04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Хөдөлгүүрийн тосны чанар машины асалтанд нөлөөлдөг

 

Ойрын өдрүүдэд жавар нэмэгдэж, сүүлийн хоёр гурван жил болоогүй хүйтэн өвөл болж байгаагаас машинтай хүмүүст ихээхэн бэрхшээл үүсгэж байна. Машин асаах дуудлагын үйлчилгээ эрхлэдэг ажилтны ярьж байгаагаар өнгөрсөн жилийн мөн үеэс ачаалал багадаа тав дахин нэмэгдсэн гэнэ. Эрэлт их байгаагаас үнэ мөн нэмэгдсэн ч дуудлага буурахгүй байгаа ажээ. Нэг машин асаахад тухайн нөхцөл байдлаас хамаарч 30-60 мянган төгрөгийн ханштай байна. Хүйтэнд жолооч нар  акумлятор, очлуураа анхаардаг ч хамгийн чухал зүйл болох моторын тосыг бас орхигдуулж болохгүй. Тиймээс өвлийн цагт машин асалтанд тос тослох материалын чанар, үзүүлэлт хэрхэн нөлөөлөх талаар “Ноён хүрд” ХХК-ийн Ерөнхий менежер Х.Нямдаваатай ярилцлаа.

-    Өвлийн цагт автомашины асалтанд  тосолгооны бүтээгдэхүүн хэр чухал нөлөөтэй вэ?

- Хүйтэнд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйлийн нэг бол тос тослох материал юм. Тухайлбал моторын тос байна. Хөдөлгүүр унтраасны дараа тос нь хүйтэнд царцаж эхэлнэ. Зууралданги чанар нь илүү болно гэсэн үг л дээ.
Ингээд өглөө машинаа асаахаар түлхүүрээ эргүүллээ гэж бодъё. Хэдийгээр акумлятор, очлуур асуудалгүй байлаа ч ихэнх тохиолдолд машин баяжиж асахаа больдог тохиолдол бий. Учир нь шөнө нь царцсан тос хөдөлгүүрийн цилиндрийг чөлөөтэй эргүүлэхэд саад учруулна. Хөдөлгүүр удаан эргэснээс компресс бага үүсгэнэ. Ингэснээр шатах камер дахь агаар шатахууны хольц удааширч бүрэн холилдож чадахгүйгээс тэсрэлт дутуу  болдог. Ингээд л шатахуун шингэн төлвөө хадгалж очлуурыг норгосноор тэсрэлтийг бүрмөсөн зогсоож машин асахгүй болдог. Хэрвээ сайн чанарын тостой байсан бол хөдөлгүүрийн бүхий л хэсэг маш хоромхон зуур тослогдсоноор цилиндр чөлөөтэй, хурдан эргэж машин асдаг.
Нөгөө талаар машиныг асаасны дараа хөдөлгүүрт маш их халалт үүсдэг. Энэ үед тос тослох шинж чанараа найдвартай хадгалж эд ангийг элэгдлээс болон хэт өндөр хэмээс хамгаалж байх ёстой. Иймээс автомашин эзэмшигчид машины тосоо маш сайн сонгож хэрэглэх ёстой.

-    Тэгвэл найдвартай байдлыг хангах үүднээс машиндаа тосоо хэрхэн сонгох вэ?

- Хөдөлгүүрийн тосыг бүтцээр нь байгалийн болоод химийн гаралтай гэж ангилдаг л даа. Манайхан синтетик гэж нэрлээд байгаа химийн гаралтай тосны хувьд хөдөлгүүрийн хэт өндөр халалтыг багасгах, тослох чанар, ширгэлт бага зэрэг олон давуу талтай. Савны шошгон дээр нь Semi-Synthetic (хагас синтетик), Fully эсвэл 100% Synthetic (Бүрэн синтетик) гэсэн бичиглэлтэй байдаг. Энэ төрлийн тосыг бензин болон жижиг оврын дизель хөдөлгүүртэй машинд хийхэд тохиромжто байдаг. Түүнчлэн API SM/CF эсвэл API SN/CF гэсэн тэмдэглэгээгээр таньж болох юм.  Бензин хөдөлгүүртэй машины хувьд  SN, SM, дизель хөдөлгүүрт CI, CJ гэсэн тэмдэглэгээтэй бол сүүлийн үеийн стандарт шаардлаганд бүрэн нийцсэн гэж ойлгож болно. Өвлийн улиралд 5W30, 5W40 эсвэл 0W30, 0W40 (Hybrid машинуудад илүү тохиромжтой) сонгох хэрэгтэй.
- Моторын тосноос гадна хропны тосыг өвөл бас анхаарахгүй үлдээж болохгүй биз?
- Мэдээж автомат болон механик хурдны хайрцаг, хүч дамжуулах бусад эд ангийн тос бүхэн чухал юм. Хөдөлгүүрийн тосыг бодвол харьцангуй удаан солигддог болохоор эдгээр тосыг солихдоо мэргэжлийн засварын газруудад хандаж зөвөлгөө авах нь зүйтэй. Жишээлбэл, орчин үеийн автомат машины хурдны хайрцагт тухайн үйлдвэрлэгчийн стандартад нийцсэн тос хийх ёстой гэдэг. Тиймээс Монголд Toyota WS, Nissan Matic S, Ford Mercon, GM Dexron III H, Honda ATF Z зэрэг үйлдвэрлэгчийн шаардлагад нийцсэн тос орж байгаа үгүйг хэрэглэгч өөрөө хянах хэмжээний мэдлэгтэй байвал зүгээр. Үүнийг шалгахын тулд тухайн ATF (Автомат хропны тос) шошго дээрх үзүүлэлтийг тайлж уншдаг болчихвол найдвартай сонголт таны гарт ороод ирлээ гэсэн үг. Авто машины бүтээгдэхүүн борлуулж, үйлчилгээ үзүүлдэг газрууд жолооч нарт мэдээлэл өгөлгүйгээр сонголтыг өөрсдөө хийх нь заримдаа эрсдэл дагуулдаг. Хамгийн гол нь иргэд машинаа үзлэг оношилгоонд цаг хугацаанд хамруулж засвар үйлчилгээ хийлгэхдээ мэдээлэл харилцан сайтар солилцож байж сонголтоо хамтран хийх нь зөв юм. Бид ирэх улирлаас эхлээд жолооч нартаа энэ талаарх төлбөргүй сургалт, зөвөлгөөг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

- Ийм сургалт хэрэгтэй юм уу? Тухайлбал, автомашины тос, тослох материалыг хэдийд солих стандарт гэж байдаг шүү дээ.

- Яг тогтсон цаг хугацаа гэсэн ойлголт Монголын нөхцөлд хэцүү. Жишээлбэл өдөр болгон хөдөлгөөнд тогтмол оролцдог бол тухайн автомашины стандарт явалт буюу км гүйлтийн дагуу солино гэсэн мэдээлэл түгээмэл өгдөг. Тийм биш юм. Манай импортолж байгаа шатахуун хамгийн чанаргүй, хар тугалганы хольц ихтэй. Хүмүүс ихэвчлэн хямдхан, хулхи агаар шүүгч хэрэглэдэг. Дээр нь агаарын бохирдол ямар билээ. Бас замын нөхцөл байдал, хөдөлгөөний түгжрэлээс болж ихэвчлэн хүнд араагаар явж хөдөлгүүрт өндөр даралт, илүү эргэлт үүсгэдэг. Дээр хэлсэн хэд хэдэн зүйлээс шалтгаалж хөдөлгүүрийн тос тогтоосон хугацаанаас өмнө бохирдож мууддаг. Магадгүй 3000 км яваад тослох чанараа алдсан байхад мэдэлгүй дахиад 2000 км явах ёстой мэтээр эндүүрснээс хөдөлгүүрийнхээ элэгдлийг улам ихэсгэнэ. Хожмын эврэл гэмтэл, илүү зардал эндээс үүсэж болно. Бас нэг эндүүрэл бий. Тэр бүр явахгүй, өглөө оройд ажил гэрийн хооронд машинаа унадаг бол хавар болон намар үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ хийлгэхэд тохиромжтой гэж ярьцгаадаг. Гэтэл өглөө, оройдоо асаагаад бусад үед ачаалалгүй байх нь хөдөлгүүрийн элэгдэл хорогдлыг хэд дахин ихэсгэдэг. Бас хүч дамжуулах эд ангийн тосыг хэдэн арван мянган км явж байж солино гэдэг ч буруу. Дугуйны талаас дээгүүр давсан усанд хөдөлгөөнгүй 5 минут зогсоход л хүч дамжуулах анги руу ус нэвчих нь бий. Ингээд мэдэлгүй дахиад хэдхэн хоног давхиад редуктор эвдрэх нь түгээмэл. Тиймээс тос, тослох материалын үзлэгийг улиралдаа нэг удаа хийх, хол газар явах, ирэхдээ тогтмол үзүүлэх нь тустай. Энэ мэтээр нарийн мэдлэг, мэдээллээр хангасны үндсэн дээр хэрэглэгч нартайгаа хамтран ажиллах нь чухал. Бид үүнийг зорьж байна.

Нөгөө талаар бид өмнө нь “Хэт”, “Таван богд” компанийн авто машины засвар үйлчилгээний төвүүд болон “Оюу толгой”, “Энержи ресурс” гэх мэт уул уурхайн томоохон байгууллагуудын машин механизмын засварын автомат тосолгооны системийн суурилуулалт, тохиргоог Америкийн тоног төхөөрөмжөөр гүйцэтгэсэн туршлагатай. Энэ туршлага дээрээ үндэслээд “Ноён” авто засварын төвийг шинээр нээлээ. Авто машины бүхий л төрлийн үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ хийхээс гадна тос тослох материалын бөөний төв, үйлчилгээний нэгдсэн систем ажиллуулж байна. “Ноён” авто сервисээр тос тослох материалыг хамгийн боломжийн үнээр худалдан аваад үнэгүй солиулах, үзлэг оношилгоо хийлгэх боломжтой. Тос тосолгооны нэгдсэн системтэй учир таны автомашинд шаардлагатай үйлчилгээг маш богино хугацаанд хийж өгнө. Түүнчлэн таны автомашинд хэрэглэх тосыг албан ёсны лабораторид шинжлүүлж чанар стандартыг хангасны дараа сольж өгнө. Ингэснээр та баталгаатай найдвартай тос тослох материалаар хангагдана.             

- Удахгүй Цагаан сар болох гэж байна. Иймд одоо машин техниктээ засвар үйлчилгээ хийлгэх болон хөдөө орон нутаг явах гэж буй хүмүүст хандан юу гэж хэлмээр байна?

- Өвлийн улиралд автомашины аюулгүй ажиллагаа, техник эд ангийн бүрэн бүтэн байдал маш чухал юм. Иймд та бүхэн манай засвар үйлчилгээгээр үйлчлүүлээрэй. “Ноён” авто засварын төв Цагаан сарын баяртай холбогдуулан нээлтийн болон цагаан сарын урамшуулал зарласан байгаа.
Манай авто засварын төв Баянзүрх дүүргийн Их Засаг их сургуулиас 1000 оюутны байр явах замд Кино үйлдвэр лүү уруудсан уулзарт байрлаж байгаа.  Сүүлийн үед цаг агаар маш их хүйтэрч байгаа тул та бүхэн автомашины асалт болон хөдөлгүүрийн дуу чимээг маш анхааралтай сонсож, шаардлагатай тохиолдолд тос тослох материалаа яаралтай солих хэрэгтэй ингэснээр таньд ирээдүйд гарч болох эрсдлээс бүрэн хамгаалах боломжтой.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.