04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

С.Сүнжидмаа: Эх орныхоо төлөө хийж буй бидний оролцоо

Зүүн өмнөд Азийн орнууд дэлхийн II дайны дараагаар босч ирсэн улсууд XX зууны II хагаст илүү их хөгжсөн нь улс төрийн хувьд генералуудаар удирдуулж байсантай нь холбоотой. Тэдгээр улсууд ард түмэндээ улс төрийн эрх чөлөө өгөлгүйгээр эдийн засгийн эрх чөлөө олгож коммунист аргаар биш цэргийн зохион байгуулалттайгаар эх орноо хөгжүүлжээ. Харин манай Монгол улс хорин жилийн өмнө Зүүн Европын орнууд шиг улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөтэй нь зэрэг ард түмэндээ олгосон учир хөгжил нь удааширсан гэж би үздэг. Үүний эерэг тал нь хүн бүр гадаад паспорттой болж, хаана амьдрахаа өөрөө сонгодог эрх чөлөөтэй болсон. Дэлхийн мэдээллийг авсан хүний хувьд ард түмэн маань чөлөөтэй, мэдээлэл сайтай болж чадсан боловч сөрөг тал нь хүмүүс ямар ч зохион байгуулалтгүй, хариуцлагагүй, ёс суртахуунгүй болж хувирснаар хамтын хүчээр улс орноо хөгжүүлэх боломж олдоогүй. Гэвч бид одоо бусдыг дуурайж цэргийн эргэлт хийгээд генералаар удирдуулан ард түмнийхээ улс төрийн эрх чөлөөг нь хааж парламентын засаглалаас ухарч чадахгүй. Тэгэхдээ бидэнд үүнийг нэгтгэн шийдэж болох гурван гарц байна. Нэгдүгээрт “эх оронч үзлийг зөв төлөвшүүлэх”, хоёрдугаарт “үндэсний соёлоо босгох”, гуравдугаарт “боловсролын системд өөрчлөлт оруулах ”.

Эх оронч үзлийг зөв төлөвшүүлнэ гэдэг нь ард түмэн эх орныхоо төлөө гадаадуудтай гар зөрүүлэх биш өнөөгийн даяаршиж буй нийгэмд төр засаг нь энх тайван, эв нэгдлийн гэрээ хэлэлцээрээр аливаа асуудлыг шийддэг байх явдал юм. Тэр цагт Монголд сүүлийн жилүүдэд дэлгэрээд байгаа нео-нацист бүлэглэлүүд оршин тогтнох ямар ч шаардлагагүй болж манай улсын гадаад харилцаанд сэв суухгүй энх тайван хөгжих боломж нээгдэнэ.

Үндэсний соёлоо босгоно гэдэг нь Монгол ардын дуу, нүүдлийн соёл, Монгол хувцас, Монголын түүхээ хадгалах явдал юм. Сүүлийн жилүүдэд манай улсад дээлтэй өдөрлөг зохион байгуулагдах болсон нь тун сайшаалтай. Үүнээс улбаалан арван жилийн сургуулиудын дүрэмт хувцасыг орчин үеийн монгол дээлний загвараар шинэчилж болох юм. Мөн дуу хөгжмийн хичээлээр монгол ардын дуу зааж, морин хуур тоглож сургадаг байвал манай үндэсний соёл устахгүй улам хөгжинө гэдэгт би итгэлтэй байна.

Хүн ам цөөтэй Монгол улсын хувьд дэндүү ихэдсэн олон их дээд сургуулиудыг эмх замбараанд оруулж улмаар чанартай олон салбар сургуультай дээд сургуулиудыг бий болгон, харин олон залуучуудыг тусгай мэргэжлийн боловсролоор мэргэшүүлэх нь зүйтэй юм. Монгол улсын бүтээн байгуулалтад туйлын шаардлагатай байгаа мэргэжлүүдийг залууст эзэмшүүлэх нь өнөөгийн Монголын хөгжилд нэн чухал.

Монгол улс маань одоо хөгжлийн зааг дээр байна, өөрөөр хэлбэл олон шинэ уул уурхайн үйлдвэрүүд гарч ирж, долларын ханш унаж Монгол төгрөг чадалтай болж эхэллээ. Иймд манай зах зээлд гаднаас орж ирэх гадаад валют нэмэгдэж цаашдаа асар их мөнгө орж ирэх нь тодорхой. Монголын төр засгийн өнгөрсөн хорин жилийн ажлын муу тал бэлэнчлэх сэтгэлгээгээр улсаа тэжээдэг байсанд оршино. Ард түмний бэлэнчлэх сэтгэлгээ нь арилахгүйгээр аль хэдийн хорин жилийг ардаа орхижээ. Харин одоо Монголд орж ирж байгаа бэлэн мөнгийг зөв зохистой ашиглах цаг болсон. Жишээ нь: ард түмэндээ мөнгийг хувааж өгөх шалгуур тогтоох нь зүйтэй. Өнчин хүүхдүүд, өндөр настан, амьжиргааны доод түвшний, тахир дутуу хүмүүст мөнгийг илүү олгох хэрэгтэй, яагаад гэвэл тэдэнд нийгмийн халамж их шаардлагата. Харин эдийн засгийн чадвартай хүмүүст энэ мөнгийг өгөхгүй байх хэрэгтэй.Засгийн Газар одоогийн улс төрдөө ард түмнийгээ дасахыг нь хүлээлгүйгээр бэлэнчлэх сэтгэлгээг нь өөрчилж хүнээ хөдөлмөр хийлгэж сургаад зах зээлд мөнгийг нь оруулж дасгах хэрэгтэй.

Манай Монголд улс төрийн эрх чөлөө гэдгийн дор зохион байгуулалтгүй, хариуцлагагүй, хувиа хичээсэн гэх мэт зан чанарууд агуулагдаж байна. Үүнийг дэг журамд оруулах ёстой. Энэ нь хүний эрх чөлөөг хангаснаараа чи өөрөө эрх чөлөөтэй байна, тэгж байж нийгэм жигд урагшаа явна гэсэн үг. “Ардчилал бол ухаалаг чөтгөрүүдийн хамтлаг” гэх эрдэмтэн Каны ардчилалын талаарх төсөөллөөр хэлсэн үг байдаг. Ардчилсан нийгмийн хүмүүс цөмөөрөө чөтгөрүүд, гэхдээ ухаалаг чөтгөрүүд нь баг болж ажиллаж байж ардчилсан нийгмийг байгуулна.

Сайн юм хэрэглэж сайхан байшинд амьдарснаараа юу ч биелэгддэггүй. Тэгэхээр хүнийг хөгжүүлнээ гэдэг ардчиллыг хөгжүүлэх гол түлхүүр болноо. Үндсэн шалгуур нь Монгол Улс бусдаас хоцорч болохгүй гэж урагшаа яваад Монгол гэсэн өөрийн онцлогийг алдаж болохгүй. Эс тэгвээс нүүрсээ гадаадад өгчихөөд тавин жилийн дараа Монгол хүн гадаад хүн болно. Үндэстэн үндэстнээ алдахгүй байх нь чухал, гэвч мэдээж тэглээ гээд хөсөг тэргээр явахгүй өнөөдрийн онгоцоор явна. Дээр дурьдсаныг баривал хөгжлийн асуудал шийдэгдэж Монгол хүн өөрөө Монголын түүх соёлыг тээгч байж үр удмаа хүмүүжүүлнэ, гэр бүл, уул усаа дээдлэнэ.

Энэ цагт л эх орныхоо төлөө хийж буй бидний оролцоо сая биелэгдэнэ!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.