04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 7

Хүйтэн бороонд нүцгэн гүйж, халуун элсэнд хөлийнхөө улыг жигнүүлж, шувууны өндгөнд сүүдрээ тусгахаас ч эмээж, сүү таргаараа хооллож өссөн бидний үейинхэн, хоосон эрдэм сурч, хол ойр аялаж явахдаа, нутгийн хэдэн өвгөдийн ''их хориг''-ыг дараа үедээ дамжуулж үлдээхээ мартсанаас л нутгийн минь лус савдгууд бидэнд ч, та нарт ч ''гомдсоор'' байан.
... Нэгэн амралтын өдрөөр би хэдэн найзынхаа хамт хөдөө салхилахаар явахдаа ятгасаар байж Батыг дагуулж явлаа. Намрын сайхан налгар өглөө эртлэн гарсан бид хэд Улаанбаатраас баруун хойно орших, хадаг ядар намирсан анхны овоон дээр саатаж, овоог 3-нтаа тойрон газраас чулуу түүж овоонд өргөөд ёс болгож 1 шил юм задаллаа. Хөөрч халсан бид хэд сулласан шилээ овоон дээр тавьж, чинэрсэн давсгаа овоон дээр суллаас цааш хөдлөхөд, уул усны тахилга овоо минь ''өө та нар ингэдэг шүү дээ'' гэж хошуугаа цорвойлгож гоморхох хайртай охины харцаар ард минь урвайж үлдлээ. 
 

Эхлэл... 

Байгаль-Экологийн Боловсрол
* Байгаль бол эхийн хэвлий, тиймээс хайрлан хамгаалахгүй байх аргагүй.
Одоо судалж буй хичээлүүд: Ургамал судлал, Амьтан судлал, Биологи, Газар зүй

Мэдвэл зохих зүйл: -Хүн байгалийн шүтэлцээ, амьтан ургамлын бүтэц, тэдгээрийг хайрлахын учир, газарзүйн тогтоц, цаг агаарын хувирал, байгалийн тэнцвэрийн талаархи мэдлэг;
- Байгальтай холбоотой ёс заншил, түүний утга учир, байгальтай харьцах, амьтдыг хайрлах, өсгөх гэх мэт ойлголтууд.
Байгаль-Экологийн Боловсрол
Намайг бага байхад зуны амралт эхлэв үү үгүй юу аав ээж 2 хөгшин аавынд аваачаад өгчихдөг. Завхан аймгийн баруун хэсэгт орших, говийн хэдэн сумын нэг болох Завханмандал сумд бага нас минь өнгөрсөн. Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сумдын нутгаар дамжин, Монголын их элсийг хөвөөлөн Хүнгүй гол урсана.
Алсаас харахад үелээд өрчихсөн ембүү мэт элсэн манхан нь шаргалтаад, нэг л их алтлаг өнгө, түүнийг эмжин урсах хүнгүй гол нь хадаг мэт, нийлээд л хадган дээр тавьсан алтан ембүү мэт байгалийн үзэсгэлэн, бас баялгийн бэлэгдэл мэт харагддаг сан.

Өдөрт хурга, тугал хариулангаа гол дээр өнжих, хааяадаа гол гаталж, элсэн манхан дээр авиран гарч, орой дээрээс нь нүцгэн өгзгөөрөө суун доошоо гулгахад ''онгоц'' мэт дүнгэнэн дуугарна. Өвөө эмээ маань ца ямагт хүүхэд биднийг хянан анхааруулж өгнө. Тэр л анхааруулгаас нь өнөө хир миний толгойд ''голын ус руу муухай юм хийж болохгүй, шээж болохгүй, хэрэв голын усанд цус оруулбал нүд чинь сохорно'' , ''гол булгийн эхнээс мод ургамал зулгааж тасдаж болохгүй, ээж нь үхдэг юм'', ''шувууны өндгөн дээр сүүдрээ тусгаж болохгүй, эх нь өндгөө голоод төмөр дөрөөг сэтэртэл хараадаг юм'', ''мал руу чулуу шидэж болохгүй буян заяа барагддаг юм'', ''Нүүхдээ буурин дээрээ хог үлдээвэл лус хилэгнэдэг юм'' гэсэн хоригууд нь мартагдахгүйгээр шингэж үлджээ.

Говьд хаа нэгтээ орох хүйтэн бороонд хүүхэд биднийг чармай нүцгэлээд, гүйгээд тэр довыг тойроод ир гэнэ, зуны 3 сар махны бараа харуулахгүй, өглөө босоод 3 сүү таргаа ид гэнэ, орой малаа хотлуулаад сүүгээ уугаад таргаа идээд унт гэнэ. Хааяа нэг боорцог, хэн нэгэнд хүндэтгээд хийж өгсөн борцтой шөлнөөс илүүчилж олдсон аяга шөл махассан бидэнд амттай гэж хачин. Сүү тарагнаас өөр юм идмээр байвч тэгэж өөрийн хүслээ дур мэдэн илэрхийлэх аргагүй. Халуун элсэнд ул түлэгдэх шахсан ч, хад чулуу, өргөсөнд хөл маань шалбарч, өвдсөн ч гутал өмсүүлэхгүй. Ингэлээ гээд муу юм болсонгүй, мах дандаа идэж ходоодоо муутгасангүй, гутал өмсөөгүй гээд сайн дархлаатай л болжээ. Энэ олон хоригонд өссөн болоод өнөөдөр хир барагтай бэрхшээлийг даваад гардаг, хүний өөдөөс гомдоллоод, уурлаад байдаггүй, бас хир баргийн өвчин хэлээд байдаггүй ''дархлаа'' үүссэн байдгийг л одоо анзаарч байна.

Дараа нь сургуульд ороод, цаашаа дамжаад дээд сургууль төгсөөд олон жилийн хойно нутагтаа очихдоо, хүнгүй гол минь бячан горхи болтлоо татарч, нутаг минь улам л цөлжиж, хүмүүсийн амьдрал, зүс царай гантай жилийн зун шиг баргар, өнгө алдаж, хахир болсныг хараад харамсах сэтгэл төрж билээ. Нутгаар жаахан аялахдаа, ''Хүйтэн чулууны худаг'', ''Таван ламын худаг'', ''Их буурал'', ''Бага буурал'' гээд  ярихад бараг л мэдэхгүй байгаадаа ичив. Энд төрж өссөн хирнээ нутгийн амьтан, ургамал, уул усаа ч нэрлэж мэдэхгүй, харин дунд сургуульд үзсэнээрээхаа байсан Австрали, Африкийн амьтан ургамлыг нэрлэж чаддаг би ер нь хэн болчихоо вэ? гэж тэрхэн зуур өөрийгөө голлоо. Өөрийнхөө өссөн төрсөн нутгаа мэдэхгүйдээ би, хэзээ ч очиж чадахгүй харь орны ургамал амьтны мэдлэгээрээ бахархаад ч яах билээ. Завханмандлынхаа шүтээн Хараатын дөрөлжийн суганд нь ургасан ''төгөл'' нэртэй хэдэн мод байх. Бидний багад энэ модыг огтолбол хүнгүй гол алга болно гэж сургадаг байсан хэдэн хөгшчүүлтэй хамт тэр хэдэн мод ч ''алга болж'', алтан ембүүгийн дэвсгэр хадаг хүнгүй гол минь сэмэрч урагдаад дуусах нээ.

Хүйтэн бороонд нүцгэн гүйж, халуун элсэнд хөлийнхөө улыг жигнүүлж, шувууны өндгөнд сүүдрээ тусгахаас ч эмээж, сүү таргаараа хооллож өссөн бидний үейинхэн, хоосон эрдэм сурч, хол ойр аялаж явахдаа, нутгийн хэдэн өвгөдийн ''их хориг''-ыг дараа үедээ дамжуулж үлдээхээ мартсанаас л нутгийн минь лус савдгууд бидэнд ч, та нарт ч ''гомдсоор'' байан.
... Нэгэн амралтын өдрөөр би хэдэн найзынхаа хамт хөдөө салхилахаар явахдаа ятгасаар байж Батыг дагуулж явлаа. Намрын сайхан налгар өглөө эртлэн гарсан бид хэд Улаанбаатраас баруун хойно орших, хадаг ядар намирсан анхны овоон дээр саатаж, овоог 3-нтаа тойрон газраас чулуу түүж овоонд өргөөд ёс болгож 1 шил юм задаллаа. Хөөрч халсан бид хэд сулласан шилээ овоон дээр тавьж, чинэрсэн давсгаа овоон дээр суллаас цааш хөдлөхөд, уул усны тахилга овоо минь ''өө та нар ингэдэг шүү дээ'' гэж хошуугаа цорвойлгож гоморхох хайртай охины харцаар ард минь урвайж үлдлээ.

Зам зуур энд тэндгүй тааралдах алтны ченжүүд болон компаниудын бололтой ухаад булалгүй орхисон хонхор, овоолго шороо, огтолсон моддын том том ёсоорууд, ширгэж бас булингартсан гол горхинцорууд бидний хөөр баярыг унтрааж орхилоо. Өдийг хүртэл онгон дагинаараа өвөг дээдсийн минь цус, нулимсны хүчээр бидэнд өвлөгдөж ирсэн Монгол газар шороо минь дайн тулаанд ч үзээгүй атлаа өнөө цагт ингэж зэрэмдэглүүлэх ч гэж дээ. Орой буцаж хот руу орж ирэх үед Бат ''Ингэхэд бид юугаараа бахархах болж байнаа'' гэж надад шивгэнэлээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.