04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 6

5. Техник технологийн боловсрол
*Дархан хүн бурхан ухаантай.
Одоо судалж буй хичээлүүд: -Физик, Хими, Шугам зураг, Хөдөлмөр

Мэдэж байвал зохих зүйлс:
- Техник, технологийн үндсэн зарчим, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй байх
- Ахуйн цахилгаан хэрэгслүүдийг ашиглах чадвар (хөргөгч, угаалгын машин, аяга сав хатаагч, тоос сорогч, индүү, будаа агшаагч, цахилгаан зуух, шарагч г.м)
Техникийн болон барилгын зураглал, барааны тэмдэгт, зааврыг уншиж ойлгох чадвар
-Элдэв химийн гаралтай бүтээгдэхүүн, бодис, эм болон бусад эдлэхүүнийг мэддэг, түүнийг зөв ашиглах чадварт суралцах

Шигтгээ:
Жил гаран хөөцөлдөж байж, Гачууртад зуслангийн газрын зөвшөөрлөө авлаа.

Ирэх жил уг газраа аятайхан зуслангийн байшин барих санаа өвөрлөн, тэр хавиар болон хотоос хойд чиглэлд Шарга морьт, Хандгайт, Яргайт гээд л зуслангийн газруудаад яван байшингуудыг судалж үзлээ. Манайхан үнэхээр л гоё байшингууд барьдаг болжээ.
Үлгэрийн юм шиг орд харшаа байг, хирдээ л тохитой байшин барих бодлоор цаасан дээр зураг зурж суутал Бат манайд хүрээд ирэв.
Цай, идээ болсоны дараа Батад байшингийн зургаа үзүүллээ. Бат зургийг үзсэнээ над руу гайхан харж, та дунд сургуульд шугам зургийн хичээл үзэж байсан биз дээ? гэж лавлав. Би муухан инээж, яаж байна, муухай зурж уу? гэх аядав.

-Ядаж л план, фасад(нүүрэн тал)-ыг нь масштабаар нь гаргаад зурж болно шүү дээ.
-Яг үнэндээ ах нь зурахдаа муу. Манай ангид шугам зургийн хичээлдээ сайн 5-6 хүү байдаг байсан юм. Тэд нар л ангийнхаа бараг бүх хүүхдийн шугам зургийг нь хуваагаад зураад өгчихдөг байсан юм.
-Тэгээд багш нь мэдэхгүй юу?
-Мэддэг л байсан байх даа. Яалт ч үгүй тэр хэд онц аваад бусад нь сайн, дунд дүнг хуваагаад авчихдаг. Заримдаа багш зурсан, зуруулсан хоёрыг нь нэрлээд дооглож л байдаг байсан даа.
-Уг ньтэгэхэд л та сайн сурч байсан бол өнөөдөр ядаж л зуслангийн байшингийнхаа план зургийг гаргаж дөнгөчих байж дээ гэж Бат инээлээ.

Бид 2 оройжингоо сууж, бас нилээд хэдэн сэтгүүл ашиглан, би ч бас санаагаа нэмэрлэн байж зуслангийн байшингийн тойм зургаа гаргалаа. Аятайхан 2 давхар , өрөөнүүдийн байршил, Тасалгааны эзэлхүүн, цахилгааны монтаж, хаанаа залгуурууд, унтраалгууд байх, цонх нь хаашаа байвал, гэрэлтүүлэх тохиромжтой байх, таазны өндөр нам, аль өрөө ямар өнгөтэй байх, ямар тавилга авч тавибал тохиромжтой байх, шатны гишгүүр ямар байх зэргийг хүртэл Бат надад сайтар тайлбарлаж өглөө. Бат явахдаа надад хандаж,
-Та бид 2 тойм зураг л гаргалаа шүү. Та үүнийгээ бариад мэргэжлийн компаниудад хандсан нь дээр байх. Тэд танд бүх нарийн зураглал, тооцоо, судалгааг гаргаж өгөх байх. Нэгэнтээ л барьсных чанартай, олон жилийн эдэлгээтэй, бас тохитой байсан нь дээр биз дээ гэлээ.

Батыг явсаны дараа дунд сургууль, хүүхэд насаа дурсаж суухдаа, зөндөө л сонссон хирнээ ямар ч их зүйл сурч, ашиглаж чадаагүйдээ жаахан харамсав. Дээд сургууль төгссөн хирнээ би одоо хүртэл дэлгүүрт ороод цахилгаан бараа, хүнсний зүйл, хувцас худалдаж авахдаа. дагалдах техникийн болон ашиглалтын бичвэрүүдийг уншиж ойлгож чадахгүй л байна шүү дээ. Ямар ч оронд үйлдвэрлэгдсэн бай, тухайн бүтээгдэхүүний дагалдах бичвэрт байгаа схем эсвэл кодолсон тэмдэглэгээгээр л яж ашиглахыг төвөггүй ойлгодог болох боломж бий. Үүнийг л дунд сургуулийн шугам зураг, физик, химийн хичээлд судалж үзүүштэй юм даа. Нэг удаа манайх угаалгын шинэ машин аваад ажиллуулж чаддаггүй, хажуу айлын залуугаа гуйсанд, схемийг нь хараад бүгдийг ажиллуулаад тайлбарлаж өгч билээ. Эхнэр маань дэлгүүрээс авсан жимсний чанамал нь хугацаа дууссан байсныг мэдэлгүй, сүүлд нь дүү маань кодолсон тэмдэглэгээнээс нь мэдэж хэлж өгсөн.

Амт нь нэг л сонин байснаас үүдэж, дүү маань хэлж өгсөн хэрэг. Худалдаж авсан хувцсанд буй дагалдах бичвэрүүдээс л хими цэвэрлэгээнд өгч болох эсэх, хэр температурын усанд угааж болох эсэх гээд л бүгд тэмдэглээстэй. Бид бүгдээрээ л мундаг инженер химич болох албагүй ч бүгдээрээ л эцэг эх болж, гэр бүл зохиож ахуй амьдралдаа бүхий л техник, технологийн бүтээгдэхүүнийг өдөр тутам л хэрэглэж байна. Тэгэхээр л ерөнхий зарчмыг нь мэдэж, бичвэрүүдийг нь уншиж, ойлгож, бас ашиглаж сурах хэрэгтэй юм даа. Үүнийг одооноос л хүүхдүүдэд зааж, сургах нь дунд сургууль бас цэцэрлэгийн  үүрэг болох нээ.  Учир нь тэд ч бас ''хэрэглэгч хаан''.

Нийтлэлийг бичсэн Гaлaa (энэхүү нийтлэлийн эх сурвалж зөвхөн orloo.com -д харьяалагдана)
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.