03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 8

Гадаад хэлний боловсрол:
* Хэлтэй бол хөлтэй
-Монгол хэлнээс гадна англи, орос, хятад, франц, герман хэлнээс аль нэгийг сонгож, уг хэлээр ярьж бичиж сурах
-Тухайн хэлээр ярьдаг орнуудын түүх, хөгжил, газар зүй, соёл, хууль эрх зүй, төрийн талаар мэдлэгтэй болсон байх

Манай үеийнхэн орос хэлийг 4-р ангиас 10-р анги төгсөтлөө 7 жил судалдаг байлаа. Одоо үеийнхээр бол хүүхдийн ид сонирхолтой наснаас нь эхлээд 7 жил гэдэг уг хэлийг бараг л  төгс сурч болох хугацаа... Сүүлд УБДС-ийн Зургийн ангийнханы хувьд орос хэлний шалгалт хамгийн хэцүү даваа байлаа. 10 жил судалсан хирнээ хэдэн ''падеж''-аар үйл үгээ ялгалж мэдэхгүй, үгсийн баялаг байхгүй бид хэдээр орос хэлний шалгалт авч байгаа хэдэн багш нар зугаацаж өгнө. Нэг найз минь ''леточик летает'' гэж хэлээд л зогсоод байдаг, багш нар эг мадаггүй хөхөрсөөр байгаад л ''удовл'' гэж тавиад гаргана. Найз хөлс нь цувчихсан гарч ирээд книжкээ сарвайж ''ёх арай хийж нэг том даваа давлаа'' гэнэ. Үүнтэй төстэй нэг жишээ хэлье, зургийн нэг оюутан орос хэлний шалгалт дээр 2 унаад 3 дахиа өгөх болж. 

Энэ бол эцсийн даваа, үүн дээр унавал сургуулиас хасагдах байж, аргаа бараад мань эр орос хэлний ангийн гайгүй найзаасаа ''туслах''-ыг гуйжээ. ''За яахав чи хэдэн төгрөг өгчих юм бол би аргалахыг бодъё'' гээд шалгалт аваг багштай нь уулзаад УБ ресторанд хоолонд оруулж, бас ч жаахан юм ууж. ''Та цаадахаа зовоогоод яах вэ? Тэртээ тэргүй юу ч мэдэхгүй, ''дунд'' л тавиад өгчих, ямар орос хэлээр амьдрах биш уг нь зургийн мэргэжилдээ гайгүй юм шүү дээ гэжээ. Багш нь за яахав маргааш над руу явуулчих гэж, оюутан ч ирж, мань хүн ч нилээд юм асууж, оюутан ч бүлтэгнээд эг маг л гээд байх. Нилээд удаж удаж книжкэн дээр нь ''удовл'' гээд бичээд өгч. Мань хүн харин книжкээ харсанаа бөөн уур, нөгөө найздаа хандан ''Өөдгүй амьтан бэ? Муу юм бол муу л гээд тавина биз, очиж очиж ''удав'' гэж тавиад байхдаа яахав дээ гэж уурласан гэдэг. 

Хожим хойно наймаа болон бас бус ажлаар Орос оронд явж, хөгжим, урлаг соёлын бүтээлүүдийг нь харан гайхан биширч явахдаа орос хэлний хичээлээр тэр ''падеж''-ийн оронд Орос орны тухай, хөгжил, урлаг, соёл, зан заншлыг нь заасан бол олон хүн сайн сурах байж дээ гэж бодож билээ. Мэдээж зургийн ангийнханд Оросын зураачдын бүтээлүүдийг оросоор нэрлүүлж байсансан бол ''Леточик летает'' гэдгийн оронд, Айвезовскийн 'Девятыи вал'' гэж илүү үнэмшилтэй хэлэх байсандаа. Магадгүй тэрхэн үед бид яах гэж орос хэл сурах естойгоо ухамсартайгаар ойлгоогүйгээс албадлагаар л ''сурах'' гэж ''оролдмор аядсаар'' төдий л үр дүнд хүрээгүй нь олонхи байхаа. Өнөө үед Монгол орон маань хөмөрсөн тогооноосоо гарч, гадаад ертөнцөд нээлттэй болсон нь гадаад хэл сурах нь ''албадлага'' бус ''хэрэгцээ'' болсон нь харагдана. Бат англи хэл, орос хэлээр сайн ярьж, сайн ойлгоно, бас орчуулга ч сайн хийнэ.

Тэр хирээрээ Орос, Англи, Америкийн тухай тэдний хөгжим, ёс заншил, түүх дурсгалт газруудын тухай өргөн мэдлэг нь намайг бишрүүлдэг юм. CNN, BBC сувгаар мэдээнүүдийг англиар үзэж сонсдог болохоор мэдээллийг маш хурдан авсан байдаг нь алив юмныг харьцуулан дүгнэлт хийхэд илүү хялбар болгодог бололтой. ''Бид 2 их гүрний дунд байгаа болохоор аглиас гадна орос хятад хэлийг ядаж ойлголцох хэмжээнд сурсан байх хэрэгтэй'' гэж ярина. Нээрээ л бид дор хаяж, хойд хилээрээ Оросын Хиагт, Наушки, урд хилээрээ Эрээн, Хөх хотод чөлөөтэй зорчиж байгаа болохоор очоод л дохиж зангаад байлтай биш ойр зуур ярьж ойлголцдог болохоос аргагүй юм.  Энэ чинь л хөгжил дэвшил рүү хөтөлж байгаа хэрэг шүү дээ гэж бодогдоно. Гэтэл одоо залуучууд зөвхөн англи хэл гэж хушуурцгаах болжээ.Харин хэл сурах, эзэмших гэдгийн хооронд асар их ялгаа байдаг болохоор илүү их тэвчээр, нөр их хөдөлмөр шаардагдах байх даа. Харин урд хөршид цагаан хэрэм, хойд хөршид Байгаль далай байгаа болохоор бид бас ч гэж азтай л хүмүүс.    

Г. Галбадрах 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.