05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Нэгэн аймгийг тусгаар тогтноох шахсан минь

Компанийн захирал болмоор байна уу? Хэрэггүй дээ, том сэтгэ л дээ, улс байгуул. Амархан ш дээ. Би туршлагаа та нарт ярья, хэрэг болж магад. Би анх хэдэн малчин хөлсөөр ажиллуулж эхлээд, аажмаар томорч, арван жилийн дотор хэдэн мянган малчинтай болж, мал маань ч хэдэн саяд хүрсэн юм. Олон ч үйлдвэр байгуулж, ажилчид маань ч хэдэн зуун мянгад хүрч, нийгэмд байр сууриа бэхжүүлэхийн тулд, намаа байгуулах шаардлага ч аяндаа гарлаа.

Нам байгуулахын өмнө, би бүс нутагтаа байр сууриа бэхжүүлж, аймгийнхаа удирдлагаар барахгүй, зэргэлдээх аймгуудын удирдлагыг ч гартаа оруулж, нөлөөгөө тогтоосон. Сайдуудыг бол зовох юмгүйгээр тархийг нь барьсан. Яасан гээч, аймгийнхаа нэг сургуулийг Боловсролын сайдын нэрэмжит болгоод, сайдын хөшөөг босгочлоо. Төв эмнэлгээ Эрүүл мэндийн сайдын нэрэмжит болгож, хөшөөг нь босгосон. Манай улсад тэр үед, байгууллагыг хэн нэгний нэрэмжит болгоход баримтлах журам шалгуур байхгүй байсан юм. Ямар сайндаа Чингис сити-д, энэ хот чинь тэр үед Улаанбаатар гэж нэртэй байсым, дүүргийн дарга нар хөшөөгөө босгоод алийгаа алдаж байсан үе. Сүүлд нь залуус тэр хөшөөг нь дэлбэлж, төр засаг ашгүй хууль гаргаж гайгүй болсон юм ш дээ. Сайндаа ч биш юмаа, барилга барих зайгүй болчоод, барилгын компаниуд нууцаар дэлбэлээд хаячихсан гэсэн. Цагдаагийнхан уг нь мэдэж байсан ч гэсэн, цаанаа дэмжиж байсан юм болохоор, нэг их мөрдөж шалгалгүй тэгсгээд намдсан.

Би зорилгоо биелүүлэхийн тулд, Ерөнхий сайдад нөлөөлж байгаад, Орон нутгийн хөгжлийн яам байгуулж, сайдаар нь өөрийн хүнээ томилуулсан юм. Энэ нь их учиртай. Би хэтдээ өөрийнхөө аймгийг тусгаар улс болгох бодолтой байсан юм. Тусгаар улс байгуулахын тулд, тийм яам байгуулж, яамаар дөрөөлөөд, орон нутагт илүү их эрх мэдэл олгох асуудлыг бодлогоор УИХ-д тавих, холбогдох хууль боловсруулж, Засгийн газраас УИХ-д хууль өргөн мэдүүлж батлуулах хэрэгтэй байлаа. Батлуулж ч чадсан юм. Бидний хамгийн том амжилт бол, аймаг нутаг дэвсгэртээ хууль тогтоох эрхтэй болж, Монгол улс мөн чанартаа, холбооны улс шиг болсон юм.

Би энэ хооронд, НҮБ-ын тогтоолууд болон тусгаар улс болоход ямар шалгуур байдаг, нийгэм-улс төрийн ямар нөхцөл бүрэлдсэн үед, тусгаар улсын статус олгодог зэргийг судалсаар байсан юм. Дээр үед, Орос Америк гэсэн нөлөөтэй том улс холбоотнуудтайгаа тохироод л, шаардлагатай аль нэг улсын дотор үндэстэн хоорондын мөргөлдөөн дэгдээгээд, аажмаар иргэний дайнд хүргэчээд, цэрэг оруулж, энхийг тогтоохдоо мөнөөх мужаа тусгаар тогтнуулчихдаг байсан юм. Сүүлд, үндэстнээр шалгуур хийдэг зарчим нь хуучраад, яаж тусгаар тогтнуулаад байгаа арга үйлдэл нь олон нийтэд ил болоод, үйлчлэх хүрээ нь хумигдаад ирэхээр, том улсууд сонирхсон мужаа эдийн засгийн талаар бие даалгах бодлого баримтлах болж, шахалт үзүүлж байгаад НҮБ-ын тогтоол гаргуулчихсан юм. Энэ нь миний сонирхолтой яв цав нийцэж байлаа. Тэд ч манай аймагт хөрөнгө оруулалтыг ёстой цутгаж, бид ч хөгжиж, төв засгийн газраас царай алдаад байх юм бараг байхгүй болж, ер нь л өрх тусгаарлах нөхцөл бүрдээд ирлээ. Тэр үед, Монголын засаг захиргааны систем нь ч, хууль нь ч боловсронгуй биш байсан нь сайхан боломж бүрдүүлсэн юм. Харин би нэг алдаа гаргаснаа хожим нь мэдэж, бүх юм баларсан юм даа. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа, Улсын засаг захиргааны системийг өөрчлөх эрхийг зарчмын хувьд УИХ-ын бүрэн эрхэнд хамруулсан заалтыг хэвээр нь үлдээчихсэн нь миний хамаг төлөвлөгөөг нураачихсан юм. Би ч, тусгаар тогтнуулах асуудлаар мэргэшсэн, олон улсын аль л сайн хуульч шинжээчдийг хөлслөөд, бүх юм бүтдэгийн даваан дээр, гэнэт УИХ-аас захирамж гараад, Монгол Улсын засаг захиргааны системийг өөрчлөөд, аймгуудыг байгалийн бүсээр нь тэгшитгэн нэгтгээд, нийтдээ 4 том аймаг болгочив оо хэхэ. Энийг ёстой гэнэт хийсэн дээ тэд нар. УИХ, Засгийн газарт байсан манай хүмүүс ёстой юу ч мэдээгүй байхад нь, гэнэт Их Хурал, Засгийн газрын хамтарсан тусгай чуулган 2 өдөр гадагшаа гарахгүйгээр, танхимдаа хооллож ундлаж хуралдаад л шийдчихсэн. Тэгээд, манай аймгийг өөр 4 аймагтай нэгтгээд, хамаг юм орвонгоороо эргэхгүй юү.

Сүүлд сонсохнээ, Талын аймаг бас баларсан гэсэн. Тэд ч манайхыг бодоход, нэг ястнаас бүрдсэн, ашигт малтмалаар хөл дээрээ босчихсон, ер нь юу юугүй тусгаар улс болох гэж байсан юм байх. Хиллэдэг улсууд нь ч цаанаас нь их туслаж байсан гэсэн.

Хөгийн явдал байгаа биз дээ? Яах аргагүй л болсон явдал юм даа. Та нар залуучууд, тэр НҮБ энэ тэрийн тогтоол, том улсуудын харц хөдөлгөөнийг сайн л харж байгаарай даа. Нэг мэдэхэд л хамар дороос чинь нэг аймаг нутаг алдраад явчихаж магадгүй шүү. Засаг захиргааны системийг эгзэгтэй үед өөрчилж байх нь зөв шүү. Янз бүрийн бодлогыг тас цохих зорилго ч байж болох шүү дээ. Хэдэн уул толгод, хэдэн мал малчнаа даргалж үлдэх маргаанаас илүү эрх ашиг, илүү бодлого байж магад шүү дээ.

Бас над шиг тусгаар улс байгуулъя гэсэн нь надаас илүү бодлоготой хөдлөх биз.

Ч.Чимэгбаатар


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.