04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Эх орны хөгжлийн түлхүүр – Хүн бүхний оролцоо

Төр улсын үе болгон тухайн цаг үеийн гадаад, дотоод нөлөөнөөс шалтгаалж өөр өөрсдийн үүрэг тавилантай байдагт би итгэдэг. Гэвч хөгжил, дэвшлийн зарчим хэзээд хэвээр байдаг. Ганц хүний билэг оюун ухаан, мэдлэг чадвар, баялаг бусдад хэзээ ч наалддаггүй. Тиймээс ч ганц ухаантны санаанаас, түмний шийдвэр цэцэн байдаг байх. Орчин цагт ч гэсэн бид хамтын хүчээр хөгжихөөс бус бурхан биш л бол бүхнийг чадах хүн байхгүй гэж би боддог. Улс орны хөгжил цэцэн, мэргэн иргэдээс, тэдгээр иргэд олон нийтийн хөгжлөөс, тэдгээр олон нийт хувь хүний хөгжлөөс харин хувь хүн бүрийн хөгжил гэр бүлийн тогтвтортой байдал, хүмүүжлээс үүсдэг ба энэ нь эргээд улс орны нийгэм болон эдийн засагт бүхэлд нь нөлөөлж байдаг. Миний бодлоор энэ энгийн зүйл л хөгжиж дэвших зарчим юм.

Өнгөрсөн үеийнхний маань тавилан газар нутгаа аль болох бүрэн бүтэн авч үлдэх байсан бол өдгөө үеийнхний үүрэг түүнийг бататгах байлаа.

Бидний үеийг харин түүнээс нэг шатаар илүү үүрэг, хувь тавилан хүлээнэ. Өөрөөр хэлбэл шилжилтийн үеэс тогтворжилтын үе рүү шилжиж байгаа бидний эх орны хөгжил дэх оролцоо, хувь нэмэр илүү нарийн тодорхой болсон байна. Хамтын хүч гэхлээр бүгд хамтарч нэг зааланд цуглаад, хамаг юм аа нийлүүлнэ гэсэн үг биш. Өнөөдөр тамын тогоо гэж нэрлэгдсэн байдлын төгсгөл бол хамтын хүчээр шийдэж, бүтээж чадахыг ухамсарлахаас эхлэх юм. Энэ бол ердөө л хүний битгий  хийгээсэй гэснийг өөрөө хийхгүй байхаас эхэлнэ. Гудамжинд хог, шүлс хаяхгүй байх, хараал хэлэхгүй, хүнтэй муухай харьцахгүй байх зэрэг энгийн анзааралгүй зүйлээс эхлээд архи, тамхиа болих хүртэлх сайн зуршлууд таниас л эхэлж бусдад тарах учиртай. Сүүлийн үед газар аваад байгаа Нууц гээд ном болон киноны сайн энергийг өөртөө татаж хүссэнээ авах гэдэг нь нийтийн оюун санаа, зүтгэлийн хүчээр хүн болгон сайхан амьдрах л тухай юм. Сурсан мэдсэн, олсон туршлагаа зөвхөн эх орон нэгтэнтэйгээ хуваалцах нь тэрхүү тамын тогооноос нэг нэгнээ түлхэн гаргах зам юм. Тийм зорилгоор би найзууддаа болон үеийнхээ залууст зориулж өөрийн мэдсэн, ухаарснаа хуваалцах www.lexitive.com/blog ажиллуулж эхлээд жил болох гэж байна. Нээлттэй байх, бусадтай хуваалцах нь санхүүгийн хувьд шууд ашиг авчирдаггүй боловч сэтгэл санаа, урам зориг, илүү ихийг мэдэж хуваалцах эрмэлзлийг бадраах ба бусадтай бодол санаагаа хуваалцснаар илүү ихийг сурдаг нь шууд санхүүгийн ашгийн хажууд хэд дахин ашигтай санагдна. Нийгмийн энэхүү цахим харилцаагаар дамжуулж бид эх оронд маань юу хэрэгтэй байгаа, бид ямар чадварыг илүү чухалчилбал дээр вэ гэдгийг илүү тод болгож чадах юм шиг санагддаг. Орчин цагт бүхнийг мэддэг нэг хүн биш, тухайн зүйл бүрийг дор бүрнээ маш сайн мэдэж, хийдэг олон нийт хэрэгтэй нь тодорхой болов.

Нийгмийн эхлэх нэгж, хүний хөгжлийн тулгууруудын нэг гэр бүлийн тогтвортой, хангалуун байдал зөвхөн материаллаг биш хамгийн гол нь сэтгэл, санааны дэм, урам гэдгийг ойлгуулсан эцэг, эхээрээ би бахархдаг. Би ч тэдний жишгээр өөрийн хань, ижлийг зөв сонгож хүүхдүүддээ илүү тогтвортой, гэр бүлсэг, дулаан уур амьсгал үүсгэх нь эх орныхоо хөгжилд оруулах чухал оролцоонуудын нэг юм. Аливаа нйигэм, улсын баялаг нь иргэд нь байдаг учраас ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд өсч торних нь хамгаас чухал байдаг.

Дэлхийн түвшний мэдлэг буюу хөгжингүй орнуудын стандарт болсон боловсролыг олохын тулд өөрийгээ дайчлах, түүнийгээ эх орон нэгтнүүдтэйгээ хуваалцах, хамтын хүчин зүтгэлийг ойлгох, ойр тойрныхондоо ойлгуулах нь өнөөдөр миний хийж чадах зүйл юм. Цаашид тогтвортой гэр бүлийн харилцаа  үүсгэж сайн эцэг болох нь залуу хүн миний зорилго мөн ба дээр дурьдсан бүхий л зүйл эх орны хөгжлийн түлхүүр болох хүн бүхний оролцоо гэдэгт итгэмү.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.