05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Жилд 600 мянган тонн нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Дархан-Уул аймгийн Шарын гол суман дахь Шарын голын уурхайн “Нүүрс баяжуулах үйлдвэр” өчигдөр байнгын ашиглалтад орж нээлтээ хийлээ.

 

Шарын голын уурхайн гүйцэтгэх захирал Б.Батбаатар:-“Баяжуулах үйлдвэр жилдээ 600 мянган тонн түүхий нүүрс боловсруулж 400 мянган тонн угаасан нүүрс гаргах хүчин чадалтай. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар бид дотоодын нүүрс хэрэглэгч компаниуудад өндөр чанартай нүүрс ханган нийлүүлэхээс гадна экспортлох давуу тал бий болно гэлээ.

-Хэчнээн төгрөгийн хөрөнгө зарсан бэ?

-Угаах үйлдвэрийг барьж байгуулахад дөрвөн сая долларын хөрөнгө орсноос гадна тээвэрлэх суурилуулах гээд багагүй нэмэлт хөрөнгө зарцуулагдсан. Үйлдвэрт шинээр 30 гаруй ажлын шинэ байр бий болж шинэ залуучууд ажилд ороод  байна.

-Нүүрсний үнэд өөрчлөлт орох уу?

-Мэдээж боловсруулах үйлдвэр маань нэмүү өртөгтэй учраас нэмэлт зардал гарна. Чанар сайжирснаар хэрэглэгчдэд нэлээд хэмнэлт гарах учраас арай өндөр өртөг үнэтэй боловч арай давуу ашигтай ажиллах байх аа гэж бодож байна.

-Ихэнх нь цэвэр нүүрс гарч байгаа ч хаягдал бас гарч байна. Энэ хаягдлаа яах гэж байна вэ?

-Үйлдвэр маань нэг талдаа нунтаг нүүрс, нөгөө талд нь угаасан нүүрс, дахиад энд нь хаягдал гарч байна. Нунтаг нүүрсийг эрчим хүчний зориулалтаар ашиглах бүрэн боломжтой. Хаягдал нь гэвэл миханик хольц чулуу, шавар зэрэг ашиглагдахгүй хаягдал гарч байна. Тэхээр энэ нь нийт бүтээгдэхүүний 20-иод хувь нь. Эдгээр нь нүүрсийг чанаргүй болгож байгаа зүйл. Харин угаасан нүүрс нь өндөр чанарын энгийн хэрэглээнд хэрэглэж болохоос гадна экспортод гаргах боломжийн бүтээгдэхүүн.

-Танайх бүх нүүрсээ ингэж баяжуулах уу? Бас хажуугаар нь түүхий нүүрсээ борлуулсаар байх уу?

-Аль алиныг нь зэрэг борлуулна. Станцуудад өгөх нүүрс, бусад хэрэглээнд ч хуучнаар нь борлуулна гэсэн үг.

-Танай уурхай хэчнээн жилийн нөөцтэй вэ?

-Манайх хоёр жилийн өмнө ашигт малтмалын нөөцөө батлуулахдаа 194 сая тоннын нөөцтэй гэж батлуулсан. Энэ маань жилийн олборолт нэг сая тонн гэж үзвэл бараг 194 жил олборлоно гэсэн үг. Тиймээс бид ойрын жилүүдэд нүүрсний нөөцөд нэг их санаа зовох зүйлгүй гэж үзэж байна.

-Ойрын үед дахиад техникийн шинэчлэлт хийх үү?

-Энэхүү угаах үйлдвэр маань ердөө нэгдүгээр үе шат, тиймээс бид ойрын үед дахин хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Түүнээс гадна бид уурхайн хоёрдох амаа нээхээр ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат:-“Газрын хэвлий доорх энэ баялгийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргах нэг боломж бий боллоо. Ингэснээр манай улсын хойд бүсийн эрчим хүчний байгууллагуудад хэрэглэгдэж байсан тус уурхайн нүүрс нь гадаадад экспортлогдохын зэрэгцээ бидэнд өдөр тутам хэрэглэгдэж байснаа доллар вальют болж Монгол улсынхаа эдийн засагт үр дүнгээ өгөхөөр болж байна. Түүнчлэн эх орондоо шинэ техник технологийг нутагшуулснаараа хоёрдох давуу тал нь боллоо. Гуравт орон нутгийн хэмжээнд бид “Утаагүй Дархан” хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд энэ угаасан нүүрс ихээхэн түлхэц өгнө. Бид энэ уурхайн угаасан болон кокс, хагас коксжсон нүүрсийг ирэх есдүгээр сараас эхлэж авч ашиглахын тулд тус уурхайн удирдлагуудтай хамтарч ажиллана. Ингэснээр бид технологийн хувьд үйлдвэрлэлтэдээ ч тэр аймгийнхаа хэрэгцээт нүүрсийг шийдэх боломж болж харагдаж байна. Мөн тухайн байгууллагын санхүүгийн чадавх сайжирснаар орон нутагт төвлөрүүлдэг төсвийн орлого бас нэмэгдэж үр өгөөжийг нь бид дахин хуваарилалтаар ашиглах болохын зэрэгцээ нийгмийн даатгалын төвлөрүүлэлт сайжирч ажиллагсдынхаа нийгмийн асуудал, цалинг нэмэгдүүлэх бололцоо боломж гарна. Эцэст нь хэлэхэд эрчим хүчний найдвартай ажиллах боломж иж бүрэн хангагдаж байна. Учир нь Дарханы Дулааны цахилгаан станцын есөн зуухны зургаан зуух нь Шарын голын нүүрсний уурхайн технологи, илчлэг, суурь хийцийн судлагаанд суурилсан байдаг. Эдгээр зуухуудын найдвартай ажиллагаа, удаан хугацаанд ажиллах боломжийг бий болсноороо, эрчим хүчний бусад салбаруудад ч үр өгөөж нь нэмэгдэнэ гэж ойлгож байна” гэв.

Үйлдвэрийн нээлтэд Уул Уурхайн Яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Артаг, Аж Үйлдвэрийн Яамны газрын дарга н.Нэмэхбаяр, тус уурхайн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Батмөнх, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, Захирагчийн алба, Татвар, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагуудын дарга нар, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа, тус уурхайгаас төрсөн хөдөлмөрийн баатар, гавъяатууд, уурхайн үе үеийн төлөөлөл оролцлоо.

Б.Норовсамбуу      эх сурвалж   www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.