03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

“Ногоон” технологийг хэрэгжүүлэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлье

Бид хаа явсан газраа гадаад орны хөгжлийг гайхан биширч “Манайд ийм байдаг ч болоосой.” гэж хий хоосон халаглахаас наашгүй байсан цаг саяхан. Гэтэл одоо бусдын хөгжил, техник технологийн ололт, дэвшил туршлагыг  эх орныхоо нөхцөл байдалд зохицуулан нутагшуулах сайхан боломж нээгдээд байна.

Эх орныхоо хөгжилд би доорхи байгаль орчинд хоргүй “ногоон” технологийг хэрэгжүүлэхийг санал болгож байна. Энэ бол эх орныхоо хөгжилд миний оруулж буй хувь нэмэр юм.

Хогноос эрчим хүч гарган авцгаая эсвэл хогноос шингэн түлш гаргана гэвэл та гайхаж байж магадгүй.  Гэтэл  одоо дэлхийн олон оронд та бидний ахуйн хэрэглээнээс гарсан хог хаягдлыг боловсруулж синтетик хий гарган авах замаар цааш нь боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх эсвэл дизел түлш үйлдвэрлэн тээврийн хэрэгслийн түлшний хэрэгцээгээ хангаж байна.

Улаанбаатар хот маань дэлхийн бусад хотуудын нэгэн адил өөрийн хог хаягдлын асуудлаа энэ замаар шийдвэрлэвэл хог хаягдал салхинд хийсэхгүй, хогын цэгт аваачин газарт булж байгаль орчныг бохирдуулах шаардлагагүй, хот маань цэвэр үзэмжтэй байх болно. Зөвхөн хог хаягдлаар ч зогсохгүй биомасс  болох тарианы сүрэл болон хөдөө аж ахуйн бусад хаягдлууд, модны үйлдвэрийн хаягдал үртэс, холтос, машины хуучин дугуй зэргийг  хамтад нь хольж боловсруулж болно. Мөн эдгээр түүхий эдийн нөөц багасах тохиолдолд чулуун нүүрсийг хүртэл ашигладаг нь нэг төрлийн түүхий эдээс хараат биш байдгаараа бусад технологуудаас давуу талтай. Ингэснээр хог хаягдлыг материал баялаг үйлдвэрлэх  үнэт түүхий эд болгон хувиргах явдал юм.

Ачигдан ирсэн хог хаягдлаас төмөр, шил, чулуу, шороо болон дахин боловсруулж болох түүхий эдийг ялган сортолж салгасны дараа  үлдсэн органик хог  хаягдлыг тодорхой хэмжээнд хэрчиж жижиглэн бэлдэнэ. Энэ бэлдцээ цааш нь хүчилтөрөгчгүй, битүү орчинд пиролиз дотор маш өндөр температурт шатаана. Үүний үр дүнд  нүүрс болтлоо түлэгдсэн үлдэгдлийг нүүрстөрөгчийн хоёрдахь ислийн хамт  хийжүүлэх хөдөлгүүрт өндөр дулаан болон  даралтны үйлчлэлээр боловсруулсаны дараагаар үүссэн халуун хийг ионжсон усаар хөргөн экологийн цэвэр, хуурай, синтетик хийг гарган авна. Эдгээр боловсруулалтын явцад  агаарт ямарваа нэгэн химийн хорт хий, бодис хаягдахгүй бөгөөд хэрэглэж буй усаа хүртэл цэвэрлэн дахин эргэлдүүлж ашигладгаараа энэ  хийжүүлэх технологи нь “ногоон хөгжлийн” технологи юм.

Ингэж өндөр дулааны шилжилтээр химийн урвалжын үр дүнд гарган авсан синтетик хий нь байгалын хийг оролхуйц хэмжээний чанартай бөгөөд устөрөгчийн өндөр агуулгатай учир байгаль орчинд хаях хорт бодисын хэмжээгээр нүүрс эсвэл байгалын хийг бодвол үлэмж бага юм.   Агуулгадаа устөрөгч болон нүүрстөрөгчийн исэл агуулсан  синтетикийн цэвэр хийг нь цаашид төрөл бүрийн катализатораар боловсруулж шингэн түлш болох метан, этанол, бензин, дизел  үйлдвэрлэж болохоос гадна устөрөгч, метанол, аммони гэх мэт олон төрлийн химийн бодис үйлдвэрлэж болох юм.

Мөн синтетик хийгээр цаашид шууд хийн турбиныг ажиллуулах эсвэл уурын зуухыг ажиллуулж  уур гарган уурын турбинд өгч цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Нүүрсийг зууханд шатаан уур гарган цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын цахилгаан станцууд агаарыг ихээр бохирдуулж байна. Тэгвэл байгаль орчинд хоргүй “ногоон” гэгдэх  энэ технологийг хэрэглэн  цахилгаан үйлдвэрлэж яагаад болохгүй гэж?

Үзэсгэлэнт сайхан Монгол орныхоо хөрсөн доорхи баялгийг ухан төнхөж, гол мөрөн, ус нууруудаа ширгээн байгаль орчныг бохирдуулахын оронд харин энэ байгаль орчинд бохирдолгүй, “ногоон” технологийг хэрэгжүүлбэл ямар их ач тустай нь  жирийн хүнд ойлгомжтой.

Монголын баялгыг монголчууд бид өөрсдөө зүй зохистойгоор байгаль орчиндоо аль болох хөнөөл багатайгаар  эзэмших, олборлох, ашиглах ёстой. Тэгэхгүй бол миний монголын байгаль онгон, сайхан  хэвээрээ гэж бид хожим бахархах  зүйлгүй болно шүү.

“Ногоон хөгжил” бол хүн төрөлхтний ирээдүйн гарц – байгаль орчинд ээлтэй технологийн үр шим билээ. Монголчууд бид байгаль, эх дэлхийгээ хамгаалан, тэргүүний гэгдэх “ногоон” технологийг хэрэгжүүлэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхацгаая!

http://www.orloo.info/readfull/bee-nest-project

Биднийг Файсбоок-р энд дарж дагаарай!
"Зөгийн үүр" цахим ертөнцөд 2011 Баримтад кино энд дарж үзээрэй!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.