04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Монгол хүний тэнгэрлэг ба Сэхээрлийн хувьсгал

Монгол хүн монгол эх орондоо үнэгүй болчихлоо “боолчлогдож” байна хэмээн хаа сайгүй ярьж бичиж байна. Яагаад Монгол хүн үнэгүй болчихов оо? Яагаад Монгол хүн малнаас хямдхан болчихов оо? гэсэн асуултыг хүн бүр л асууж, хариултыг нь хайж байна. Монгол хүн эх орондоо эзэн нь байх, нэгдүгээрт байх ёстой гэж ярьж, бичдэг ч үүнийг тэгээд Үндсэн Хуулиндаа тунхаглан заасна уу? гэсэн асуулт мөн л тавигдаж байна.

Хүн үнэгүй байсан үе бий. Хүн бурхны бүтээл гэсэн үзэл олон зууны турш үргэлжилж “хүн бол бусад амьтадтай адил бурхны бүтээл”, “хүний амьдралын төөрөг тавилан урьдаас зурагддаг”, “хүний амьдрал бол зовлонгоор дүүрэн” гэх шашны үзлүүд хүмүүсийг төөрөгдөлд оруулж, идэвхгүй амьдралыг номлож байсан.

Хүний дээр юу ч үгүй шүү дээ? Хэрэв байгаа юм бол олоод ир. Энэ хорвоо дээр хүнээс өөр гайхамшигтай юм байна уу? Нэрлээд өг. Надад үзүүл хэмээн зоригтойгоор хэлж, хүнээс дээр юу ч байхгүй, юу ч байж болохгүй хэмээн “хүний тэнгэрлэг” \human dignity\-ийг тунхагласан хүн бол Италийн Сэхээрлийн /Renaissance/ үеийн философич, хуманист Живанни Пико делла Мирандола /1463 – 1494/. Хүний тэнгэрлэг гэдэг нь хүнээс дээр юу ч үгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Түүний бичсэн “Хүний тэнгэрлэгийн дуулал” нэртэй бүтээлийг хүн төрөлхтөн “Сэхээрлийн үеийн Манифесто” хэмээн нэрлэдэг.

31-хэн настай залуугийн идей хүн төрөлхтнийг өөрчилсөн юм. Сэхээрлийн хөдөлгөөн /14-17 зуун/ шашны хатуу тогтсон үзлийг эвдэж хүн төрөлхтний сэрээсэн, сэргээсэн хөдөлгөөн байсан. Сэхээрлийн хөдөлгөөн урлаг, уран зохион, шинжлэн ухаан, улс төр, шашинд хүчтэй явагдаж эхэлсэн. Зураачид бурхан болон бурхны элчүүдээ зурхаас илүү хүнийг зурж, уран барималчид хүнийг бүтээж, яруу найрагчид болон роман бичигчид хүнийг магтан дуулж эхэлсэн. Энэ л үеэс Хүний Зөвүүдийн тухай улс төрчид ярьж эхэлсэн. Хүний тэнгэрлэгийг тунхагласан хүмүүнлэг хөдөлгөөн байсан.

Хүн л хорвоо ертөнцийн тухай бодож, огторгуйн нууцыг тайлсан. Хүн шинжлэх ухааныг хийж, хүн философиддог. Хүн бол бүхнийг бүтээсэн. Хүн  Египетийн пирамид, Энэтхэгийн Таж Махал, Хятадын Цагаан хэрэмнээс эхлээд АНУ-ын Эрх чөлөөний хөшөө, Парисын Эйфлийн цамхаг хүртэл, эзгүй талд байрлах хүн чулуунаас эхлээд хүн төрөлхтний шүтээн болсон Есүс Христ, Будда, Аллахыг хүртэл зохиосон бас бүтээсэн.

Хүн бурхны бүтээл биш харин бурхан хүний бүтээл. Бурхан гэдэг анхнаасаа хүний дотор буй дээд үнэтүүдийн симбол. Хүн эхийн хэвлийгээс төрөхдөө л өөрийн зан, чанартай төрдөг. Хүнд хайр байгаа, өрөвдөх сэтгэл байгаа, энэрэл байгаа мөн хүнд уур бухимдал, үзэн ядал, хорсол байгаа. Энэ бол хүний чанарууд.

Эдгээр зан чанартай учраас л хүн. Эдгээргүй бол хүн биш. Хүний ямар ч зан чанартай байсан “хүн” гэдэг утгаараа “тэнгэрлэг”. Тиймээс төр хүний “тэнгэрлэг” –ийг хүндэтгэж, хамгаалах ёстой. “Тэнгэрлэг”-ийн эсрэг ойлголт бол “боол”. Хэрэв хүн идэх хоол, өмсөх хувцас, орон байр, сургууль цэцэрлэгийн боловсрол зэргээр дутагдан, гачигдаж буй бол түүнийг “тэнгэрлэг” гэж дүгнэхгүй.

Энэхүү “тэнгэрлэг” байдлыг дэлхийн ардчилсан, хүмүүнлэг улс орнууд Үндсэн Хуулиндаа тунхаглаж, хамгаалалтандаа авдаг. Тэгэхээр аливаа улсын Үндсэн Хууль бол хүний “тэнгэрлэг” ба “зөв”/right/-ийг хамгаалахад л чиглэж, төрийн бодлого нь мөн үүнд зориулагддаг.

Харамсалтай Монголын Үндсэн Хуулийг хийгчид “тэнгэрлэг” гэсэн ухагдахууныг ойлгоогүйгээс болж монгол хүнийг “боол” болгочихжээ. Нэгэнт боол болчихсон үндэстэн юугаар бахархана вэ? Боолын амьдралаараа амьдарч байгаагаарай бахархаад байгаа юм уу? Ядуу байна уу эсвэл баян байхаас үл хамааран “хүн” гэдгээрээ бүгд “тэнгэрлэг”. Яагаад гэвэл “хүн” учраас. Үүнийг Үндсэн Хуулиндаа тунхаглачихсан бол Монгол хүн үнэгүй амьдрахгүй, боолчлогдохгүй байх байсан.

Монгол хүний “тэнгэрлэг”-ийг Үндсэн Хуулиар баталгаажуулаагүй учраас Монгол хүний дээр  Будда, Христ, Аллахаас эхлээд бөө, зайран улс төрчид нь заларчихаж. Монгол хүний төлөө байгуулагдсан байгууллагууд болох УИХ, ЗГ, Шүүх нь дээр нь гарчихсан “миний дээр хөх тэнгэрээс өөр юу ч үгүй” хэмээн тунхаглах нь Монгол хүнийг “боолчилж” байгаагийн илэрхийлэл. Зүйгээр бол “Миний дээр Тэнгэрлэг Монгол хүн байгаа” хэмээн зарлах ёстой байсан. Ингэж байж л Монгол хүн “тэнгэрлэг” байж чадна. Өөрөөр хэлбэл хүний дээр юу ч үгүй. Харин дээрээ төртэй, бурхантай, бөөтэй бол та “боол”.

Хүний “тэнгэрлэг”-ийг хүндэтгэдэг, хамгаалдаг  дэлхийн олон улсуудын Үндсэн Хууль эхлэхдээ л “Хүний Тэнгэрлэгт халдах ёсгүй” /Human dignity shall be inviolable./ тунхаглан эхэлдэг.

Ядуу, гуйлгачин, баян, танхай, хоригдол, биеэ үнэлдэг байх чухал биш хамгийн гол нь хүн гэдгийнхээ хувьд “тэнгэрлэг” гэсэн үзлийг хүлээж авч, ойлгоход хүн төрөлхтний хувьд тийм ч амар байгаагүй. Хүний тэнгэрлэгийг тунхагласнаар хүн үнэтэй болсон.

Хүн тэнгэрлэг бөгөөд зөвүүдтэй байсан цагтаа чөлөөтэй бөгөөд тэнцүү амьдарч чадна. Зөвтэй, зөвөөр амьдарч буй хүн жаргалтай бөгөөд амьдралаас таашаал авч, өөртэй итгэлтэй, өнгөрүүлсэн амьдралдаа харамсахгүй байж чадна.

Хүний дээгүүр зүйлсийг бий болгож Монгол хүнийг боолчилсноор, зөвийг “эрх” гэж хэрэглэж дураараа үйлдлийг цэцэглүүлснээр шалтгаалж Монголд хэзээ ч шударга ёс, чөлөөтэй байдал, тэнцүү байдал тогтохгүй. Хэзээ ч ардчилал тогтохгүй гэсэн үг. Ардчилал тогтохгүй гэдэг маань амгалан, жаргалтай, хамтач амьдрал тогтохгүй гэсэн үг. Тэнгэрлэг ба Зөв бол ардчилалын амин сүнс. Монгол хүний тэнгэрлэгийг хүндэтгэж, хамгаалж, Монгол хүний зөвүүдийг хүндэтгэж, хамгаалсан Үндсэн Хуулийг тунхагласан цагт Монгол хүн үнэтэй болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.