05 сарын 22, Лхагва
°C
USD 3,381.11
USD 3,381.11
EUR 3,673.58
JPY 21.64
GBP 4,298.41
RUB 37.39
CNY 467.09
KRW 2.48

Ганбаатарын шүлгүүд

Цалин бодуулах ажилгүй хүүг
Цаг хугацаа хүлээлгүй урагшилна
Хүн бүхний явсан зам адилгүй ч
Хүний нутагт аажимаар дасч
Хэрхэн амьдарч эхлэсэн тухай тэмдэглэл цаашаа...
Нүүрнийхээ маханд
Нүд нь онийсон залуутай
Нэгэн бүл болж
Хажуу өрөөнд нь шигдэж
Хал палгүй хамтдаа
Хөлс юугаа төлөлцөх

Хатуу зарчим барин
Амьдрахаар болов
Ахан дүүс биш ч
Алс нутаг нэгтэй хүү
Ажил төрлийн сураг ажиг
Алив энэ тэр гэж ярьж хөөрлөө ч

Алтан нартайгаа түрүүлж гараад

Амьтан хүн унтсан хойгуур
Алжаалаа тайлахаар ор руугаа дөхнө
Хөнжлөө дөнгөж нөмрөөд л
Хурхирч гарах тэр
Их ядарсан нь мэдэгдэж
Хамраа сорон хүчтэй дугарах нь
Хажууд нь байгаа би байтугай
Хаяа айлын хүмүүс ч сэрэхээр чанга
Хана гэж хариуч үгүй нимгэн
Хана нэвтлэн амьсгаадах дуу ч
Хориод хоног ажилгүй суусан надад
Ханиа санан гуяаа тэврэх эрд
Заримдаа ч галзуурмаар агуу
Зүүдээ ч барин хөлрөн хононо
Гарч орж ажил хайлаа ч
Гудамж уруудан өгслөө ч
Ганц нэг хүний ам тосч
Гутрал дагуулан
Гуниг нөмрөн ахиад хорь хонолоо.
Халаасаа би гөвж
Хоолны мөнгө ч дууслаа
Хэцүү бэрхшээл хэл гэж
Зурагт ширтээд
Зөв буруугүй дуудаж
Шөнө өдөргүй шулганан
Ширээ дэрлэн суулаа
Олж авсан жааханаар
Огт дүлий байхаа болив
Бие биенээсээ сураг ажаад
Бэлэн ажил олдохоосоо өнгөрч
Бараг хоёр сар ардаа хийлээ
Арга мухардлаа
Айлын хажуу өрөөний хөлс
Алс холоос ар гэрийхэн ч зовлоо
Төрсөн ахан дүүсээ бараадаж ирээгүй ч
Төөрөг ойрхон нутгийн хүү
Холын газар хөөчихгүй гэж
Хоол ундны зүйлд хүрэх хэцүү
Халтар царайлаад ахиад хэд хонолоо
Хэл ус хамаагүй
Хий гэснийг нь хийгээд
Юу ч асуусан би чадна
Юунаас ч шантрахгүй хийнэ гээрэй гэсэн
Нутгийн хүүхдүүдийн сургааль даган
Эзэн нь солонгос гуанзанд очлоо
Эхлээд би будиллаа
Эзэнд нь таалагдах гэж зовлоо
Энэ юу ч зовлон биш
Мөнгө барьж үзээд баярлалаа
Мөрөөдөл энүүхэнд гэж бодоод догдоллоо
Маргааш эртлэн босоод алхлаа
Махран чадлаараа зүтгэлээ
Овоо зүгширч гарт ойртлоо
Олгох цайны мөнгөнд нь урамшлаа
Олны дэмжлэгээр ахилаа
Одоо би алзахгүй гэж онгирлоо
Ай хөөрхий гэтэл
Адаар хөгшин эзний ууранд үзүүрлэгдэж
Адгын хараалд өртөн
Арваад хоногын дараа хөөгдлөө
Буруу хийсэн зүйл үгүй
Биенийнх нь хэсэгт хүрэх төдий
Ингэ гэчихээд тэглээ гэж
Ингэснийхээ төлөө халагдлаа
Хөгшин өвгөн зөнчээ
Холио солиогоо ялгахаа байж
Хохь л юмдаа энэ миний
Хорлох гээгүй санаа сайны зүж л юмдаа
Хэдэн хоногынхоо цалингаар
Хөлсөө би төлөхөд
Ах хүү овоо ш дээ гээд
Амьдардаг хархүү сарвайж байна
Аль хүний эвийг олоход
Арай бодсоноос хүнд байлаа
Ахан дүүсийн намайг гэх нь
Америкт байгаа гэдгээр шаналгана.
Үргэлжлэл,
Дүүргэх гээгүй ч
Дэвтэр дуусч байна
Тоолох гээгүй ч
Хоног урсч
Энд ирээд дөрвөн сар өнгөрлөө.
Манай үүгээр орж гарах
Магнайн дахь үсэндээ бууралтай
Манаргаж явсан гэмээр овсгоотой
Маний үеийн арай ч ахмад байхаар
Машин техниктээ сайн гэгдэх
Тэрвээр надтай юм ярьж хэсэг зогслоо
Тэвчих хэрэгтэй гэж байна
Би бараг зургаан сар
Байдгаа барж байгаагаа дууссан
Бүү санаагаар уна
Энэ бол юу ч биш гэж
Энэ тэнүүгээр тэнүүчлэх өлөн нүдээр
Эгцэлж над руу дохиод
Эргэж харах ч үгүй цааш явах нь
Эдлэх зовлон чинь бага байна гэв үү
Эх орон чинь биш гэв үү
Эв хавгүй өчнөөн бурж
Өргөн шанаагаараа мантайсан тарган
Өөх ихтэй гэмээр харагдах нүүрэндээ
Өм цөм худал инээгээд
За ажил болохоо байлаа гээд гарч одох нь
Залуу хүүхэд шиг хөнгөн
Залж ярих нь ч шингэн
Дарж байсан ачааг хөнгөлөх гээд
Дарамж нэмэн сэтгэл унагах шиг
Санаан зоргоор ажил олдохгүй
Хүссэн зоргоор хүлэг залгуулахгүй
Хүний нутгийн хөрс хатуу
Хатуу хатуудаа намайг хатуужуулж
Халуун наранд нь борогшиж
Халсан хөрсөнд нь чанагдаж
Бусад нутаг нэгтнүүдийнхээ адил
Бүхнийг даван сажилнаа гэж итгэлээ
Өчнөөн жил болсон хүүхдүүд
Өрх тусгаарлах тухайгаа ярьж байна
Олон жил болсон хүүхдүүд
Олсон мөнгөнийхөө тухай хөөрөлцөж байна
Эвийг нь олоод хөдлөж чадвал
Энд босс болно гэнэ
Эдгээр хүүхдүүдийн яриаг сонсож суухад
Эзнээ чимэх шинэхэн хувцасны
Гялгар хүүдийнээсээ гараагүй би
Хол байна даа гэж бодож суулаа.
       Хол байна даа хонгор минь
       Хүрэхэд даанч хол байна чи минь
       Хүний нутгийн сайхан дэргэд мэт ч
       Хүсэхэд мөн ч хол байна даа
Модны навч дэргэд унахад
Миний эх орон хол байна даа
Мөрөөдлийнхөө дэргэд яваа надад
Мөлхөхөд даанч хол байна даа
       Бүхнээ санах надад
       Бүлээн нулимс даанч хол байна даа
       Буугаад буцах завсар
       Бодолд дэндүү хол байна даа, мөнгө
Гэвээр бодож суулаа.
                                             
                                        Га. 2006 он
Үргэлжлэл,
Шинэхэн дэвтрийн цааснаа
Шимтэн сууж тэмдэглэлээ үргэлжлүүлье
Ширхэг сонгон үзгээ барьж
Шон босгон дугаар тавьж
Дуусч өнгөрөхгүй хоног
Дүрслэх аргагүй там юм
Дундалж болохгүй зовлонгоо
Дэвтэрт таллан сууна би
Амьдралын богино хугацаа
Аажимаар багасч байхад
Аргацааж өнгөрөөнө гэдэг
Битүүхэн үлдэх харамсал юм
Бурханд залбираад бүтэхгүй зүйлд
Бухимдаад өөрийгөө зовоох юм
Бүлтгэр хүүхдүүдээ санахын гашуунд
Бүлээн нулимс зүрхийг зумлана
Байж ядан тарчилахдаа би
Бантанд шараа тайлах адил
Бичиж сэтгэлээ тайтгаруулан сууна
Хорвоогийн нэг л өдөр
Амьдрал цэгцрэнэ
Хоёр олдохгүй энэ л насандаа
Хэзээ вэ гэхээс айдас төрнө
Арай гэдэг үгний цаана
Аюул бодож өөрийгөө зовооно
Богинохон амьдрах хугацаанд
Бүтэлгүй өнгөрөх өдрүүдээ
Харьцуулан бодоод
Хайруулын таваганд өөрийгөө чанана
Зүүд хэзээ биелж
Төгсгөлийг хэн бичих бол
Зүрх хэзээ зогсч
Төмөр зууханд шатах бол
Хэд наслахаа мэдэхгүй
Хэдэд нь би ганцаардах бол
Хүний нутгийн тоосыг гөвж
Хөнжлөө би хэзээ сөхөх вэ
Хугацааг хүлээж өнгөрөөнө гэдэг
Хэцүү юмны нэг энэ
Хор уусан мэт тарчилах
Хоосон гүюүрсэн өдрүүдээ дурсан үүнийг бичиж сууна
Хурдан л дуусаасай
Хүн шиг амьдрахсан... гэсэн
Шинэ дэвтрийн эхний хуудас
Шивэрсэн мэт нулимс дусчээ
Таталж бичсэн мөрүүд
Тогтоох аргагүй бүдгэрсэн байна
Том жижиг үсгээр нь
Татаж би вээр босголоо
Тонгоруулж үзэж
Тулган уншлаа
Дотоод санааг нь олж аваад
Дундуур сэтгэлийг нь ойлгож бодоод
Хэм хэлбэрээр нь зэрэгцүүлж үзээд
Хэлсэн утгыг нь гаргаж авсан юм
Гаргагдах аргагүй баларсан нь
Ганцаардсан шаналал илт байлаа
Гар нь чичирч байсан нь
Зүрхний бичлэг шиг сарайчсанаас харагдана
Зүүд биш бодит амьдрал муухай байна гэдэг
Зовлонг гэтлэх завьгүй
Сэлээд тамирдсаных бизээ
Далайн эргийг харсаар
Дунд нь живнэ гэдэг
Даллаад баярлах үр хүүхэддээ
Харагдаад доошилох вий гэж айхдаа
Харласан сэтгэлийн
Хар нулимсаар энэ л хуудсаа
Сохлоо бизээ
Тал нь живсэн хуудсыг
Татаж өөрийн бодлоо нэмлээ
Тийнхүү үргэлжилэх
Тэмдэглэлийн хуудсыг цааш эргүүлье...
                                     Га. 2006 он

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.