02 сарын 25, Ням
°C
USD 2,397.69
USD 2,397.69
EUR 2,947.96
JPY 22.42
GBP 3,341.42
RUB 42.40
CNY 378.25
KRW 2.22

Сэтгэл

 

Сэтгэл өнгөтэй. Магадгүй үнэртэй ч байж мэднэ. Сэтгэл хүчтэй, бас эмзэг. Сэтгэлийн хүчээр “уул нурааж, ус эргүүлж” ч болно. Харин сэтгэлээр унаж, гундвал дайнд ялсан баатар ч өчүүхэн нэгэн болж хувирна. Бусдын зовлонг хуваалцаж сэтгэлийн дэм өгөх сайхан ч, жаргалыг нь хуваалцаж чадах, эсэх нь бас л сэтгэлийн бяд, ухааны царааг шалгах хэмжүүр ажгуу.

Хэдхэн хоногийн өмнө Ардын багш болсон Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Ч.Өвгөнхүүтэй ярилцахдаа баяр хүргэж, амжилт хүсээд асуулт тавьж эхлэхэд тэрбээр цээж ханхалзуулан инээмсэглэж, нүд нь гялалзаж байлаа. Ярьж эхэлснээсээ хойш удалгүй “Ах нь жаргалтай байна” гэх атлаа дуу нь сулраад явчихав. Тэгснээ “Би нэг юманд харамсаж байна. Хүү нь жаргаж байгааг аав, ээж минь мэдэхгүй шүү дээ. Ийм сайхан байгаагаа тэдэнд харуулах сан гэж их бодлоо” гэж хэлэхэд нь алаг нүднийх нь аяга нулимсаар дүүрч, уруул нь өмөлзсөн. Дэлхийн аварга олныг төрүүлсэн алдарт дасгалжуулагч таван үг хэлээд хоолой зангируулж, нулимс цийлэлзүүлж суух нь юу юугүй алдрах гээд байгаа сэтгэлээ барьж дийлэхгүй байсны илрэл.

Төрүүлсэн аав, ээж гэхээс илүү өсгөсөн эцэг эхээ гэдэг хүн билээ л дээ, Ардын багш. Өсгөж, хорвоотой танилцуулсан аав, ээж нь хүүхэд байхад нь өнгөрсөн болохоор ах, эгчийнхээ гар дээр өсчээ. Сүхбаатар аймгийн Уулбаян сум, унасан газар, угаасан ус, сум орныхоо зон олныг аав, ээж шигээ санадаг. Төрөлх сумынхаа хөгжил цэцэглэлтэд санаа тавьж, цаг заваараа спортын арга хэмжээ ч зохион байгуулж ирсэн. Юм л бол Уулбаян сумаа бодно.

Ч.Өвгөнхүү дасгалжуулагч Ардын багш болоход нь тал талаас хүмүүс утасдаж баяр хүргэсээр байжээ. Утас дуугарах бүрийд “За, энэ лав нутгаас байх шүү” гэж бодоод авахаар өөр хүн байх. Долоо хоног өнгөрөхөд Уулбаянгаас таг. Аавын оронд аав болсон уул толгод, ээжийн оронд ээж болсон булаг, шандны мэндийг сум, захиргаа, хамт олон, удирдлага л хүргэх шүү дээ. Төрийн хүндтэй цолоор шагнуулсан даруйд мэндийг нь мэдэж, баяр хүргэсэн бол буурал багш аав, ээждээ үнсүүлсэн мэт баярлан, сэтгэл ханаж аз жаргалаар улам бялхах байлаа.

Сумын удирдлага хэчнээн хүлээлгэдэг юм. Гар утсаараа залгаад “Танд баяр хүргэе” гээд хэлчихэд юугаар хохирох гээд байгаа юм. Бас өвгөн дасгалжуулагчийг юугаар “хохирооё” гэж бодов. Эсвэл тийм сэтгэлгүй, наад захын соёлгүй бүдүүлэг улс уу. Багшийн хүлээсэн сэтгэлд аажим хурж байсан гомдол нулимсаар угаагдаж гадагшилсан байх. Энэ бол сүүлийн үед сэтгэл “чимхсэн” жишээнүүдийн нэг нь л байсан бөгөөд амьдралд үй олон билээ.

Сэтгэлийн хүчийг цагийг нь олсон магтаал, сайшаал, урмын үг, чин сэтгэлийн харилцаа, хайр сэлбэнэ. Энэ бүхэн цогцолсон сэтгэл өнгөтэй, яг л өвгөн дасгалжуулагчийн ярилцаж эхлэх үеийн гя- лалзаж байсан нүд мэт гэрэлтэж байх билээ.

 

Эх сурвалж: www.unuudur.mn

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

СОНГОЛТ
СОНГОЛТ
02/23/2018
Уурлаж уцаарлалгүй, тайвнаар эргэцүүлж бодох юм бол бидний амьдрал сонголт дээр оршиж байгааг анзаарах болно. Хэн нэгэн таныг сэтгэлгээний хувьд “хүчирхийлж”, дарамтлан албадаагүй л бол та бүх үйлдлээ зѳвхѳн ѳѳрѳѳ л сонгодог. Нэгэнт ѳѳрѳѳ л сонгосон бол амжилтдаа сагсууран гайхуулж, алдаандаа уурлан бухимдаж, гутарч гуних хэрэггүй гэсэн үг. Яагаад гэвэл та ѳѳрѳѳ л үйлдлээ сонгосон юм шүү дээ. -Баян эсвэл ядуу амьдрахаа та ѳѳрѳѳ л сонгодог. Ѳѳрийнхѳѳ дуртай ажлаа сонгоод, түүндээ сэтгэл зүрхээ зориулж, шантралгүй тэвчээртэйгээр хѳдѳлмѳрлѳхѳд та заавал амжилтад хүрнэ. Баяр бахдалтайгаар олж
СЭТГҮҮЛЧ БИШ ХҮНИЙ УЧИРЛАЛ
СЭТГҮҮЛЧ БИШ ХҮНИЙ УЧИРЛАЛ
02/12/2018
…3 ном бүтээсэн хэрнээ хэзээ ч “зохиолч” гэж нэрлэж зүрхэлдэггүй, 600 гаруй нийтлэл бичсэн хэрнээ хэзээ ч “сэтгүүлч” хэмээн дуудаж байгаагүй, 60 орчим ТВ цуврал бүтээсэн хэрнээ хэзээ ч ТВ ийн “уран бүтээлч” гэж догдолж байгаагүй эгэл нэгэн хүн, сэтгүүлч та нарт учирлаж байнаа. Цахим мэдээллийн орон зайн хѳгжлийг дагаад “ИРГЭНИЙ” гэж нэрлэж болох үй олон бичвэр болон бүтээлүүдийг ѳнѳѳгийн залуус бүтээж байгаа. Тэдний сэтгэл зүрхний чанадад ѳнѳѳгийн монголчуудын оюун сэтгэлгээний ядуурал хийгээд намаас хамаарсан нийгмийн хагарал талцлын гай гамшигийн муу ур дагаварт санаа зовсон сэтгэлийн их
ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ
ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ
02/08/2018
…Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн бүх л зүйлс ѳнгѳѳ алдан гандаж, зүрхэнд минь харууслын хар шуурга тэртээд чоно улих шиг исгэрэн гаслана. Тѳдийгѳѳс ѳдий хүртэл сайн муутай нь хамтад туулж ирсэн амьдрал минь утгаа алдаж, эргэн тойронд минь байгаа бүх хүмүүс намайг үзэн ядацгаах шиг санагдаж, нэгэн цагт айж асан үхэлтэй хамтад хаашаа ч хамаагүй дүрвэж одмоор. Болдог бол цаг хугацааг буцааж саяын болж ѳнгѳрсѳн муу муухай бүхнийг баллуурдан арилгах хүсэл гэвч, болдоггүйн гасланд сэтгэл минь тарчилсандаа орь дуу тавьж, нүднээс

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.