05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Антарктид дахь “Дорнод” нуурын “нууц”-ыг тайлахад ойрхон байна

Энэ тивийн “Дорнод” хэмээх ОХУ-ын станцын эрдэмтэд мөсөн доорх томоохон нууранд нэвтрэхэд ойрхон байна. Станцынхаа адилаар “Дорнод” гэж нэрлэгдсэн уг нуур дөрвөн км-ийн зузаантай мөсөн дор оршиж байгаа бөгөөд шинжлэх ухаанд шинэ нээлт болохуйц бичил биетүүдийг агуулж байгаа гэдэгт эрдэмтэд найдаж байна. Өрөмдлөгийн ажлыг олон жилийн өмнө эхлүүлсэн ч нуурыг бохирдуулалгүй өрөмдөх технологийг олтлоо түр хугацаагаар зогсоож байжээ. Ингээд 2005 онд өрөмдөх ажлаа дахин эхлүүлж өнөөдрийг хүрсэн бөгөөд өрмийн ажилчид тун удахгүй уг нуурын усанд хүрэх гэж байна.

Өрөмдлөгийн багийнхны нэг болох Алексей Екайкинтай “BBC”-ийн Орос албаны сэтгүүлч Сева Новгородцев ярилцсаныг толилуулъя.

-Андуураагүй бол, наана чинь өдийд зун болж байгаа байх аа? Цаг агаар ямаршуу байна вэ?

-Өдөртөө -25С, шөнөдөө -35С байна. Нар өдөржин шөнөжин гэрэлтэж байгаа. Яг өнөөдөр цаг агаар тогтуун, салхигүй байна. Салхи шуурахгүй бол -25С гэдэг нь бараг мэдэгддэггүй юм.

-Антарктидад ямар нэгэн амьд махбодь бий юу. Эсвэл зүгээр нэг цэлийсэн цагаан тал байдаг юм уу?

-Антарктидын эрэг болон түүнийг тойрсон тэнгисүүд амьтдаар их баялаг. Дэлхийн бараг бүх загас энд цуглардаг болов уу. Мөн маш олон шувуу амьдардаг. Амьтад нь ямар нэгэн байдлаар далай, тэнгистэй ойр газар амьдардаг учраас усгүй цастай талд байж чадахгүй.

Бас хоёр төрлийн ургамал ургадаг. Гэхдээ арлын арай дулаан газар болох хойд хэсэгт ургадаг. Яг бидний байрлаж буй газар ямар ч ургамал байхгүй. Микробиологичдын ярьснаар, Антарктидын цас хэт ариун байна гэсэн. Зуны нар ямар ч төрлийн эсүүдийг амьдрах боломжгүй болгодог юм уу даа.

-“Дорнод” нуурын талаар ярьж өгөөч?

-Нэг талаас ердөө л нэг нуур. Хэлбэрээрээ Байгаль нууртай төстэй. Яг нууран дээр амьдарч байгаа болохоор бидэнд нарийн зүйл харагдахгүй. Харин хиймэл дагуулаас маш тод харагддаг. Онцлог зүйл нь гэвэл, энэ нуур дөрвөн км-ийн зузаантай мөсөн доор бусад газраас тусгаарлагдмал оршиж байна. 5-30 сая жил энэ нуур хүн төрөлхтнөөс “нуугдаж” амьдарсан гэж таамагладаг юм билээ. Тиймээс уг нууранд экологийн ер бусын орчин байх магадлалтай гэсэн. Тухайлбал, дэлхий ертөнцийн таньж мэдээгүй ямар нэгэн бичил биетүүд байхыг үгүйсгэхгүй байгаа.

-“Дорнод” нуурыг өрөмдөх шийдвэр хэдийд гарсан юм бэ. Өрөмдөх болсон шалтгаанаа эрдэмтэд юу гэж тайлбарладаг вэ?

-1970 онд өрөмдлөгийн ажлыг эхлүүлэх үед доор нь нуур байгаа гэдгийг хэн ч мэдээгүй байсан юм билээ. Нуурыг нээсэн түүх их урт. Ерөнхийдөө 1990-ээд оны дундуур ийм нуур байна гэдгийг албан ёсоор мэдсэн байдаг. Гэвч 1998 оны үед буюу нууранд хүрэхэд ердөө 130 м газар үлдээд байхад өрөмдлөгийн ашиглаж байсан технологийн уршгаар нуур бохирдож болзошгүй гэж үзээд энэ ажлыг зогсоосон. Үүний дараагаар байгаль орчны шинжилгээ хийлгэн, гарсан хариуг нь ОХУ сайшааснаар 2005 онд өрөмдлөгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхэлсэн. Антарктидад ажиллахад хүнд байна. Эндэхийн мөс нь өвөрмөц шинж чанартай юм. Ямартай ч ийм төрлийн мөсийг урьд өмнө бидний хэн нь ч өрөмдөж байгаагүй.

2

 

-Тэгэхээр та бүхэн тэрхүү 150 м буюу гурван км гүнийг өрөмдөөд дуусчихсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Ийм хэмжээний зузаан мөсийг өрөмдөх ажил Антарктидад ч байна уу, Гренландад ч байна уу ялгаагүй ямар ч асуудалгүй явагддаг. Харин гурван км-ээс цааш гүнд янз бүрийн асуудал үүсч эхэлдэг. Тухайлбал, нууранд маш том талстууд байгаа нь өрөмдөхөд хүндрэл учруулж байна. Техникийн асуудлуудыг газар дээр нь шийдэж байгаа. Нууранд хэзээ хүрэхийг Бурхан л мэдэх байх.

Бидний одоо өрөмдөж байгаа мөс бол нуурын гадаргууны мөс юм. Эрдэмтэд энэ мөсийг судалснаараа “Дорнод” нуурыг судалж байна гэх юм билээ. Одоогоор уг нууранд амьд биет илрүүлээгүй ч бактерийн нэг төрлийг олсон гэсэн. Гэхдээ энэ термофил нянгууд нуурын ёроолд буюу дулаан хэсэгт нь амьдардаг байх гэж үзэж байна лээ.

-Өрөмдөлгийн багаж дизелээр ажилладаг уу, цахилгаанаар ажилладаг уу?

-Цахилгаанаар ажилладаг. Маш хүчтэй төхөөрөмж учраас хоёр дахин их цахилгаан зарцуулдаг. Ердөө 13 м-ийн урттай ч дөрвөн тонны жинтэй, дөрвөн км урттай кабельд бэхлэгдсэн байгаа. Тиймээс төхөөрөмжийг дээшээ татаж гаргахад эсвэл доош нь буцаж оруулахад цахилгаан их орох нь дамжиггүй.

-Та бүхэн станц дээрээ ямархуу нөхцөлд амьдарч байна вэ?

-Амьдрах нөхцөл сайн. Энэ станцыг 40 жилийн өмнө байгуулсан. Станцыг дулаан тусгаарлагч хавтангуудаар хийсэн байшингууд бүрдүүлдэг юм. Тэднийг цасан дор барьсан байдаг. Түрүү жил энд өвөлжсөн залуус байрандаа засвар хийсэн байна лээ. Харин бид өрөмдөлгийн багийнханд зориулж барьсан тусгай байранд их тохилог амьдарч байгаа. Бас л цасан дор баригдсан учраас цасан шуурганаас айлгүй, тухтай амьдарч байна.

3-Та нарын томилолт хэзээ дуусах вэ?

-Хоёрдугаар сарын эхээр биднийг авах ёстой. Онгоцоор “Прогресс” станц дээр аваачих юм гэсэн. Тэр станцад “Академик Фёдоров” хөлөг онгоц биднийг тосно. Түүгээр Кейптаунд хүрэх ёстой.

-Та нарын бодлоор, өрөмдлөг хэзээ дуусч нуурын усанд хүрэх бол?

-Энэ талаар би хэлэхгүй ээ. Энд байх хугацаандаа би жаахан сүсэгтэй болчихсон. Хүнд юмаа хэлэхээр биелдэггүй гэдэг биз дээ. Яахав, өдөр бүрийн өрөмдлөгийн дундаж хэмжээг үндэслэвэл Антарктидын зуны улиралд багтаж нуурын усанд хүрэх ёстой.

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.