05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Сайн юм шалтгаалаад л

Зурагтын мэдээгээр математикийн улсын олимпиадын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хөөрхөн хүү ярьж байна. Яг Хөдөлмөрийн Хүндэт медаль аваад ярьдаг томчуул шиг, “миний амжилтад хүрсэн нь миний ээж аав, багш нараас маань шалтгаалсан гэж бодож байнаа” хэмээн эвлэгхэн нь аргагүй, цээжилсэн юм уу гэлтэй подхийтэл өгүүлнэ. Сайн юм нь болохоор аав ээж, ардын багшаас шалтгаалдаг мөртөө муу юм болоход тэдний нэр дурдагдана гэж бараг байхгүй шүү. Гомдмоор.

Манайхан их даруухан улсууд. Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан тамирчин ч гэсэн өөрийнхөө гаргасан өндөр амжилтыг нутаг усныхан, хамт суралцаж байсан анги хамт олон, багадаа хамт барилдаж өссөн найз, анхны багшаас өгсүүлээд бүх хүмүүстэй холбон тайлбарлаж, тэдэндээ “энэ завшааныг” ашиглан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөнө. Нэг бодлоор энэ нь ихээхэн шинжлэх ухааны үндэслэлтэй ч байж болох талтай.

Бас нөгөө талаар би хөлс хүчээ шавхан байж, бор зүрхээрээ эцсийн секунд хүртэл тулан зогссон нь ийнхүү амжилтад хүргэлээ гээд хэлчих юм бол бөөн юм болно. “Гэрийн унь ч даахгүй унхиагүй юм байсан юм” хэмээн анхны багш нь доош нь хийнэ. “Баг хамт олныхоо, дасгалжуулагч, багш нарынхаа итгэлийг хөсөрдүүлж, ганцаарчилсан тоглолт хийлээ” хэмээн нөгөө хэд нь чичнэ. “Хэрэв тийм л юм бол өөрөө ганцааараа хичээллээд ийм амжилтад хүрэхийг нь харья л даа” хэмээн нөгөөх нь challenge хийнэ.


Энэхүү “бүгдээрээ” хэмээх “сүргийн” сэтгэлгээ хүүхдүүдэд маань нөлөөлж байгаа нь ихээхэн харамсалтай. Тэд өөртөө ямар ч авьяас бэлэг, тэсвэр тэвчээр байхгүй бөгөөд надад байгаа сайн болгон нь заавал бусадтай хамаатай болохоос бус би өөрийгөө ялан дийлсэн, ялалт байгуулсан гэсэн бодлыг хэзээ ч төрүүлэхгүй. Ингэснээр хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг байхгүй болгож, би юу ч чадахгүй гэсэн сэтгэлгээтэй болгож орхино.

Түүний оронд “би чадна” гэсэн сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах хэрэгтэй. Саяхан дэлгэцээр гарсан “Pursuit of Happyness” хэмээх Уил Смитын хүүтэйгээ тоглосон киног үзсэн байх. Крис Гарднэр хэмээх орон гэргүй амьдралаас саятан болтлоо хөлжсөн хар арьст залуугийн тухай гардаг уг киноны нэгэн хэсэг дээр хүүтэйгээ сагс тоглож байгаад би хэзээ ч сагсанд сайн байгаагүй, чи ч бас сайн болохгүй хэмээн хэлээд хүүгээ уруу царайлахыг ажиглаад сая л юу хэлсэнээ ойлгодог. Тэгээд хүүгийнхээ нүд рүү ширтээд “Хэнээр ч чи ямар нэгэн зүйлийг чадахгүй хэмээн бүү хэлүүл. Надаар хүртэл. Хэрэв чамд мөрөөдөл байвал түүнийгээ хамгаалах хэрэгтэй. Хүмүүс өөрсдөө ямар нэгэн зүйлийг чадахгүй учраас л чамайг ч бас чадахгүй гэж хэлдэг. Хэрэв чи ямар нэгэн зүйл хүсч байвал түүнийгээ авахын төлөө зүтгэ. Цэг”[i] хэмээн хатуу хэлдэг. Яг тэр хэсэг нь энд видеогоор байна.Хэрэв “би чадахгүй” гэсэн сэтгэлгээ хүүхдэд өвлөн үлдэх аваас санаачлагагүй, өөртөө итгэлгүй, бүрэг, аймхай болдог. Одоо эргээд харахад бидний ихэнхийн маань бага нас яг л тийм дарамтан дор өнгөрсөн. Багшдаа асуугдаад самбарны урд гарахдаа эгээ л ялынхаа төлөвлөгөөг сонсохоор үхлийн эгнээгээр явж байгаа гэмт хэрэгтэн лугаа царайлна. Багшийнхаа бүү хэл энгийн үед инээлдэн хөгжилддөг анги хамт олныхоо өмнөөс ч харахаас айдас хүрнэ.

Энэ хүмүүжил өнөөгийн цагаан захтай, цалин ихтэй улс төрч, бизнесүүд дээр хачин тодоор илэрнэ. Багадаа бол хэдэн үгийг цээжилж, түүнийгээ болсон болоогүй, тун итгэл муутай хүргэж байсан болохоос өөрийгөө илэрхийлэх ямар ч дасгал хийж байгаагүй нь телевизээр ярих нэгхэн минутын бичлэгээс л тод харагдана. Миний, бидний ололт амжилт багш нараас шалтгаалдаг юм бол тэд нар ч гэсэн өнөөгийн бидний унхиагүй байдлын хариуцагч байх ёстой.

Тооны багш Эрдэнэчимэг намайг нэг удаа толгой түрүүгүй дэвтрээр маань байлгаж байсан санаанаас гардаггүй юм. Өс санасан даа бус, “юу ч мэдэхгүй, хүний хэлсэнийг тоть шиг цээжилчихээд чи хол явна гэж бодож байна уу” гэсэн ухааны юм хэлж байсан юм. Сургуулийнхаа орос хэлний баярт орно гээд хамгийн дургүй тооны хичээлээс олон удаа чөлөөлөгдсөн горынхоо эхний раундыг нь ийнхүү амсаж байлаа. Түүнээс хойш багшаасаа айгаад, юун нэмэх, юун үржүүлэх болсон дог. Эргээд харахад багшийн хэлдэг ч үнэн байж дээ. Одоо орос хэл гэвэл “Мистер Рейган, вы скажите, Для чего вы войны хотите?” гээд л бараг дуусч байгаа юм даа. Миний тоо, орос хэл сураагүй нь багш нараас шалтгаалсан юм аа гээд зогсож байх уу?

Орчин цагын багш нар бодвол өөр болоо биз дээ. Харин сурагчдыгаа нээх айхтар тоо боддог, Менделеевын элемент цээжилсэн нэгэн болгож төгсгөж байснаас ядаж өөртөө итгэлтэй, өөрийнхөө бодсон сансанаа хэнээс хамаарахгүйгээр, хэнд ч гэсэн хэлж чаддаг “хариуцлагатай” иргэд болгож гаргамаар юм аа. Эцсийн эцэст багш хүний зорилго гэж юу вэ? Хэдэн хүүхэд дув дуугүй 45 минут ангид суулгаж, өөрийнхөө заасныг үг үсэггүй цээжлүүлээд, дүн аваад хурдхан шиг төгсгөх бодол байна уу эс бөгөөс энэ хүүхдүүдээс хэд нь цаашаа их дээд сургуульд орох бол, хэд нь амжилттай явах бол гэж боддог билүү? Ер нь багш нарын амжилт нь хичнээн хүүхдийг онц гаргаснаас бус, хичнээн нь цаашаа амжилттай сурч, хөдөлмөрлөж байгаагаар нь дүгнэх хэрэгтэй. Ийм ч иргэдийг бий болгохийн тулд багш нар цаг заваа зарцуулах ёстой.

Бага байхад Д. Гармаа гуайн байна уу Л. Түдэв гуайн бичсэн “Хариуцлага” гэдэг өгүүлбэрийг уншаад ерөөс ойлгодоггүй байж билээ. Бат ч билүү Болд ч билүү Боб ч билүү нэгэн пионер хүү бүтэлгүй, болохгүй юм хийх бүртээ хүмүүсээс “нөхөр минь, чи яасан хариуцлагагүй хүн бэ?” хэмээн хэлэхийг сонсоод, энэ үгний утга учрыг “социалист” хүмүүжлээр ойлгон ухаж буй хүүгийн тухай өгүүлдэг санагдаж байна. Хэрэв бид тэрхүү хариуцлага гэдгийг муу зүйл дээр үүрдэг юм бол бас сайн зүйл дээр ч гэсэн үүрдэг баймаар байна.

Мэдээж багш, эцэг эхчүүд хүүхдүүддээ муу зүйлийг хий хэмээн зааж өгдөггүй хэмээн өмөөрөх хүн байж болох ч харин сайн саар бүх зүйл чамаас шалтгаална гэсэн үнэлэмжийг суулгаж өгвөл “эрхбиш хүн юм байна” гэдэг шиг арай өөр хандлагатай болж ирэхийг үгүйсгэхгүй билээ л. За за, слово олдож, крова холдлоо. Явж орос хэлээ давтлаа. Спасибо ... биш ээ пока.

Пунцагийн Байка

Эх сурвалж: http://mongolmedee.net 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.