАН УЛС БҮХ ХОГОО ДАХИН БОЛОВСРУУЛДАГ

Энэ сэдвээс үүдэн гадны улс орны туршлагыг бас сонирхож үзсэн юм. Европын холбооны улсуудын хог хаягдлын менежмэнтэд хог хаягдлыг хэрхэн боловсруулж байгаа болон булж устгаж байгаа нөхцөл байдлыг авч үзэхэд нийт хог хаягдлынхаа 31 хувийг ландфилл аргаар булж устгадаг юм байна. Дэлхийн ихэнх улс оронд хог хаягдлаа дахин боловсруулах, шатааж энерги болгох, бордоо болгон ашиглах байдлаар хогоо ашиглаад эхэлчихэж. Европын холбооны 28 улсын нөхцөл байдлыг авч үзэхэд, Румин улс хамгийн их дарж булах аргаар хогоо устгадаг юм байна. Харин Герман улс дарж булах үйл ажиллагааг огт хийдэггүй гэсэн судалгаа гарчээ. Бельги, Голланд, Швед, Скандинавын улсууд хог хаягдлынхаа 1-2 хувийг дарж булах аргаар устгадаг гэсэн байв. Тиймээс төсөл хэрэгжихээр сонгогдсон Хан-Уул дүүргийн I, II, III хорооны 73 аж ахуй нэгж байгууллага, нийт 431 өрхийн 1700 гаруй хүн амын төлөөллөөс энэ талаарх судалгааг авсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь хогоо хэрхэн ангилах учрыг нь хэлээд өгчихвөл энэ ажлыг төвөггүйхэн амжуулна гэдгээ хэлжээ. Тэгээд ч хөглөрсөн их хог нэвсийж, хийсэх нь хийсч байхаар нэгдсэн зохион байгуулалттайгаар ангилаад сурчихвал “бүдүүлэг” нийгмээ цэвэрлэхэд тустай гэж үзэх хүн олон байна.

ЯМАР ХОГНООС МӨНГӨ “БОСГОЖ” БОЛОХ ВЭ?

Хан-Уул дүүрэг бол нийслэлийн хүн ам ихтэй, үйлдвэр, цахилгаан станцууд төвлөрсөн дүүрэг. Сонгогдсон хороодын орон сууцнууд нь ихэвчлэн гадна талдаа хогийн савтай, иргэд нь хогоо зориулалтын саванд хийж заншсан учраас хогоо ангилж сурахад асуудал үүсэхгүй гэдгийг иргэд хэлж байсан юм. Нуулгүй хэлэхэд, манайхны орон сууцанд амьдардаг иргэдийн дийлэнх нь ахуйн хаягдлаа орцондоо гаргаж тавихаас өөр хариуцлага хүлээдэггүй. Тиймээс иргэн бүр хувь хүнийхээ ухамсраар нийгмийн үүргээ биелүүлж хог хаягдлаа ангилж сурах хэрэгтэй юм. Хоёрдугаарт, хог хаягдлын асуудал нь аливаа улс орны хөгжлийн бодлоготой уялдаж байдаг. Тиймээс хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн болгосноор экологи эдийн засгийн үнэлгээний хувьд ч дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Тиймээс хогноос мөнгө босгох энэ ажлыг Хан-Уул дүүргийнхэн энэ сараас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Тус дүүргийн нэг өрхөөс гарч буй хогийг ангилж үзвэл дийлэнх хувь нь хүнсний ногооны хог хаягдал, сүү, жүүсний тетрапак хайрцаг эзэлж байгааг судалгааны багийнхан хэлж байсан. Харамсалтай нь Монголд тетрапак хайр­цаг нь дахин бо­ловс­руулагдах, эдийн зас­гийн эргэлтэд оруулах боломж­гүй хог хаягдалд тоо­цогддог юм байна. Ха­рин эдийн засгийн эр­гэлтэд оруулж болох, тэндээс мөнгө босгож, баялаг бүтээж болох хог хаягдал нь хуванцар сав, архи пивоны шил, цаас байна. Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан энэ сараас эхлэн Хан-Уул дүүргийн сонгогдсон дээрх хороодод хогоо хэрхэн ангилж ялгах учрыг таниулах юм байна. Мөн хогийн цэгт дөрвөн өнгийн хогийн савыг байрлуулж, хог тус бүрийг тусгай хуваарийн дагуу ачиж байхаар болжээ. Энэ ажил ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх бөгөөд шинэ оны босгон дээр ажлаа дүгнэх юм байна.

Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл 2018 оноос эхлэн нийслэлчүүд бид бүгдээрээ хогоо ангилж, мөнгө “босгох” ажилд идэвхийлэн орох бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ЭНХТУУЛ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.