05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ирээдүйн үр хөврөл хэрхэн хөгждөг вэ? 3

29 дэх долоо хоног

Эх

Жирэмсний гурав дахь арав хоног эхэлнэ. Ирээдүйн эхийн бие нь төрөлтөнд бэлдэж эхлэх тул сав үе үе бага зэрэг агшиж байгааг мэдрэх боломжтой. Хүйс урагшаа төвийж гарах, арьс язрах зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Гэдэс улам томорсноор унтахад бүр ч эвгүй болох тул олон дэр давхарлах, тусгай гудас ашиглах зэргээр ямар нэг арга сэдэх хэрэгтэй болдог.

Хүүхэд

Хүүхэд сормуустай болно. Ургийн жин нь 1100 грамм, урт нь 35 см болно. Овор хэмжээ нь томорсон тул өмнөх шигээ хялбар эргэж хөрвөөхөд нь хэцүү байх болно. Иймд хүүхэд гол төлөв тохой, өвдгөөрөө савны ханыг түлхэж байдаг.

30 дахь долоо хоног

Эх

Энэ үед үе мөч бага зэрэг хавагнаж болзошгүй. Хаван нь удаан хугацаагаар сууж, эсвэл зогсох, оройдоо илүү анзаарагддаг.  Хавагнахаас сэргийлэхийн тулд хөлдөө таарсан эвтэй гутал өмсөх, резинтэй бариу өмсөх өмсөх, давсны хэрэглээг багасгах, суухдаа хөлөө өндөрлөж байх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Харин нүүр, гар нь нэг хоногоос илүү хугацаагаар хавагнах, хавганахыг дагалдан жин огцом нэмэгдэх, даралт нэмэгдэх зэрэг шинж илэрч байгаа бол эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

Хүүхэд

Ургийн урт нь 37,5 см, жин нь 1400 грамм орчим болсон байна. Хэвлий дэх хүүхдийг унтаж, эсвэл сэрүүн байгаа эсэхийг нь түвэггүй мэдрэх боломжтой болно. Улмаар эх, хүүхэд хоёрын нойрсох, сэрүүн байх хэмнэлүүд нь зөрвөл хүүхдийн хөдөлгөөн, түлхэлт зэргээс болж эх нь унтаж тухтай чадахгүйд хүрэх нь бий.

31 дэх долоо хоног

Эх

Цээж хорсох нь олонтаа. Иймд бага багаар олон удаа идэх, цээжэн биеийг өндөрлөж унтах, өөх тостой хоол, шоколад, талх зэргээс зайлсхийхийг хичээ. Хэрэв ийм арга хэмжээ тус болохгүй бол эмчтэйгээ зөвлөж байгаад өөрт болон хүүхдэд хор болохооргүй эм, бэлдмэлийг сонгон авч болно.

Алхаа гишгээ өөрчлөгдөж "галууных шиг" болсныг анзаарч болно. Энэ нь эхийн биед нь аарцагны холбоосыг зөөллөн, илүү сунамтгай болгож өгдөг релаксин нэртэй даавар ялгарч эхэлсэнтэй холбоотой юм. Ингэснээр хүүхэд төрөхөд хялбар болдог. Төрсний дараа эмэгтэй хүний алхаа аяндаа хэвийн болно.

Хүүхэд

Хүүхдийн хүүхэн хараа нь гэрэл, харанхуйг том хүнийхтэй адилаар ялгадаг болж ирнэ. Арьсан дор өөхөн давхарга бүрэлдэж эхлэх тул арьсны өнгө нь улаан байснаа ягаавтар болж өөрчлөгдөнө. Жин нь 1500 грамм орчим байна.

32 дахь долоо хоног

Эх

Гэдэсний хэмжээ томрохын хэрээр нуруундаа илүүтэй анхаарал тавьж, явах, суух үедээ зөв сууж байхыг хичээх хэрэгтэй. Ялангуяа орноосоо босохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Давсаг улам ихээр дарагдах тул бие засахаар 00 рүү гүйх шаардлага илүү олон гарна. Сав төрөлтөнд бэлдэх "туршилтын" хэлбэрээр агших нь илүү олон ажиглагддаг болж магадгүй. Гэхдээ эдгээр агшилт нь туршилтынх болохоор хэсэг хугацааны дараа арилдаг. Ийм туршилтын агшилтын үеийн таагүй мэдрэмжийн арилгахын тулд эмчтэйгээ зөвлөлдөсний дараа 36-37 хэм дулаантай далайн давстай ваннд сууж болно.

Хүүхэд

Хүүхдийн жин нь 1700 грамм орчим, өндөр нь 40 см орчим болсон байна. Арьсан доорх өөхөн хуримтлал нь нэмэгдсээр байх тул гар хөл нь булцгар болдог.

Ургийн усны хэмжээ нь 1 литр орчим болсон байна. Энэ ус нь гурван цаг тутамд бүрэн шинэчлэгдэж байдаг болохоор хүүхэд ямагт "цэвэр" усанд хөвж байдаг.

33 дахь долоо хоног

Эх

Сав нь өрцийг түлхэж, уушгийг шахаснаас болж үе үе агаар дутагдаж байгаа мэт мэдрэмж төрж магадгүй.  Гэхдээ энэ үед эхийн уушиг нь ердийнхөөс их хэмжээгээр хүчил төрөчгийг авч байдаг тул гүнзгий амьсгаа авч чадахгүй байлаа гээд гэдсэн дэх хүүхдийг хүчил төрөгчийн дутагдалд орно гэж эмээх зүйлгүй. Иймд амьсгал дутагдаж байгаа мэт мэдрэмж төрөх үед илүү тухтай сууж, эсвэл хэвтэхийг хичээх хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн жин 1800-2000 грамм, өндөр нь 41-42 см болно. Том болсон тул саван дотор чөлөөтэй эргэж чадахаа байдаг бөгөөд гол төлөв толгойгоо доош нь харуулсан байдалтай байж байдаг. Уушиг нь бүрэлдэж дуусдаг тул хугацаанаасаа өмнө төрлөө ч бие даан амьсгалах чадвартай болсон байна. Гэхдээ арьсан доорх өөхөн давхарга нь хараахан гүйцэд бүрэлдэж амжаагүй байгаа тул дулаан хадгалалт нь хангалттай биш байдаг.

34 дэх долоо хоног

Эх

Төрөлт ойртохын хэрээр анхааарал сулрах, мартамтгай болох гэсэн шинж дийлэнх эмэгтэйчүүдэд илэрдэг. Мөн үүнтэй зэрэгцэн эмэгтэй хүн илүү тайван, амгалан болдог. Энэ үед эмэгтэй хүний хувьд хэвийн төрөх нь хамгийн чухал зүйл болохоор байгалиасаа өөр бусад зүйлийг анзаарахгүй болгохоор ийнхүү зохион байгуулсан байдаг.

Хүүхэд

Хүүхдийн урт нь 42 см, жин нь 2 кг -аас ялихгүй их байна. Хүүхэд эхийнхээ биеийн байдал, сэтгэл хөдлөлийг маш нарийн мэдэрдэг болно. Улмаар ээж нь түгшиж зүрх нь хурдан цохилох үед хүүхдийн зүрх ч гэсэн дагаж хурдан цохилоод, тайван байх үед нь даган тайвширдаг болно.

35 дахь долоо хоног

Эх

Эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж удахгүй төрөх гэж байгаатай холбоотой бүх л асуудлуудыг нарийвчлан лавлаж, бэлдэх хэрэгтэй. Амаржих, төрөх эмнэлэгээ сонгож, төрөх үеийн байрлал, өвчин намдаалтын тухай илүүтэй мэдээлэлтэй болох нь зүйтэй. Мөн төрөх үед нөхөр, эсвэл ойр дотны хүмүүсээс дэргэд чинь байхыг зөвшөөрдөг эсэхийг лавлаж мэдэх хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн жин 2200 грамм орчим болно. Гэхдээ хүүхэд нь өдөртөө ойролцоогоор 100 гаруй граммаар жин нэмж байдаг болохоор эхогоор жин нь хэмжихэд хүртэл алдаж болох талтай. Хүүхдийн урт нь 45 см байна. Бүх эрхтэн, системүүд нь бүрэлдсэн байдаг ч бүр боловсронгуй болох үйл явц нь үргэлжилсээр байна.

36 дахь долоо хоног

Эх

Амажрих газар авч хэвтэх зүйлсээ цуглуулж, бэлд. Мөн сүжиг бишрэлгүй бол хүүхдийнхээ өлгий живх зэргийг бэлдэж болно. Мөн эмнэлгээс гарсныхаа дараа өмсөх хувцас, эд зүйлсээ цуглуулахад буруудах зүйлгүй. Ингэхдээ төрсний дараа гэдэсний хэмжээ мэдэгдэхүйц багасах ч жирэмслэхээс өмнөх хэмжээндээ шууд хүрэхгүй гэдгийг бодолцох хэрэгтэй.

Мөн долоо хоног бүр эмчлэгч эмчдээ үзүүлж байх хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн жин ойролцоогоор 2,5 кг, өндөр нь 45 см блно. Гэхдээ эн үед хийгдсэн ихэнх хэмжилтүүд нь бодит байдлаас нэлээд өөр байж ч болох талтай.

37 дахь долоо хоног

Эх

Тээлтийн хугацааг гүйцсэнд тооцдог тул төрөлт эхэлсэн ч хүүхэд бүрэн тээлттэй байна. Төлбөртэй төрөх гэж байгаа бол амаржих газар, эх барих эмч зэргийг сонгож, зохих гэрээ зэргийг байгуулах талаар хөөцөлдөх нь зүйтэй.

Хүүхэд

Жирэмсний 9 дэх сараас эхлэн хэвлий дэх хүүхэд өдөр болгон ойролцоогоор 14 граммаар жин нэмж байдаг. Амьдралынх нь эхний нэг жилд нь цусыг төлжихөд нь туслах төмөр элгэнд нь хуримтлагдаж эхэлнэ.

Хүүхдийн хөдлөх нь бүр ч эрчимтэй болно. Хүүхэд амьсгалах хөдөлгөөн хийх бөгөөд энэ үед уушгин нь ураг орчмын уснаас ордох ч амьсгаа гаргах хөдөлгөөн хийхэд нь буцан гардаг. Ихэнх хүүхдүүд эхийнхээ хэвлийд толгойгоороо доош харсан хамгийн зохистой байдлаар байрласан байдаг. Харин хүүхэд аарцгаараа доош харсан байдалтай бол ургийн хэвлий дотор нь эргүүлэн тусгай дасгалыг эмч санал болгож болно. Энэ байрлалтай үед бусад хүчин зүйлсийг оролцоог тооцож үзээд кесаревийн хагалгаа хийж, эсвэл ердийн төрөх аргыг сонгон авдаг.

Хүүхдийн жин 3 кг орчим, өндөр нь 50 см орчим байна.

38 дахь долоо хоног

Эх

Ургийн толгой доошлон бага аарцагны амсар дээр тогтдог. Энэ үед эхийн гэдэс нь "доошлох" тул амьсгалахад арай хялбар болж, цээж хорсох нь багасна. Мөн давсаг хавчигдах нь багасах тул бие засах шаардлагатай арай цөөн гардаг болно. Анхан төрөгчдийн гэдэс нь төрөхөөс 2-4 долоо хоногийн өмнөөс доошилдог бол давтан төрөгсдийнх төрөхийн өмнө доошилж, эсвэл огт доошилдоггүй.

Хүүхэд

Хүүхэд өдөр бүр дунджаар 28-30 граммаар жин нэмэх бөгөөд хэзээ мөдгүй хорвоод мэндлэхэд бэлэн болсон байна.

39 дэх долоо хоног

Эх

Салст бөглөө буюу умайн хүзүүний дотор байдаг бодис гадагшлах нь төрөлт ойртосны нэг гол шинж тэмдэг. Энэ нь гол төлөв төрөхөөс долоо хоногийн өмнө илэрлдэг. Энэ бөглөө нь цайвраас эхлээн хүрэн бор, эсвэл бүр улаан ягаан өнгийнх байдаг. Харин дотор нь цус байхгүй бол төрөлт долоо хоног орчимын дараа болно. Салст дотор цусан судас, дусал байгаа бол төрөлт эхэлчихсэн, эсвэл ойрын хоёр өдрийн дотор болохын шинж гэж үздэг. Мөн туршилтын гэгддэг базлалт үүснэ. Энэ үед гэдэс сагсны бөмбөг шиг хатуу болж зангираад суларч зөөлөн болдог.

Харин жинхэнэ базлалт эхэлсэн бол базлалтын үргэлжлэх хугацаа ба базлалт хоорондын хугацааг хэмжих хэрэгтэй. Базлалт хоорондын хугацаа нь жигд байгаад аажмаар ойртож байгаа бол төрөлт эхэлчихсэн байхын шинж тэмдэг. 10-15 минут тутам базлалт өгч байгаа бол түргэн дуудаад амаржих газар руу очих хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн дундаж өндөр нь 50 см, жин нь 2,5-4 кг-ийн хооронд болсон байна. Арьс улаандуу ягаавтар өнгөтэй,  толгой дээрх үс нь 2 см орчим урттай байна.

40 дэх долоо хоног

Эх

Тооцоолсон төрөх хугацаа болжээ. Гэвч судалгаанаас үзвэл тооцолсон хугацаандаа жирэмсэн эмэгтэйчүүдийн ердөө 4% нь л төрдөг. Харин бусад нь тооцолсон төрөх хугацаанаас 1-2 долоо хоногийн наана, эсвэл цаантай төрдөг.

Хүүхэд

Дөнгөж гарсан хүүхэд чанга уйлдаг бөгөөд ингэхдээ хамгийн анхны удаа амьсгаа авдаг. Дараа нь эмч нар хүйг огтлоод, хүүхдийг ээжд нь харуулж, хүйсийг нь хэлж өгдөг. Хүүхдийн байдлыг Апгарын шатлалаар тодорхойлно. Энэ шатлалын дагаа хүүхдийн авсан оноог картан дээр нь тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд ангир уургыг амлуулах нь хүүхдийн дархлаа, эрүүл мэндэд сайнар нөлөөлдөг тогтоогдсон тул дөнгөж төрсөн хүүхдийн эхийн гэдсэн дээр нь  хэвтүүлэн ангир уургыг нь амлуулдаг болсон. Үүний дараа төрсөн хүүхдийг жинг үзэж, өндөр, толгой болон цээжнийх нь тойргыг хэмждэг.

Харин эхnyrai нь төрөлтийн гурав дахь үе болох ихэс салахыг хүлээх хэрэгтэй болно.

Хорвоод шинэ хүн мэндэллээ!

 

Эх сурвалж: Эрүүл мэнд сонин

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.