04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

М.Наранбаатар: Энэ чинь тусгаар Монгол Улсын үндэсний радио, телевиз шүү дээ

MҮОНРТВ-ийн ерөнхий захирал М.Наранбаатартай ярилцлаа.

-Танайх гол хаалга­наасаа эхлээд зас­вар хийгээд бужиг­наантай байна шүү. Ер нь ингэ­хэд MҮОНРТВ-ийн энэ нү­­сэр бай­гуул­лагад хам­­гийн сүүлд хэзээ засвар орсон юм бэ?

-Манай энэ байшин 1987 оны байшин шүү дээ. Яг үнэндээ их засвар бол хийгдээгүй.Байшин ч гэсэн муудна аа даа. Сүү­лийн үед утаа байшин барилгыг яаж эвдэж, өөр­чилж байгаа билээ. Ямар ч сайн зүйлийг өөд татаж байхгүй бол муудаж л байдаг. Энэ байшин­даа гар хүрэхгүй бол үнэ­хээр болохгүй болсон байсан. Ямар ч байсан намайг ажиллаж байх үед зас­вар орох ёстой байжээ. Өнгө будаг ч гэлт­гүй олон зүйлийг нь ши­нэ­чилж за­сахгүй бол хэ­цүүхэн бол­сон. Манай байгууллагын тухай яри­хаар л хүмүүс баахан камер, ажилтнуу­дын ца­лин­гийн тухай гэж ойлго­дог. Гэтэл өнөөдөр 24 жилийн турш ашигла­сан дулааны шугам нь хүүх­дийн зулай шиг бол­чих­сон байдгийг мэддэг­гүй. Цахилгааны шит гэ­хэд бүр эртнийх. Одоо­гоос хэдэн жилийн өмнө ма­най цахилгааны КТБ станц шатаад асуудал гарсныг санаж байгаа байх.

Нээгээд үзэхэд 1964 онд үйлдвэрлэгдсэн байсан. Түүнийг 1967 онд манай телевиз анх бай­гуулагдахад тавьж байж л дээ. Аргагүй ах нарын юм сайн тулдаа 42 жил ажил­ласан байгаа юм.

Манайх түрээсийн байр биш учраас уран бүтээлээсээ гадна аж ахуйн асар их шийдэх асуудал байдаг юм аа. Сүүлийн үед миний аж ахуйн мэдлэг хачин сүр­хий болсон шүү дээ. Аль болох асууд­лаа өөрөө сайн мэдэж мэдэрч, түү­нийгээ Удирдах зөвлөл­тэйгээ ярих, Сангийн яаманд зөв ойлгуу­лах, төсөв хөрөнгө шийддэг хүмүүс­тээ учирлахаас эхлээд асуудал бол бий, бий. Одоо хийгдэж буй засварын маань хувьд сайхан болчих байх аа.

-Олон нийтийн ра­дио, телевиз гээд төс­вөөс жигтэйхэн мөнгө авдаг газар байдаг гэ­сэн ойл­голт бий. Тэр их мөн­гөөр сайн уран бү­тээл хийхгүй байна гэж шүүмж­лэх нь бий, бас өнөөх мөнгө нь хаанаа ч хүрэхгүй техникийн шинэч­лэл­дээ явчих нь бий ч гэдэг. Яг яадаг юм бэ?
-Би эхлээд жаахан тайлбар хэлчихье. Болох уу. Манайд теле­виз бай­на, хоёр дахь суваг нээг­дэхэд бэлэн болчихлоо. Радиогийн гурван суваг байна, таван хэлний нэвт­рүүлэг байна. Монголын мэдээ гээд мэдээллийн том агентлаг байна. Энэ бүхэн нийлээд манайх гэдэг айл болж байгаа юм. Телеви­зийн уран бү­тээл гэдэг нэг хүн машин унаж гараад өөрөө каме­раа барьж бичлэгээ хий­гээд, микро­фоноо гаргаж асуулт тавьчихаад, бас өөрөө монтажаа хийж дуу оруулж эфирт хальс түлхсэнийгээ хэлдэггүй юм. Дэлхийн долоон тэр­бум хүмүүс дунд тийм авьяастай хүмүүс байдаг байх л даа. Тийм хэдий ч телевиз гэдэг зүйлийн стандарт дэлхийд нэгэнт тогтчих­сон. Хэрэв нэг хүн ганцаараа гүйж га­раад хийчихдэг юм бол яах гэж тэр олон жил мэр­гэжил тус бүрээр нь хүн бэлтгэ­дэг байсан юм бэ. Тэр стандартаар бид явж ир­сэн, түүнийгээ ч авч үлдэх ёстой. Өөрөө ху­вийн те­левизтэй ч юм уу, ямар нэг байдлаар хөрөн­гө оруул­сан улстөрчид ярихдаа "Телевиз 50 хүн­тэй бай­хад болно" гэдэг. Уучлаа­рай, болдоггүй юм.

Үндэсний хэмжээний телевиз бол хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хөг­жөөнт цэнгээнт нэвтрүүлэг, сургалтын чанартай нэвтрүүлгүүд, ёс зан занш­лаа харуулсан танин мэдэхүйн сэт­гүүл байх хэрэгтэй. Мэдээж, кино байх ёстой. Кино нь хулгайнх байж болох­гүй. Нэгэнт олон нийтийн телевиз бол наад талдаа ийм байхыг шаардана. Радио гэхэд манайд үндсэн суваг байна. Монголын радио ярьж байна гээд. Залуучуудын сонирхол, хурд өөрч­лөгдөж байна. Бид Шведийн төс­лөөр гуравдугаар сувгаа нээсэн нь гоё ажиллаж байгаа. Радио­гийн сонсогч­дын тоо буураагүй. Монгол Улсыг сурталчилж байгаа Мон­голын дуу хоолой радио байна. Таван хэл дээр нэвтэрч, улсаа сурталчилж байна. Одоо нэгэнт интернэт, радио теле­визийг хөгжүү­лэх үүрэг бидэнд ирж байна. Мөн Монголын мэдээ агентлаг гэхэд өдөр бүр нэг цагийн мэдээллийн хөтөлбөр, сондгой цаг бүрт арван минутын мэдээлэл явуулдаг. Хөдөө орон нутагт сэтгүүлч сурвалжлагч нар явж мэдээлэл бэлтгэж ирж байна. Тэр хүмүүсийн явах унаа тэрэг, жолооч за тэгээд манай байр бол багагүй сав. Тэгэхээр тэнд бас тодорхой тооны үйлчлэгч нар байж таарна аа даа. Энэ бүгдийг тооцоод үзвэл 700 хүн их биш. Манайд 1200-1300 хүнтэй байсан үе бий. Харин ч бидэнд хүн хүрдэггүй.

-Яагаад хүрдэггүй гэж. Түүнээс цөөн байхад л телевиз гарна гээд улстөрчид нь хүртэл хэлээд байгаа юм биш үү?

-Бид шинэ менежментээр ажил­лаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Бид зөвхөн телевиз, радиогийн уран бүтээл гэлтгүй үндэсний хэмжээний томоо­хон ажлуудыг хийх ёстой гэж зорьж ажиллаж байгаа. Олон төсөл хэрэг­жүүлж эхэлснээс Ногоон хөгжил, эрүүл мэндийн төсөл, Хорьдугаар зуун төсөл гээд хүмүүс мэдэж байгаа байх. Монголчуудын түүх гуйвсан. Харин манай хорьдугаар зуун төслийнхөн тэр бүгдийг бодит түүхээр нь үлдээ­хийн тулд маш нүсэр ажлыг зориглож барьж авсан. Жилийн 365 хоногийн өдөр өдөрт нь түүхэнд юу болж байсан бэ гэдгийг гаргаж ирнэ гэдэг маш нарийн шүлтүүртэй амар­гүй ажил байж таарна аа даа. Зарим өдөр нь гурав тэгээд тав, долоон үйл явдлыг багтааж гаргаж ирсэн. Үүнийгээ манайхан шинэ хэвлэл­тээр судар маягаар сар тус бүрт нь 12 DVD хийж, түүнийгээ шигтэж ном болгосноо саяхан хэв­лэлтээс гардаж аваад байна. Бас нэгэнт хийсэн том уран бүтээлийг ном болгож үлдээх нь зөв юм гээд Хорьдугаар зуун Монгол номоо хэв­лэ­лээ. Үүнийгээ дагаад 50 баримтат кино ирэх ондоо багтаж хийнэ. Энэ бүг­дийгээ бид Монголын түүхэнд үлдэх, манай байгууллагаас барьж бай­гаа бэлэг гэж ойлгож байгаа. Яг энэ мэ­тээр ажлууд хийгээд эхлэхээр хүмүүс цөөдөж байна гэж хэлэлгүй яах вэ.

Дээрээс нь энэ жил гэхэд 200 анги кино хийлээ. Үндсэндээ 1.5 өдөрт нэг кино гэсэн үг шүү дээ. Одоо гарч байгаа "Өдөр өдрийн наран" дуусахад дараа­гийн 60 ангит кино эхэлнэ. Бид контент үйлдвэрлэх ёстой. Одоо хулгай хийгээд л кино гаргадаг байсан үе өнгөрсөн. Бидэнд тийм үе байсан л даа. Бид үзүүлж, үлгэрлэж байж бусад маань хулгай хийхээс татгалзаж эхэлнэ. Бид нэгэнт жимийг нь гар­галаа, бусад нь ч явж байх шиг байна. Ийм хэмжээний уран бүтээл хийхэд өнөөх ад үзээд байдаг хүн хүч яах аргагүй хэрэг болдог юм. Бас бидний хийхээр төлөвлөж байгаа зүйл бол драмын хийгээд сонгодог урлагийн томоохон бүтээ­лүүдийг дэлгэцэнд мөнхөлж үлдэх явдал юм. Бид энэ талаар Драмын театр, Дуурийн театрын удирдла­гуудтай ярилцаад шийдэлд хүрээд явж байна.

-Нүсэр бүтэцтэй атлаа чанар­тай бүтээгдэхүүн гаргахгүй бай­на гэж шүүмжилдэг хүмүүс бий шүү дээ?

-Ер нь л үндэсний телевиз гээд муулаад л байдаг. Гэтэл үнэндээ түүнийгээ үздэг л байхгүй юу. Би нэг онигоо ярья. Онигоо гэж бодит явдал л даа. Та өөрөө ч тэр хурал дээр байсан байж магад. Хоёр бүлгийн дарга нар мэдээлэл хийх гээд хурлаа эхэлдэг­гүй. Бусад сэт­гүүлч нар хүлээж ядаад, хурлаа хийгээч ээ гэж шаардахад "ММ ирээ­гүй" байна аа гэж хэлээд уурыг нь барсан гэдэг. Энэ бол манайх тэр­гүүлэх байр сууриа мөнхөд хадгалж байгаа­гийн илрэл. Миний сайных бус харин явж ирсэн нэр хүнд уламжлалаа аваад явж чадаж байгаагийнх юм. Ер нь мэргэжлийн судалгааны байгуул­лагуудын гар­гаж байгаагаар бол дараагийн­хаасаа даруй 20-30 пунк­тээр илүү явдаг.
-Та сэтгүүлчдийн армийн нэгээ­хэн хэсгийг удирдаж яваа хүн. Сэтгүүлчдийн ёс зүйтэй холбоотой асуудалд хэрхэн ханддаг вэ?
-Сэтгүүлчид мэргэжлийн байх, хариуцлагатай байх нь маш чухал. Сэтгүүлчид цалин нь ихдээ их, багадаа бага тийм л хүмүүс. Зарим нэг сайдаас хэдэн цаас авчихсан, ултөрчдийн хоолыг нь идчихсэн гээд сонстож байдаг зүйл бий. Манайд дөрөв таван зуугаад сэт­гүүлч байлаа гэхэд нэг хувь нь буюу 4-5 хүн тийм байхад сэтгүүлчид бүгдээрээ тийм юм шиг ойлгогдоод ирдэг. Би өөрийнхөө хамт олныг хариуцлагатай байгаа, ёс зүйтэй байгаа, мэргэжлийн байгаа гэдгийг хэний ч өмнө хэлнэ. Ер нь сэт­гүүлч­дийг хардах явдал их байдаг. ММ-ийн зураглаачийг гэхэд миний зургийг биш тэрний зургийг их аваад байна гэж ирээд хардана шүү дээ.

Үнэндээ сэтгүүлчдийг, сэтгүүл зүйг үнэлэх үнэлэмж ямар байна вэ гэдэг чухамхүү үнэн эргэлзээтэй цаг үе болчихоод байна. Нийгэм бидэнд итгэхгүй болоод ирвэл юу болохов. Нулимана биз дээ. Захиалга өгөөд хүн

муулуулж болдог, халаасанд нь мөнгө хийгээд худалдаад авчихаж болно гэж боддог болно. Тэгж үнэлэгдээд ирвэл бидний мэргэжлийн хувьд аюул байх­гүй юу. Нэг талаас үнэ­лэмж байхгүй болоход сэтгүүлч­дийн өөрсдийн гарга­сан алдаа бий юу гэвэл байгаа. Угшил нь бидэнд өөрсдөд байгаа. Мөнгө өгөхөөр тэр хүнийг бичихгүй, хэн нэгэн мөнгө хүнээс нөгөөгийн тухай бичсэн үү гэвэл тийм. Гэхдээ нийгмийг эрүүл­жүүлэх эд эс нь сэтгүүлч мөн л юм бол өөрчлөгдөх ёстой. Одоо бүх бурууг нийгэм рүү чихдэг болсон. Харин бид өөрсдөөсөө эхлээд өөрчлөгдөж улмаар нийгмээ өөрчлөх ёстой.

-Ёс зүйн асуудал дотооддоо бол ярих асуудал яах аргагүй мөн. Гэхдээ таны хэлснээр үнэ­лэмж буурсантай холбоотой ч юм уу, бүх бурууг сэтгүүлчид рүү чихдэг нэг тийм жишиг байх шиг. Манай сонин сэтгүүлчдийг Эрүү­гийн хуулиар шийтгэдэг тэр зүйл заалтыг хасах уриалга гаргас­ныг та анзаарсан уу?

-Тийм ээ. Сэтгүүлчид эрхэлж байгаа ажлынхаа төлөө буруутан Эрүүгийн хуулиар шийтгүүлэлгүй бусад хууль тогтоомжоор асуудлыг нь шийдээд явах боломжтой. Сэтгүүлч­дийн ёс зүйг хөндөж ярьж байгаагийнх нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Хуучны шар сонингууд өнөөдөр бүгд нэг, нэг сайтууд болчихжээ. Мэдээж, электрон сэтгүүл зүйн хөгжил яригдаж таарна. Гэхдээ ийм  сайтууд зорилго­той, захиалгатай хүн гүжирдэж гүтгэдэг хэрэгсэл болчихож. Бүр аль нэг томилгооны өмнө, эсвэл төсөв бат­лахын өмнө, цаашлаад хэн нэгэн хүнийг огцруулах, унагаах зорилготой мэдээлэл цацаж байна. За тэгээд сонгуулийн өмнө тамтгаа алдана. Сүүлийн үед ч надтай холбоотой мэдээлэл цөөнгүй гаргаж байна. Надтай гэж манай байгууллагатай холбоотой. Тэр худал мэдээллийг нь уншсан төсөв хуваарилдаг түшээд хүртэл ийм их мөнгийг үргүй зарлагад­даг юм уу гэж гайхшрах нь бий.

Би энэ удаад захиалагчийнх нь нэрийг хэлэхээ байя. Тэртээ тэргүй хүмүүс үнэн мөнийг нь өөрийнхөө хэмжүүрээр ялгачих бүрэн чадалтай учраас би үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. Гэхдээ энэ гал тогоонд ажил­лаж байдаг хүний хувьд сэтгүүлч­дийнхээ үнэлэмжийг өсгөж, ёс зүйтэй, цэвэр сэтгүүл зүйг

хөгжүүлэхийн тулд бид эхлэх цаг болжээ гэж бодож байна. "Хувьсгал хийхэд золиос байлгүй яахав гэж хэлдэг хүнд маргаашийнх нь золиос та байна шүү" гэж хэлэх ёстой гэдэг. Үүнтэй адилхан үүнийг өнөөдөртөө орхиё гээд үлдээж болохгүй юм байна. 

-Танайх төсвөөс мөнгө авдаг болоод ч тэр үү, биднийг гарга­сангүй, тэрийг гаргалаа гэсэн гом­дол төсөв батлагчдын зүгээс гар­даг юм билээ. Саяхан УИХ-ын зарим гишүүн биднийг бус Зас­гийн газрыг их мэдээлээд байна гээд танд албан бичиг хүргүүлж байх шиг байсан?

-Тийм зүйл байна аа байна. Хамаг цалин цуухыг чинь өгөөд байхад яах гээд байна гэсэн ханд­лагатай улс­төрчид байдаг. Үнэндээ манайд жилд 7.7 тэрбум төсөв­лөдөг ч 3.3 тэрбумыг нь бид төс­вөөс авдаг юм. Үлдсэнийг нь өөрс­дөө босгох үүрэг хүлээдэг. Тэр 7.7 тэрбумаас холбооны сувгийн түрээс, дахин дамжуулалтын мөнгө гээд асар их зардал шаардсан мөнгийг бид төлдөг. Дэлхийн зарим улсад 97-98 хувийг нь төсвөөс өгөөд үлдэх хувиа бэлгэдлийн чанартай олох нь бий. Харин бид талаас илүү хувиа өөрсдөө олдог. Мэдээж гурван тэрбум төгрөг их мөнгө үү гэвэл их мөнгө. Гэхдээ манай хүмүүсийн цалин гэхэд 3.7 тэрбум

төгрөг шүү дээ. Өгч байгаа нь 3.3 атлаа 7.7 тэрбумыг өгсөн гэж цаасан дээр бичдэг юм. Нөгөө талаас олон нийтийн гэхээр гудам­жинд явж байгаа хүн, бизнесмэн, улстөрч ер нь бүгд эзэн суух гээд байдаг. Хэрэв бүгд орж ирээд л эфир эзэгнэх гээд байх юм бол тусдаа хууль гаргаж, нэг хүн бодлого тодорхойлох гээд байх хэрэг байна уу.
-Гадаадын олон нийтийн теле­ви­­зүүд нийгэмдээ хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаг юм шиг санагддаг. BBC байна, NHK гэхэд сумо бөх дэх найраа, ёс бус тэмцлийг нь эсэр­гүүцэж барил­дааныг дамжуулахаа байж байх жишээтэй. Манайх хэзээ тэдэн шиг тийм болох бол?
-Хэрэв манайх үндэсний бөхийг дамжуулахгүй боллоо гэвэл бас нэлээд юм болох байх шүү. Харам­салтай нь нийгэмдээ нөлөөлөх оролд­лого гэж харахаасаа илүү "Яачихсан юм, Наранбаатар яагаад байгаа юм" гэсэн тал руугаа илүү явчих болов уу. Манай теле­виз хулгай хийхээ больё гээд эхний шатанд кино бүтээгээд эхэлчихлээ. Нэг талаас бусдыгаа чирээд зовлонтой л бай­гаа байх. Гэхдээ энэ бол сайн вирус юм. Ногоон хөгжилтэй хол­боотой төсөл бас нийгэмд нөлөөлж л байгаа. Үлгэр дуурайл болж байгаа гэж бодож байна.

-Манайд хүмүүс гэртээ HD телевизтэй бол­чих­лоо. HD-гээр суваг дам­жуулдаг үйл­чилгээ бий болчих­лоо. Харин телевизүүд хэзээ ийм форматаар нэвтрүүлгээ цацах вэ. Ганц "Монгол ТВ" ийм форма­таар л цацаж байх шиг?

-"Монгол ТВ"-ийн техник тасар­хай гэж дуулсан. Бас ийм хаягтай телевиз, телевизийн байр байдаг. Гэхдээ хөтөл­бөр гэх зүйл байхгүй. Бид техникийн дэвшилээ дагах ч нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээл­лийнхээ чансаанд илүү анхаарал тавьдаг. Манай 150 студи ийм форматаар нэвтрэхэд бэлэн бол­сон. Яг энэ форматаар нэвт­рүүлгээ бэлтгээд явахад хөрөнгө мөнгөний хувьд асуудал шаардагдана. Гэхдээ Засгийн газ­рын түвшинд 2014 он гэхэд дижи­тал систем рүү шилжинэ гээд гэрээ­гээр үүрэг хүлээсэн байгаа учраас тэр хугацаандаа багтаад орчихно. Яг одоодоо бол "Ардын засаг ч гэж хаа байлаа , авдаг өгдөг нь ч юу байлаа" гэдэг л байна шүү дээ. Төсөв хэд болох юм яаж батлах юм гээд асуудалтай.

-Үндэсний олон нийтийн зөв­лөлийн дэргэдэх олон нийтийн зөвлөл гэж бий. Тэр хүмүүс яг ямар эрх үүрэгтэй байдаг юм бэ. Хуулинд тэгээд заагаад өгчих­сөн болохоор тэр олон хүн байгаад байна уу?

-Хуулийг хийхдээ бүгдийг тооцож төлөвлөж, дэлхийн томоо­хон сайн жишээ, жишгийг харж хийсэн байдаг байлгүй дээ. Үндэсний зөвлөлийнхөн бол олон нийтийн төлөөлөл болж орж ирсэн хүмүүс. Түүнээс ажилд ороод л, тэг ингэ гээд байхгүй. Ерөнхий захи­рал хөтөлбөрийн бодлогоо тодор­хойлж, олон нийтийн зөвлөлийн­хөн түүнийг нь хянах ёстой. Хуучин Ерөнхий сайдын шууд харьяанд энэ байгууллага бай­сан юм. Тэгэхэд шууд дуудаад л даргыг нь халчих эрхтэй байсан гэсэн үг. Одоо нэг хүн, нэг танхим мэддэг биш салбар салбарын хүмүүсийн төлөө­лөл мэдэж байгаа юм. Магад­гүй таны анзаарснаар М.Наран­баатар бол нэг улстөрч, нэг хэсэг улстөрчийн дургүйг хүргэх зүйл хийж байсан л байх. Тэгвэл тэрний зоргоор хусагд­чихалгүй яваад байгаа нь тэгүүлэхгүй гэж хийсэн энэ хууль тогтоомжтой нь холбоотой.

-Өмнө нь эрх барьж буй намуу­дын гол үзэл суртлын зэвсэг нь үндэсний телевиз, сөрөг хүчний намуудын юуны өмнө өөрчлөхийг хүсдэг албан тушаалтан нь таны хашиж буй алба байсан. Харин сүүлийн жилүүдэд тэр байдал алга бол­сон нь уг хуультай холбоотой байна уу, хамтарсан засагтай хол­боо­той байна уу. Эсвэл М.Наран­баатар гэдэг хүн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байна уу?

-Тогтолцоог нь хуулиар зохи­цуулж өгсөнтэй холбоотой гэж бодож байна. Цэндийн Мөнх-Оргил, Эрдэнийн Бат-Үүл, Нямаа­гийн Энхболд нарын хүмүүс байд­лыг ингэж шийдвэл нөлөө­лөлд автахгүй гэдгийг тухайн үед харж чаджээ. Тэгээд УИХ-аас, Ерөнхий­лөгчөөс, Засгийн газраас дамжуу­лан олон нийтийн төлөөлөл орж ирэг, харин УИХ нь баталж байг хэмээн шийдэж. Тийм ч учраас хуучин шиг аль нэг талд нь гуйвах шаардлагагүй нөхцөлд ажиллаж чадаж байна.

-Ингэхэд та аль намын хүн бэ?

-Алиных нь ч биш. Аль нэгнийх нь байсан бол алуулахгүй юу. Угаасаа эрхэлж байгаа ажил маань хуулиараа нам бус байхыг шаарддаг.

-Ирэх сонгуулиар дэвшиж магадгүй гэх яриа ч дуулдах юм билээ. Та нэр дэвших үү?

-Би угаасаа хуулиараа улс төрийн намын харьяалалгүй байх ёстой хүн. Гадуур л миний өмнөөс нэр дэвших тухай яриа гаргаад байгаа болохоос биш. Ер нь тэгээд намайг дэвшүүлэх нам нь хаана байгаа юм, дэвших тойрог нь ч хаа байгаа юм. Тэгээд тэр бас сонгуульд их хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг биз дээ.

-Нээрээ, танай байгууллагатай холбоотой машин тэрэг авсан, барьсан гэсэн яриа дуулдаж байх юм. Та үүн дээр ямар хариу өгөх вэ?

-Намайг М.Наранбаатар гэд­гээр маань хараад байж болохгүй юм аа. Муу ч сайн ч тусгаар Монгол улсын үндэсний хэмжээний теле­виз, радио гэж харах хэрэгтэй. Өнөөдөр NHK телевизийн захир­лыг ямар унаа унаж байна гэдэг юм уу эсвэл онгоцоор хаашаа явсан гээд парламентын гишүүн нь асуу­гаад байвал өөрөө их эвгүй бай­далд орох болов уу. Нэг улсын олон нийтийн телевиз радио гэдэг утгаар нь харах ёстой гэж санадаг юм.

-Төсөв мөнгөний асуудал ямар байдгийг та бид хоёр ярилцсан. Ер нь төсөв тиймэрхүү байдаг юм бол танайхан олон ангит кино хийгээд л өөрсдөдөө ажил удахын хэрэг байна уу?

-Бид үүнийг хийх үүрэгтэй. Уран бүтээлч нөхөд маань шөнө оройгүй ажиллаж 200 ангит кино хийж байна.

Үүнээс ч ихийг хийнэ. Нөгөө талаас уран бүтээлч хүнд нэг тийм сэтгэл байдаг даа. Өөрөө ч мэдэж байгаа. Хийгээд дуус­саныхаа дараа нийт­лэлийг хүн уншиж байхыг чинь хара­хад нэг тийм гоё байдаг биз дээ. Би ч урьд нь нэвтрүүлэг бэлдээд төгс­гөлд нь нэрээ гарахыг хараад баярлаж, урамшдаг байсан. Нэгэнт манайх ийм том баазтай хойно уран бүтээлчдээ хөглөөд, бүтээл төрүүлж тэд маань хийснээсээ урам, таашаал авч явах нь сайхан биз дээ.

-Тусгай салаа кино гарсны дараа цэрэгт явж байгаа залуу­сын тоо нэмэгдсэн гэж байсан. Одоо эмч нарын тухай кино хийж байна. Ер нь шинэ төслөө хийх­дээ үр дүн нь ийм байх болно гээд тусгай зорилго хөтөлбөртэй явдаг уу?

-Ноднин кино хийж байх үед цэрэгт очиж байгаа залуус тоондоо хүрэхгүй байсан. Харин киноны дараа гэхэд зураг авсан ангид илүү орон тоо байхгүй болсон гээч. Батлан хамгаа­лах яам ч бидэнд байдгаараа тусалж,

бид ч энэ уран бүтээлийг босгох гэж хичээсэн. "Өдөр өдрийн наран" кино төслийн санаачлагч нь ЭМЯ. Эмч нарыг янз бүрээр л хэлдэг, тэгвэл амьдралд тэдэнд ямар бэрх­шээл тулгардаг юм, хүнийхээ хувьд ямар асуудал байдаг юм гэдгийг гаргахад хоёр талын сонирхол таар­сан, уран бүтээл хийсэн. Энэ бол бас ч том төсөл. БНСУ-д долоон хоног зураг авч, Дорно­говийн Алтанширээ, Сэлэнгэ аймагт бас зураг авсан. Кино дуусахад анагаах, сувилагчийн сур­гуульд орох хүмүүсийн тоо нэмэгдэх л байх. Бас ийм мэргэж­лийн хүмүүсийг ойлгох, ханиа, ээж аавыгаа ойлгох ч болно. Нөгөө талаас нийгэмд асар сайн нөлөөтэй. Тухайлахад хайртай жүжиг­чин нь янз бүрийн хавдраар өвчлөхөд үзэж байгаа хүмүүст сэрэмж болж байдаг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр эрт оношлуулах тал дээр анхаарна гэсэн үг шүү дээ. Бидний  ажил бол ингэж л нийгэмдээ очиж байд­гаараа сайхан.

-Солонгос бол олон ангит кино­гоороо Ази төдийгүй дэл­хийг байл­дан дагуулж байна. Улсынхаа маш том суртал­чил­гаа учраас цаанаас нь төсөв гаргадаг ч гэдэг. Харин манайхан хийж байгаа киногоороо улсаа сурталчилдаг болох нь хэзээ бол?

-Ер нь киноны зах зээл бол яг хар зах шиг. Маш том кино яарма­гууд байдаг. Бид өөрсдийнхөө павилонуу­дыг зарим дээр нь авья, гарч эхэлье гэж байгаа. Эхний шатанд худалдаж аваад сүйд болохгүй юм аа гэхэд бүтээл солилцох асуудал гарч болно. Бид бол эхэлж байна, хөгжөөд байгаа. Цааш цаашдаа олон боломж нээг­дэнэ. Одоо бид "Халтар царайт"-ыг үзвэл юунд тэгж хуйларч байв гэхээр л байна шүү дээ. Цаг цагт уран бүтээл хөгжиж, өөрчлөгдөж байдаг.

-Нээрээ, "Халтар царайт"-ыг багагүй мөнгөөр худалдан авч байсан байх аа. Одоо танай фондод бий юу?

-Бий бий. Манай өмчлөлд байдаг.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.