04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Миний хүүхэд нас ба мөрөөдлөө хэрэгжүүлэхэд Монголын төрөөс үзүүлсэн дарамт

Би 1990 онд төрсөн. Намайг Эрдэнэбатын Энхтүвшин гэдэг. Манайх СХД-ийн 14-р хороонд 1-р хорооллын 12-р байранд амьдардаг тул би СХД-ийн 86-р сургуулийг 2007 онд төгсөөд Шанхай хотын Тунжи Их Сургуулийн хятад хэлний бэлтгэл ангийг төгсөөд одоо энэ сургуульдаа мэдээлэлийн технологийн чиглэлээр үргэлжлүүлэн 3-р дамжаанд суралцаж байна. Энд суралцах бол тийм хялбар биш боловч бэрхшээлийг давахаар чармайж байна. Хамгийн анхны хүндрэл бол миний жилийн нийт зарлага 11 сая төгрөг болдог. Би эцэг эхийнхээ эдийн засагт ийм хүндрэлийг жил болгон үзүүлж байна.

Өнөөдөр гадаадын улс орнуудад 200 мянга гаруй Монгол хүн амьдарч сурч байгаа юм байна. Үнэхээр эх орондоо ажиллах юмуу сурах боломж нь байсан бол тэд яах гэж харь орныг зорих билээ. Бидэнд эх оронд минь амттай биш байгаа учраас л гадаад орны амтыг эх орондоо авчрах гэж ийнхүү түмэн зовлонг туулж байгаа шүү дээ.

Хилийн чанад дахь Монгол улсын иргэдийн улс орны бүтээн байгуулалтанд ороцоход дэмжлэг үзүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын 2010 оны 250 дугаар тогтоолоор баталсан явдалд Монгол хүн болгон баяртай байна.

Сонин хэвлэлээс авсан мэдээлэлээр бол энэ эссэнд гадаадад суугаа монголчууд бид эх орныхоо хөгжил цэцэглэлд оюуны ямар хөрөнгө оруулалт хийж хувь нэмрээ хэрхэн оруулах вэ гэсэн бүтээлч шинэ санал, санаачлагаа эссэ бичлэгээр дамжуулан төр засагтаа хүргэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм байна.

Гэвч Монголын төр засаг өнөөгийнх шигээ байвал ямарч сайхан санаачлага тэнд соёолон ургахгүй гэдгийг шууд хэлэхийг хүсэж байна

Миний хувьд гэвэл би зөвхөн баклавар л болох гэж явна. Ингэхээр миний санал санаачлага гэвэл оломгүй далай болсон олны санааны дусал төдий байж ч чадахгүй. Гэсэн ч би энд сурахаар ирэхдээ амьдралдаа тодорхой зорилго тавьж ирсэн. Энэ нь миний бяцхан нууц бөгөөд би тэр нууцаа 500 000 төгрөгөөр хэн нэгэнд шууд дэлгэмээргүй байна.

Харин тэр зорилгоо биелүүлэхээр эх орондоо ирэхэд авилга, хүнд суртлаас эхлээд миний төсөөлснөөс үлэмж хүнд бэрхшээл учрах юм байна гэдэг нэгэнт ойлгомжтой болоод байна.

Иймд би энэхүү эссэний агуулгыг 2 талтай болгон бичье. Амьдралынхаа зорилгын агуулгыг болон түүний эх орны хөгжилд үзүүлэх ач холбогдлыг цухас дурьдая. Нөгөө талаасаа сайн засаглал байхгүй бол сайхан зүйлс нутагших боломжгүйг сүүлийн 20 жилийн амжилт ололт, алдаа эндэгдлээр жишээ болгон бичье

Харин бидний санал санаачлагаас илүүтэйгээр түүнийг өлгийдөж авах өлгийг яаж цэвэрлэх вэ гэдэг асуудал илүү ач холбогдолтой болоод байна.

Яагаад би БНХАУ-ын Шанхай хотод Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа юм бэ?

Манай хоёр орон өнө эртнээс зэрэгцэн оршсон, түүхийн урт хугацааны мөнхийн хөршүүд билээ. Бидний хэн маань ч энэ нутаг дэвсгэрээсээ нүүхгүй гэдэг нь бодит үнэн билээ.

Манай хоёр орны найрамдал хамтын ажиллагаа миний төрсөн 1990 оноос хойш бүх талаар амжилттай хөгжиж байгаад би хувьдаа баяртай байдаг

Миний эцэг эх хятад хүмүүсийн ажилсаг хөдөлмөрч чанар, тэвчээр хатуужлийг магтан сайшааж, маш олон зүйлийг иш үндэс болгон тэднээс үлгэр жишээ авахыг ах бид хоёрт үргэлж сургадаг юм. Тухайлбал цөлжилтийг сааруулах чиглэлээр БНХАУ-д хийгдэж байгаа ажлуудыг тэд үргэлж бахархан ярих дуртай. Мөн хоорондоо 10-аадхан км-ийн зайтаа байгаа Эрээн хот, Замын-Үүд хоёрын хөгжлийн хурдны зөрүүг үлгэр жишээ болгох дуртай.

Миний үзэж байгаагаар одоогийн байдлаар эдийн засаг, цэрэг арми, сансар судлалын салбарт БНХАУ тэргүүлэх хандлага илт ажиглагдах боллоо.

Хятад хүн сансарт ниссэн, 2008 оны Бээжингийн олимпийн наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцсон зэрэг баярт мэдээллүүд нь манай ард түмнүүдийн найрамдал, хамтын ажиллагааны нэгэн тод жишээ мэт хүмүүст ойлгогдож байна.

Ойрын ирээдүйд 10 жилийн дараа биш юмаа гэхэд 20 жилийн дараа дэлхийн хамгийн хөгжингүй гүрэн БНХАУ болно. БНХАУ дэлхийн хөгжлийн төв болно.

БНХАУ социалист, капиталист нийгмийн дундаас хэрэгтэй зүйлүүдээ олоод авчихсан учраас амжилттай хөгжиж байна. Тухайлбал ДНБ-ний хэмжээгээр 2003 онд 80-д байсан бол 2004 онд эхний 10-д орж, 2005 онд Их Британийг, 2007 онд Германийг, өнгөрсөн оны 6-р сард Японыг гүйцэж түрүүлсэнээр АНУ-ын дараа орж байгаа ба 2012 онд АНУ-г гүйцэж түрүүлэх бодлого баримталж бна. 10 жилийн дараа гэхэд Америкаас түрүүлээд цойлох нь тодорхой болоод байна. Хятад сүүлийн жилүүдэд хямд төсөр ажиллах хүчинд тулгуурласан эдийн засгаас робот, технологи шинжлэх ухааны ололт амжилт шингэсэн аж үйлдвэрлэлд эрчимтэй шилжиж байна.

1978 онд Дэн Сяо Пинийг Хятдад эдийн засгийн шинэчлэлийг эхлэж байхад барууны эдийн засагчид Хятадыг Капитализм л аварна гэж байсан бол өнгөрсөн жилүүдэд болсон дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед тэд Капитализмыг Хятад л аварна гэж үзэж байв.

Өнөөдөр Монгол оронд БНХАУ-д улсад үйлдвэрлээгүй юмуу БНХАУ-аар дамжаагүй бараа гэж байхгүй болоод байна.

Дэлхийн хөгжил цэцэглэлтийн голомтод ажиллаж байгаа олон хятад хүн шинэ технологи, шинэ мэдлэг өвөртлөн эх орондоо ирж байна.

Ирээдүйд БНХАУ-ын ажиллах хүчний нөөцийг, Монголын байгалийн эрдэс баялагтай хослуулан бид дэлхийн эдийн засагт өөрсдийн байр суурийг бэхжүүлж чадна.

Монгол Улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтийн баталгаа нь манай хөрш БНХАУ-ын хөгжил дэвшил юм. Бид хөрш улсынхаа хөгжлийг дагаж хөгжинө.

Иймд би дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцрохгүй байхын тулд хятад хэл, соёлоос суралцах, Хятад орны тухай сайн мэддэг байх зайлшгүй шаардлагатай.

21-р зуун мэдээллийн технологийн зуун гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Иймд би мэдээлэлийн технологийн чиглэлээр суралцаж байна. Өнөөдөр дэлхийн аутсорсингийн зах зээл дээр 100 тэрбум доллорын ажил байнга эргэлдэж байна. Үүнээс Монголчууд 100 сая долларын ажил авах бодит боломж байгааг ч ашиглаж чадахгүй байна. Жил бүр Монгол улсад 10 сая ам.доллар орж ирэх эрх зүйн болоод бусад орчныг би сургууль төгсөж очоод бүрдүүлнэ. Энэ бол миний эх орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр минь болох юм.

Намайг төрснөөс хойшхи 20 жилийн хугацаанд Монгол улс ямар амжилт олов. Манай иргэдийн оюуны боломж ямар вэ?

1990 оноос хойш манай улс нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоотой парламент ёс руу, үзэл сурталжсан нийгмээс чөлөөт ардчилсан нийгэм рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу харилцааны зарчмын хувьд шилжилт хийлээ.

Өмчийн олон хэлбэр, хэвшил бий болж хувийн өмч хуулиар хамгаалагдсан. Одоо ДНБ-ны 70% орчмийг хувийн хэвшил бүтээж , зөвхөн Оюу толгой компанид гэхэд л 2420 компани бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж байна. Иргэдийн дийлэнх бэлэнчлэх сэтгэлгээг орхиж, хөдөлмөрлөж амьдрах ухамсартай болсон.

Сүүлийн жилүүдэд хатуу хучилттай зам 2824 км болж, 2,4 дахин өссөн. Өнөөдөр үүрэн телефоны хэрэглэгч 2,3 сая болов.

Монгол хүний бие бялдар, билэг оюуны үнэлэмж дэлхийн давцанд гарлаа. Спорт урлагийн салбарт олимп, тив дэлхийн аварга олон төрлөө. Монгол хүн оюун ухаан мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөж, нэр хүндтэй үйлдвэр компани, урлаг, соёл, шинжлэх ухааны байгууллагад уригдан ажиллаж, олон улсын хөгжилд хувь нэмэр оруулж байна. Монголын компаниуд дэлхийн зах зээлд гарч, Монголын гэсэн нэртэй олон брэндүүд бий боллоо.

Энэ хугацаанд Мянганы зам, бүсчилсэн хөгжил, атрын 3-р аян, хөгжлийн цогц бодлого, жижиг дунд үйлдвэрлэл, хүний хөгжил гэх мэтийг урьдаа барих практик зорилт болгон хэрэгжүүлж байна.

Улс орон цэцэглэн хөгжихөд газар нутгийн том жижиг, газрын баялагийн их бага, хүн амын олон цөөн хамаарахгүй, харин хичээнгүй шаргуу ажиллах хүчийг нийгмийн бүхий л салбартаа зөв байршуулах боловсролын бодлогоос хамаарах болоод байна.

Бидний эргэн тойрон 1,3 тэрбум хятад хүн, 140 сая орос хүн амьдарч байна. Энэ олон хүмүүсийн дундаас Монгол хүнийг яаж илүү өрсөлдөх чадвартай байлгах вэ гэвэл Бид хөрөнгө, хүч чадлаар энэ улсуудтай өрсөлдөж чадахгүй, харин чанартай өрсөлдөх чадвартай боловсролтой Монгол хүнийг бий болгож чадвал өрсөлдөөнд хоцрохгүй.

Монголын олон залуучууд гадаадын их дээд сургуулийн магистрантур, доктрантурт амжилттай суралцаж байгаа. Шинжлэх ухааны доктор Б. Сүхбаатар, Б. Пүрэвтогтох нарын намтар Америкийн намтар судлалын хүрээлэнгээс гаргадаг “Great Minds of the 21st century” 21-р зууны суут ухаантнууд хэмээх 21-р зууны шилдэг 1000 хүний намтар хэвлэх номонд, Б. Пүрэвтогтохын намтар Англи улсаас эрхлэн гаргадаг “Top 100 Scienstistists – 2008” 2008 оны тор 100 эрдэмтэд номонд тус тус шалгарч байв.

Хамгийн сүүлчийн жишээ гэхэд өнгөрсөн сарын 20-30-нд Грекийн Порто Каррас (Халкадике) хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн шатрын холбооны их мастер (WFM) Д. Номин-Эрдэнэ алтан медаль өвөртлөн ирлээ.

Монгол улсаас спортын салбарт олон олимп, тив дэлхийн аваргууд төрж, Японы мэргэжлийн сумод манай хөвгүүд амжилттай хүч үзэж, соёл урлагийн салбарт ч их амжилтыг гаргасан Монголчууд олон байгаа билээ. Би дээр зөвхөн эрдэм шинжилгээний салбарт гаргасан амжилтаас ишлэл авав.

Суут ухаантнууд урлаг соёл бизнесийн элитүүд оюун сэтгэлгээний чадвар өндөртэй, үүнтэйгээ холбоотойгоор сонгодог урлагийг илүү ойлгодог мэдэрдэг байна. Энэ нь ч эргээд оюун ухаан сэтгэх чадварт нь сайнаар нөлөөлдөг үүнийг Б.Шарав, Н.Жанцанноров нарын жишээ нотлоно.

2002 онд Монгол хүний оюуны чадавхи 98 нэгжтэй тогтоогдож дэлхийн 200 гаруй улс орны 21-д орж байсан бол 5 жилийн дараа 9-р байрт орсон. Оюун ухааны өлгий нутагт амьдардаг том тархитай, дундаж өндөртэй, шар үстэй, Чингис хааны Y хоромсомтой , хөх толбот монголчуудаас 21-р зууны агуу суутан төрөх боломжтойг олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаанууд харуулж байна.

Уул уурхай, эрчим хүч, төмөр замын самбарт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих гэж байгаатай холбогдуулан 2010-2015 онуудад 40 000 гаруй ажлын байр шинээр бий болохоос 6000 гаруй инженер техникийн ажилтан шаардлагатай байгаа ажээ. Үүнтэй холбогдон өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт ажилах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэнэ.

Намайг төрснөөс хойшхи 20 жилийн хугацаанд Монгол Улс ямар ухралт хийв . Монголын 200 000 иргэн яагаад нутаг орноосоо дайжив.

Сүүлийн 20 жилд Монголын төрөөс тавьсан зорилго, бодлого авч хэрэгжүүлсэн ажил үйлс, гаргасан үр дүнгээр нь авч үзвэл дээрх амжилтууд байгаа хэдий ч ухралт зогсолт зонхилсон он жилүүд байв.

Сингапурын төрийн зүтгэлтэн Ли Гуан Яаогийн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” номонд колончлолоос дөнгөж ангижирсан байгалийн ямарч баялаггүй, бараг ундны цэвэр усгүй шахам орон 1959-1990 оны хооронд дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг болсон амжилтыг багтаажээ.

Казахстан улс 15 хан жилд нийслэлээ төв рүүгээ нүүлгэн шилжүүлээд орчин үеийн том хот болгочихлоо энэ хооронд монголчууд юу бүтээв. Монголчууд нүүдлийн соёл иргэншлийн зэрэгцээ суурин соёл иргэншлийг хөгжүүлж ирсэн. Гэвч өнөөгийн манай нийслэл хот 21-р зууны хот байгуулалтын гайхамшигийг нотлон харуулж чадсангүйгээр барахгүй амьсгалах агааргүй, явах замгүй, бараг ногоон байгууламжгүй ур хийц муутай барилгын бөөгнөрөл болов.

1973 онд Хойд Солонгосчуудаас дор түвшинд амьдарч байсан Өмнөд Солонгосчууд 1990 он гэхэд дэлхийн хамгийн хөгжингүй 10 улсын тоонд орсон байв. Ингэхээр сүүлийн 20 жилд манай эрх баригчид зөв бодлого баримталж, биднийг зөв жолоодсон бол бид бас ийм амжилтыг үзүүлж чадах байсан гэж дүгнэж байна.

Социализмын үед хүний хөдөлмөрийг үнэлдэг, нийгмийн сэтгэл зүйг дээш нь өргөдөг байсан. Тэр үед улс орныхоо ирээдүйд итгэх итгэл дүүрэн байсан хэмээн аав ээж маань ярьдаг юм. Одооны энэ цаг үед ийм өөдрөг үзэл , хөдөлмөрийг дээдлэх итгэл үнэмшил дутагдаж байна.

Ингэхээр өөрийнхөө амьдарч байгаа цаг үеийг бодитойгоор харвал ямар вэ? гэж санаад шинэхэн үеийн түүхийн бодит байдлыг дүгнэн тоо баримттай болгож бичлээ

Улсын үйлдвэрийн газрууд, мал сүрэг, орон сууц, газар өмчлөх шийдвэрүүд гарсан. Харамсалтай нь хувьчлалыг оновчтой хийж чадаагүйгээс социализмын их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон олон үйлдвэр аж ахуйн газрын үйл ажиллагаа зогсож, олон зуун барилга байгууламж хоосон балгас болж зарим нь устаж үгүй болсноор олон арван мянган ажилчин, албан хаагчдыг ажил хөдөлмөргүй болгосон, ядуурал улам нүүрлэсэн. Өнөөдөр манай хүн амын 40 % ядуу амьдарч байгаа мэдээ байна.

Газар тариалангийн объектууд, ХАА-н нэгдлүүд татан буугдаж худаг ус хашаа хороо тоногдон сүйрч эргээд нөхөхөд хүндрэлтэй томоохон хохирол учирав.

Хөдөлмөрийн насны ажиллах хүчээ бүрэн ашиглах боломж бий болгож чадаагүйгээс ажилгүйдэл ядуурал буураагүйн дээр ойролцоогоор 2-3 зуун мянган хүн гадаад орнуудад сурах ажиллах нэрээр алга болсон. Одоогоор 40 316 хүн идэвхтэй ажил хайж байна.

Байгаль орчны доройтол газар авч байна. 2009 оны байдлаар 18 аймгийн 57 орчим сумын 100 гаруй цэгт 35 100 хүн гар аргаар эрдэс баялаг олборлож байна. Төрийн бус байгууллагуудын мэдээгээр энд 100 00 гаруй хүн байгаа гэж үздэг.

Монгол улс 1990 оноос хойш 1,8 тэрбум доллорын зээл авсан. Олон улсын байгууллагын аргачлалаар ДНБ-д эзлэх өрийн дүн 40 %-иас дээш байвал аюултайд тооцдог бол манайх 27 %-тай байна. Гадаад орнуудад төлөх өр зээл ингэж ихэссэн боловч шинээр бий болгосон бүтээн байгуулалтын өгөөж байхгүй ийм л он жилүүд байв.

2000 онд улсын нийт төсөв 460 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 3 их наяад болсон байна. Гэвч эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг зөвхөн газрын доорхи баялагаа бусдад найр тавих замаар л бий болгож байна. Гадаадын улс орнууд Монгол орны баялагт төдийгүй түүнийг сул хүртэх боломжинд асар их шунаж байна.

Экспорт импортын тэнцлийг хангах нөхцөл бүрдүүлсэн дорвитой бүтээн байгуулалт юу ч хийсэнгүй.Монголчууд 40 сая малтай байхдаа гадаадаас 2000 т сүү, 100 т цөцгий импортоор үүндээ авч зургаан сая ам доллор төлдөг

1,2 сая га эргэлтийн талбайтай бид өнгөрсөн жил 70 000 тонн улаан буудай, 50 мянган тонн гурил худалдан авч 35 сая ам доллор зарцуулсан байна.

Манай газар нутаг дээр 119,02 сая тонн газрын тосны нөөц илрүүлсэн нь Монголчуудын 40-50 жил хэрэглэх нөөц юм. Гэтэл жил бүр ОХУ-д түлшний үнэнд 2 тэрбум ам доллор төлдөг.

Ингэхдээ өөрсдийнхөө олборлосон 80 000 тонн түүхий нефтийг тонныг нь 100 хүрэхгүй ногооноор БНХАУ-д зараад 1 тонн бензинийг 1000 ам доллороор ОХУ-аас авдаг.

Дэлхийн зах зээлд тонн нүүрсний үнэ 130 ам доллор байхад бид жилд 10 000 000 тонн нүүрсийг тонныг нь 50 ам доллор хүрэхгүй үнээр өгч байна.

Энэ жил 4 тонн алт экспортолсон нь дэлхийн зах зээлийн ханшаар 160 сая ам доллор болох ёстой атал гаалийн мэдээгээр 132 сая ам доллор байна.

Энэ бүхнээс харахад бид өөрсдөдөө байгаа дотоод нөөц бололцоогоо огт ашиглаж чадахгүй байгаагийн дээр арилжаа худалдаанд ч суралцаж чадсангүй.

Хөрөнгө санхүүгийн ямар ч хуримтлал бий болгоогүйн дээр зөв зохистой хуваарилалтыг хийгээгүйгээс баян ядуугийн ялгаа ихэссэн.

Нийгэм-эдийн засгийн шударга ёсны хүсэмжлэлд хариу өгч чадахгүй байна.

Монгол төгрөгийн ханш хэдэн зуу дахин унасан. Бүхэлд нь авч үзвэл хөгжлийн түвшний индекс одоо хир нь доогуур байна. Монгол улс хүний хөгжлийн индексээр 1986 онд 55 орж байсан бол одоо 114-р байранд байна.

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1990 оноос хойш буурсаар 2005 онд л анх 1989 оны түвшинд хүрсэн.

Хүмүүжил ёс суртахууны доройтлыг зохих ёсоор залруулж чадахгүй байна. Монголд сүүлийн 5 жилд 1600 хүн архины шалтгаанаар амь үрэгдсэн бол хот хөдөөд 25 000 архаг архичин толгой гудайлган тэнэж явна. Монголын нэг иргэнд 9,2 л архи ноогдож байна.

Хот хөдөөгийн олон хүүхэд сургууль завсардаж, нийслэлд гудамжны гэх хүүхдүүдийн нэгэн давхраа үүссэн төдийгүй нийгэмд оюун санааны хомсдол бий болсон.

Бид ингэж түүхэн ухралт хийсэн төдийгүй дэлхийн соёлт хүн төрөлхтөнөөс аль эрт хаягдсан заль мэх, шударга бус байдал, янхандалт, хээл хахууль, харилцааны бүдүүлэг соёл бидний амьдралын ердийн хэмнэл болоод байна. Монгол хүний өсөн бойжих хөрс ийм муу байвал хичнээн өөрчлөлт, дорвитой шинэчлэл хийгээд ч хогийн ургамал ургасаар байх болно.

Тэгвэл сэхээтэн нь нийгмийн оюун ухааныг соёл ёс суртахууных нь хамт тээж явдгаараа нэн онцгой субъект юм. Соёл боловсрол, ёс суртахуун, үнэнч шударга, хүнлэг эрхэм чанараараа ард түмний өмнө үлгэр загвар нь болж маш өндөр үүрэг хариуцлага хүлээх ёстойг манай өнөөгийн төрийн албан хаагчид ухаарахгүй байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын захын дүүргүүдэд хөдөөнөөс хот руу нүүж ирсэн 15 000 өрх айл төрийн албан хаагчдын авилга хүнд суртлыг давж иргэнийхээ наад захын эрхийг эдэлж чадахгүй, авсан газаргүй хаяг бүртгэл байхгүй, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй, үр хүүхэд нь сургуульд хамрагдаж чадахгүй байна.

Тэгвэл ирээдүйд бид яах вэ?

Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэх, ардчилалыг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмэрээ оруулах эрмэлзлэл залуу хүн бүрт байгаа ч энэ хүсэл эрмэлзлэлээ бодит ажил болгон хэрэгжүүлэхэд миний амьдралын дадлага туршлага хангалттай биш гэж үзэж байгаа тул зөвхөн дараах саналуудыг тавьж байна.

1. Хэдэн мянган хуульчтай Монгол улсаас “Алтан Дорнод Монгол” компани Олон улсын арбитрын шүүхэд хандаж Монгол Улсын засгийн газраас 500 сая ам доллор нэхэмжилээд байгаа хэргийг өмгөөлөх шүүгч Монголоос олдохгүй байгааг бодоод үз дээ. Монгол улс олон улсын хэмжээний маргаанд бүрэн бие даан оролцох хэмжээнд хүрээгүй, мэдлэг ур чадвар туршлага, англи хэлний мэдлэг, боловсон хүчний хангамж гээд олон талаар бэлтгэгдээгүй байгаа учраас АНУ-ын “Миллбанк”, “Твийд энд Маклой” хэмээх өмгөөлөлийн пүүсд 5 тэрбум төгрөг төлөөд өмгөөлүүлж байна.

Монгол улс байгаа цагт улсын болон иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал байнга л гарах болно. Үүнд дандаа гадны өмгөөлөгч авах нь хохиролтой. Тухайлбал Монгол Улсын Үндэсний аюлгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Хурц Англи улсад хоригдсон хэргийг бас л гадны өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхээр болсон байна. Өмгөөлөгчид нь цаг тутмын тарифаар төлбөр хийхээр болж байгаа юм байна. Ийм зүйлсийг жижиг гэлтгүй анхаараач. Далай дуслаас бүрддэг гэдэг шүүдээ.

2. Монгол орны эдийн засаг импортод суурилж байна. Ихэнхдээ хоёр хөршөөсөө маш их хамааралтай байгаа учраас эдийн засгийн хэврэг бүтэцтэй байна. Ямар нэгэн хүндрэл гармагц компаниудын үйл ажиллагаа доголдож, мөнгө төгрөгөөр гацдаг.

Бизнесийн төлөвлөлт, түүнийг цааш яаж авч явах вэ гэсэн алсын хараа олон улсын стандартаас хол хоцорч байна. Манай үйлдвэрүүд зөвхөн дотоодынхоо хэрэгцээг л хангадаг.

Тэгвэл дотоодод үйлдвэрлэж бий болгосон бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргаж борлуулах бизнесийн сэдлийг олох хэрэгтэй. Ингэж гадаад зах зээлд өрсөлдөж чадах компанийг өрсөлдөх чадвар сайтай гадаадын улс орнуудын бизнесийн орчныг судлаж, шинэ технологи, ноу хау эзэмшсэн мэргэжилтнүүд удирдах ёстой.

3. Өнөөдөр дэлхий нийтээрээ “Green Economy Initiative” гэсэн хөгжлийн модель гарган ирж энэ чиглэл рүү хандаж байхад манай улс төрчид нэг хүнд ногдох цэвэр агаар, газар нутаг, ус гэх мэт экологийн амин чухал үзүүлэлтүүдийг анхаарахаасаа илүү нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг л анхаарч байна. Цөлжиж байгаа газар нутаг, ширгэж байгаа гол мөрнийхөө талаар хий ярихаас хийж бүтээсэн зүйл ховор байна.

4. Түүнчлэн хүнсний салбараа гадны импортын хараат байдлаас гаргаж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар хүн ардынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулах хэрэгтэй.

Гадаад орнуудад сурч ажиллаж амьдарч буй залуучуудад итгэл үнэмшил өгч, зүрх сэтгэлд нь нийгмийг өөрчлөх галыг бадрааж буй Та бүхэнд амжилт хүсье.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.