03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Сергей Бодровын бүтээл "Монгол" киног үзээд төрсөн сэтгэгдэл

Хэрэв бурхан гэж байдаг бол дэлхийд хэзээ ч давтагдашгүй түүхийн алтан хуудсуудыг ганцхан Монголчуудад харамгүй заяасан. Тэртээ зуунд болоод өнгөрсөн юм үр хойч бидэнд хамаагүй гэж бодож байгаа бол том эндүүрэл бололтой. Хятадууд биднээрээ тоглож овоо хэдэн доромж кино бүтээснийг одоо Оросууд түрлэг нэмж эхэллээ. Хамгийн анхны бодит хувь нэмэр оруулж яваа нөхөр нь яах аргагүй Сергей Бодров гэгч иван.

Энэ хүн уран сайхны аргаар Монголчуудыг ёстой өнөө бидний хэлдэгээр нам хийжээ. Маш энгийн олон зүйлийг энэ киноноос тод томруун харж болно. Жишээлбэл: Хүүдээ сүй тавихаар яваа эцэг замдаа эртний андын гэрт саатан морилох хэсэгт нэгнээ хараад учиргүй худал тас тас инээх атлаа, бас тэврэлдэн мэндлэх аж. Цаашлаад 9 настай Тэмүүжин хүү эцэг Есүхэйн үгнээс тас зөрөн би эр хүн эхнэр авахаа өөрөө мэднэ гэж томордог байна. Ийм Монгол ёс гэж хаана байна. Аавдаа адуу манахыг заах хүүг үзэв. Энд ерөөс би Тэмүүжин Есүхэй гэдэгт асуудал байна гэж хэлэх гэсэнгүй шүү. Монгол ардын ах захаа хүндэтгэх ёсыг шууд доромжилсон учраас уур минь шатав. Тэр Есүхэй бэр гуйхаар биш зүгээр замд буудаллаад явж байсан, Бөртэд анхнаасаа дургүй байсан гээд л гүйвсан түүх ч надад хамаагүй байсан юм шүү. Ерөөсөө энэ чинь уран сайхны кино гэдэг утгаараа. Ингээд л кино эхлэнгүүт дараа дараачийн үйл явдалууд хэрхэн өрнөх нь багахан сэтгэгчид ч дэндүү ойлгомжтой болоод ирнэ. Есхөн настай Монгол ханхүү олон охинг жагсааж байгаад урдуур нь алхалж дуртай охиноо сонгон авч байгааг дүрийг энэ киноноос та харна. Энэ киногоо Монгол хэл дээр авсан гэж найруулагч нь кино бүтсэн түүхээ ярьж суухдаа их л бардам байсан. Гэтэл эх сайхан Монгол хэлийг, ёс заншил, уламжлалтай нь цуг доромжлохын дээд болгожээ. Түүх доромжлох, гуйвуулах бол байдаг л зүйл. Тийм жишээ захаас аван олон. Энэ нь цагийн эрхээр, хэн нэгний дураар тийм ч амар өөрчлөгддөг юм биш. Тэмүүжинг суманд оногдон морин дээрээ налан унахад Бөртэ нь морийг нь гуядах мөртөө "Гэр рүүгээ давхи" гэж байх юм. Энэ ч бага хэрэг. 9 настай хүү ахмад хүнийг "Тэгвэл, би чамайг ална даа." гэж байх юм. Ерөөс энэхүү үйл хэрэгт нь манайхны мөнгөнд дурласан хэдэн хөлдүү толгой бас оролцоод авч.

"Мөнх хөх тэнгэрийн хүчин дор" гэж ирээд л өнөө бидний "рок мангас" гэдэг нэг болхи нөхөр дуу оруулж байх жишээтэй. Бас болоогүй хэдэн хөөрүү Өвөр Монгол харагдаж байна билээ. Хэл, соёл руу минь ингэж доромжлон дайрч байгаад туйлаас дургүй хүрэв. Тэр сэгсийсэн, арзайсан, гээд л Монголчуудыг дүрсэлсэн нь надад огтоос хамаа алга. Бараг тиймэрхүү ч байсан биз. Өнөө цагт ч хөдөө алхан очоод харахад иймэрхүү дүр зураг харагдана. За тэгээд цааш нь бичихээс ч дур гутаж байна.

Хүмүүс нь л түүхэн болохоос үйл явдал бол тэр чигээрээ уянгын халил. Энэ үгийг хэрэглэж байгаа маань олон уур хилэнг агуулсан үгс чулуудахаас болгоомжилсон учраас юм шүү дээ. Сүүлийн үед бидний түүхээр мөнгө олох гэж оролдох нь хэрээс хэтэрчээ. Дэлхийн кино урлагийн өнгийг тодорхойлогч Холливуд хүртэл эмээгээд өдийг хүртэл барьж аваагүй л байгаа сэдэв. Сонирхохгүй байгаа учраас гэж битгий бодоорой доо. Сонирхохын дээдээр сонирхож байгаа. Учир нь энэ маш том мөнгө. Гагц үр сад, хойч үе нь өнөө байгаа учир, тэдний (бид нарын гэсэн үг шүү дээ) болон дэлхий нийт шинэ кинонд нь хэрхэн хандахыг тооцоолж суугаа. Тэгвэл, бид энэ иваны кинонд төдийлөн ач холбогдол өгөлгүй энд хэн нэг зохиомол үндэстэний тухай бидний нэрийг зээлдэн гаргажээ гээд л сууж байвал зохилтой санагдав. Би өнгөрсөн үеийн түүхээр амьсгалж, цээжээ дэлдэгчдийн нэг огтоос биш юм шүү. Түүх, түүхээрээ үлдэнэ. Түүнийг үзэн ядах буюу магтан дуулахын аль нь ч чухал биш. Гагцхүү түүхээс суралцах нь хамгийн чухал.

Ер нь Та энэхүү киног өөрийн нүдээр үзээд нэгийг тунгаан бодох буйзаа. Олон үг нуршилгүй татаж үзэж болох хаяг нь: http://lookszone.ru/2007/09/23/mongol__mongol_2007_camrip.html Орос хэл дээр, цаана нь Монголоор ганц нэг үг дуулдах юм билээ.

Шонхор 09/25/07 (sokol2006@yahoo.com)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.