04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

29,000 ГАРУЙ ИРГЭН ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛТАЙ БОЛЖЭЭ

 

Голомт банкны санаачлагаар “Үндэсний хуримтлалын хөтөлбөр” хэрэгжиж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Тус хөтөлбөрийн үр дүнгийн талаар Голомт банкны Иргэдийн бизнесийн хэлтсийн захирал Т.Дэнсмаатай ярилцлаа.

-    “Үндэсний хуримтлалын хөтөлбөр” хэрэгжсэнээр гарч буй өөрчлөлтийн талаар ярилцлагаа эхэлье?

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш бараг долоон сар болох гэж байна. Энэ богино хугацаанд 29 мянга гаруй харилцагч Үндэсний хуримтлалтай болжээ. Эдгээр харилцагчид маань хуримтлал үүсгэж, ирээдүйн сайн сайхны төлөө хуримтлуулах хэвшилд суралцахаар хичээж байгаа нь бидний ажлын үр дүн гэж боддог.

Хуримтлал үүсгэнэ гэдэг нь хувь хүний сайн зуршил

-    Эдийн засаг сайн байх үед хуримтлал үүсгэж чадаагүй гэдгээ хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хүмүүсийн орлого хумигдаж байгаа энэ үед хуримтлалтай болох нь тийм ч амар даваа биш байх. Танай банкны зүгээс хуримтлал үүсгэхийг хүссэн хүмүүст ямар зөвлөмж өгч байна вэ?

Манай банкнаас иргэд хуримтлал үүсгэж чадахгүй байгаа шалтгааныг олохын тулд судалгаа хийсэн. Мөн гадны судалгааны дүнтэй харьцуулж харсан. Эндээс хуримтлал үүсгэнэ гэдэг хувь хүний зуршил байх ёстой юм байна гэж дүгнэсэн. Ер нь хувь хүн хуримтлал үүсгэх дадал, зуршилтай болох хэрэгтэй юм билээ.
Жишээлбэл, Хятадууд яаж хуримтлал үүсгэх зуршилтай болдог вэ гэвэл хүүхэд байхаас нь хадгаламжтай байх нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг ойлгуулдаг юм байна. Тэгэхээр багаасаа хуримтлал үүсгэж эхэлснээр тухайн хувь хүн хадгаламждаа мөнгө хийх сайн зуршилтай болж байгаа юм. Тиймээс бид сайн зуршлыг хэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүгээрээ “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийн бусад хадгаламжийн бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь болсон.
Банкны ажилтнууд хуримтлал үүсгэхийн тулд юуг нэн түрүүнд хэвшүүлэх вэ гэдэг талаар зөвлөгөө өгч байна. Хамгийн гол нь хувь хүн хадгаламждаа мөнгийг хэрхэн, яаж хийх вэ, хуримтлал үүсгэх вэ гэдэг тал дээр хүмүүсийн санхүүгийн боловсрол дутмаг байгаа нь анзаарагдсан.
Монгол Улсын нийт хадгаламж эзэмшигчдийн 99% нь нийт хадгаламжийн дөнгөж 40%-ийг эзэмшдэг
Хуримтлуулж чаддаг иргэнийг санхүүгийн мэдээлэл, сахилга бат сайтай гэж хэлж болно. Учир нь амьдралынх нь аливаа хэрэгцээнд хэзээ нэгэн цагт хуримтлал, мөнгө хэрэгтэй гэдгийг мэдэж буй учир хуримтлуулаад байгаа хэрэг. Харин  ихэнх нь хуримтлал, хадгаламж хэрэгтэй гэдгийг хэн нэгнээс сонсч зөвхөн хэлбэрддэг. Эсвэл зүгээр л нэгнийгээ дуурайдаг. Жишээ нь Монгол Улсын нийт хадгаламж эзэмшигчдийн 99% нь нийт хадгаламжийн дөнгөж 40%-ийг эзэмшдэг бөгөөд 1%-иасаа бага хадгаламжтай байна. Энэ нь ойролцоогоор нэг иргэн 150,000₮-ийн л хадгаламжтай байгаа юм. Энэ үзүүлэлт нь өөрөө баян хоосны ялгааг харуулаад зогсохгүй, иргэд хадгалж чадахгүй, хэрхэн хуримтлуулахаа мэдэхгүй байгааг батлана.

Их мөнгөтэй байж хуримтлал үүсгэнэ гэсэн бодол нь буруу юм

-    Монголчуудын хувьд хадгаламждаа мөнгө байнга хийх зуршилгүй гэхэд хилсдэхгүй. Үүнийг хэвшүүлэхийн тулд ямар нэг шалгуур бий юу?

Хуримтлалтай иргэнийг бий болгох хөшүүрэг хэрэгтэй. Тиймээс “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т хамрагдан хадгаламж үүсгэж байгаа бол сар бүр хэдэн төгрөг хийх вэ гэдгийг хувь хүнтэй тохиролцон заавал хийх ёстой гэдэг шаардлага тавьж байна. Ингэснээр өндөр хүүг тухайн хадгаламжид олгоно. Хэрэв шаардлага зөрчигдвөл хүү цуцлагдан, энгийн бага хүүтэй болох юм.
 Энэ нь хувь хүнийг санхүүгийн сахилга баттай болгох эхний алхам гэж харж байна. Мөн энэ хугацаанд хадгаламж үүсгэсэн хүмүүсийн явцаас харахад сайн жишиг болж байгаа нь энэ хөтөлбөрийн үр дүн гэж бодож байна.

-    Банкинд хадгаламжтай байхын тулд их мөнгө олдог байх хэрэгтэй гэдэг ойлголт хүмүүсийн дунд бий. Харин та бүгдийн санаачилсан хөтөлбөр өөр сэдэл төрүүлж байгаа нь анзаарагдаж байна?

Тиймээ, хүмүүсийн дунд их мөнгөтэй байж хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ гэдэг ойлголт байдаг юм. Энэ нь хувь хүний бодлын алдаа гэж хэлмээр байна. Хэрэв хүн хүсвэл, өдөр бүр 1000 төгрөгийг хадгалаад байж болно. Эсвэл сар бүр 50,000 ₮ хуримтлуулбал 18-н жилийн дараа 50 сая ₮-тэй болно. Энэ бол бага мөнгө биш шүү дээ.
Цаашилбал, сар бүр өөрийнхөө орлогын тодорхой хувийг заавал хадгаламждаа хийх зуршилд суралцах хэрэгтэй. Энэ нь мөнгөө үрж, зарцуулж эхлэхээсээ өмнө хуримтлалдаа мөнгөө хийгээд хэвшээрэй л гэсэн үг. Хэрвээ зөв зуршил, хэвшил нь бий болчих юм бол хүн цалингаа буунгуут зарцуулахаа бодолгүйгээр шууд л автоматаар Хуримтлал руугаа л хийнэ гэсэн утгатай юм.  Хэрэв хүн боломжгүй гэж бодоод байвал боломжтой ганц ч зүйл гарахгүй. Тиймээс бид хуримтлал үүсгэсэн хүмүүстээ сар бүр цалингаа буух үеэр хадгаламжийн дансандаа автоматаар мөнгөө татаж байршуулах боломжийг олгосон. Энэ боломжийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байдаг л даа.

-    Хадгаламж барьцаалсан зээл гэж байдаг шүү дээ. Хэрэв “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т хамрагдсан хүн үүнийгээ барьцаалаад зээл авбал танайхаас санал болгож байгаа өндөр хүү буурах уу?

Тухайн хүн хадгаламж барьцаалсан зээлээ хугацаанд нь төлөөд явбал хүү буурахгүй. Мэдээж зээлийн хугацаанд хувь хүний сар бүр хийх мөнгө тогтмол орж байх учиртай.

Д.Оюунчимэг

 

Эх сурвалж. Өдрийн Сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.