11 сарын 15, Баасан
-15°C
USD 2,703.09
USD 2,703.09
EUR 2,976.37
JPY 24.86
GBP 3,470.90
RUB 42.10
CNY 385.08
KRW 2.31

Э.Анхбаяр: Дуурийн урлагт донтож явна

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны IV байрын шагналт, Улсын филармонийн гоцлол дуучин, Монгол Улсын соёлын элч Э.Анхбаяртай ярилцлаа. Түүнийг Консерватор, Улсын филармонийн захиргаа хүлээж авч, баяр хүргэсний дараа тухлан суусан юм. 

Онгоцноос буумагцаа мэргэжлийн багш, Ардын жүжигчин Б.Жавзандуламдаа үнсүүлнэ гэж төлөвлөсөн ч, багш нь гадаадад яваа гэж дуулаад шууд гэртээ харьсан гэж байлаа. Уралдааны эргэн тойрны сонин сайхан, дуучны ирээдүйн төлөвлөгөө гэх зэрэг сэдвээр хөөрөлдлөө.

-Өрсөлдөгчид хүчтэй амаргүй байв уу?

-Сайн дуучид оролцлоо. Өмнө нь сонсоод, тайзан дээр уралдуулах дуучдыг шалгаруулж урьсан болохоор тэр нь тааруу гэх хүн байгаагүй. Манай Э.Амартүвшин, Ч.Бадрал нартай уралдаж байсан, саяхан болсон М.Глинкийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн, “Сөүлийн” тэргүүн байрынх гээд олон мундаг дуучин байлаа.

БНСУ-ын Ким Чү Хон үнэхээр дийлдэхгүй. Харин сая “Чайковский”-д II байр эзэлчихлээ. Өмнө нь Сөүлд манай Э.Амартүвшингийн оролцсон уралдаанд түрүүлж байсан юм. Өрсөлдөгчид ийм хүчтэй ч, адилхан шалгараад очсон юм чинь гэж өөрийгөө зоригжуулж байлаа.

-Дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаа чамлаагүй биз дээ?

-Үгүй ээ. Үнэнийг хэлэхэд эхэндээ голж байлаа. Удалгүй “Энэ хүртэл ямар олон даваа давснаа бодооч. Хангалттай шүү дээ” гэж бодон өөрийгөө тайвшруулсан.

-Суут хөгжмийн зохиолчоор овоглосон уралдаанаас, оролцогчдын чансаа, ер нь орчноос нь юу мэдэрсэн бэ?

-Орос орон агуу гэж үнэн юм. Агуу гэдгийн дор үндэстнээ, эв нэгдлээ, соёлоо, урлагаа гэсэн нэгдмэл зорилго байдаг гэдгийг олж харлаа. Үндэстнийхээ оюун санааны хөгжил, дэвшилд нөлөө бүхий хүмүүсээ танихдаа, үйл хэргийг нь залгамжуулж авч явах, хойч үедээ үлдээх, үйлс бүтээлийг нь олон нийтийн болон дэлхийн хүмүүсийн хүртээл болгох, тэднийгээ алдаршуулах талдаа гарамгай юм. Маш сайн бодлоготой ажилладаг юм байна.

-Үндэсний баялаг болсон хүмүүсээ юү?

-Тийм ээ. Чайковский, Рахманинов, Глинка, Римский-Корсаков, Шостакович зэрэг хөгжмийн суут зохиолчид бол Оросын үндэсний баялаг болсон бүтээн туурвигчид. Дэлхийн сонгодог урлагийг Чайковскийн “Хунт нуур”, “Евгений Онегин”, “Гилбэрийн хатан”, “Щелькунчик”-гүйгээр төсөөлөхгүй. Зөвхөн ганц хөгжмийн зохиолчийнх нь бүтээж туурвиснаас оросууд оюун санаагаар ямар баялаг, сэтгэлгээний цараа хэр өргөнтэй болохыг харж болно.

Чайковскийн уралдааны 14 хоногийн турш тэнд байхдаа ийм дүгнэлт хийлээ. Өмнө нь ОХУ-д болсон олон улсын хэд хэдэн томоохон уралдаанд оролцож явахад иймэрхүү сэтгэгдэл төрж байсан л даа. Энэ удаа агуу Чайковский хүн төрөлхтөнд оюуны асар их потенциаль, өв, үлдээснийг ойлголоо. Мэдрэмж арай өөр байна. Энэ уралдааныг ОХУ-ын Соёлын яам зохион байгуулж, “Сбербанк” санхүүжүүлдэг. Ямар их хөрөнгө зарж байна вэ. Би буруу бодож явсан байна лээ.

Мариинский театрыг зэрэг зиндаа, үйл ажиллагааны цараагаар Их театрт хүрдэггүй гэсэн ойлголттой явжээ. Гэтэл юун Их театр гэхээр байгууллага юм байна. В.Гергиев маэстро тэр театрыг яаж удирдаж байна вэ. Санхүү босгоод, түүнийгээ зөв менежментээр зарцуулж сонгодог урлагийн хүчийг улс орон, ард түмэндээ түгээхийн сацуу дэлхийн анхаарлыг татаж чадаж байна.

Мариинский театрынхаа дуучдыг дэлхийн зах зээлд өөрөө гаргадаг юм байна. Дэлхийн одод тэднийд ирдэг. Ийм эргэх холбоо, харилцаа үүсгэж чаджээ. В.Гергиев гуайд мэдэхгүй юм алга. Завгүй, утас нь байнга дуугардаг. Цаг үргэлж хүмүүс түүнээс ямар нэг зүйл асууж байх юм. Нэг минутын зав гардаг юм уу гэхээр.

Энэ бүхнийг харж байхдаа “Ямар хэцүү амьдрал вэ” гэж бодсон (инээв). Гэхдээ тэр хүн ийм байдлаас аз жаргалыг мэдэрдэг байх. Өөрөөр байж чадахгүй болов уу. Нэг хүний нөлөө урлагийн хөгжил, улмаар нийгэмд ямар их байдаг юм бэ гэх гээд зөндөө юм ярьчихлаа.

-Уралдааны шат бүрт дуулахыг тань сонссон. Монгол дуунуудаа илүү гоё дуулах шиг санагдсан. Ер нь Монголын хөгжмийн зохиолчдын дуунуудаас дуулахдаа тэднийг хувь хүн талаас нь хэр мэдэрч, ойлгодог вэ?

-Дуучид цөөн хэдэн хөгжмийн зохиолчийн бүтээлийг дуулдаг. Аргагүй шалгарсан болохоор тэр байх. Х.Билэгжаргал гуайн “Ламбугуайн нулимс” дуурийг жилээс жилд өөрөөр харж, ямар гоё болохыг нь мэдэрсээр байна. Б.Шарав гуай мэргэжлийн том бүтээлүүдээ дуучид дуулахад амар байхаар бичдэг юм болов уу. Гэтэл Н.Жанцанноров гуайн дуунууд эсрэгээрээ хэцүү мөртлөө татах увдистай мэт аялгуулаг, заавал дуулмаар.

Ц.Нацагдорж гуайн дуунууд хөгжмийн зохиомжийн хувьд төгс, цэг, таслал ч орхилгүй дуулах шаардлагатай. Тэднийг залгамжлан гарч ирсэн Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат, Х.Алтангэрэл, Түвшинтөр, Х.Мөнх-Ертөнц нарын хөгжмийн зохиолч ч гэсэн их гоё бүтээлүүдтэй. Би ер нь хөгжмийн зохиолчдыг биширдэг. Гадаадын суутнуудын уран бүтээлийн түүхийг уншиж байхад санаа алдмаар амьдралтай нь олон. Ж.Верди гэхэд ямар хүнд амьдрал дундаас тийм тансаг хөгжим төрүүлж байсан юм бэ гэж боддог.

Эхнэр, хүүхэд нь дараалан нас бараад байхад ч бичиж л байдаг, аялгуу нь улам л тансаг болоод байдаг. 80 настайдаа “Отелло”-гоо туурвисан гээд бодохоор тэр тусгай, бурхны зарлигаар хөгжим бичихээр энэ ертөнцөд ирсэн хүн ч юм шиг. Бурхан гэж хаана, юу байдгийг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ тэгж бодох үе бий. Ер нь би дуурийн урлагт донтож явна даа.

-Сайн юм биш үү.

-Энэ урлагт дурлаад байгаа юм байлгүй дээ.

-Та одоо гадаадын зах зээлд “тоглолт хийдэг” ямар нэг агентлагт харьяалагдаж байна уу?

-Үгүй. 2016 оноос Анатолий Гусев гэж багштай болсон. Энэ багш маань мэдээлэл нэлээд өгдөг. Хаана, юу болж байгааг андахгүй. Орос, францын эрлийз хүн л дээ. Дэлхийн дуурийн урлагийн од Анна Нетребкогийн нөхөр Юсиф, тэр жил “Кардифф”-т түрүүлдэг Надежда Кучер зэрэг дуучдын багш нь. Дуучин, найз Ч.Бадрал бид хоёр зорьж очиж, хичээл заалгаснаас хойш байнга холбоотой байдаг болсон.

-Энэ багштайгаа ямар хэлээр ярьдаг вэ?

-Итали, оросоор ярина. Италиар барахаа байвал оросоор үзнэ. Болж л байна. Би Монгол Улсынхаа Засгийн газрын шугамаар Италид су ралцах эрхтэй болсон юм. Нэг жил суралцсан, боломжтой үедээ үргэлжүүлэх эрх нээлттэй байгаа. Тийм болохоор итали хэл гадарладаг болсон.

-Тэр багш нь монгол шавь нартай болсондоо баяртай байдаг уу?

-Тийм ээ. Багш “Чамд хоолой анхлан тавьсан монгол багшдаа насан туршдаа мөргөж яв. Маш зөв ажилласан байна” гэж хэлсэн. Тэгэхээр би азтай байгаа биз дээ. СУИС-д шалгалт өгөөд, унахад Жавзаа багш намайг шавиа болгож авч байлаа. Учрах ерөөлтэй л байж дээ гэж боддог. Манай Б.Жавзандулам багш П.И.Чайковскийн нэрэмжит Консерватор төгссөн, залуудаа Чай ковскийн уралдаанд оролцож байсан хүн.

Ер нь би энэ уралдааны тухай мэдээлэлтэй. Манай алдарт дуучин Ц.Пүрэвдорж гуай олон жил шүүгчээр ажилласан. Мөн Баадайжав гуай амжилттай оролцсон, хэрэв би андуураагүй бол II шатанд дуулж байсан. Бидний бахархал болсон П.Ганбат агсан уралдааны IV байр эзэлсэн. Э.Амартүвшин гавьяат II байранд орсон, дараа нь Г.Ариунбаатар маань тэргүүн байр, улмаар гран при шагналын эзэн болсон гээд дурдаад байвал Чайковскийн уралдаантай холбоотой монголчуудын түүх арвин.

-Одоо бол Улсын филармонийн гоцлол дуучин юм байна.

-Тийм ээ.

-Австрийн театртай гэрээтэй ажиллаж байсан. Гэрээ дуусчээ?

-Тэр театрынхаа шинэ бүтээл Л.В.Бетховены “Фиделио”-д дуулах ёстой байлаа. Уралдаанд оролцох гээд амжсангүй.

-Л.В.Бетховен дуурийн хөгжим бичсэн юм байх даа?

-Ганцхан дуурьтай.

-Уг нь сонирхолтой тоглолт байж.

-Тийм ээ. Бас БНХАУ-ын Чиндү хотын Дуурийн театрт “Кармен”-ий Эскамильод дуулах байсан, чадсангүй. Тэр театр манай Г.Ариунбаатарыг урьсан юм билээ. Гэтэл манай хүн визний асуудлаас болоод очих боломжгүй болоод, намайг орондоо явуулах гэсэн юм. Гэтэл би уралдаанд зорьчихсон байсан болохоор очсонгүй.

-Сүүлийн жилүүдэд манай улсын хэдэн сайхан баритон дэлхийн дуурийн урлагийн талбарт өндөр амжилт гаргаж байна. Улсаас дэмждэг үү?

-Өөрсдөө явдаг. Улсаас ямар нэг дэмжлэг байдаггүй. Олон улсын цөөн хэдэн уралдаанд I-III байр эзэлбэл Засгийн газраас журмын дагуу мөнгөн шагнал олгодог. Бусад тохиолдолд ямар нэг урамшуулал байдаггүй.

-Тэгэхээр Чайковскийн уралдаанд IV байр эзэлсэн танд Засгийн газрын шагнал олгохгүй гэсэн үг үү?

-Журамд “Дөрөвдүгээр байр эзэлбэл” гэсэн заалт байдаггүй гэсэн. Чайковскийн олон улсын уралдаан албан ёсоор дөрвөн байр эзлүүлдэг. Гэхдээ тухайн жил шүүгчид яаж шүүхээс хамаараад уралдааны тэргүүн байр эзлүүлэхгүй тохиолдол ч байдаг юм билээ. Энэ удаа бол албан ёсоор I-IV байр эзлүүлсэн. Манайхан цаашид энэ мэт нарийн юмнуудыг дүрэм, журамдаа тусгах биз дээ.

-Уучлаарай, нэг юм асууя. Дуурийн театр таныг ажлаас халсан гэх юм.

-Өнөөдөр энэ тухай яриад дэмий байх. Театрын уран бүтээлийн удирдлагууд ямар шалтгаан байсныг бүгд мэдэж байгаа. Тухайн үеийн захиралд үнэн байдлыг тайлбарлах шаардлага гарахад бүгд амь амиа хоохойлоод, би ганцаараа ялд унасан түүх бий.

-Та хохирсон юм биш үү?

-Ер нь сүүлийн үед Монголдоо дуртай ажлаа хийгээд, санаснаараа амьдрах боломж алга гэж харж байгаа. Монгол Улс, түүнийг бүрдүүлдэг хүмүүс гоё болно доо гэж боддог байсан. Одоо бол итгэл алдарч байна. Эдийн засгийн үзүүлэлтүүд, тоонууд цаасан дээр сайхан харагддаг байж болох юм. Бодит байдал дээр хүмүүсийн амьдрал ч тэр, хандлага, бие биедээ гаргаж байгаа авир зэрэг нь тэг түвшинд байна. Үнэхээр харамсалтай.

Сайхан мэдээ, мэдээллийн араас ийм үг хэлж байгаадаа харамсаж байна. Гэхдээ хэлж байхгүй бол муу, муухай байдал улам лавшрах юм. Монголдоо амьдаръя, ирэн, очин дуулаад байж болох байх гэж бодсон. Энэ учраа хэлж Филармонийн дуучин болсон. Ойлгож хүлээж авсан удирдлагууддаа талархаж байгаа.

-Цаашид гадаадад амьдарна гэж үү?

-Одоогоор шийдээгүй. Ер нь тийм байна аа гэж хэлж байгаа юм. Манайхан хүнийг заавал хэн нэгэнтэй харьцуулж, доош чангаадаг. Хэрвээ бүр доор оччихвол харин өрөвдөж эхэлдэг ойлгомжгүй зантай. Энэ зангаа хэзээ ч тавихгүй байх. Бие биетэйгээ гоё харилцъя л даа. Бид чинь цөөхүүлээ. Заавал муудалцаж байх ёстой биш. Нэг нэгэндээ урам өгдөг, нөгөөдөө зам нээдэг, найрсаг байя л даа.

Зөвхөн соёл, урлагийн салбарт гэж ярьж байгаа юм биш шүү. Монголчууд өөрсдийн гараар даргад л таалагдахын тулд амьдардаг нийгмийг бүтээчихэж. Харамсалтай. Гадаад орнуудад явж байхдаа заримдаа атаархдаг. Манайх ийм концертын танхимтай болоосой, тийм оркестртой байхсан, түүн шиг удирдаачтай болоосой, цалин хөлс сайтай байхсан гэх зэргээр бодож, гадаадын сэтгэл татам бүхий л зүйлд нь атаархах юм.

Манай улс цаашид хэр удаан ийм дорой байх юм бол. Болохгүй байгаа зүйлийн талаар ил ярьж байя, нээлттэй хэлэлцэж байя гэж санаад хэрэндээ ярьж, хэлж ирсэн. Сүүлдээ ад болох тийшээ. Чайковскийн уралдааны талаарх яриагаа ийм сэдвээр өндөрлүүлж байгаадаа уучлалт гуйя.

-Өөрт тань бодит ур чадвар байдаг, гэтэл түүнийгээ үнэлүүлээд, аятайхан амьдрах боломж, нөхцөл алга гэж хэлэх гээд байна, тийм үү?

-Өөрийгөө магтах гэсэнгүй ээ. Нийгмийн өнөөгийн байдал, ард иргэдийн, тэгэх тусмаа урлагийн орчин, уран бүтээлчдийн талаар цухас дурдсантай минь санал нийлэх хүн олон байх болов уу. Гэхдээ ингэж ил хэлэх нь бараг л байхгүй. Үүнд би бухимддаг.

Р. Оюунжаргал

Эх сурвалж: Өнөөдөр сонин

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
11/10/2019
1. Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон 2. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож
АМЕРИКТ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТѲЛѲВ БАЙДАЛ
АМЕРИКТ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТѲЛѲВ БАЙДАЛ
Хүний нутагт бусдын эрхшээл дор ажиллаж байсан монголчууд аажимдаа ѳѳрсдийн бизнесээ босгож баялаг бүтээж эхэлсэн нь анхаарахгүй байж болохгүй үзэгдэл юм. Монголчуудын үнэт зүйл болох : -дасан зохицох чадвар -бусдын эрхшээл дор ажиллах дургүй чанар -эрсдэлээс айдаггүй зоримог зан энэ үзэгдэлд хүчтэй нѳлѳѳлж байна. “United Mongolia” АББ ын “Шинэч” багийнхан АНУ д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор монголчууд олноор суурьшдаг Виржина, Мериланд, Чикаго, Висконсин, Миссиури, Миннесота, Денвэр, Юта, Сиэтл, Сакраменто, Сан- Франциско, Лос -Анжелос, Лас -Вегас зэрэг
ЖОРЛОНГОО ѲѲРЧЛѲХГҮЙГЭЭР БИД ХѲГЖИХГҮЙ
ЖОРЛОНГОО ѲѲРЧЛѲХГҮЙГЭЭР БИД ХѲГЖИХГҮЙ
10/24/2019
“Жорлонгоо ѳѳрчилье” нэртэй тѳсѳл санаачлан хэрэгжүүлж байгаа Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарын тухай “Уг нь их зѳв сэдэв барьж авчээ. Гэхдээ эд нар үүгээрээ 2020 оны сонгуульд нэр дэвших боломжоо хангаад, хэргээ бүтээвэл хаяж орхих байх даа” хэмээн харамсангүй бодож байснаа нуух юун. Улстѳрд хүний эрхийн чиглэлээр ѳѳрийн байр сууриа бэхжүүлж, УИХ ын гишүүн, ЗГ т сайд хийж байсан Ц.Оюунгэрэлийн талаар сайн муу элдэв мэдээлэлтэй байснаас нүүр тулан уулзаж байсангүй. “Түүнтэй уулзаж ярилцлага хийгээч” хэмээн А.Хандсүрэнгийн тавьсан саналыг хүлээж авсан юм. Түүнтэй уулзан нүд рүү нь харж байгаад

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.