04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ЦАР ТАХАЛ ба БОЛОВСРОЛЫН САЛБАР

Цар тахал олон юм ѳѳрчилж байгаагийн нэг нь боловсролын хандлага мѳн. Ѳнгѳрсѳн жилийн эхнээс сургуулиудад хорио тогтоон, танхимын  сургалтыг онлайн сургалтаар сольсон нь сайн муу үр дагаваруудтай байгаа.

СУЛ ТАЛ НЬ:

- Oнлайн сургалт хүүхэд бүрт хүртээмжтэй бус, тэдний ахуйн байдлын ялгарал нь хүүхэд бүрт адил боломж олгохгүй байна.

-Танхимын сургалт хязгаарлагдсан энэ хугацаа хүүхдүүдийг сургуулиас холдуулж, сурах хүсэл сонирхлыг нь мохоож болзошгүй байна

-Онлайн сургалт нь зайнаас явагдаж буй болохоор сурагчдын мэдлэгийг хянах, тэдэнтэй тулж ажиллах боломж олгохгүй байгаа нь үр дүнг тодорхойлоход амар биш

ДАВУУ ТАЛ НЬ:

-Хүүхэд гэртээ олон цаг байгаа нь, тэднийг сайн суралцахад гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нь нилээд хэмжээгээр ойлгуулж байна

-Mэдлэгийг албадлагаар бус ухамсараар эзэмших ёстойг ойлгуулж, хүүхэд ѳѳрѳѳ бие даан суралцах арга барил руу чиглүүлж байгаа нь сайн тал мѳн

-Хэт хуарангийн хэлбэртэй танхимын сургалтын сул талыг мэдрүүлж, угаасаа шаардагдаж буй цахим сургалтын хэлбрийн давуу боломжийг мэдрүүлж буй

Ѳѳрчлѳгдѳж буй энэ хандлага нь Монголын боловсролын салбрын шинэчлэлд сайнаар нѳлѳѳлѳх боломжийг бий болгож байна хэмээн би лав олзуурхаж байгаа. Бид ужигарч хуучирсан боловсролын тогтолцоогоо эргэн дүгнэж, дэлхий нийтийн боловсролын тогтолцооны сайн үр дүн рүү шилжихээс ѳѳр сонголт үгүй. Нэгэн хэвийн уйтгартай хѳтѳлбѳртэй, танхимын анги дүүргэлт хэтэрсэн, багшийн ажлын ачаалал нь оновчтой бус, сургуулиудын бие даасан байдал хязгаарлагдмал учраас ѳѳр хоорондоо ялгарахгүй, багшийн болон салбрын үнэ цэнэ, үнэлгээ муу байгаагаас нэр хүнд нь унасан Монголын боловсролын салбрын шинэчлэлийг зориглон хийхгүйгээр сайн хѳгжлийн талаар мѳрѳѳдѳх ч боломжгүй гэдгийг бид ухаарч байна.

*СУРГУУЛИУДЫН БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ДЭМЖИХ ЁСТОЙ

Сургууль бүхэн багш нарынхаа мэдлэг чадвар дээр тулгуурлан ямар сургууль байхаа ѳѳрѳѳ сонгох боломж хамгаас чухал. Дээрээс томилогдсон захирлын ашиг сонирхолд зохицон ажилладаг бус, хамт олноороо хэлэлцээд ѳѳрийн сургуулийн стандартаа ѳѳрсдѳѳ тогтоох эрх чѳлѳѳ хэрэгтэй байна. Манай сургуульд ямар багш ажиллахыг,  ямар хэмжээний хүүхдүүдийг яаж хѳгжүүлэхийг, хэр хэмжээний тѳсвѳѳр хэрхэн ажиллахыг, сургуулийн менежмэнтийн бүтэц ямар байхыг, ажлын үр дүнгээ ямар аргаар хэрхэн тооцохыг хамт олон шийдэж байх үүрэгтэй. Мэдээж Улсын хэмжээнд тогтоосон стандарт хийгээд хууль дүрэм журмын хэмжээнд шүү дээ. Ингэх нь сургуулийн хамт олны оролцоог идэвхижүүлж, албадлагагүйгээр дотоод асуудлаа бодитойгоор, эрүүл хандлагаар шийдээд хѳгжих боломж мѳн.

*БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙГ СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ БОЛНО

Сургуулиуд ѳѳрсдийн стандартаа тогтоогоод эхлэх үед зайлшгүй санаа тавих асуудал  нь багш нарын мэргэжлийн мэдлэг, заах аргын ур чадвар болно. Сургууль бүхэн мѳрѳѳдсѳн сайн багш нараа гаднаас олж чадахгүй учраас, тийм багш нараа сургууль дээрээ ѳѳрсдѳѳ бэлтгэх нь хамгийн оновчтой шийдэл мѳн. Сайн багш дипломын үнэлгээгээр бус, суралцагсдад мэдлэгийг яаж сайнаар олгож байгаагаар хэмжигддэг юм. Багш нар сургууль дээрээ мэргэжлээ дээшлүүлэх маш олон боломж байгааг олж харан энэ тѳсвийг сургуулиудад нэмж олгох шаардлагатай. Нэг мэргэжлийн багш нар хэн нь ямар түвшинд байгааг харьцуулаад мэддэг, бие биенээ хүлээн зѳвшѳѳрдѳг болохоор, хамтдаа бие биенээ дэмжиж хѳгжүүлэхээс ѳѳр сонголт үгүй. Сурагчдаасаа, мэргэжлийн бусад багш нараасаа суралцаж хѳгжих боломж нь хамгийн оновчтой шийдэл юм. Энэ нь бие биенээ үгүйсгэх, удирдлагадаа таалагдахын тулд “хѳгийн зан” гаргах, элдэв хэрэгтэй хэрэггүй хов, хорноос холдох сайн арга мѳн. Мѳн багшийн хѳдѳлмѳрийн үнэлгээ, чанараас нь шалтгаалж их бага байхыг шийдэж болно.

*СУРАЛЦАГСДАД СОНГОХ БОЛОМЖ ОЛГОЁ

Суралцагсад сурах сургуулиа, хичээл заалгах багшаа, сургалтын арга барилаа ѳѳрѳѳ сонгох боломж олгож эхэлбэл сургуулиуд болон багш нарын хѳгжилд бодит түлхэц болно. Хэн нэгэн багшийг ямар ч сурагч сонгохгүй байх нь, эсвэл хэн нэгэн багшийг хэтэрхий олон сурагч сонгох нь чанарын шударга үнэлгээ. Эхлээд амаргүй байх авч, бүх сургуулиуд багш нар ѳѳрсдѳѳ бие даан хѳгжих хүсэл эрмэлзлэлийн эхлэл нь энэ байх болно. Бид ѳѳрсдѳѳ ч залхаад байгаа хуарангийн хэлбэртэй албадлагын маягийн сургалтын сул талыг бид ингэж л засна, ѳѳр сонголт үгүй. Үүний тѳлѳѳ БШУЯ бүх стандартуудаа шинэчилж, хүн бүхэнд ойлгомжтой болгох шаардлагатай болно. Түүнээс бүх багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх, сургуулиудаа аттестачлах, захирлуудаа солих гээд эхэлбэл тийм ч сайн үр дүнд хүрэхгүй л болов уу.

Цар тахлын үед шинээр орж ирж буй цахим сургалтын хэлбэр нь цаашид улам ихээр хѳгжих болно. Монголын шинэ үеийн хүүхдүүд цахим үйлчилгээг багшаасаа ч илүү ашигладаг болсон  ѳнѳѳ цаг үед энэ нь зайлшгүй үзэгдэл мѳн. Тэгэхээр БШУЯ энэ боломжийг хамгийн сайнаар ашиглах бодлого хэрэгтэй байна. Мѳн суралцагсдын хичээлээ сонгох, бие даан хѳгжих боломжийг энэ сургалт дээр ашиглах боломжтой. Хуучны эчнээ, оройн ангиудын орчин цагийн шинэчилсэн хэлбэр гэх үү дээ. Сургуулиудад цахим сургалтын танхим байгуулах, багш нараа бэлтгэх, хичээлүүдийн сэдвүүдийн дата бүрдүүлэх ажлууд эхний ээлжинд хийгдэх байх. Шинэ үеийн хүүхдүүд биднээс огт ѳѳр болж, бид тэдэнд гологдож байгаагаа хүлээн зѳвшѳѳрѳхѳѳс л шинэчлэл эхэлнэ. Тэгээд ч олон жилийн дараа үр дүн нь илэрдэг болохоор бид ѳнѳѳдрѳѳс бага гэлтгүй ѳѳрчлѳлтүүдийг хийх үүрэгтэй болж байна даа.

 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2021-02-01

Улаанбаатар хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.