04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ХЭДЭН МЯНГАН БЭЭРИЙН ЧАНАДААС ИРЖ, ХЭСЭГХЭН МАНАЙ ТҮҮХИЙГ ГЭРЧИЛСЭН НЭГЭН: Беатрис Булстрод

Беатрис Булстрод
1869 онд төрж, 1951 онд өөд болсон энэ нэгэн англи эмэгтэйн нэрийг монголчууд бид яагаад ч болсон, ямар ч л байсан, хаанахын хэнээс ч илүү мэдэж л байх учиртай юмсанж. Учир нь ийм билээ...
Манай Монгол оронд 1911 онд анх зориглон ирж, сүүлд нь 1913 онд ахин зорин ирж, жил шахуу аялахдаа юу эсийг үзсэн гэх вэ! Тэгж гандаж гундаж, зүтгэн барин явж байж, үзсэн бүхнээ “Монголоор аялсан нь” (“A Tour in Mongolia”) хэмээх ном болгож, 1920 онд Лондонд, сүүлхнээр нь Нью-Йоркт хэвлүүлснээс л монголчууд бид түүнийг мэдэж байх учиртай болж байгаа хэрэг.
Монгол орныг зорино гэхэд нь, хөөрхий энэ амьтны үхэх газрынх нь шороо тэнд л пурхийж дээ хэмээлцэн өрөвдөх нь өрөвдөж, хайрлах нь хайрлаж, хориглох нь хориглож л байсан гэдэг юм. Арга ч үгүй юм байх, номынх нь оршил болгон бичснээс л үзэхэд, ертөнцийн тэртээ мухар, бөглүүгийн цаад бөглүү, Хятад, Монголгүй дайн дажинтай, бэрх тэр газар нутаг руу ганц бие бүсгүй аялна гэхэд, хэн л дуун дээр зөвшөөрөх аж. Харин тэр англи хүүхэнд манай эх орон Монгол аз баяр авчирсан уу гэхээс, гай зовлон нэг ч болсонгүй.


1911 онд эр нөхрөө алдаж, ганцаардан шаналсан сэтгүүлч бүсгүй анх манай орныг зорин ирж, хэдий хүнд хэцүүг амссан ч, сэтгэлийн гүнзгий тайтгарлыг олсон л гэдэг. 1913 онд ахин ирэхдээ манай орноор тувт цуг аялж, хожмоо амьдралаа холбосон нутаг нэгт эр нөхрөө ч бас л манайхаас олж авсан гэхэд болохоор аж. “Монголоор аялсан нь” номоороо ч гэсэн, Беатрис Булстрод бүсгүй аялал жуулчлалын сэтгүүлзүйн алтан хуудсанд нэрээ мөнхөлсөн сэтгүүлч хэмээн өргөмжлөгджээ. Ингэж л манай орон тэр бүсгүйд амьдралын итгэл, хань ижил, алдар нэр аль алиныг нь авчирч өгсөн түүхтэй аж.
Бээжинд “The Times” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан Дэвид Фрейзер гэдэг хүн “Монголоор аялсан нь” номын өмнөтгөл үгийг бичсэн байна билээ. Зуун жилийн тэртээд бичсэн ч, өнөөгийн бид ч гэлээ, зориуд нэг уншмаар л санагдсан.
“Монгол гэдэг, ердөөн ч, цул ганц говь цөл биш, говь гэмээнэ ч, огтын хэрэгцээгүй цөл бас биш” гэх ч юм уу, “Товчхондоо, Монгол бол, гадаад ертөнцтэй өрсөлдөхөөр орон биш. Тиймдээ ч, Монголын газар нутгийг өөрсдийнх нь өмнөөс гадаадынхан шийдсээр ирсэн, бусад ард түмний зугаа тоглоом болсоор байдаг” ч гэх юм уу, “Монгол хүн бүдүүн бараг, амарлингуй жаргалтай, сайхан сэтгэлтэй, туйлын залхуу, аливаад харваас дадал дүй муутай” гэх зэрээр нэгэн зууны тэртээд бичсэн нь, ялангуяа, тэр газар нутгийг нь гадаадынхан өмнөөс нь шийддэг, бусад ард түмний тоглоом болдог гэх зэрэг үгийн цаана, хичнээн жил яригдаж, өнөөдөр ч гэсэн цэгцэрсэн юмгүй л гэлцэх, Оюу-Толгой л өндөлзөөд ирэх шиг болно. Онцолж ганц жишээ авахад л, Оюу-Толгой бэлээхэн байна даа.
Миний хувьд л лав, Монголыг минь ингэсэн байна, тэгсэн байна гэж өөнтөглөх ч юм алга, аргагүй л байгааг нь байгаагаар нь дүрсэлж, он цагийн төрх төлвийг нь гэрэл зургийн хальсандаа яг буулгасан л байна билээ дээ.


Морьгүй монгол хүн, далавчаа тайруулчихсан цахлайтай ижил хэмээн ухаарч, дээшээ суу, дээшээ суу гэх халуун дотно, хүндэтгэх сэтгэлийг нь сэхээрч, гэр гэдэг аминд орох ганц оромж хэмээн анзаарч, адууны хомоол, тэмээний хоргол атга атгаар базлан нэмж, гал өрдөж байсан гараараа аягаа хэд шувтраад, цай барих хир даг болсон хөгшнөөс ундааг нь уух тийм ч аятайхан биш хэмээн үнэнийг өгүүлж, аргалын утаа амар амгаланг авчирдаг хэмээн сэтгэлийн тайтгарлаа бичсэн л харагдана билээ.

Аргал түүх, дэлгэж хатаах, зээглэж хураах гэдэг эндхийн нэг тасардаггүй ажил нь, зун хавартаа бузгайхан шиг цуглуулж аваад, цагийн хатууд түлшинд санаа зовохгүй, тухлаг өвөлжинө. Илч сайтай, шатахдаа үнэр бараг гардаггүй, мөн ч сайн түлш
дээ хэмээн говь талын хүн зоны царцчихгүй оршихуйн нэг үндэс болсон аргалын тухайд бичсэн байна билээ.
Монгол хүний зан араншинг ч зөндөө л тодруулж билээ. Муухай монгол хүн гэж уурласан монгол хүнийг хэлдэг, тэрхэн үед нь холхон л байх нь аминд өлзийтэй гэх ч юм уу, "Орос, хятадууд үхсэн хойшоо, аймхай амьтад, чоно хараад ухаангүй тэднийг зугтахад, манай монголчууд гуаглаж хашгираад л хойноос нь элдэж гарна шүү дээ" хэмээн хөөр бах болгон ярих нь хөөрхөн л санагдсан бололтой дог.

Бичсэн бүхнийг нь орчуулж л хүргэхээс биш, цөмийг нь энд дурдаж нэгэнт болохгүй тул, 15 мянга шахам бээрийн тэртээгээс ирээд, хоёр нүдээр харсан нэгэн үйл явдлыг нь зориуд тодотгон толилуулъя.
Миний энэ дурдах гээд байгаа зүйл бол, түрэмгий баатар хэмээн түүхэнд орсон байдаг боловч, олон зүйл нь бүрхэг Гэндэн болон түүнийг хөнөөхөд оролцсон 37 цэргийн тухай өгүүлсэн чухам тэр хэсэг юм.
400-гаадхан цэрэг эрсийг толгойлж, дөрвөн мянган хятадыг дийлсэн тэр их жанжинаа яагаад хөнөөх болсон тухайд, дэг гэдэг нь дэндүү хатуу, залхаалт гэдэг нь хэтэрхий ширүүн байснаас болжээ. Юун нөгөө их ялалтын баяр бах байх вэ, өс хонзон, үзэн ядалт зангиран хуримталжээ. Тийм дээрээс л Гэндэн баатрыг хөнөөхөөр бүгд санаа нэгджээ. Нэгдүгээр сарын нэгэн цахилзсан хүйтэн өглөө цэрэг эрс жанжиныхаа эсрэг босчээ. Хорин ч бууны ам цуутай тэр жанжины зүг зэрэг зэрэг чиглэх нь тэр. Гэндэн баатар ч гэж, ёстой хосгүй баатар байж.
Зөндөө сум нэвтэрсэн, зузаан гуяандаа сум зоолгосон хэр нь таваргасаар байжээ. Тэгж бараг нэгэн бээр газар дойтгонон гүйсэн гэдэг юм. Хүмүүс холоос хараад, яав ийв хэмээн хашгиралдан ойртоход нь, “Надаас холдоорой таминь, тэгэхгүй бол надтай цуг алагдана шүү” хэмээн хашгиран гүйж байсан гэдэг юм билээ. Тэгээд л хүүхэд шуухад, хөндлөнгийн элдэв хүн тэнэсэн суманд нь оногдчихмооргүй газар хүрмэгц, алив алаадахаач, бушуухан очих газраа очих минь хэмээн тэрбээр хойноос нь элдэж ирсэн цэргүүдэд тушаах мэт хэлсэн гэдэг.
Цэргүүд нь жанжинаа хөнөөсөн ийм нэгэн аймшигт хэрэг түүнийг ирэхээс зургаан сарын өмнө тохиосон байжээ. Гэндэн баатрыг хөнөөхөд голлон оролцсон гурван цэргийг цаазлахад Булстрод хатагтай өөрийн биеэр очиж харжээ. Тэр тухай бичихдээ, үхэлд дурласандаа биш, харин үхэлтэй тулгарахад үл шантрах монгол хүний аймшиггүй эр зоригийн гэрч болохоор тэнд очсон юм. Бурхан тахилт Богд хан уулаасаа далдалж үйлдсэн тэр аймшигт үйлийг үзэхэд, нэг гайхсан зүйл нь, жар далаад хятад тэнд очиж, хүн цаазлах баргар тэр орчинд даанч авцалдахгүйгээр шагшин шуугиж, хөгжин хөөрч, инээд баясал болсонд үхтлээ гайхжээ. Үхлийг харахдаа, тэр тусмаа монгол хүний үхэхийг үзэхдээ тэд үнэнхүү баясах бололтой хэмээн бичсэн байна билээ.


Нөгөө гурван цэргийн хувьд, амьдаар нь авсалдаг аймшигт муухай мөглөнд зургаан сар тамлагдсан гэхэд, цог золбоотой, цовоо цолгиун харагдаж байсан гэнэ. “Хөөш, та нар, битгий наад майхандаа бүгээд бай, бидний цаазлагдахыг харцгаа. Гарч ирээд үхэхийг минь үзэцгээ” хэмээн хилэнтэйгээр хашгирч байжээ.

Цаазлахын өмнө цадтал идүүлэх нэг ёс байдаг аж. Тэр ёсыг нь ч гүйцэтгэв. Буудахаар модноос буруу харуулан сөгтгөн хүлэхэд нь, “Биднийг яагаад бууны өөдөөс харуулдаггүй юм бэ? Цэрэг хүний ёсоор үхэж яагаад болдоггүй юм бэ гэхэд нь англи тэр бүсгүй эр зоригтойд нь бахдаж, ингээд буудуулна гэхээс дагжих шиг болжээ.
Гүнгэрваанд залсан бурхан барьсаар нэгэн лам тэдний өмнө очиход, “Хойт насандаа, дахиад л би, цэрэг болмоор байна” хэмээн хариулах нь сонсджээ. Буудуулах гурван цэрэг гүнгэрваатай бурханыг нэг хэсэг гөлрөн харсан нь хойт төрлөө даатган залбирсан хэрэг биз ээ. Мөнөөх ламыг холдмогц, гурван цэрэг шаламгайлан очиж, дөрвөн алхам хэртэй зайнаас пүн, пүн, пүнхийлгэмэгц, хэсэгхэн газрын тоос пурхийх нь үзэгджээ.
Нөгөөх нүгэлт газар руу улай харсан элээ, Өргөөгийн бузартаж бөөстсөн нохос уралдан уралцан ирэх биз ээ хэмээн бичихдээ тэрбээр, тэрхүү айшигт үйлийн тухайд нэгд, зургаан сарын өмнө ямар зүйл болсон талаар хүмүүсээр их л тодорхой яриулжээ, хоёрт, Хүрээний шоронгоор биечлэн орж, мөглөнд амьдаараа авслагдсан тэр цэргүүдийг нүдээр харжээ, гуравт, төдхөн тэр цэргүүдийн гурван толгойлогчийг нь цаазлахыг мөн нүдээрээ үзэж, хэн юу ярьсан, ямар ямар үйл явдал болсныг нэгд нэгэнгүй мэджээ. Ийм юм манайд үзсэн, түүнээ тодорхой бичсэн, анхны бөгөөд сүүлчийн ганц сэтгүүлч бол, Беатрис Булстрод хатагтай яахын аргагүй мөн байж таарна.
"Бие гэгч нь сүнсний гэр төдийхөн зүйл, нэгэн бие элэхэд, сүнс гэгч нь өөр нэгэн биеийг удах төдөх юмгүй эзэлнэ. Ингэж хэлдэг ард түмэн үхлээс нэг их айх уу даа."

"Халхгар, урт дээлний цаанаас барагтайд ялгарч тодордоггүй монгол эрчүүдийн бие хааг нь, барилдахаар нүцгэлэхэд нь харахад, гоё сайхнаараа англи эрчүүдээс дутах юм ердөөн ч байхгүй", "Монгол бүсгүйн хөөрхөн сайхан гэдэг нь ижилгүй хосгүй", "монголчуудыг бараг л ямар ч хэрэггүй яргалал үйлддэг хэрцгий балмад хэмээн ярьж хэлэлцэхийг нь зөндөө л сонссон, хэрэг дээрээ тэд бол онцын хэрэггүй л бол амьтны амь тасалдаггүй, харин ч амьтдад үнэнхүү асралтай ханддаг" гэх зэрэг өнгө аясаар бишгүй нэг бичсэн Беатрис Булстрод гэгч англи эмэгтэй бол, Жанрайсэг бурхныг бүтээж, өндөр сүмийг барьж байхыг нүдээрээ үзсэн, тэр бүхнийг бичиж үлдээж, зурагт буулгасан гавъяатай л хүний нэг санж.


Беатрис Булстрод гэх энэ нэрийг тэгэхэлээр, монголчууд бид мэдэж л байх учиртай юмсанжээ.

До.Чулуунбаатар тэрлэв.

2020.09.05


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.