04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Нойроо дутуу авах нь хүний биед сөрөг өөрчлөлт гарахад хүргэдэг

ОСЛО. /TASS/. Нойроо бүтэн авч чадахгүй байх нь хүний бие организмд эсийн түвшинд сөрөг өөрчлөлт гарахад хүргэдэг. Ийм дүгнэлтийг Дани, АНУ-ын эрдэмтдийн баг хийжээ.

Хэрвээ хүн удаан хугацаагаар хоногт 7 хүрэхгүй цаг унтвал биеийнх нь эд эсийн идэвхтэй үйл ажиллагаа маш ихээр сулардаг байна. Үүнийг сулбагар байх, ядрах, ядарч байгаагаа байнга мэдрэх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг архаг норгүйдлын хэд хэдэн шинж тэмдгээр бүрэн тайлбарлах боломжтой гэж Данийн шинжлэх ухааны “videnskab.dk” цахим хуудсанд мэдээлсэн байна.

Данийн Оденсе эмнэлгийн их сургуулийн болон АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтэд нэг өндгөн эсийн 30 хоёр ихрийн цусанд судалгаа хийжээ. Ихрүүдийн нэг нь 15 хоногт өдөрт 7-9 цаг унтаж байсан бол нөгөөх нь 7 хүрэхгүй цаг нойроо авч байв. Дутуу нойртой ихрийн цусан дахь эд эсэнд ДНК-гийн митохондрын хуулбаруудын тоо их хэмжээгээр буурч байжээ. Нас ахихын хэрээр эрс өөрчлөгдөж байдаг энэ үзүүлэлт нь амьд бие организмын эд эсийн дотор оршдог “цахилгаан станц” гэж хэлж болох митохондрт маш чухал бөгөөд хэрхэн сайн ажиллаж байгаад нөлөөлдөг байна. Митохондр нь зөвхөн бүх эрчим хүчний эх үүсвэр болох аденозинтрифосфатыг ялгаруулаад зогсохгүй эс хуваагдах үйл явцад болон эсүүд хоорондоо дохиолол солилцох үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг ажээ.

“Дутуу нойртой байсан ихрийн цусны эд эсэн дэх митохондрын хуулбарын тоо ахимаг насны эрүүл хүмүүсийн түвшинд хүрч буурсан байсан. Удаан хугацаанд ердөө 90 минутын нойр дутуу байхад эд эс чинь та яг л 10 насаар хөгширсөн юм шиг ажиллаж байгаа мэдрэмж танд төрнө” гэж судалгааг хийсэн эрдэмтдийн нэг Өмнөд Данийн Их сургуулийн профессор Йонас Менгель-Фром тайлбарласан байна.

Түүний хэлснээр, хэрэв нойроо зохицуулж чадвал митохондрын үйл ажиллагаа өмнөх түвшинд сэргэдэг аж.

Эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг АНУ-д хэвлэгддэг шинжлэх ухааны “Sleep” сэтгүүлийн 10 дугаар сарын дугаарт нийтэлжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.