05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Монголын боловсролын салбарт өөрчлөлт хэрэгтэй байна.

Би одоо АНУ-д магистрантурт суралцаж байгаа юм. Шинэ хүнд бүх зүйл содон харагдах юм. Олон л бодол төрж байна. Хамгийн түрүүнд эндэхийн боловсролын системийн зах зухаас ололттой талуудыг нь тусгаж авах юмсан гэсэн үүднээс бусадтайгаа санал бодлоо солилцохоор шийдлээ.

Миний бодлоор Монгол улсын маань Боловсрол олгох шат, шатны тогтолцоо болон хөтөлбөрүүд нь нэг л биш санагдах юм. Би зөвхөн бидний сайн мэдэх нэг л жишээг дурьдан өөрийн санааг илэрхийлэхийг зорилоо.

Монголчууд бид цагтаа бол тухайн үедээ, эсвэл магадгүй тухайн нийгэмдээ (комунист) зохицсон зөв хэлбэрийн тогтолцоотой байжээ. Харин 90 оны Ардчилсан хувьсгалын дараа бүх зүйлд бид өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлсээр өнөөдөртэй золгоод буй. Олонхи нь шилжилтийн үедээ яваа ч гэдэг, хэзээ дуусах ёстойг хэн ч хэлж мэддэггүй. Үүнийг боловсролын салбар маань ч тойроогүй. Бид хийж бүтээхээсээ илүү устгаж үгүй болгосон нь их мэт.

Тухайлбал 90 оноос өмнө бидний Техник Мэргэжлийн Сургууль (ТМС) гэдгээр нь сайн мэддэг тусгай сургалттай сургуулиуд Монгол улсдаа бодит хувь нэмэр оруулж чаддаг бүтээлч иргэдийг бэлтгэн гаргадаг байлаа. Би тэднийг баялгийг бүтээгч нар гэж нэрлэх дуртай. Миний хэлэх гэсэн гол санаа нь өнөөгийн Монгол улсад байгаа энэ их эх зах нь олдохоо байсан их, дээд сургуулиудыг цэгцэлмээр байна. Цаашилбал, тусгай мэргэжил олгодог сургуулиудыг бодлогоор дэмжин хөгжүүлмээр байна. Уг сургуулиудыг 2 жилийн коллеж хэлбэртэй зохицуулж ч болох юм. Хүссэн хүн нь цаашаа үргэлжлүүлэн 2 жил сураад дээд мэргэжил эзэмших хэлбэрээр ч юм уу. Гол нь тэдгээрт зохих шат шатанд нь тохирсон сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан гаргамаар байна.

Бид хэдийн болтол хэзээ хэрэглэгдэх нь ч үл мэдэгдэх учир нь олдохгүй олон томъёог төвд ном шиг цээжилж суух юм бэ. Сургалтынхаа хөтөлбөрүүдийг хэрхэн өөрчлөх вэ? Миний бодлоор ТМС-ийн нэг алдаатай бодлого нь зөвхөн мэргэжил олгохыг зорьж байснаас зарим нэг суурь боловсролыг олгох асуудлыг орхигдуулснаар өнөөгийн бидэнд ТМС-ийг төгсөгчид боловсролгүй дунд шатны хүмүүс гэдэг буруу ойлголтыг бий болгожээ.

Зүй нь хичээлийн хөтөлбөрүүдийг анхан, дунд, дээд, гүнзгийрүүлсэн ч гэдэг юм уу шатлалтайгаар боловсруулан, мэргэжилтэй нь уялдуулан хөтөлбөрийг зохицуулж өгөх байжээ. Ингэснээр онц шаардлагагүй ч, заавал үзэх ёстой гэж шахдаг амьдралд огт хэрэглэгддэггүй онолын түвшиний ойлголтыг хялбарчлан амьдралд ойр энгийн хөтөлбөрийг үзэх боломж нээгдэх байсан болов уу.

Мөн бидний ярьдаг боловсролын ялгаа гэдэг буруу ойлголт ч төдийлөн газар авч чадахгүй л байх байсан. АНУ-ын сургуулиуд жишээлбэл Бизнесийн удирдлагын чиглэлийн хичээлийг хир хэмжээнд судлах вэ гэдгээс нь хамааруулж BU100, 200, 300, 400, 500, 600 гэхчилэн кодлосон байдаг, та бүхэн сайн мэднэ. Үүнийг Монголд хэрэгжүүлмээр санагдах юм. Өнөөгийн сургалтын тогтолцооны гажуудал нь бүхнийг нэг дор бөөндөж ойлгуулах оролдлогод байх шиг санагдана. Хэн нэгэн залуу заавал их дээд сургууль төгсөөд, магад магистр зэрэг хамгаалж байж сая миний амьдралын баталгаа хангагдана гэж боддог болсон байна. Харамсалтай нь энэ үнэн, гэхдээ одоохондоо.

Харин амьдрал тухайн хүний амьдрах чадварыг сорьж байдаг шиг санагддаг. Тийм болохоор жишээлбэл тухайн үеийн ТМС-ийг төгсөгчид математик, хими, физик, эдийн засаг, улс төр гээд адармаатай шинжлэх ухааны салбарыг онолын түвшинд гүнзгийрүүлэн үзэж "од" болохгүй ч амьдрач чадварт суралцаад төгсдөг байжээ. Харин өнөө цагийн "цагаан гартан" дээд боловсролтон нэрийг зүүгчид (үүнийг бичигч би бээр ч тэдний нэг билээ) онол ч олигтой үзэж шальсан зүйлгүй, хэрэглээг нь ч мэдэхгүй шахам төгсдөг болжээ. Үүнээс үүдэн нэг их юм мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг сэхээтэн нэртэй сэхээтэнцэрүүд олноор төрөн гарсаар байна. Товчхондоо амьдрах чадваргүй хүн гарч ирдэг болсоор удаж байна.

Муу үр дагавар нь захаас аван олон, жишээ нь: ажил голно, тэд дээд мэргэжилтэй хүний хийх ёстой ажлыг л хийнэ гэх. Худалдагчийн ажилд дээд боловсролтой хүн авна гэж зарлах. Арга ч үгүй тэдний зөв. Харим Монгол улс "Дарга" улс алдраа улам баталгаажуулсаар. Эцэст нь дүгнээд хэлэхэд хэрэв бид өнөөгийн боловсролын хөтөлбөр, тогтолцоогоо шат, шатанд нь зохицуулан амжилттай өөрчилж чадвал, Монгол улс маань хэрэгцээт мэргэжилтнүүдээр хэзээ ч дутагдахгүйн дээр, элдэв буруу ойлголтууд ч байхгүй болох ирээдүй харагдаж байна. Энэ бол зөвхөн миний л бодол. Монгол орныхоо ирээдүйн төлөө санаа тавьдаг залуус та бүхнийг энэ талаар санал бодлоо илэрхийлэхийг урьж байна.

Таны мэлмий бат оршиг.

Нийтлэлийг бичиж илгээсэн Ц. Шонхор (sokol2006@yahoo.com)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.