03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

М.Гандуулга: Монгол улсынхаа төлөө зүтгэе

Би өмнө зүгийн Бээжин хотод сурч байгаа оюутан залуу, би Монгол улсын иргэн. Надтай хамт голланд, франц, англи, америк, куба, канад, морокко, тайланд, сингапур гэх мэт олон орны залуучууд сурдаг.

Олон улсын залуучууд өөр өөрийн онцлогтой боловч хөгжил боловсролоороо глобалчлагдаж байгаа. Голланд улсад хар тамхи, биеэ үнэлэх явдал хуулиар зөвшөөрөгдсөн байдаг, гэтэл голланд залуучууд өөрийн үзэл бодолдоо үнэнч, буруу зүйлд татагдах нь ховор байдаг. Харин япончууд хамгийн даруухан бөгөөд эх орныхоо төлөө амиа ч өгөхөөс буцахгүй үндэсний хүчтэй соёлтой. Латин гаралтай залуучууд хөгжилтэй, найзархаг мөртлөө цэгцтэй нямбай, немц залуучууд цагийг яс барьдаг, өндөр хариуцлагатай, нягт тооцоотой.

Харин Бээжинд сурч буй монгол залуучуудын 60 хувь нь сурах битгий хэл шоу цэнгээн хөөж, ууж идэхийг үзүүлж хорвоо дээр маргааш амьдрал дуусч буй мэт авирлаж харагддаг нь харамсалтай.

Оюутны амралтаараа нутагтаа очиход өндөр өндөр барилгууд нэмэгдэн, шинэ зам, шинэ хорооллууд, гудамжиндаа багтахгүй дүүрэн машинууд бий болж цэцэглэн хөгжиж байгаа сэтгэлд дулаахан миний Улаанбаатар намайг угтдаг. Гэхдээ энд тэндгүй хэвтэх элдэв хог, нэг нэгэндээ хараал чулуудсан, хир дардаг болсон хувцастай, хар бор царайтай миний монголын ядарсан ард түмэн намайг бас угтдаг.

Нэг ангийн найз маань АПУ компанийн шинэ бүтээгдэхүүний оройн шоунд урьж байна, хамт тоглож өссөн нэг байрны найз маань уулзсанаа тэмдэглэе гэх, Бээжин хотын оюутнууд маань амралтаа тэмдэглээд орой баранд уулзъя гэнэ. Энэ бүхэнд явбал би жинхэнэ шоучин болох бололтой.

Гудамжиндаа багтахгүй олон машин, өндөр өндөр барилгуудыг харахаар Монголчуудад мөнгө байхгүй биш, байна. Гэтэл яагаад хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл боловсролын төвүүд, номын сангууд хангалттай байгуулахгүй байна вэ?!

Монголын залуучуудын дийлэнх нь дээд сургууль төгссөн байдаг боловч мэдлэг өвөртөлсөн нь нэн цөөхөн, нас биенд хүрчихээд яаж нийгэмд хөл тавихаа мэдэхгүй, ажил олсон нэг нь хүртэл хүнтэй зөв боловсон харьцаж мэдэхгүй, биеэ зөв авч явж чадахгүй, хариуцлага, сахилга муутай ийм ажилтнууд ихээр бий болж байна. Энэ юунаас болж байна вэ?!

Хоггүй гудамж, танихгүй ч гэсэн мэндэлдэг хүний ёс, зовж зүдэрсэндээ туслах, хөгшид хүүхдүүдээ хайрлах, эв найрамдалтай байж эрх чөлөөгөө зөв эдлэх, бэлэнчлэх сэтгэлгээтэй залхуугийн өвчнөөс ангижрахад бидэнд юу хэрэгтэй вэ?!

Өндөр барилга барихын тулд байшингийн суурийг даац сайтай бат бэх тавих хэрэгтэйн нэгэн адил Монгол улсыг хурдан, сайн хөгжүүлье гэвэл Төр засгаас алсын хараатай, хэн нэгэн хувийн эрх ашгаас ангид, зөв дэс дараалалтай бэлтгэсэн Монгол улсын хөгжлийн стратеги бодлогыг батлаж түүнийгээ зоригтой хэрэгжүүлэх нь чухал байна. Энэхүү стратеги бодлогын хамгийн эхэнд хэрэгжүүлэх чухал нь буюу дээрх асуултуудад хариулах зүйл бол Монгол улсын боловсролын системийг үндсээр нь өөрчлөх явдал юм.

Бид Монголын түүхээрээ бахархдаг. Бид үндэсний соёл, алсын хараа, хурц ухаан, дэг ёсыг уламжлан хадгалж явахын зэрэгцээ хөгжилтэй орнуудын практик туршлагаас суралцан “Шинэ монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх цогц программ”-ыг хийж бүх шатанд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Би дүү нартаа, найз нөхөддөө, харилцаж буй хүмүүстээ өөрийгөө зөв хөгжүүлэх, мэдлэгт суурилсан боловсролыг чухалчлах талаар зааж зөвлөж байя. Гудамжинд хог хаяж болохгүй, хараалын үг хэлэхгүй, хүмүүстэй хүндэтгэлтэй харилцъя, өв соёл, өвөө эмээ, аав ээж, ахмад хүмүүсийгээ хайрлан хүндэтгэе, хариуцлага, сахилга баттай, тэвчээртэй хөдөлмөрлөе гэдгийг би хэлж ярьж, хийж харуулж байя. Та ч бас тэг, үлгэр дууриал үзүүл. Тэгвэл бид бүгд зөв, хурдан хөгжих болно.

Би 12 наснаасаа эхлээд аав ээжээсээ тусдаа харь оронд амьдарч суралцаж байхдаа өөрийн гэр болох Монгол улсаа бусад улстай байнга харьцуулан харж ирсэн. Харин одоо би 22 настай, Монгол улсынхаа хөгжилд өчүүхэн төдий боловч хувь нэмэр оруулах чин хүсэл оргилж энэхүү өгүүллийг бичлээ.

Дээр хэлсэнчлэн, “Шинэ монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх цогц программ”-ыг бэлтгэх ажлын хэсэгт болдог бол би орж ажилламаар байна. Би дараах санаануудыг түүнд тусгамаар байна.

  1. Дунд сургуулийн бэлтгэл ангиас ахлах анги хүртэлх программын хоорондын уялдаа холбоог сайжруулах,
  2. Дунд сургуулийн сурагчдыг нийгэмшүүлэх, сахилга, хариуцлага, зөв үзэл бодлыг төлөвшүүлэх талаар хичээлийг түлхүү оруулах,
  3. Үндсэн хичээлүүдийг заах арга барилыг амьдралд ойрхон жишээн дээр тайлбарладаг, сурагчдаар өөрсдөөр яриулахад түлхүү анхаарах,
  4. Чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, нандигнан хайрлах, эрхэмлэх зүйлсийг сэтгэлгээнд нь суулгаж өгөх,
  5. Багшийг ажилд авахдаа өндөр шалгуур тавих,
  6. Нийт боловсролын системийг хээл хахуулаас ангижруулах,
  7. Дунд сургуулийдийн дунд чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, Үүнд:

7.1.    Шалгалтын дүнгийн дундаж оноо
7.2.    Гүн ухааний мэдлэгийн уралдаан
7.3.    Спорт, урлаг соёлын арга хэмжээ
7.4.    Багшийн заах чадвар
7.5.    Хичээлийн цагийг ихэсгэх гэх мэт

Монгол залуучууд голланд залуу шиг үзэл бодолдоо тууштай, япончууд шиг эх орондоо хайртай, латин гаралтай залуучууд шиг хөгжилдөж чаддаг, хөдөлмөрч, немц залуу шиг цэгцтэй нямбай, өндөр хариуцлагатай болцгооё.

Монгол улсын хамгийн үнэтэй зүйл бол монгол хүн өөрөө. Тиймээс монгол хүн дэлхийн түвшинд чөлөөтэй алхах өндөр боловсролтой, зөв хүмүүжин төлөвших нь Монгол улсын хөгжлийн ганц чухал түлхүүр асуудал байна.

Монгол улсынхаа төлөө зүтгэе.

http://www.orloo.info/readfull/bee-nest-project

Биднийг Файсбоок-р энд дарж дагаарай!
"Зөгийн үүр" цахим ертөнцөд 2011 Баримтад кино энд дарж үзээрэй!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.