04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Эмч нар хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдэв

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан эмнэлгийн мэргэжилтнүүдийн түр хорооноос өнөөдөр “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрэх үү?” сэдэвт хэвлэлийн хурал хийн, УИХ болон байнгын хороод, Засгийн газар, ЭМСЯ, ХЗЯ-нд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэд ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.1 дүгээр зүйлд "Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эсвэл 2-8 жил хорих ял эдэлнэ" гэж заасан нь хэтэрхий чанга бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагатай адил гэж үзэж байгаа аж.

Эмнэлгийн мэргэжлтний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулиар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаардаг байсан бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар санаатай үйлдсэн гэм буруугийн хэлбэрт хамааруулж эрүүгийн хариуцлагатай адил хэмжээтэй оногдуулсан нь буруу гэж үзэж байна. Хамгийн хатуу хуультай гэгддэг Хятад улсын Эрүүгийн хуулинд эмнэлгийн мэргэжилтэнд оногдох ялын дээд хэмжээ 3 жил, ОХУ-ын Эрүүгийн хуулинд 4 жил байна. Гэтэл эдгээр улс оронтой харьцуулахад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайдгүй, эрүүл мэндийн даатгал, менежментийн бодлого алдагдсан, эмнэлгүүд ачаалал хэтэрсэн зэрэг эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаалахгүй эрсдэл өндөр байхад дан ганц эмнэлгийн мэргэжилтэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь шударга бус гэж үзэж байна” хэмээн тус түр хорооны дарга, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар хэллээ.

Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Т.Ариунаа ярихдаа, “Манай эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр бага болсон. Ард түмний амь насыг үнэгүйдүүлж байна. Эрүүл мэндийн салбарын үйлчлэгч 15 хоногт 190 мянган төгрөгийн цалин авч байна. Эмч болохын тулд 10 жил, нарийн мэргэжил эзэмшихийн тулд 15 жил сурдаг. Эмч хүн санаатай үйлдэл гаргана гэж байхгүй. Хүний амь нас минут, секундээр хэмжигддэг. Автын осол, гадны нөлөөгүй цус алдаж шоконд орсон хүн эмч нарын хамааралгүй амиа алдаж болно. Энэ бол ард иргэд, эмч нарын дунд үл ойлголцол үүсгэсэн хууль болж байна. Бид өөрсдийгөө өмөөрч байгаа юм биш. Монгол Улсын их  эмч нар сард 3 сая төгрөгийн цалин авах хөдөлмөр эрхэлж байгаа бодит судалгаа бий. Тэр мөнгөө өгөөд эмч нартай хариуцлага тооцож болно. Харин 300-500 мянган төгрөг өгөөд хариуцлага тооцно гэвэл амьдралд нийцэхгүй. Ажлын байр, ажиллах нөхцөл, цалин мөнгө, хөдөлмөрийн үнэлэмжийг нь хангаагүй байж өнөөдөр хорино, яллана, шийтгэнэ шоронд явуулна гэвэл Монгол Улс үнэхээр шоронжсон орон болж байна” гэв.

Энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ түр хорооноос албан ёсоор мэдэгдлээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.