04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

"Хөөмийгөөр Аялахуй" баримтат кино

Монгол хөөмийн тухай Францын кино найруулагч Жон-Фронсуа Кастэллийн бүтээсэн хоёр дахь бүтээл болох "Хөөмийгөөр Аялахуй" баримтат кино Олон Улсын Ардын Билгийн Нила Кино фестивальд албан ёсоор шалгарсан билээ. 

https://www.youtube.com/watch?v=0jMG42zu2NY

 “Хөөмийгөөр Аялахуй” киноны товч танилцуулга

2010 онд Монголын уламжлалт хөөмийн урлаг ЮНЕСКО-гийн хөтлөн явуулдаг Хүн Төрөлхтний Соёлын Биет Бус Өвийн Төлөөллийн Жагсаалтад бүртгэгдсэн ба нэр дэвшүүлэх баримт бичигт нь угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ, түүний гэргий Шагдарсүрэнгийн Номиндарь нарын судалгааны ажил болон тэдний “Нүүдэлчин Зам” холбооны эрхлэн гаргасан бичлэгүүд голлох хувь нэмэр оруулсан юм.

Үүний дараа Жоанни, Номиндарь нар 6 жилийн хөдөлмөрийн үр дүн болох“Монгол Хөөмийн Сонгомол” хос цомгийг гаргасан нь тун удалгүй хөөмий сонирхогч дэлхий дахинаах хэн бүхний хувьд тулгуур материал болов.

2016 онд уг цомгийн нээлтэд зориулж тэд 12 хөөмийч, уран бүтээлч бүхий онцгой аялан тоглолт зохион байгуулсан юм. Эрэгтэй, эмэгтэй, ахмад, залуу гээд малчны хотоос тайзны урлаг хүртэлх Монгол орны нутаг нутгаас ирсэн хөөмийч, өвлөн уламжлагчид 2 сарын турш хамт байж, дэлхийн хөгжим урсгалын Франц, Швейцарь дахь хамгийн том тайзнаа тоглосон билээ.

Жоанни Францын Шинжлэх ухааны үндэсний төв, ЖИПСА лаб болон Грэнобл хотын Анагаахын их сургуультай хамтран, хөөмийн төлөөлөл болсон тэдгээр уран бүтээлчдийг сайн дурын үндсэн дээр хөөмийн нарийн судалгаанд оролцуулахаар төлөвлөсөн нь дэлхийд анхдагч болсон юм.

Дээрх бүх үйл явдлыг хоорондын нарийн уялдаа, хамааралтайгаар дүрслэх “Хөөмийгөөр Аялахуй” кино нь ёс зүй, тэгш эрхийн зарчимд тулгуурласан угсаатны хөгжим судлалын ажил, олон улсын аялан тоглолтыг дотроос нь мэдрэх боломж, эрдэм шинжилгээний туршилтууд, хөөмийн нууц болон түүний байгаль дэлхийтэй уялдах нарийн шижим, хөөмийн өвлүүлэлт,  2017 оны зун Монголд очиж “Монгол Хөөмийн Сонгомол” цомгийг оролцогч хөөмийчдөд төдийгүй, архивын бичлэгтэй холбогдох дээр үеийн хөөмийчдийн гэр бүлд олгосон явдал гээд нэн ялангуяа хөөмийчидтэй туулсан Жоанни, Номиндарь хоёрын хүн ёсны адал явдлын талаар өгүүлнэ.

Аялахуйн мөн чанар бүхий энэхүү бүтээлийг “Монгол Хөөмийн Сонгомол” аялан тоглолтоор анх удаа Европт ирж, мөрөөдлөө биелүүлээд хальсан Монголын Тува хөөмийч Бадарын Папизан агсны гэгээн дурсгалд зориулав.

 

Кинонд замнал нь гарч буй хөөмий судлаач, Др. Жоанни Кюртэгийн тухай товчхон

Жоанни Кюртэ нь Монгол хөөмийгөөр дагнан судалгаа хийж, Докторын зэрэг хамгаалсан анхны гадаад эрдэмтэн бөгөөд 2006 оноос хойш Монголын үе үеийн хөөмийн мастеруудыг урьж, аялан тоглолт, сургалт, сурталчилгаа таниулгын үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Тэрээр Дэлхийн Хөгжмийн Олон Улсын Хүрээлэн болон Францын Убань хотын Консерваторитой хамтран Монгол хөөмийн 4 жилийн, албан ёсны диплом бүхий сургалтыг 2020 оноос хойш зааж эхлүүлээд байгаа нь Монгол хөөмийн үнэ цэнийг өргөн, түүхэнд нь шинэ хуудас нээсэн бас нэгэн анхдагч үйл явдал болсон юм.

Кино бүтээгч Жон-Фронсуа Кастэллийн тухай товчхон

Баримтат кино, фото сурвалжлагын чиглэлээр мэргэшин бүтээлээ туурвиад 30 орчим жил болж буй Жон-Фронсуа Кастэлл нь Монгол хөөмийг хорь гаруй жилийн өмнөөс сонирхож, 2004 онд Жоанни Кюртэтэй танилцсан цагаасаа түүний судалгаа, үйл ажиллагааг даган баримтжуулж, 2009 онд “Хөөмийн Эзэд” баримтат кино бүтээсэн нь олон улсын нэр хүндтэй фестивалиудад шалгаран цацагдсан билээ. Уг бүтээлийн үргэлжлэл болгон, 2018 онд гаргасан “Хөөмийгөөр Аялахуй” баримтат кино Жон-Фронсуа Кастэллийн анхны урт хэмжээний бүтээл болсон юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.