05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД ҮЕД АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ НЬ ЧУХАЛ ГЭВ

МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүд эдийн засгийн хүндрэлийн энэ үед хөдөлмөрчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, цаашид хэрэгжүүлэх зорилтоо тодорхойлоход санал бодлоо илэрхийллээ.

МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн хурлыг жилд хоёр удаа хийдэг. Тус хурлаар МҮЭХ жилийн төсвөө хэлэлцэж үйлдвэрчний эвлэлийн ажилтны ёс зүйн дүрмээ баталдаг. МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн долдугаар хурлын гол онцлог нь эдийн засгийн хүндрэлийн үед болж буй бөгөөд үүнийг эрсдэл багатай туулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг оновчтой хөдөлмөрчдөд ээлтэй хувилбараар өөрчлөх нь чухал гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн юм. Мөн үеэр төлөөлөгчид ҮЭ-ийн үйл ажиллагааг татвар, санхүүгийн асуудлаар дамжуулан боомилох гэсэн оролдлого гарч буйг шүүмжлэв.

ТӨЛӨӨЛӨГЧИД ИЙНХҮҮ ЯРЬЖ БАЙНА.

-Хөвсгөл аймгийн ҮЭХ-ны дарга Ц.Ганболд: Өнөөдрийн хурлаар улс орны амьдрал, хөдөлмөрчдийн амьжиргаа, тэдний өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. ҮЭ-ийн гишүүдийг эдийн засгийн энэ хүнд үед ажлын байрыг хадгалах нь чухал. Ингэснээр иргэдээ хамгаална. Улмаар цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь бидний үүрэг. Манай аймгийн иргэд уул уурхайн төслүүдийг урагшлуулахдаа хүмүүст өгөөжтэй болгоход анхаарч ажиллаач гэсэн санал тавьдаг. Өнөөдөр ашиглаж буй томоохон ордуудаас иргэдэд наалдсан зүйл алга гэдгийг хэлдэг. Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс. Тэр утгаараа эл салбарт ажлын байр нэмэгдүүлэх боломжтой бөгөөд цалин хөлсийг нэмэгдүүлэхэд ҮЭХ анхааран ажиллаж байна. Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт манай ҮЭ түр болон байнгийн ажлын байр бий болгоход анхаарч ажиллалаа. Аймгийн ЗДТГ, ҮЭХ, Эздийн холбооны байгуулсан хэлэлцээрийн үр дүнд 3500-аас доошгүй ажлын байр бий болгох зорилт тавьсны үр дүнд цөөнгүй иргэн ажил, орлоготой болсон. 2012-2016 он гэхэд Хөвсгөл аймагт 10 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан.

-Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Н.Батбаатар: Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч тухайн ажилтны хийсэн хөдөлмөрт таарсан хөлс өгөх, нийгмийн баталгааг нь хангах асуудлыг зохицуулдаг. 1999 онд батлагдсан одоогийн мөрдөж буй хууль бол харьцангуй боломжийн нөхцөлтэй. Тус хуулийн зарим хэрэглэхгүй зүйл заалтыг зөв ашиглах юм бол өгөөжтэй зүйл их бий. Харин хуулийн шинэ төслийн хувьд боломжгүй зүйлүүд олон байна. Тухайлбал хамтын гэрээ буюу ажил олгогч хооронд байгуулдаг хөдөлмөрийн харилцааг зохицуулах “бага хөдөлмөрийн хууль” гэж бий. Тодруулбал хамтын гэрээний тухай асуудал нэлээн бүрхэг болсон. Одооны хуулиар хамтын гэрээгээр зохицуулах 14 харилцаа бий. Гэтэл энэ бүхнийг аваад хаясан байх жишээтэй. Мөн ажлын байрны дарамт ямар нэгэн хэмжээгээр байдаг. Үүнийг хамгаалж хаацайлдаг байгууллагын эрхийг хязгаарлах хүчгүйдүүлэхэд чиглэсэн зүйл заалтууд оруулжээ. Энэ нь цаанаа ажилчин хүнд хор хөнөөлтэй. Тиймээс цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг заавал шинэчлэх шаардлага байна уу. Ажил олгогч байгууллага, Засгийн газар МҮЭХ тодорхой асуудлаар тохиролцож чадахгүй байгаа. Ийм үед Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах хэрэгтэй.

Архангай аймгийн ҮЭХ-ны дарга Б.Болд: Манай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хувьд төр засаг нийгмийн хөгжилд гол анхаарлаа чиглүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэтэл Засгийн газар нийгмээ бэхжүүлэн авч яваа ажилчин ангийнхаа амьдрал руу хэт орж, бүсээ чангал гэсэн шийдвэр гаргаж байгааг архангайчууд таашаахгүй байна. Тиймээс нийгмийн бодлогыг тодорхойлохдоо хүнээр дамжиж байж үйлдвэрлэл явдаг гэдгийг төр барьж буй хүмүүс бодолцох нь зүйтэй. Түүнчлэн манай аймаг 40 мянга орчим ажилчинтай. Энэ хүмүүсийн эрхийг ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Сүүлийн үед манай аймагт төрийн албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүйгээр халах явдал гарч байна. Тиймээс бид гурван талт хэлэлцээр байгуулсан хэрнээ үүнийгээ зөрчиж буйг төрийн эрх мэдэлтнүүдэд асуудал болгон тавьж байна.

Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.