05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Дурлалт хосуудад өгөх зөвлөгөө

"Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай". Ийм сургаал үг 10 жилээ төгсөх үеэр гар дамжуулан бичдэг дурсгалын дэвтэр дээр хүүхэд бүр л дурайтал бичсэн байдаг. Бүр хун, зүрх гэх мэт гоёл чимэглэлтэй нь шүү. Дурлал эхлэхдээ амттай байдаг. Бүр үгээр хэлэхийн аргагүй, дэндүү аз жаргалтай.  Догдолж хүлээгээд л, сандраад л бас тэрүүхэндээ санаа зовоостой. Өмнө нь итгэж нөхөрлөж байсан найз нөхөд, эцэг эх ах дүүгийнхээ үгийг ч үл тоон зөвхөн түүн рүү тэмүүлэхийг дурлал гэнэ. Дурлал сохор гэж энэ ажгуу. Дурласан хүн андашгүй. Цаг үргэлж, минут тутамд түүнийхээ талаар хэн ч асуугаагүй, сонирхоогүй байхад ярьж гарна. Бүр болиосой гэтэл. Дурласан хүндээ бусдыг дурлуулахыг хүснэ. Мэдээж энэ нь өөр нэг бүсгүйг хэлж буй хэрэг биш. Харин аав ээж ах дүүгээ дурлалт түүндээ өөртэй нь адилхан сэтгэлээр хандаасай гэж хүснэ. Түүнээсээ мессеж эсвэл дуудлага ирэхэд жаахан хүүхэд шиг баярлан хөөрц, дэвхцэх нь халаг болно.

Тэр бүү хэл мессеж, дуудлага ирэхийг нь хүлээн утсаа сахиад сууж байх нь энүүхэнд. Өөр ажил байхгүй юм шиг, хийх юм үгүй мэт.
Дурласан үед хайртын чинь амнаас гарч байгаа үг бүхэн яруу найраг шиг сонсогдож, санамсаргүй эвгүй зан нь эгдүү хүргэнэ гээч. Өдөр, шөнөгүй түүнийхээ талаар бодож, зүүдэлж, хамтдаа өнгөрүүлсэн мөчөө эргэн дурсч, өөрөө ч мэдэлгүй инээмсэглэсэн байх вий. Энэ ертөнц дээр дурласан хүнээс өөр жаргалтай хүн байхгүй мэт. Учир нь энэ үед та түүнийхээ сул тал, муухай зан аашийг ч ууч сэтгэлээр хүлээн авч, хичнээн эвгүй санагдсан ч “миний төлөө засрана биз дээ” хэмээн өршөөнө. Хэзээ ч сэтгэлээ шаналгаж, дотроо элдвийг бодож өөрийгөө зовоохгүй.
Ингээд халуун хайр дурлал цэцэглэн хөгжиж, бадамлан ассаар та хоёр бие биенгүйгээрээ амьдарч чадахаа больсоноо мэдрэхийн цагт орчлон дээр нэг өрх бүл нэмнэ. Гэхдээ цаг хугацаа яваад, бие биенээ илүү танин мэдэж, дасал болохын цагт илүү бодит байдал шилжинэ.
Дурласан үедээ зөвхөн өөрөө л хайрлаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг байсан бол эргүүлээд хайр халамж анхаарал нэхэж эхлэнэ. Бүр шаардана. Хэлсэн үгнээс нь өө хайж, өөр дээрээ тусгаж авч уурлана. Даварч байгаа хэрэг л дээ. Энэ одоо нэгэнт минийх болсон юм чинь хаашаа зайлах вэ гэсэн ахархан бодлоос үүдэлтэй үйлдэл ч байж мэднэ. Эн бол маш хортой. Хожим хайртын чинь зүрхэнд эдгэшгүй, хусаад арилашгүй бараан толбо үлдээхээр үг бүү хэл, үйлдэл бүү хий. Нэгэнт л та хоёр бие биедээ дурлаж, хорвоог хамтдаа туулна гэж нэг нэгнээ сонгосон болохоор ирээдүйгээ баллахгүйн тулд эхнээсээ хичээгээрэй. Ялангуяа үүнд эр хүний үүрэг маш чухал. Эрэгтэй хүнийг далай хэмээн төсөөлбөл эмэгтэй хүн түүн дээр хөвж яваа завь. Ямар ч сэлүүр бас дарвуулгүй. Далайн давалгааны аясаар хөвөгч хэврэгхэн завь. Эрэгтэй хүн буюу далай дөлгөөн, үр өгөөжтэй байвал завь ч амар амгалан байна. Харин эр хүн амьдралдаа алдаж эсвэл уурлаж бухимдах, архидан согтуурах, хүүхэн шуухантай орооцолдохыг далайн догшин давалгаатай  зүйрлэвэл өнөөх хэврэгхэн завь юу ч үгүй хэмхэрч мэднэ. Ядаж сайнаар бодоход энд тэндээ сэв суусан байдалтайгаар эрэг дээр шидэгдэнэ. Ингэж шидэгдсэн завь дахиад далайд итгэж, холын аянд гарах болов уу та юу гэж бодож байна.
Тиймээс хосууд минь хоёр бие биенийхээ өмнө, эцэг эх, ах дүү, найз нөхөд, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага, нэр төр гэж бий гэдгээ ухамсарлаж, анхнаасаа л ухаалаг, зөв, тууштай байгаарай. Энэ таны амьдралын ганц баталгаа юм шүү.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.