04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Уралдуулах дон хийгээд олимпиадын БИЗНЕС

 

Уралдах, барилдах, бие биенийхээ дээр гарах гэсэн “ясны дайчин” чанар манай монголчуудын цусанд байдаг гэлтэй. Адгуусан амьтныг амар заяа үзүүлэхгүй, өвөл, зунгүй уралдуулна, өөрсдөө ч бас яаж зүгээр байх вэ, хавь ойрынхонтойгоо ямар нэгэн зүйлээр заавал өрсөлдөнө, барьцана. Яван явсаар өнөөх чанар нь үр хүүхдүүдэд нь “өвлөн уламжлагдаж”, хаа газрын олимпиад, элдэв уралдаан тэмцээнд оролцох гэсэн, чадах эсэх нь хамаагүй, аль болох олон секц дугуйланд хичээллэх гэж улайрсан шинэ цагийн хэнээтнүүдийн бүхэл бүтэн арми бий болох нь. Хүүхдээ эрдэм боловсролтой, чадварлаг хүн болгож, хөгжүүлэхийн тулд эцэг, эхчүүд янз бүрээр чармайж байгаа нь сайн хэрэг ч гэлээ гагц ийм “тэмцэгч” чанар бидний ирээдүй хойчийг юунд хүргэх бол.

Номч” бүрэн дунд сургуулиас зохион байгуулдаг математикийн “Стандарт-1” олимпиадад энэ жил хот, хөдөөгийн 4000 гаруй хүүхэд оролцож, эцэстээ хөл, толгойгоо алдан, цагдаа сэргийлэх дуудахдаа тулсан тухай саяхан олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Олимпиадын зохион байгуулалт муугаас болж олон хүүхэд ээж, ааваасаа төөрч, “уяачид” (эцэг, эхчүүд) нь хаана, юу болж буйг ч мэдэхгүй хүлээн бухимдаж, сүүлдээ өөрсдөө хоорондоо хэрэлдэн, нударга зөрүүлэх мэтээр “цаг нөгцөөж” байх зуур зарим ангийн олимпиад ашгүй цуцлагдсан гэж байгаа.

Тэгээгүй бол юу ч болох байсан юм билээ. Урьд нь тус олимпиадад 2000 гаруй хүүхэд оролцдог байсан бол энэ жил дээрхээс хоёр дахин олон буюу Улаанбаатар хотын есөн дүүрэг, долоон аймгаас сурагчид ирчихээр арга байж уу. Нийслэлийн Боловсролын газарт энэ тухай гомдол эцэг, эхчүүдээс ирснийг албаны хүн хэлэв. Гэхдээ тэдний гомдлын мөрөөр шийдэгдэх зүйл тун бага учраас эцэг, эхчүүд бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайсан нь дээр гэдгийг хэлье.

БСШУ-ы сайдын 98 дугаар тушаалд “Аливаа төрлийн олимпиад зохион байгуулахдаа мандатаа мөнгөөр зарж болохгүй” гэж тусгасныг хувийн сургуулиуд зөрчдөгийг л эс тооцвол хүссэн болгон нь олимпиад зохион байгуулдаг явдлыг цэгцлэх эрх зүйн орчин манайд үгүй аж. Адаглаад аль сургууль, хаана, ямар чиглэлийн олимпиад зохион байгуулах гэж буй, ямар шалгуураар хэдэн хүүхэд оролцуулах гэх мэтийн удирдамж, төлөвлөгөөгөө ч нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх албагүй гэсэн үг. БСШУСЯ-ны мэргэжилтнээс энэ талаар асуухад “Төрийн бус өмчийн сургуулиудын зохион байгуулдаг олимпиадын тухай нийслэлийн Боловсролын газрынхан арай илүү мэдээлэлтэй байгаа байх” хэмээн өөрсдөөсөө бултуулсан. Харин тус газрын мэргэжилтэн “Эцэг, эхчүүд энэ сургууль мандатаа мөнгөөр зарж байна гэдгийг баримтжуулаад манайд авчирвал бид мэргэжлийн хяналтын байцаагчаар шалгуулахаар ханддаг. Байцаагч шалгаад, зөрчлийг нь илрүүлбэл мөнгөн торгууль ногдуулах ёстой. Гэхдээ эцэг, эхчүүд ихэвчлэн утсаар гомдлоо мэдээлдэг тул энэ нь шалгуулах баттай үндэслэл болдоггүй” гэв. Гэтэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт одоогоор ийм гомдол эцэг, эхчүүдээс ч, боловсролын байгууллагаас ч ирээгүйг чиглэлийн байцаагч нь хэлсэн. Өөрөөр хэлбэл, үр хүүхдээ хэнээс ч дутахгүй гэдгийг нотлон харуулах гэсэн монгол эцэг, эхчүүдийн оргилсон их хүсэл дээр хувийн сургуулиуд ямар ч хараа хяналтгүй тоглолт хийж байна. Гашуун боловч үнэн нь энэ.

Олимпиад зохион байгуулж буй сургуулиуд нэг хүүхдээс мандатын хураамжинд 5000 төгрөг авдаг нь нэгэнт ил болсон зүйл. Хувийн сургуулиуд нэг олимпиад зохион байгуулахад 7-15 сая төгрөгийн ашиг олдог тухай нэг мэргэжилтэн ам алдсан юм. Тухайлбал, сая “Номч” сургуулийн захиргаа 4000 гаруй хүүхдээс хамгийн багадаа 20 сая төгрөгийн хураамж авсан гэсэн үг. “Манай олимпиад А, В, С, D гэсэн ангиллаар зохиогддог. Бид медалиа Хятадад захиалгаар хийлгэдэг. Оролцогчдоос 700 гаруй медалийн эзэн тодордог, ашиг гээд байх юм үгүй” хэмээн тус сургуулийн захирал эмэгтэй ярина лээ. Түүхэн дэх хамгийн хүнд жинтэйд тооцогдож буй 2012 оны Лондоны олимпын алтан медаль гэхэд л 6.16 хувийн алтны орцтой (алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нь 375-400 гр жинтэй) байсан. Олимпын домогт тамирчдын энгэрт гялалздагаас ч илүү их алт, мөнгөний орцтой медаль хийлгээд 20 сая төгрөгөө дуусгасан гэж бодъё. Тэгвэл салбарын сайдынхаа тушаалыг зөрчин байж сохор зоосны ч ашиггүй олимпиад гээчийг зохион байгуулж яадаг юм бэ.

Аав, ээжүүд өөрсдөө л хүүхдээ уралдуулах хамгийн дуртай юм чинь 5000 төгрөгийн төлөө хэзээ ч гомдол гаргахгүй, гаргасан байлаа ч нийслэлийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газраар өнөөх нь дамжин, манайхыг ирж шалгатлаа өдий, шалгалаа гэхэд Зөрчлийн тухай хуулиар цөөн хэдэн төгрөгийн торгууль тавина, сургуулийн үйл ажиллагааг зогсоотлоо хол хэвтэнэ гэдгийг сайн мэдэж байна шүү дээ, тэд.

Ямар сайндаа л олимпиадын бүртгэл дуусчихаад байхад эцэг, эхчүүд “Манай хүүхдүүдийг яагаад наадахдаа оруулдаггүй юм” хэмээн улангасан дайрч, тал талаас “дарамталсан” учраас арга буюу зорьж ирсэн бүх хүүхдийг бүртгэсэн хэмээн тэдний гаргасан гомдлын хариуг дор нь барьж байна. “Бид танай хүүхдийг гэрээс нь хүчээр авчраад олимпиадад оролцуулаагүй, бас таныг хүсээгүй байхад түрийвчийг тань уудалж 5000 төгрөг суйлж аваагүй биз дээ” гэж ам асуусан нь логикийн хувьд зөв байгаа биз. Олимпиадад оролцохгүй л бол хүн биш болчих гээд байгаа юм шиг, үр хүүхдээ ч хайрлахгүй үхэн хатан зүтгүүлдэг, амжилтгүй уралдвал уурлаж, түмний нүдэн дээр аашилж загнадаг эцэг, эх үнэндээ олон болсон. Иймэрхүү дүр зургийг захын нэг сонирхогчдын шатрын тэмцээнээс, цэцэрлэгийн багачуудын анги хоорондоо өрсөлдөж буй бүжгийн шалгаруулалтаас ч харж болно.

“Хувийн сургуулиуд олимпиад нь эхлэх гэж байхад хүүхдүүд нэмж бүртгэсээр байдаг. Оролцох хүүхдийнхээ тоог урьдчилан тодорхой болгож, түүндээ тааруулан анги танхим, хариуцах багш, тараах материал, бусад зохион байгуулалтын асуудлаа бэлдэж амждаггүй. Мөн автомашины зогсоол, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэгт анхаардаггүй, үүнээс болж хүүхдэд ямар нэг эрсдэл учирлаа гэхэд тодорхой таних тэмдэгтэй, зохицуулалт хийх ажилтнууд байдаггүй” гэх мэтчилэн зайлшгүй анхаарах ёстой зөв асуудлыг эцэг, эхчүүд нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн гомдолдоо хөндсөн юм билээ. Гэвч манай боловсролын байгууллагынхан олимпиад зохион байгуулах эрхийг нь хязгаарлаж чадахгүй, дэмий л “Сайдын 98 дугаар тушаалаа баримтлаарай, мөнгө хурааж болохгүй шүү” гэдэг албан тоот хүргүүлэхээс хэтрэхгүй. Тиймээс л эцэг, эхчүүдэд хандан бурууг бусдаас биш, өөрсдөөсөө хайгаад үз гэсэн хэрэг.

Өнгөрсөн хавар хамаатны бүсгүй минь шөнө орой болсон хойно “Зайсангийн тэнд байдаг нэг сургуульд физикийн олимпиад болно гээд охин минь багштайгаа явсан чинь аль алиных нь утас холбогддоггүй. Яах вэ. Очих гэхээр сургууль нь яг хаана байдгийг нь ч мэдэхгүй” гээд сандарч мэгдэн утасдаж байв. Тэгсэн өнөөх олимпиад нь мөн л эхлэх хугацаанаасаа гурван цагаар хоцорсны зэрэгцээ ямар ч зохион байгуулалтгүй, товлосон байранд нь багтаж шингэхгүй олон хүүхэд бүртгүүлсэн тул хэдэн хэсэг хувааж шалгалтаа авах гэсээр шөнө дүл хүргэсэн юм билээ. Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журмаа баримталдаг төрийн өмчит сургуулиудын тухайд бол арай ч ийм байдал үүсдэггүйг бүгд мэдэж байгаа. Тэнд ядаж буух эзэнтэй, буцах хаягтай, бас зохион байгуулалт сайтай байдаг.

Угаасаа олимпиад гэдэг ямархуу нэр хүндтэй зүйл байсан билээ. Доржийн хүү дүүрэг, нийслэл, улсын олимпиадад шалгаран оролцсон бол тэр хүүхэд угийн “гавал” байсны илэрхийлэл. Харин таны хүүхэд заавал түүнтэй адилхан байх албагүй. Олимпиад гэдэг нэрийн дор аль дуртай нь болсон, болоогүй нэг юм зохиодог, түүгээрээ “Манай сургуулийн сурагчид ийм сайн сурдаг, төдөн медаль авсан” гэх мэтээр пиар хийдэг болсон хуурамч тоглоомын золиосонд хүүхдээ өгөх хэрэг байна уу гэдгийг бодоод нэг үзээрэй.

 

Эх сурвалж: www.unuudur.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.