04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Моринд хайртай муслим бүр Монголд очих хэрэгтэй

Би Хятадад сураад хоёр жил болж байна. Манай сургуульд маш олон араб зүгийн оюутнууд бий. Тэд надаас хамгийн түрүүнд –Чи морь унаж чадах уу? Морьтой юу? Танайд хүн болгон морьтой, бүгд морь унаж чаддаг гэж үнэн үү? Нэг морь ямар үнэтэй вэ? Би танай улсад очвол морь унаж болох уу?… гэж асуудаг юм.

Маш олон араб залуугийн мөрөөдөл нь хээр талд морь унаж давхих, бүр “даварвал” морио унаад ан хийх гэдгийг сонсоод анх гайхаж билээ. Манайд хүссэн хүн хийж болно. “Танай шейхууд монголд ирж морь унаж ан хийдэг, шонхор шувуу барьдаг” гэдгийг сонсохоороо шээс нь гоожих шахна. Коран сударт нь хүртэл морийг хайрлах, морьтой хэрхэн харьцах тухай байдаг гэсэн.

Эдгээр орнуудад зөвхөн баян шейхууд, хааны гэр бүл л морьтой. Харин жирийн хүн морь унаж үзэх, морьтой байна гэдэг бол мөрөөдөл. Гэтэл эдгээр жирийн иргэд нь мөнгөтэй, нэг хүнд ногдох ДНБ нь 2010 оны байдлаар жилд 68000(Катар), 49000 (Арабын Нэгдсэн Эмират), 38000(Кувейт), 23000(Саудын Араб) гэх мэт ам.доллараар хэмжигдэж дэлхийд тэргүүлдэг улсын иргэд.

“Чи манайд очвол хүссэн морио худалдаж авч болно, ан хийж болно” гэхээр итгэж чаддаггүй. Амралтаараа хариад очихдоо морины зурагтай ил захидал, түлхүүрийн осор өгөхөөр арай л мөргөх нь холгүй авна. Монгол морь жижигхэн биетэй ч ухаантай, холын замд тэсвэртэй, -40 хэмд хөлдөж үхдэггүй, богино зайд хурд авдаг, нутгаа хаанаас ч олоод ирдэг, төөрдөггүй гэхээр маш их сонирхоно.

Тэгээд би бодлоо, судаллаа. Яг энэ зах зээлд морио сурталчилж жуулчдыг татвал болох юм гэж. Зорилтот зах зээл: тодорхой буюу Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Бахрейн, Катар зэрэг мөнгөтэй булангийн орнууд. Гадаад харилцааны хувьд ч манай улстай найрсаг дотно харилцаатай.

Жил хагасын өмнө би амралтаараа “Монгол дэрби” холын зайн морин уралдааныг монголд зохиоход ажиллав. Англи, Австрали, Шинэ Зеланд, Америк, бүр хаа байгаа Өмнөд Африкаас хүмүүс ирсэн. Тэд 14 өдрийн турш нийт 800 гаруй морийг сэлгэж унасан. Бүгд л дэлхий тойрч морин аялал, уралдаанд оролцдог морины хорхойтнууд. Уралдааны дараа монгол моринд үнэхээр “дурлачихсан” хөөрхөн, жижигхэн, ухаантай, нягт, тэсвэртэй, номхон гээд чин сэтгэлээсээ магтаж байсан.

Ер нь морь бол хаа газрын мөнгөтэй баячуудын хайртай амьтан, хобби нь. Хаад, ноёдын тэжээдэг амьтан, “хаадын спорт” гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Ийм ч учраас араб зүгийн эрчүүдийн сонирхол, зүүд мөрөөдөл нь морь байхыш ойлгож болох.

Дэлхий нийтийн анхаарал манайхруу чиглээд байгааг ашиглаж Монгол бол ганц газар ухдаг “уурхайчин улс” биш, “морьтон” ард түмэн гэсэн имижийг өгчихвөл тун сайн.

За, эргээд гол зүйлдээ орцгооё.

Морин аялалтай хэдхэн улс байна. Англи, Америк, Австрали, Киргизстан, Афганистан, Африкийн цөөн орнууд болон Европын Польш, Норвег, Испани, Австри, Португаль гэх зэрэг. Морин тойруулгын уралдаан, морьтой ан хийх, морин поло тэмцээн, саад харайх, уулаар аялах гэх мэт янз бүрийн хөтөлбөрүүдтэй.

Арабуудын тухайд, тэд гэр бүлээрээ аялдгаараа онцлог. Нэг ёсондоо бөөнөөрөө ирдэг. Бас нэлээд үрэлгэн, хамгийн үнэтэй аяллыг сонгоно. Манай жуулчны сезон буюу 6-8 сард хамгийн их аялдаг. Нутагт нь 42 хэм халдаг учраас цээж дүүрэн амьсгалах цэвэр агаарт очихыг эрхэмлэдэг.

Зөвхөн арабын жуулчдыг татах зорилгоор “улсаараа” ажилладаг орнууд байна. Тэд Arabian Travel Market хэмээх том арга хэмжээнд оролцож бүтэн жилийнхээ гэрээг хийгээд буцдаг.

Тэгэхээр энэхүү мөнгөтэй аялагчдыг татах хамгийн байж болох зүйл бол морь байна. Бид юу хийж болох вэ?

Дундаж иргэнд нь чиглэсэн, гэр бүлийн сайн хөтөлбөр боловсруулах. Морио худалдаж аваад Монголд орхиод явахад нь арчлаад үлддэг үйлчилгээ байж болно. Дахиж морин дээрээ ирнэ, найзууддаа ярина, тэд нарыгаа авчирна, гайхуулна. Энэ маягаар байнга ирнэ.

Улс орнууд өөрсөддөө “Дорнын парис”, “Жижиг Швейцарь” зэрэг нэр өгөөд түүгээрээ сурталчилдаг шиг арабын ертөнцөд “Морьтны диваажин” ч юм уу, нэр үүсгээд “Моринд хайртай муслим бүрийн очих ёстой газар” зэргээр уриалах.

Арабын зарим орныг визгүй болгож болно. Абу Дабигаас Бээжинд буунгуутаа шууд манай нислэгэнд суугаад ирнэ. Австрали, Тайланд явахаас ч ойрхон.

Бас эдгээр орнуудад монгол морины үзэсгэлэн гаргах, элчин сайдын яам, сангуудаар дамжуулж морьтой холбоотой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа хийх, ном, товхимол гаргах гэх мэтээр морио “зүтгүүлэх”.

Arabian Travel Market-д төр болон хувийнхан нийлж чадлаараа оролцох.

Зөвхөн АНЭУ-ыг л харахад, жилд 4 сая араб гадаадад аялдгаараа дэлхийд эхний 20-д орж байна. Эндээс зөвхөн 1%-ийг нь л татах зорилго тавиад ажиллахад 4000 ирнэ гэсэн үг. Цаана нь яг иймэрхүү онцлогтой 5-6 улс байна гээд бодоход алдаж болохгүй зах зээл.

Бидэнд юу л байна, морь л байна. Байгаа нөөц, нэгэнт байгаа нэр хүнд, арабын орнуудтай тогтоосон харилцаа, олж болох мөнгөө бодсон ч гэсэн тов тодорхой энэ зах зээлрүү хөтөлбөр төлөвлөгөө гаргаад зүтгэдэг л газар.

Манай улс үнэхээр гоё байгальтай. Гэхдээ нэг хатуу үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манайхаас хол тасархай гоё байгальтай газрууд дэлхийгээр дүүрэн. Ганц онгон зэлүүд байгаль ярьдгаа больё. Яг л мэргэн бууч шиг, тов тодорхой “бай” харж, тэнд юу санал болгохоо төлөвлөж, тэрийгээ уйгагүй зүтгүүлж ажиллая.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.