05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

"Айвенхоу майнз" 68 хувийн татвар авбал хөрөнгө оруулалтаа зогсооно гэж сүрдүүлжээ

Монгол улсыг Арабад хөл тавиулах эс бол Африкад хөл тавиулах замыг нь заах Оюутолгойн гэрээний төслийг Эдийн засгийн байнгын хороо хоёр дахь өдрөө авч хэлэлцлээ. Олны анхаарлыг татаж, улс төрчдийн хэрүүлийн бай болоод байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Сангийн сайдын байгуулсан ажлын хэсгийнхэн тус байнгын хорооны хурлаар дэнслүүлж байгаа боловч энэ удаа гишүүдийн амнаас олигтой үг сонссонгүй. Харин ч Монгол улсыг Африк руу тулхэх замд нь оруулах төсөл байна хэмээн дугнэгдсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бүтэн жилийн турш боловсруулсан ажлын хэсгийн хийсэн энэхүү гэрээг зарим гишүүд “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн санал болгосон зүйлийг англи хэлнээс чадан ядан орчуулан оруулж ирсэн байна. Энэ ажлын хэсгийнхэн Монгол улсынхаа төлөө сэтгэл гаргаж ажиллаж чадаагүй байна гэсэн хатуухан угийг бишгүйдээ сонссон. Юутай ч энэ асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодорхой хүргэх үүднээс гишүүдийн яриаг товчлон хүргэе.
Сангийн сайд Н.Баяртсайхан:-Гишүүд 50 сая доллартай холбоотой асуудлыг асуугаад байна. Энэ нь ОХУ-д манай улс 11.7 тэрбум рублийн өртэй байсан. Үүнийг 250 сая доллар болгож Засгийн газар 100 сая доллар гаргаад, Монгол банкнаас 100 сая доллар зээлсэн. Үлдсэн 50 сая долларыг нь үнэт цаасаар гаргасан. Энэ 50 сая доллартай тэнцэх бондыг “Айвенхоу Майнз Монголиа Инк” компани худалдаж авсан юм. Монгол улсад Оюутолгойн ашгаас 55 хувь нь орж ирнэ. Хэрэв энэ гэрээг буруу зөрүү хийвэл би үеийн үед Монголчуудад хараалгаж явна гэдгээ ойлгож байна. Энэ гэрээг аль болох Монгол улсад ашигтай байлгахаар чадлаараа хийж байгаа шүү. Монгол улс 34 хувийг эзэмших ёстой гэсэн хууль байгаа. Энэ хуулийн дагуу 34 хувийг нь оруулаад ирлээ. Үүнээс илүү яах юм бэ.

Б.Эрдэнэсүрэн:-Энэ гэрээнд хяналтын механизм байна уу. Энд хэн шалгалт хийх юм бэ. Эсвэл “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн амыг хараад сууж байх юм уу. Мөн хайлуулах үйлдвэрийн талаар мэдээлэл хэрэгтэй байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар:-Оюутолгойд хайлуулах үйлдвэр байгуулахгүй бол манайх ашигт малтмалаа олборлоод Хятад руу гаргадаг улс болно. Өөрөөр хэлбэл гадаадын хайлуулах үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэж байна гэсэн үг. “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн аудитыг хэн хийх талаар бид ярилцаж байгаад олон улсад нэр хүндтэй аудитыг сонгон шалгаруулж авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Н.Баяртсайхан:-Урт хугацаанд зэсийн үнэ 2700-3000 ам.доллар байж магадгүй гэж тооцоолж байгаа. Хамгийн багаар буюу 2450 ам.доллараар бодоход Монголын Засгийн газарт 15.5 тэрбум төгрөг “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанид 12.7 тэрбум доллар орно. Ямар ч хувилбараар бодсон Монголын Засгийн газарт 55 хувийн ашиг орж байгаа юм. Гэнэтийн ашгийн албан татвар 68 хувьтай байгаа нөхцөлд “Айвенхоу Майнз Монголиа Инк” компани цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй хөрөнгө оруулалтаа зогсоох болно гэсэн.
Батж.Батбаяр:-Өөрсдийнхөө хүчээр шийдэж байгаа ажилд асуудал үүсвэл Н.Баяртсайхан сайд хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлаж байгаа нь сайн хэрэг. Ямар ч асуудлыг шийдэх эрх мэдэл МАХН-ын олонхид байгаа. Зэсийн үнийг 2450 доллараар тооцно гэсэн байгаа. Харин 4000 доллараас дээш байвал гэнэтийн ашгийн албан татвар төлөх ёстой. Мөн эцсийн бүтээгдэхүүнээс татвар авдаггүй. Гэтэл та нар төсөлдөө гэнэтийн ашгаас чөлөөлүүлнэ гээд байгаа чинь хардлага төрүүлж байна. Олон ч хүн хардаж байгаа шүү.
Л.Гансүх:-34 хувь дээр улс хувь эзэмшье гэвэл хайгуул хийсэн зардлыг нь өгөөд болоо. Энэ чинь Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа баялаг. Олборлолт хийхээр ухсан цооногийн зардал хайгуулын зардалд орохгүй. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Тэгээд ч 34 хувийг авна гэдэг чинь “Айвенхоу Майнз”-ийн 34 хувийг авах гээд байгаа юм биш шүү. Одоо Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллаад гэрээний талаар дүгнэлт гаргачихаад дараа нь УИХ-д оруулъя. Н.Баяртсайхан сайдын хувьд хариуцлага хүлээх ёстой.
Ч.Хүрэлбаатар:-Энэ гэрээний сайн мууг одоо дүгнэх боломжгүй. Цаг хугацаа л харуулна.
Н.Батбаяр:-Энэ бол Монгол улсын хувь заяаны асуудал. 2007-2077 он хүртэл Монгол улс баян амьдрах уу, эсвэл хүний боол болох уу гэдэг асуудал юм. Энэ асуудлаар бүх ард түмний хэлэлцүүлэг явуулах ёстой. Баяртсайханы бодлоор асуудлыг шийдээд дараа нь болохгүй бол хариуцлага хүлээлгэнэ гэдэг асуудал бол ёстой худлаа. Тэр хариуцлага хүлээгээд огцорно. Өөр юу өөрчлөгдөх юм. Та нар гэрээний төслийг боловсруулахдаа хуулийн дагуу ажиллаж чадсан уу.
Ч.Хурэлбаатар:-Монгол улсын хуулиас гадуур ажилладаг албан хаагч байхгүй. Гэхдээ энэ гэрээ батлагдаагүй төсөлийн хэмжээнд л байгаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр:-Тэгвэл өнөөдөр мөрдөгдөж байгаа ямар хуулийн, ямар заалтыг үндэслэж гэнэтийн ашгийн албан татварыг авахгүй гэсэн заалт оруулсан юм бэ.
Ч.Хүрэлбаатар:Гэрээний төсөл учраас энэ нь Монгол улсын эрх ашигт нийцэх юм байна гэсэн үүднээс оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: -Гэнэтийн ашгийн албан татварын хуулиар 68 хувийн татвар авна гэсэн заалтыг энэ гэрээний төсөлд зөрчсөн байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх үү.
Ч.Хүрэлбаатар:-Хүлээн зөвшөөрөхгүй.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: -Засгийн газрын гурван гишүүн гарын үсэг зурсан энэ гэрээ Монгол улсын үндсэн хуулиас дээгүүр байна гэсэн заалт орсон байна. 15.3-т байна шүү. Тэгэхээр УИХ-д оруулж байгаа энэ гэрээ хуулийн хүрээнд явах ёстой юу, хуулиас дээгүүр явах ёстой юу.
Ч.Хүрэлбаатар: -Гэрээг Монгол улсын иргэдэд хамгийн ашигтай байхаар хийсэн байгаа. Гэхдээ энэ бол эцсийн вариант, заавал одоо батлахгүй бол болохгүй гэсэн юм байхгүй. Болж, бүтэхгүй байгааг нь ажлын хэсэг засч залруулж болно шүү дээ.
Н.Батбаяр:-Та нарыг улсынхаа эрх ашигт нийцсэн төсөл хийгээд ир гэсэн болохоос биш хууль зөрчиж, улсаа худалдчихаад ир гэж үүрэг өгөөгүй шүү.
Ч.Хүрэлбаатар: Улсаа худалдаагүй.
Н.Батбаяр:-Зэсийн цэвэр өртөг 1100 доллар. Гэтэл дэлхийн зах зээл дээр 8000 доллар байгаа. Тэгэхээр найм нугалж ашиг олж байгаа мөртлөө гэнэтийн ашгийн татвар өгөхгүй гэж байх юм.
Ч.Хүрэлбаатар:-68 хувийн татвар авах асуудал бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал.
З.Энхболд:-Монгол хэл дээрх гэрээнд зөрчил гарвал Англи хэл дээрх гэрээг баримтлана гэсэн байна. Тэгэхээр энэ гэрээг Англиас Монгол руу орчуулсан болж байна. Манайхан “Айвенхоу Майнз”-ийн санал болгосон зүйлийг муухан шиг орчуулаад оруулж ирсэн болохоос биш өөрсдөө санаа оруулж хийсэн юм алга. Тэгэхээр энэ гэрээг буцаах ёстой. Бид Үндсэн хууль зөрчсөн гэрээг батлах гээд сууж байна. Тэгээд ч энэ төсөл 40 жил биш 80-аад жил үргэлжилнэ. Бид найман cap хэлэлцсэн ч алдахгүй. Та нарын туршлага дутаж байна. Баахан “ногоон” хүүхдүүд байна. Ард түмэн энэ асуудлыг шийдэг. Дараа нь хардах юмгүй амар.
Н.Баяртсайхан:- Бүтэн жилийн ажлыг нь буцаана гэвэл арай буруу байх. Хүлээж аваад хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байна.

Ж.Наран

Эх сурвалж: Өглөөний сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.