04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Англи хөөмийч

Буржгар, урт шаргал үстэй англи залууг монгол дээл өмсөөд, морин хуур хуурдан “Алтайн магтаал”, “Буянт гол”-ыг хөөмийлнө гэхэд нэг бодлын нүдэндээ итгэмээргүй. Манай урдаа барьдаг хөөмийчдийн зэрэгт хүрээгүй ч тэднээс дутахааргүй хөөмийлдэг энэ залуугийн нэрийг Майкл Ормистон гэдэг. Их Британийн Лондон хотноо зохиогддог зарим монголчуудтай холбоотой арга хэмжээнд үзэгддэг болохоор тэнд амьдардаг монголчууд түүнийг таних байх.  

Тэрээр арав гаруй жилийн өмнө цалин сайтай, компьютерийн ажлаа орхиод мөрөөдлөө биелүүлэхээр хөгжмийн аянд мордохдоо, хаа байсан холын монголын хөөмий сурна гэж төсөөлөөгүй явсан ч байж болно. Майклын төрөлхийн хөгжмийн авьяас нь дэлхийн олон орны хөгжмийн зэмсгээр чадамгай тоглож чаддаг нь монголын үндэсний хөгжмийн зэмсэг болох морин хуур, товшуур, ятга, лимбээр тоглоход дөхөм үзүүлсэн болов уу.

Сургуульд сурч байхдаа  Монгол орны тухай сонсож байсан боловч сэтгэлд нь үлдсэн зүйл ховор байж. Харин 1988 онд Их Британид  Ардын дуу бүжгийн чуулгын тоглолтыг үзээд монгол орны тухай сургуулийнх нь сэтгэгдэл сэргэж иржээ. Ховд аймгийн уран сайханч Цэрэндавааг хөөмийлэхийг тэр үед сонсоод өөрийн эрхгүй түүний авьяасыг биширч, яаж хөөмийлж байгаа юм бол гэдэг бодлоосоо салахаа больж өөрөө бага зэрэг оролдож эхэлсэн байна. Ингээд л тэр монгол орны тухай ном, сонин уншиж, Кембрижийн их сургуулийн хөгжим судлаач Карол Пегээс монголын хөгжмийн тухай лекцийг сонссон юм. 

1993 онд Майкл анх удаа монгол оронд хөл тавьж, монголын нэртэй хөөмийч Ганболдтой уулзаж, түүний дүү Гэрэлцогтоор хөөмийн анхны мэдэгдэхүүнийг заалгав. Мөн Ховд аймгийн хөгжмийн театрын Сэнгэдорж ч түүний багшийн нэгэнд тооцогддог юм.

Энэ аяллынхаа үеэр хөөмийн нутаг болох Ховд аймгийн Чандмань суманд, Лондон хотод хөөмийлэхийг нь сонссон Цэрэндаваатай уулзаж, тэднийд хоёр долоо хонож бараг л өдөр шөнөгүй түүнийг даган хөөмийн зарим арга барилыг заалгасан нь хэдий оройтсон ч гэсэн хөөмий сурч болох итгэлийг түүнд төрүүлжээ. Майкл өөрийн идэвх зүтгэлээрээ монгол орны хөгжмийн талаар, ялангуяа хөөмийн талаар баруундаа мэдлэгтэй нэгний тоонд орж, одоо тэрээр анхны “англи хөөмийч” гэдэг нэрийг зүүж явна

Монголчууд сургуульд орохоосоо өмнө л хөөмийлж эхэлдэг бол гуч гарсан залууд хөөмий сурахад нилээд хүндрэлтэй байв. Гэсэн ч түүний оролдлого талаар өнгөрсөнгүй. Түүнтэй ярилцаж суухад хөөмий, хөөмийчдийн тухай мэдлэг, аль хөөмийч ямар арга барилаар түлхүү хөөмийлдөгийг ямар ч монгол хүнээс илүү мэдэх нь онцгой. Үүгээр ч барахгүй, Европдоо ганц гадаад хөөмийч нэртэй нэгэн юм.

Майкл монголын хөгжмийн тухай “Хөх тэнгэрийн цуурай” нэвтрүүлгийг Би-Би-Си-д бэлтгэж нэвтрүүлсэн юм. Тэрээр олон янзын хөгжмийн зэмсгээр тоглодог бөгөөд өөрийн НАДА хөгжмийн групптэй 1994 онд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудаар аялж, хөдөө орон нутгийн үзэгчдэд анх удаа Их Британийн группын тоглолтыг үзүүлсэн юм.

Тэрээр нилээд хэдэн удаа монгол оронд айлчилж, хөөмийчидтэй уулзсан бөгөөд, түүний очих дуртай газрын нэг нь Ховд аймгийн Чандмань сум юм. Майкл Их Британиас гадна АНУ, Герман, Швейцари, Шри ланка, Испани, Алжирт монголын хөөмийн урлагийг танилцуулж тоглолт хийсэн байна. Монгол хөөмийг европынхонд зааж, концерт тоглохоос гадна монголын хөгжмийн урлагийн түүхийг судалж, Би-Би-Си-д монголын хөгжмийн тухай радио, телевизийн нэвтрүүлэг хийлцэж, өөрийнхөө монголын дуу хөгжим, хөөмийтэй арваад СД гаргажээ.

Б.Жавхлан, Их Британи, Португал2007 он

Эх сурвалж: tsahimurtuu.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.