05 сарын 12, Ням
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Төрийн албаны болон ЭЕШ-ыг монгол бичгээр авахыг хуульчилна

Монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг шинэчлэн найруулж, Монгол хэлний тухай хууль болгон боловсруулаад байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр дэмжсэн. Уг хуулийн төсөлд монгол хэлний хамгаалал болон уйгаржин монгол бичгийг хэрэглээнд хэрхэн оруулахаар тусгаж өгсөн талаар Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

 

-Хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр та монголчууд хилээ манадаг хэрнээ хэлээ хамгаалахгүй байна гэж хэлсэн. Тэгвэл хэлний хамгааллын талаас ямар заалт байна вэ?

-Монгол хэлний тухай хуульд монгол хэлээ хэрэглэх , хамгаалах , хөгжүүлэх чиглэлийн болон нөгөө талаар бичиг үсэгтэй холбоотой зохицуулалт оруулсан. Хууль баталснаар монгол хэл маань “манаачтай” болно. Улсын хилээ манадаг шигээ бид монгол хэлээ манадаг болно. Дэлхийн бусад улс оронд хэлээ манадаг, манаач байгууллага байдаг. Манайд Төрийн хэлний зөвлөл гэх байгууллага байдаг боловч харамсалтай нь энэ байгууллагадаа хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх мэдэл, төсөв мөнгөний хэмжээ хангалттай биш байна. Бүхэл бүтэн үндэсний хэлийг манах хэмжээнд биш. Тийм учраас энэ байгууллагын үүргийг хуулиар тодорхой болгоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллахаар статус, зэрэг дэвийг нь өргөж өгөөд бүтэц бүрэлдэхүүнийг нь чадварлаг болгож чадвал монгол хэл маань манаачтай болно.

-Тэгэхээр хэн хаанаас шийдсэн нь ч мэдэгдэхгүйгээр энэ үсгийг авлаа, тэр үгийг ингэж бичихээр боллоо гэсэн өөрчлөлтүүд гарахгүй болно гэж ойлгож болох уу?

-Бид замын хөдөлгөөний нэг дүрэмтэй мөртлөө үндэснийхээ хэлний нэгдмэл дүрэмгүй улс болчихсон. Замын хөдөлгөөний дүрмийг хэн батлах нь тодорхой байдаг. Засгийн газар баталдаг учраас тэр дүрмийг л хэрэгжүүлдэг. Гэтэл бичиг үсгийн дүрмийг хэн зохиогоод, хэн батлах тухай хуулийн зохицуулалт байхгүй явснаас гажуудал үүссэн. Харин Монгол хэлний тухай хууль баталснаарнаар ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн монгол хэлний дүрэм дээр ажилладаг болно.
Иргэд “дөрвөн үсэг хасах гээд байна уу, үгүй юу? Гээгдэх эгшгийн дүрэм хэвээрээ байна уу” гэж их асууж байна. Харин цаашдаа үүнийг хэн нэгэн улс төрч шийдэхгүй, Хэлний хүрээлэн, хэл бичгийн эрдэмтэд л шийддэг болно. Эрдэмтдийн хооронд маргаан, мэтгэлцээн гарвал Хэлний хүрээлэн дээрээ л маргана. Маргааны үр дүнд харин нэг л хувилбар дээр тогтох ёстой. Тэр хувилбарыг нь хэлний “манаач” буюу Хэлний бодлогын зөвлөл маань тамга дарж баталгаажуулаад Монгол Улс даяараа мөрдөх, нэгдмэл дүрэм болно.

-Хууль батлагдахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа хэлний гажуудлууд арилна гэж ярьсан?
-Төрийн байгууллага, хуулийн этгээд , хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд бүгд энэ хуулиар үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн, Монгол Улсад бүртгэлтэй байгууллага бүр хууль дүрмийг дагах ёстой. Тэр хууль нь улсын хэмжээнд батлагдасан хэлний хэм хэмжээ, зөв бичгийн дүрэм, зөв найруулах ёс зүйн хэм хэмжээг тэр болгоныг мөрдөх үүрэгтэй. Тухайлбал олон нийтэд байнга мэдээлэл өгч байдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэгтэй шүү дээ. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын хэл найруулгад хэлний “манаач” хяналт тавьдаг болно. Удаа дараа зөрчил гаргавал хэвлэл мэдээллийн байгууллагад нь хариуцлага тооцно. Ийм арга хэмжээнүүдийг авахаар цаашдаа дэвшил гарах байх гэж бодож байна.

-Гадаадад дипломат төлөөлөгчийн газрууд, элчин сайдын яамнууд үүрэг хүлээх үү? Жишээлбэл гадаадад байгаа монгол хүүхдүүд монгол хэлээ мэдэхгүй байна гэх шүүмжлэл их ирдэг.
-Яг үнэн. Энэ бол монгол хэлээ хамгаалахтай холбоотой чухал асуудал. Тиймээс энэ хуулиар Засгийн газарт тусгайлан үүрэг хүлээлгэж байгаа. Өөрөөр хэлбэл гадаадад суугаа монгол иргэддээ, монгол хэлээ, соёлоо сурах судлах нөхцлийг нь бүрдүүлж өгөх үүргийг Засгийн газар хүлээнэ. Засгийн газар тэр үүргийг Элчин сайдын яамуудаар дамжин хэрэгжүүлнэ.

-Уйгаржин монгол бичгийг хэрэглээнд нэвтрүүлэх, өргөжүүлэх талаар ямар заалтууд байна вэ?
-Бичиг үсгийн хувьд өнөөдөр төрийн албан ёсны бичиг хэргийн хөтлөлтөд крилл бичгийг хэрэглэж байгаа. Гэхдээ монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, дэмжих зайлшгүй шаардлагатай. Үндэсний монгол бичгээ бид Уйгаржин, Хуучин монгол бичиг, Монгол бичиг зэргээр олон янзаар нэрлэж ирсэн. Энэ хуульд монгол бичгийг “Үндэсний монгол бичиг” гэж тогтохоор тусгасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт ч ингэж орсон. Цаашдаа Үндэсний монгол бичгийнхээ хэрэглээг нэмэгдүүлэх заалтууд энэ хуульд тодорхой туссан. Тухайлбал Ерөнхий боловсролын сургуулиудад монгол бичгийг хэрхэн заах талаар хуульчилж байна. 5 дугаар ангиас гадаад хэл үздэг бол 6 дугаар ангиас эхлэн 12 дугаар анги төгстөл монгол бичгийг заана. Цаашлаад Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол бичгийг оруулж өгөх гэж байна. Өнөөдөр дунд сургуулиудад монгол бичгийг зааж байгаа ч их, дээд сургуульд элсэхэд ямар нэг байдлаар хүүхдүүдээс шалгалт авдаг тогтолцоо байдаггүй. Тэгэхээр монгол бичгийг ор нэрийн төдий зааж байна гэж багш, хүүхэд, эцэг эхчүүд хэлдэг. Гадаад хэлээр шалгалт авдаг хэрнээ монгол хэлний чадварыг шалгахгүй байгаагаас иргэдийн монгол хэлний чадвар, мэдлэг доройтож байна. Иймээс энэ хуульд их, дээд сургуулиудад элсэх ЭЕШ болон мөн төрийн албаны шалгалт өгөх гэж байгаа иргэд заавал монгол хэлний шалгалт өгнө. Монгол хэлний шалгалт дотроо 30-аас доошгүй хувийг монгол бичгээр өгдөг байхаар хуульчилж өгнө. Их өндөр шалгуур тавигдаж байгаа биз. Энэ нь иргэдийн монгол хэл, бичгийн чадварийг сайжруулахад том түлхэц өгсөн заалт болно гэж бодож байна.

-Төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээг монгол бичгээр бичдэг болсныг иргэд их сайшааж байгаа. Цаашдаа энэ мэтчилэн зүйлсийг ч монгол бичгээр бичдэг болох нь хэрэглээнд мөн нэмэртэй байх болов уу?
-Тийм. Энэ хуулийн төсөлд мөн гадаад орнуудад явуулах Элчин сайд нарын жуух бичиг, нэр хүндтэй зарим баримтыг үндэсний монгол бичгээр бичиж, англи хэлээр орчуулж явуулах зэрэг хэрэглээг дэмжсэн заалтуудыг оруулсан. Засгийн газраас монгол бичгийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа үр дүнгээ сайжруулахын тулд Засгийн газраас бодлогоор дэмжиж, үе шаттайгаар хэрэглээг нь нэмэгдүүлэх ёстой.

 Н.Гантуяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.