04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Сая саяараа өсч торниж байгаа шүү, итгээрэй, эх орон минь!

Эх орныхоо төлөө шаналах сэтгэлгүй, цохилох зүрхгүй иргэн хүн гэж хаа байх билээ. Хятад ч бай, Орос ч бай өөрийн улс орноо хамгийн сайхан нь гэж боддог жинхэнэ иргэдийнхээ хүчээр л оршин тогтнодог. Харин “Наран ургах зүгээс наран жаргахуй” хүртэлхийг морин туурайгаар тамгалж, толгойтныг бөхийлгөж, тойгтоныг сөхрүүлж, шударга хууль дор түмнийг захирч, дэлхийн талыг эзэгнэж явсан аугаа их түүхтэй Чингисийн Монголын иргэн болж төрсөн хүн бүр хараа алсуур, тэргүүн дээгүүр явах учиртай биз ээ.

Эгэл бие минь алс холын Солонгос улсад мастерийн зэрэг горилон суралцдаг ч, хөх тэнгэрийн доорх Монгол орондоо зүрх сэтгэл минь уяатай байдаг. Улс орныхоо хөгжил дэвшилд иргэн хүний хувьд санаа зовнин явдаг.

Солонгост сурч буй хугацаандаа миний олж харсан хамгийн чухал зүйл гэвэл тус улсын хөгжлийн гол үндэс нь иргэн бүрийн эв нэгдэл, эх орноо чин сэтгэлээсээ хайрлах үзэл юм билээ.

Эх орноо гэсэн сэтгэлтэй олон мянган залуус нь гадаад оронд сурч өндөр боловсрол эзэмшээд бага цалинтай гэлгүйгээр эх орондоо заавал эргэн ирж өөрсдийн ирээдүйн хойчийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөний үр шим өнөөдөр энэ улсыг дэлхийн 12 дахь том эдийн засагтай гүрэн болгожээ. Дайны дараах хүнд жилүүдэд Солонгос дэлхийн хамгийн ядуу орны нэг байсан бөгөөд байгалийн баялаг гэх зүйл юу ч үгүй, дээр нь авилгал, хүнд суртал, хээл хахууль газар авсан байв. Гэвч өнгөрсөн 30 жилд Солонгос улс ядууралтай тууштай тэмцэж богино хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болж чадсаны нууц, бас хөдөлгөгч хүч нь ердөө л хүн бүрийн эх оронч сэтгэл. Тэгэхээр зарим залууст хийрхэл мэт сонсогддог энэ “эх оронч үзэл” хэмээх ойлголт бол маш хүчирхэг, бодтой том далайц юм байна.

Улс орныг хөгжүүлнэ гэдэг алга урвуулахын дайтай зүйл биш нь тодорхой. Гэхдээ иргэн бүр амь нэгтэй байж, эх орон минь маргааш биш юм аа гэхэд тав, арван жилийн дараа л дэлхийн тэргүүлэгч улс болно гэсэн өөдрөг зорилгын төлөө үнэнчээр хөдөлмөрлөж чадвал хөгжил гэдэг хүршгүй холын зүйл огт биш ээ. Монголчууд биднийг нэгтгэж чадах, аль ч хүчирхэг үндэстэнд төдий л байдаггүй түүх соёл, өвөг эдсээрээ бахархах үзэл хэмээх давуу тал бий шүү дээ.

Миний бодлоор нэн тэргүүнээ хүн бүр ажилтай байх нь хамгийн чухал. Үнэндээ Монголд улсад ажлын байр байхгүй ч бус, гагцхүү гоц чухал ажлын байруудад тэнцэх боловсон хүчин ус агаар мэт хэрэгтэй байна. Тэр дундаа өндөр технологи, нарийн мэргэжлийн инженер мэргэжилтнүүд асар их хэрэгцээтэй байгаа билээ.

Өнөөдөр зуу зуун залуус харийн нутагт өндөр боловсрол эзэмшихээр шамдан суралцаж байна. Би ч мөн эдгээр залуусын нэгэн адил дэлхийн өндөр хөгжилтэй орны шинээр гарч буй интернэт, харилцаа холбооны техник технологийг судалж эзэмшсэн сайн мэргэжилтэн болж, цаашилбал эх орондоо шинэ техник, технологи нэвтрүүлж, өөрийн гэсэн бизнестэй  болох сон гэж хичээн суралцдаг. Харилцаа холбооны техник технологиор дэлхийд тэргүүлэгч Солонгос улсад ирсний минь учир ч энэ. Хэдхэн жилийн дараа би эх орондоо буцаж очоод орчин цагийн “торгоны их зам” болсон интернэтээр дамжуулан Америк, Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын том пүүсүүдтэй хамтран ажиллаад сууж байх юм сан.

Хамгийн гол нь тусгаар улсынхаа жинхэнэ иргэн нь байж, шудрага хөдөлмөрөөрөө гэр бүлээ хүний дайтай авч явж, хожим төрөх хүүхдүүдээ түүх соёл, зан заншлаа хүндэтгэн дээдэлдэг эх оронч хүмүүс болгон өсгөж чадаж гэмээнэ эх орныхоо хөгжилд оруулж буй иргэн хүний хамгийн үнэ цэнтэй хувь нэмэр тэр гэж би ойлгодог. Үүний тулд өнөөдөр хийж чадах зүйл маань өдөр өдрийн нартай уралдан хичээл номдоо шамдаж, хүний газар нэрээ хичээж явах. Илүү зүйл бодохгүй, дэмий зүйлд сатаарахгүй, сэтгэлдээ үүнээс өөр ачаагүй яваа энэ л үе минь миний боломж, бүр цаад утгаар нь хөөж бодох юм бол, Монгол эх орны минь өнөөдрийн хамгийн чухал боломж юм.

Харьд, тэр тусмаа өндөр хөгжилтэй оронд явахад “Бид юугаараа эднээс дутуу болоод, эд яагаад ийм сайхан амьдрал, ийм хөгжингүй нийгмийг цогцлоочихсон юм бэ?” гэж өөрийн эрхгүй бодогддог. Тэр хөгжингүй орны иргэд биднээс хол давчихсан, атаархмаар ухаантай хүмүүс учраас ингээд биднээс түрүүлчихсэн юм огт биш, гагцхүү тэдний чинхүү эх оронч үзэл, эвсэг зан л улсаа ийм хэмжээнд аваачихад хангалттай хөшүүрэг болжээ гэдгийг олж харсныхаа дараа би нэг л сайхан тайвшралыг мэдрэх шиг болсон. Энэ санаагаа өөрийн үе тэнгийн олон залуустай хуваалцах сан гэсэндээ үүнийг бичиж байна. Д.Урианхай найрагчийн “Бүргэд нисэхээ бусдаар заалгаагүй шиг, эх орноо хайрлахаа хүнээс сураагүй ээ, би” гээд нэг сайхан шүлэг байдаг даа. Монгол улс минь нэгэн цагт дэлхийд тэргүүлж байсан тэр цаг ахин ирнэ, монгол хүн болж төрнө гэдэг дээдийн дээд хувь ерөөл юм аа гэдэг энэ бодлыг минь надад хэн нэгэн хүн албадан зааж сургаагүй ээ. Хар аяндаа л би Монголоо гэсэн сэтгэлтэй хүн болчихсон.

Над шиг залуус сая саяараа өсч торниж байгаа шүү, итгээрэй, эх орон минь!

http://www.orloo.info/readfull/bee-nest-project

Биднийг Файсбоок-р энд дарж дагаарай!
"Зөгийн үүр" цахим ертөнцөд 2011 Баримтад кино энд дарж үзээрэй!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.