04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Сэтгэл

 

Сэтгэл өнгөтэй. Магадгүй үнэртэй ч байж мэднэ. Сэтгэл хүчтэй, бас эмзэг. Сэтгэлийн хүчээр “уул нурааж, ус эргүүлж” ч болно. Харин сэтгэлээр унаж, гундвал дайнд ялсан баатар ч өчүүхэн нэгэн болж хувирна. Бусдын зовлонг хуваалцаж сэтгэлийн дэм өгөх сайхан ч, жаргалыг нь хуваалцаж чадах, эсэх нь бас л сэтгэлийн бяд, ухааны царааг шалгах хэмжүүр ажгуу.

Хэдхэн хоногийн өмнө Ардын багш болсон Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Ч.Өвгөнхүүтэй ярилцахдаа баяр хүргэж, амжилт хүсээд асуулт тавьж эхлэхэд тэрбээр цээж ханхалзуулан инээмсэглэж, нүд нь гялалзаж байлаа. Ярьж эхэлснээсээ хойш удалгүй “Ах нь жаргалтай байна” гэх атлаа дуу нь сулраад явчихав. Тэгснээ “Би нэг юманд харамсаж байна. Хүү нь жаргаж байгааг аав, ээж минь мэдэхгүй шүү дээ. Ийм сайхан байгаагаа тэдэнд харуулах сан гэж их бодлоо” гэж хэлэхэд нь алаг нүднийх нь аяга нулимсаар дүүрч, уруул нь өмөлзсөн. Дэлхийн аварга олныг төрүүлсэн алдарт дасгалжуулагч таван үг хэлээд хоолой зангируулж, нулимс цийлэлзүүлж суух нь юу юугүй алдрах гээд байгаа сэтгэлээ барьж дийлэхгүй байсны илрэл.

Төрүүлсэн аав, ээж гэхээс илүү өсгөсөн эцэг эхээ гэдэг хүн билээ л дээ, Ардын багш. Өсгөж, хорвоотой танилцуулсан аав, ээж нь хүүхэд байхад нь өнгөрсөн болохоор ах, эгчийнхээ гар дээр өсчээ. Сүхбаатар аймгийн Уулбаян сум, унасан газар, угаасан ус, сум орныхоо зон олныг аав, ээж шигээ санадаг. Төрөлх сумынхаа хөгжил цэцэглэлтэд санаа тавьж, цаг заваараа спортын арга хэмжээ ч зохион байгуулж ирсэн. Юм л бол Уулбаян сумаа бодно.

Ч.Өвгөнхүү дасгалжуулагч Ардын багш болоход нь тал талаас хүмүүс утасдаж баяр хүргэсээр байжээ. Утас дуугарах бүрийд “За, энэ лав нутгаас байх шүү” гэж бодоод авахаар өөр хүн байх. Долоо хоног өнгөрөхөд Уулбаянгаас таг. Аавын оронд аав болсон уул толгод, ээжийн оронд ээж болсон булаг, шандны мэндийг сум, захиргаа, хамт олон, удирдлага л хүргэх шүү дээ. Төрийн хүндтэй цолоор шагнуулсан даруйд мэндийг нь мэдэж, баяр хүргэсэн бол буурал багш аав, ээждээ үнсүүлсэн мэт баярлан, сэтгэл ханаж аз жаргалаар улам бялхах байлаа.

Сумын удирдлага хэчнээн хүлээлгэдэг юм. Гар утсаараа залгаад “Танд баяр хүргэе” гээд хэлчихэд юугаар хохирох гээд байгаа юм. Бас өвгөн дасгалжуулагчийг юугаар “хохирооё” гэж бодов. Эсвэл тийм сэтгэлгүй, наад захын соёлгүй бүдүүлэг улс уу. Багшийн хүлээсэн сэтгэлд аажим хурж байсан гомдол нулимсаар угаагдаж гадагшилсан байх. Энэ бол сүүлийн үед сэтгэл “чимхсэн” жишээнүүдийн нэг нь л байсан бөгөөд амьдралд үй олон билээ.

Сэтгэлийн хүчийг цагийг нь олсон магтаал, сайшаал, урмын үг, чин сэтгэлийн харилцаа, хайр сэлбэнэ. Энэ бүхэн цогцолсон сэтгэл өнгөтэй, яг л өвгөн дасгалжуулагчийн ярилцаж эхлэх үеийн гя- лалзаж байсан нүд мэт гэрэлтэж байх билээ.

 

Эх сурвалж: www.unuudur.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.