11 сарын 21, Пүрэв
°C
USD 2,705.07
USD 2,705.07
EUR 2,992.75
JPY 24.95
GBP 3,491.97
RUB 42.21
CNY 384.65
KRW 2.31

"МОНГОЛЫН ХЭЭР ТАЛААС ДЭЛХИЙН ТАЙЗНАА" / BBC корпорацийн хөгжмийн радио нэвтрүүлгийн тухай шүүмж/

Чингис хааны одонт, МУГЖүжигчин, дуурийн дуучин Г. Ариунбаатарын тухай "Монголын хээр талаас дэлхийн тайзнаа" нэртэй "Би-Би-Си Радио 4" хөгжмийн нэвтрүүлгийн сувгаар энэ оны эхэнд цацагдсан тус бүрий хагас цаг үргэлжлэх цуврал хоер нэвтрүүлгийг бүтээгчид болох хөгжмийн сэтгүүлч Кэйт Моллисон болон продюсер Стивен Ражам нар Германы Берлин хотод жил бүр шалгаруулдаг Европ тивийн "Прикс Европа" нэртэй радио, телевизийн салбарын оны таван шилдэг сэтгүүлч - нэвтрүүлгийн туурвил шалгаруулах арга хэмжээнд нэр дэвшсэн тухай Англид суугаа Монгол Улсын соелын элч Ж. Өнөрмаа хөгжмийн сэтгүүлч К. Моллисоны твиттер хуудсыг ишлэн сая мэдээллээ.

Хаа холын будант аралын радио нэвтрүүлэг, өөр өмнөө тивийн сэтгүүлчдийн шагналд нэр дэвших зэрэг үйл явдал нь манай хөгжмийн амьдралтай тун хамаатай ойрхи цагийн нэгэн содон үйл явдал мөн болоод байх шиг. Энэхүү ганцхан цагийн нэвтрүүлэгт маш олон дүр, оролцогчид бий. Алдарт дуучин, түүний аав, ээж, багш, Хатан хааны ордны тайзнаас Г. Ариунбаатарын сэнгэнэтэл хангинуулах "Монголын тал нутаг" - ийг сонсоод эхэр татан нулимс унагадаг шүүгч Мэри Кинг, Улаанбаатарын гудамжинд баарны гадаа таарах англи хэлтэй, бүлэмцүү монгол залуус, Монголын уламжлалт хөгжмийн урлагийн гол нэвтэрхий лавлах энэ цагт болоод буй "Монголын аман уламжлал, хөгжим, бүжиг" номыг зохиогч, Кэмбрижийн Их Сургуулийн эрдэмтэн, хийлч, дуучин, угсаатны хөгжим судлаач, англи дахь монгол хөгжмийн гол шинжээч Кэрол Пээг, хөгжим судлаач, Английн Кингс Коллеж төгсөгч Б. Хатуучулуун, орчуулагч, Монгол Улсын соелын элч Ж. Өнөрмаа, антропологич эрдэмтэн Ш. Туяа, манай «дуурийн театр» - ын дарга Ч. Мөнхзул, Ховдын театрын хөөмэйч Золзаяа, Монголын Урлагийн зөвлөлийн Ц. Ариунаа, Гадаад яамны сайд С. Пүрэвсүрэн гээд л цаана нь өчнөөн арван хүмүүс, хамтлаг чуулгын төлөөлөл буй.

Тухайн угсаатны нийтлэг хэв шинжит  соелын өвийг тээгч шилмэл төлөөллийн сэтгэл, бодол, дүгнэлт, илэрхийлэлтийг тэр чигт нь буулгаж, тэндээс тандалт хийж, тухайн үндэстэн угсаатны соелын бүхэллэг зураглалыг гарган авах нь угсаатны зүйн судлалын тэр дундаа угсаатны хөгжим судлалын үндсэн арга болдог билээ. Чухам энэ сонгомол аргаар л уг нэвтрүүлэг хийгдэж. Уг нэвтрүүлэг монгол хөөмэйгээр эхэлж, "Соел - Эрдэнэ" хамтлагийн нэгэн дуугаар төгсөх авч, уртын дуу, хуурын татлага, "Уран Хас" - ын хөгжим, дэмбээний ая, дуурийн ари, удиртгал зэрэг монгол оронд эгшиглэх хөгжмийн урлагийн үндсэн ай төрлүүд бүгд байраа олон эгшиглэнэ.

Яг энэхэн агшинд Г. Ариунбаатар өөрийн хамтрагч Дариймаа Линховойнтой Брюсель хотод Ази, Европы төрийн тэргүүнүүдийг цуглуулан дуугаа сонсгож яваа. Энэхүү дурьдан буй хөгжмийн нэвтрүүлгийг ойлгохдоо дэлхийн нэлээд гол хэл болсон эл хэл дээр наанадаж 40 сая сонсогч монгол орон, түүний түүх, урлаг, хөгжмийн урлагийн уламжлалтай чихээрээ сонордон танилцаж, радио нэвтрүүлгийн гол баатрыг маань шалтаг шалтгаан болгож хийсэн өнөөгийн монгол орны хөгжмийн амьлралын бүхий л хүрээг хамруулсан энэ цагийн толь болсон ажил гэж ойлгоно. Энэ нэвтрүүлэг монгол хөгжмийн уламжлал, түүхийг бүхэлд нь өгүүлсэн гадаад ертөнц дэхь анхны энэ төрөл чиглэлийн бүтээл байх аа ! Би - Би - Си монгол хөгжмийн тухай баримтат кино хийх санаатай хөөцөлдөж буй гэж дуулсан. Тэгвэл бүр ч олон хүнд монгол хөгжим маань түгэх биз ээ !

(Хөгжмийн шүүмжич, соел судлаач, доктор Бадамжавын Батжаргал)

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

САГСУУРАХАА БОЛЬЦГООЁ, ХҮМҮҮС ЭЭ
САГСУУРАХАА БОЛЬЦГООЁ, ХҮМҮҮС ЭЭ
11/20/2019
Багаасаа морь унаж уралддагийнх ч юм уу, саахалт айлын хүүхдүүдтэй харьцуулагдан магтуулж зэмлүүлсэнийх ч юм уу, сургуульд ороод үргэлж л сурлагаар ѳрсѳлдѳж сурсаных ч юм уу монголчууд бид их л хѳѳрүү, сагсуу тѳрхтэй болжээ. Ѳѳрийн амьдралаа ѳѳрийн боломжоороо аваад аятайхан амьдрахын оронд хэн нэгэнтэй байнга ѳрсѳлдѳн уралдаж, бас харьцуулан жишиж хэмжсээр байгаад ѳѳрсдѳѳ ч ядарч, ѳрѳѳлийг залхаан туйлдуулж байгаагаа анзаардаг болов уу? Ямар нэгэн юм болохоор л амьсгаа нь дээрдэн хѳѳрч, агсам морь шиг амаа олохгүй, зүгээ мэдэхгүй хадуурч орхино. (дэлгэрэнгүй…)
“МЮЗИКЛ” ХЭМЭЭХ ТӨРӨЛ ЗҮЙЛ БА “ДУУРИЙН ХИЙ ҮЗЭГДЭЛ” (Le fantôme de l'Opéra) - ИЙН ТУХАЙД (Шүүмж)
“МЮЗИКЛ” ХЭМЭЭХ ТӨРӨЛ ЗҮЙЛ БА “ДУУРИЙН ХИЙ ҮЗЭГДЭЛ” (Le fantôme de l'Opéra) - ИЙН ТУХАЙД (Шүүмж)
Манай нийгэм – соёлын хүрээнд “мюзикл” гэх гадны үг сүүл үест эх хэлэнд маань нэлээд түрэмгий аястай зайдлан, хэл ам удах болов. Өдгөөгөөс хориод жилийн өмнө гэхэд л манай хөгжмийн театрын зар, урлагийн мэргэжлийн сургуульд энэ үг огт хэлэгдэж, заагддаггүй байлаа. Нийгмийн оюун санаан дахь “америк төвч үзэл”, мэдээлэл – технологийн хүртээлийн үрээр иргэд маань энэхүү дуу хуурын бүжигт жүжгийн талаар тодорхой ойлголттой болжээ. Гэсэн хэдүй ч “мюзикл” хэмээх энэхүү төрөл зүйлийн тухайд учиртайдуу өчих шаардлагатай мэт санагдана. (дэлгэрэнгүй…)
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
11/10/2019
1. Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон 2. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.