05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

2010 оны үнэнийг эрэлхийлэгчид

Askmen.com сайт жил бүр олон төрлөөр алдартнууд шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил уг сайт өнгөрөгч оны үнэнийг эрэлхийлэгч 10 байгууллага, хувь хүнийг шалгаруулжээ.

10. Roberto Saviano

Италийн нэрт зохиолч, сэтгүүлч, телевизийн хөтлөгч. Энэ залуу авлига, мафийн эсрэг идэвхтэй тэмцэгч гэдгээрээ алдартай. Ийм сэдвээр хөөцөлдөх нь тун амаргүй гэдэг нь ойлгомжтой. “Гоморра” нэртэй номоо гаргаснаас хойш ард түмэн нь түүнийг үндэсний баатар шигээ үздэг болов. Нөгөө талаар энэхүү номын уршгаар түүний амь насанд аюул тулгарах болж. Өдгөө тэрбээр цагдаагийн хамгаалалт дор амьдарч байна.

9. ТМZ

TMZ

Хов жив хөөцөлддөг бараг бүх “шар” сайтуудын эх нь гэгдэх TMZ.com сайт 2005 онд байгуулагджээ. Бусад сайтуудаа бодвол TMZ эх сурвалжуудаа нягталж, мэдээллийн үнэн эсэхийг шалгахын төлөө нэлээд чармайлт гаргадаг аж. Уг сайтын нийтэлсэн зарим мэдээллүүд нийгмийн, зарим тохиолдолд бүр улс төрийн томоохон хэргүүдийг илчлэхэд нэмэр болжээ. Тухайлбал, жүжигчин Мэл Гибсоныг согтуугаар жолоо барьсны улмаас баривчлагдсан талаар TMZ сайт л анх мэдээлж байжээ. Мөн Майкл Жэксоны үхлийн талаар болон Чикагогийн “Nothern Trust” банкийг аврахын тулд төсвөөс зээл өгсөн зэргийг илрүүлэн олон түмэнд анх мэдээлсэн байдаг.

8. TPM

TPM

TPM сайтыг Joshua Marshall үндэслэжээ. Буш-Горын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн таалагдаагүйгээс тэрбээр Talking Points Memo (TPM) хэмээх сайтыг анх байгуулсан бөгөөд Америкийн улс төр дахь хуйвалдаан болон авлигыг илчлэх үйл ажиллагаа явуулдаг хамгийн том сайтад зүй ёсоор тооцогддог. Илчилсэн хамгийн том хэргүүдийн нэгд нь 2007 онд болсон АНУ-ын Прокурорын газрын булхай ордог байна. Үүний үрээр хууль бусаар эрх олж авсан хэргээр хэсэг өмгөөлөгчийг албан тушаалаас нь буулгасан байдаг. Тэр бүү хэл, тухайн үед Ерөнхий прокурорын албыг хашиж байсан Альберто Гонсалесийн талаар хангалттай баримтыг олон нийтэд дэлгэж суудлаас нь буулгаж чаджээ. Энэ мэдээллийг нийтэлсний төлөө түүнийг Жорж Полкийн нэрэмжит сэтгүүлзүйн шагналаар шагнасан нь блогчдод ийм төрлийн шагнал олгосон анхны тохиолдол болжээ.

7. Cryptome

Cryptome

Интернэт үүсч хөгжөөд удаагүй байсан 1996 онд уг сайт байгуулагджээ. Зарим талаараа энэхүү сайт “Wikileaks”-ын анхдагч ч гэж хэлж болно. Учир нь “Cryptom”-ынхан нууц баримт нийтэлж, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлдэг байна. Үүсгэн байгуулагчид нь Холбооны мөрдөх товчооны хараанд хэдийнэ өртсөн ч үйл ажиллагааныхаа улмаас ямар нэгэн хэрэгт буруутгагдаагүй байгаа хэмээдэг.

6. Reporters Without Borders (Хил хязгааргүй сурвалжлагчид)

05.2

Олон улсын энэхүү байгууллага нь дэлхий даяарх хэвлэлийн эрх чөлөөг дэмждэг бөгөөд  буруутгагдахаас эмээлгүй мэдээлэл нийтэлдэг зоригтой сэтгүүлчдийн эрх ашгийн төлөө тэмцдэг аж. Энэ нь ч үндэстэй юм. Энэ байгууллагын сүүлийн шалгалтаар 150 орчим сэтгүүлч эх орныхоо төрийн удирдлагуудын шаардлагаар шоронд хоригдсоныг олж тогтоожээ. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага мөн интернэтийн ач холбогдлыг өндрөөр үнэлж энэхүү сүлжээнд нэвтрэх хязгаар тавьдаг улс орнуудын жагсаалтыг “Интернэтийн дайснууд” гэсэн нэрэн дор хөтөлдөг аж. Өнгөрөгч оны эцсээр уг байгууллага Өвөр Монголын сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Хадааг хугацаанд нь суллахыг Хятадын эрх баригчдаас шаардсан захидал илгээснийг манай уншигчид санаж байгаа биз ээ.

5. Amnesty international

amnesty

Яриа байхгүй, олон улсын энэхүү байгууллага дэлхий дахинаа хүний эрх хэрхэн зөрчигдөж буйг илрүүлдэг тэргүүлэгч байгууллагын нэг мөн. Хүчирхийлэл, үг хэлэх эрх чөлөө, үндэслэлгүйгээр хүн хорьсон талаарх тайлан мэдээнүүд нь дэлхий дахинаа хүчтэй нөлөө үзүүлж, зарим талаараа олон орны төрийн удирдлагуудын дургүйг хүргэдэг нь үнэн билээ. Дээрх “Хил хязгааргүй сурвалжлагч” байгууллагын нэгэн адил хаана шударга бус явдал болж буй талаар дэлхий дахины анхаарлыг хандуулдаг хүчтэй дуу хоолой болсоор байна.

4. Wikileaks

Wikileaks

Энэхүү сайт сүүлийн үед нэлээд шуугиулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай бичигдэж, яригдсан тул уншигчид андахгүй сайн мэддэг болсон буй за. Жулиан Ассанжийн энэхүү алдарт сайт жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна.

3. El Blog Del Narco

Narco

Уг блогийн эзэн нь тодорхойгүй бөгөөд Мексикийн засаг захиргааныхан хар тамхичидтай хийж буй цуст дайны нарийн ширийнийг архивлан үзүүлдэг. 2006 оноос хойш болж буй уг “дайн”-д 28 мянган хүнийг цааш харуулжээ. Ямартай ч, энэхүү блогийн эзэн цаг бусаар амиа алдахаас айдаггүй чин зоригт хүн байж таарна. Уг блогт сард гурван сая хэрэглэгч ордог байна. Уншигчиддаа анхааруулахад, блогт жийрхэмээр дүрс олон бий.

2. Новая газета

Novaya_gazeta

ОХУ-ын энэхүү сонин авлигыг илчилдгээрээ алдартай болсон хэвлэл юм. Энэ хэвлэлийн 49 хувийг ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачёв, бизнесмэн Александр Лебедев нар эзэмшдэг. Сүүлийн арван жилд тус сонины 4 сэтгүүлч амиа алдсаны дотор 2006 онд байрныхаа цахилгаан шатанд бусдын гарт амь үрэгдсэн Анна Политковская байсан юм. Түүнийг хэн хороосныг өнөөг хүртэл олж тогтоож чадаагүй байгаа. Тиймээс уг сонины бусад сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах үүднээс бие хамгаалагчдыг томилж өгчээ. Ийм эмгэнэлт байдалтайгаар сонины хамт олон үйл ажиллагаагаа явуулсаар байна.

1. Radio Shabelle

Radio

Улс төрийн эмх замбараагүй байдалтай олон жилийг ардаа үдэж буй Сомали улсад “Радио Шабелле” хэмээх радио, телевизийн байгууллага ажилладаг. Тус байгууллагын дөрвөн сэтгүүлч өнгөрөгч онд, үүнээс өмнө таван сэтгүүлчийг хороосон байдаг. Улс орны байдлын үнэн төрхийг мэдээлэхээс гадна тэдний дуран, хараанд төр засаг өөрөө өртдөг нь тэдэнд ийн аюул авчирах болсон бололтой. Ийм хүнд нөхцөлд, аюулыг сөрж мэдээлэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг тэдний хөдөлмөрийг өндрөөр үнэлэн 2010 оны хэвлэлийн эрх чөлөөний нэр төртэй шагналыг хүртээсэн байдаг.           


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.