03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

МУСТА дуучин, багш Жүгдэрсүрэн овогтой Болормаа


АНУ-ын Ерөнхий Боловсролын Дунд Сургуульд (ЕБДС) сурч байгаа сурагчдын эцэг эхчүүдэд зориулан энэхүү зөвлөмжийг Арлингтон хотын ЕБДС-д арав гаруй жил ажиллаж хуримтлуулсан туршлага, санаан дээрээ тулгуурлан бичихээр шийдлээ. Өөрийн амьдралын багагүй хугацааг Монголын Ерөнхий Боловсролын Дунд сургуулиас авахуулаад Их дээд сургуульд багшилж байсан, мөн багшийн ажлыг энэ улсад үргэжлүүлэн хийж байгаагийн хувьд Монголын ирээдүй болсон бяцхан иргэдэдээ болон тэдний эцэг эхчүүдэд бага ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж өөрийн цаг заваа умартан цаас үзэг нийлүүлэн суугаа минь энэ ээ.

• Бага Сургуулийн сурагчдын аав, ээж нарт:
Булбарайхан булцгар хуруундаа харандаа бариад хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө тунгаан, бясалгаж суугаа бяцхан "амьтдыг" хараад өөрийн эрхгүй хайрлан, бахархах сэтгэл төрдөгийг нуух юун. Тэдэнд эрдмийн их оргил өөд хөтөлж буй багшаас гадна эрхэм хүндэт аав, ээж та нарын минь тус дэм маш их байдаг гэдэгийг сануулах гэсэн юм. Аливааг шинээр сурч байгаа болгонд элдэв адал явдал, урамшин баярлах, шантран гутраx, аймшигтай хэцүү мэт санагдах гээд элдэвийн л зүйлтэй тулгардаг нь хүмүүн бидний жам ёсоо. Тийм болохоор хүүхдийнхээ сурах гэж тэмүүлж буй тэрхүү оргилуун хүсэл тэмүүлэлийг дэмжиж, урам хайрлах нь юу юунаас ч илүү чухал байдаг билээ. Биднийг бага сургуульд байхад багш болоод аав, ээж нар маань бидэнд гучин таван үсгийг цээжлүүлж, түүнийг үгтэй холбож өгүүлбэр болгон уншиж, бичиж сургах гэж ямар их хичээл зүтгэл, цаг заваа зарцуулдаг байсныг бид өөрсдөө аав, ээж болсон хойноо мэдэрдэг билээ. Эх хэлээрээ эрдэм номонд шамдах гэдэг юутай сайхан, юутай амархан байгаа вэ?!

Гэтэл бидний үр хүүхдүүд маань харь улсад биднийг даган ирж бас л нэгэн шуурга давалгааг өөрийнхөө хэмжээнд туулж, өөрийнхөө насандаа ч байхгүй хүнд хэцүү бүхнийг бидэнтэй л адил бяцхан нуруун дээрээ үүрэлцэн явааг бид хэр мэддэгсэн билээ?! Тийм болохоор эрхэм аав, ээж та нар минь тэр жaaхaн БИЕ хүнийг хэрхэн ойлгож тусалж байна вэ? Эргээд нэг хараад санах гээд үзээрэй! Таныг завгүй, хүнд хэцүү ажил хийгээд ядарч зүдэрч яваа гэдэгийг ойлгохын дээдээр ойлгож байгаа хэдий ч нэгэнт л та өөрийнхөө ирээдүй бүр цаашилбал Монголын ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө хөрөнгө оруулахаар зүтгэж байгаа нь л үнэн учраас тавьсан "шаваа" зөв зүйтэй өв тэгш, өндөр сайхан, амьдралын аливаа шуурганд унаж нурахгуй, унтарч бүдгэрэхгүй, бат бөх байлгахыг таны үр хүүхдэдээ тавьж буй анхаарал халамжаас асар их шалтгаалдаг юм. Тиймээс хүүхдийг хамгийн түрүүнд уншиж сурaхaд нь илүүтэй их анхаарал тавих нь чухал болов уу. Нэгэнт огтын танихгүй бичиг үсэгт сурах гэж өөрийнхөө хэмжээнд "зүдэрч" буй тэдэнд урам хайрлан хамтдаа уншихыг хичээгээд үзээрэй! Хэрвээ та англи хэл мэдэхгүй бол монгол ном уншиж өгч тэднийг "номонд дуртай" болгох бас үндэcнийхээ эх хэлийг мартуулахгүй байлгах нь хамгаас чухал юм шиг санагддаг. Аль ч улсын иргэд номноос өөрийгөө олж, номноос өөрийгөө мэдэрч таньдаг бичигдээгүй хуультай байдагыг эрхэм аав, ээж та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу!

Хэрвээ тэд уншаад сурчихвал өгүүлбэртэй тоогоо ойлгож, бодох, шинжлэх ухааныхаа хичээлийн хүнд хэцүү ярвигтай үг хэллэгүүдийг ухааран, тогтоож, бас энэ улсын түүх, соёлоос судалж мэдэх анхан шатны суурь мэдлэгийг олоод авчихаж байгаа юм. Хүүхдийг уншуулж сургахад зурагтай номтой илүү ажиллавал сайн байдаг. Хүн өөрийн таван мэдрэхүйн хамгийн илүүтэй хэрэглэдэг харах мэдрэхүйн хүчээр ойлголтоо гүнзгийрүүлдэг. Тиймээс бага насны хүүхэдтэй зурагтай номон дээр аливаа энгийн зүйлүүсийг тайлбарлан таниулж бас монгол хэлээрээ ухааруулан ойлгуулахыг хичээгээрэй! Хамгийн наад зах нь хүүхдүүдэд өнгө будагнуудын нэр, таван хошуу малын нэрүүдийг англи, монголоор заагаад өгчихвөл тун илүүдэхгүй болов уу. Жишээлбэл: гадаадад өсч байгаа хүүхдүүд маань морь-унага, тэмээ-ботго, үхэр-тугал, ямаа-ишиг, хонь-хурга гээд сурчихвал адаглаад таван хошуу малаа монголоороо мэддэг болчихно, хойч үедээ тайлбарлаад хэлээд өгчихдөг л болох болов уу. Тэрнээс биш тэмээний хүүхэд, ямааны хүүхэд гээд зогсох нь бас л монгол аав, ээжүүд бидний нэгэн том алдаа болов уу? Мэдээж америк багш нь монголоор юу гэдэгийг заагаад өгөхгүй болохоор бид л үүнийг тэдэндээ тайлбарлан таниулах нь чухал юм даа. Ингэснээр бид үр хүүхдээ унаган хоёр хэлтэй хүн болгоод зогсохгүй бас цаашид өөр олон хэл сурах боломжийг нээж өгч байдагыг эрхэм уншигч та юу эс андах билээ.

• Багш нартай холбоотой байх нь хамгаас чухал.
Таны хүүхдийг хэрхэн сайн сурч, боловсорч, бас хүмүүжиж байгааг танай хүүхдийн багшаас өөр хэн ч сайн мэдэхгүй ээ. Тиймээс хүүхдийнхээ багштай дор хаяад жилд хоёрхон удаа болдог Багш-Эцэг, эхчүүдтэй уулзах өдөрт нь цаг заваа тохируулаад ирэхийг хичээгээрэй! Биднийг бага байхад эцэг эхийн хурлыг бараг улирал болгонд хийдэг байсан тэр ч байтугай шаардлагатай бол түүнээс ч илүү хийдэг байсаныг маш сайн санаж байгаа байхаа. Гэтэл энд зөвхөн жилд хоёрхон л удаа болдог арван тавхан минут үргэжлэх уулзалтанд та нарын минь хэд нь ирдэг билээ дээ? Мэдээж бас л нөгөө ажлын боломжгүйгээс, хэлний бэрхшээл, цагийн мөнгөө алдахаас эмээх зэрэг давхар шаналалуудаас болоод хүүхдийнхээ багшийн царайг ч хараагүй төгсгөж байгаа аав, ээжүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ улсад хүүхдийн төлөө гэсэн олон сайхан арга хэмжээнүүд бас албан байгууллагууд байдаг гэдэгийг та мэддэг байх нь чухал. Хэрвээ та хэлний бэрхшээлээсээ болоод хүүхдийнхээ багштай уулзаж чадахгүй байгаа бол аль ч сургуулийн захиргаанд хэлээд "орчуулагч" хүсэх эрхтэй. Ялангуяа Арлингтон хотын сургуулиудад суралцаж байгаа сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан тусгай орчуулгын алба (Intake Center), тэд өөрсдөө үнэ төлбөрийг нь төлөөд цагийн орчуулагчаар танд үйлчилдэгээ. АНУ-ын ерөнхийлөгчийн "Нэг ч хүүхэд ард хоцрох ёсгүй" хуулийг аль ч мужийн сургууль хуульчлан даган биелүүлж байгаа. Тиймээс таны хүүхдийг хар-цагаан, шар-бор, мөнгөтэй-мөнгөгүй гэж ялгаварлан гадуурхах хууль энэ улсад байхгүй гэдгийг сайн санаж үр хүүхдийнхээ төлөө яваа танд энэ улсын ямар ч багш, сурган хүмүүжүүлэгчид өөрсдийн чадах, мэдэх чинээгээрээ туслахад бэлэн байдгыг бас таны хүүхдийн нууцыг хадгалах “бие хүний” хувийн нууцыг хуулиар хамгаалахтай адилаар таны хүүхдийн асуудлыг зөвхөн танд л хэлдэг үүрэгтэй. Тэрнээс биш монголд хийдэг багш нарын хурал дээр "чих халууцуулдаг хүүхэдтэй" аав, ээжүүд шиг таныг олны өмнө эвгүй байдалд оруулахгүй гэдэгийг санаарай!

• Монгол хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хэрэгтэй юу?
Мэдээж хүн гэдэг утгаараа гэмтэж, осолдох, өвдөж, зовох гээд хүний тавилангийн бүх л шалгуураар бидний үр хүүхэд бас л дамждаг жамтай. Тиймээс эрхэм аав, ээж та нар минь цаг заваа гаргаад хүүхдийнхээ сургуулийн эмчид шаарлагатай утасны дугаарыг (emergency number) заавал үлдээхийн зэрэгцээ хүүхдийнхээ эрүүл мэндийн талаархи товч мэдээлэлийг танилцуулчихаж байх нь илүүдэхгүй ээ! Түүнээс гадна хүүхдээ болж өгвөл эрүүл мэндийн үзлэгт жилд нэг удаа оруулсанаар дунд, ахлах сургуулийн сурагчдад биеийн тамирын сонгон суралцах дугуйланд орох эрхийг авах нэгэн боломж олгогддог. Нөгөөтэйгүүр хүүхдүүддээ гэрийнхээ хаяг, өөрсдийнхөө утасны дугааруудыг цээжлүүлчихвэл маш сайн.
Мэдээж энэ улсад эрүүл мэндийн даатгал их өндөр үнэтэй гэхдээ танай гэрийн бүлийн өрхийн орлогоос шалтгаалан хямдралтай үзлэгт хамруулах боломж байдаг. Жишээ нь: Арлингтон хотын Хүүхдийн Эрүүл Мэндийн Төв (Arlington Pediatric Center)-т дугаар аваад бүх шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлээд очвол адаглаад та хүүхэддээ шаардлагатай вакцинуудыг үнэ хямдралтай хийлгэж, цээжний болоод бусад рентген зурагнуудыг үнэгүйгээр авахуулж, улмаар мэргэжлийн эмчид хөнгөлөлттэй үзүүлэх эрхийг олж авдаг. Зарим үед үзүүлсэний дараа өндөр үнэтэй билл (мөнгөн төлбөр) ирдэг ч энэ улсад тэр болгоныг үнэгүй эсвэл үнийг хөнглөлттэйгөөр төлөх боломж олддог гэдэгийг санууштай! Тиймээс та сургуулийнх нь эмч, сувилагч нартай холбоотой байж тэднээс шаардлагатай мэдээлэл тусламжийг авч байх боломж танд бий.

Америк улсад амьдарч, ажиллаж буй аав, ээжүүдийн ажил албыг хөнгөвчилсөн нэгэн буянтай зүйлийн нэг нь үнэ төлбөргүй болон үнийг хөнгөвчилсөн үдийн хоолны эрхийг танай хүүхдэд олгодог. Үүнд хичээл эхлэхээс 3-4 долоон хоногийн өмнө танай гэрийн хаягаар өнгөтэй (шар, ногоон, ягаан өнгөтэй эдгээр өнгөнүүд нь жил бүр солигдож ирдэг) цаасан дээр бөглөх анкетийг явуулдаг. Энэ анкетан дээр өөрийнхөө өрхийн орлогыг, ам бүлийнхээ тоог, хэрвээ танд Иргэний Нууц Дугаар (Social Security Number) байгаа бол түүнийгээ бичээд, байхгүй бол байхгүй гэсэн хүснэгтийг бөглөн, гарын үсэгээ зураад, заасан хаягийн дагуу товолсон хугацаанаас хоцрохгүйгээр явуулчихвал та хүүхэддээ хоолны хөнгөлөлтийг авах эрхтэй болдог. Хэрвээ та боломжтой, зав цагтай бол үүнийг авах гээд байх нь албагүй ч бидний хэд нь энэ бүхэнд цаг заваа зарцуулаад хүүхдийнхээ хоолыг өдөр бүр бэлдэж өгч чаддаг бас үргэлж хоолны мөнгийг нь өгөх боломж, бололцоо байдаг билээ. Тиймээс энэ боломжоос нэг их татгалзаад байлгүй хоолны хөнглөлтөнд хүүхдээ хамруулчихвал таны хүүхдийн эрүүл мэндэд тустайгаар зогсохгүй, энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар дунд, болон ахлах сургуулийн сурaгчдад хичээлээс гадуурхи дугуйлан, сонгон суралцах ангиудад үнийн хөнгөлөлтийг авах эрхтэй гэдэгийг мэдүүштэй. Таны хүүхдийн хоолны хөнгөлөлтийн талаархи мэдээлэлийг таны хүүхдийн сургалт, хүмүүжлийг хариуцсан удирдагч багшаас өөр хэн ч мэдэх эрхгүй хатуу дүрэм журамтайгаас гадна, танай гэр бүлийн нууцийг хуулиар хамгаалсан байдаг гэдэгийг энэ дашрамд дурдъя.

Хүүхдийн шүдний эмчийн үнэ хямдралтай үзлэгийг 2100 Washington Blvd-дийн эрүүл мэндийн төв дээр хийгддэг. Энд нөгөө л хэдэн шаардлагатай бичиг баримтууд хэрэгтэй болдог. Үүнд: хэрвээ таны хүүхэд хөглөлттэй хоолны эрхтэй бол түүний хуулбарыг, оршин суугаа хаяг тодорхойлсон байрны гэрээ, хэрэв та айлын өрөө хөлсөлдөг бол гэрээнд нэр нь тусгагдсан байрны эзнийхээ гарын үсгийг натриатаар батлуулж (натриатын баталгааг тухайн хүний банкан дээр үнэ төлбөргүй хийж өгдөг), хамт амьдардаг нь үнэн гэсэн захидал, иргэний үнэмлэх (ID card), хүүхдийнхээ гэрчилгээ болон гадаад паспортны англи орчуулгатай хуулбар, таны өөрийн гадаад паспорт (энэ нь таныг хүүхдийнхээ эцэг, эх нь мөн болохыг баталгаажуулж байгаа болохоос таны виза-ны төрөл болоод, бусад асуудал үүнд ямар ч хамааралгүй гэдэгийг маш сайн ойлгоорой! Тэд цагаачлалын албаны хүмүүс биш болохоор таны статус тэдэнд ямар ч хамаагүй ээ), утасны төлбөрүүд зэрэг хаана ч очсон шаардагддаг бичиг баримт танд хэрэг болно. Энэ бүхнээс манай аав, ээжүүд даан ч харамсалтай нь дэндүү их залхдаг. Эцсийн эцэст энэ бүхэний цаана таны хүүхдийн эрүүл байх нэгэн баталгаа оршиж байгаа юм шүү дээ. Нэг дор биш ч аажим аажимаар бүрдүүлээд байхад нэг их зовлонтой, хэцүү бэрхшээлтэй асуудал биш гэж би боддог юм. Хэлний бэрхшээл гарвал бас л та орчуулагч хүсэх эрхтэйг танд сануулъяа. Бага насны хүүхдүүдэд шаардагдах бага ч болов мэдээлэл өгч чадсан болов уу гэж найдаж байна. Дараа дараачийнхаа нийтлэлд дунд, ахлах сургуулийн сурагчдын аав, ээж нарт өгөх зөвлөлгөөгөө үргэжлүүлье!

Тухлан суугаад миний зөвлөлгөөг уншсан танд баярлaлаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.